Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00877

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Г ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00645 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П ХХК-д холбогдох 2019 оны үр дүнгийн гэрээний үүрэг, үр дагаврын урамшуулалд 97,495,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э , хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч П ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Контрактын гэрээ байгуулсан, хугацаа дуусаагүй байхад 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 0 тоот тогтоолоор үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 02201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 344 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр тогтоогдсон. Гэтэл Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 2020 оны 12 сарын 16-ны өдөр буюу 10 сарын дараа Контрактын гэрээ-ний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх талуудын хоорондын гэрээ Контрактын гэрээ мөн, хүчин төгөлдөр байна, 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах ёстой байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллах ёстой байсан гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

Шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд даатгалын компанийн тухайн тайлант хугацааны үр дүнг дараа оны 03 сарын 31-ний өдрийн дотор нийтэд мэдээлэх хуулийн зохицуулалтын дагуу 2020 оны 03 сарын 31-ний өдөр О.Г ийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байсан бөгөөд 2020 оны 03 сарын 31-ний өдөр П ХХК нь нийтэд санхүүгийн тайлангаа зарласан. 2019 оны жилийн эцсийн тайлангаар тус компани нь 1,820,132,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь Өдрийн сонин-ы 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 67 дугаарт хэвлэгдэж, бүх нийтэд танилцуулсан. 2019 оны үр дүнгийн гэрээг нэгэнт хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүхээс дүгнэсэн учраас уг гэрээний 7.6.1, 7.6.2, 7.6.3-т заасны дагуу 2019 оны цэвэр ашгаас үр дүнгийн урамшуулал авах ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөний дагуу компанийн 2019 оны жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд тайлагнасан цэвэр ашгийн 10 хувийг KPI хувиар хувьчилж тооцоод бизнес төлөвлөгөөг давуулан биелүүлсэн бол нэмэгдсэн цэвэр ашгийн 10 хувийг нэмж тооцон нийт дүнгээс нь гүйцэтгэх захиралд 40 хувийг, компанийн удирдлагын багт 40 хувийг хувийг, компанийн хөгжлийн санд 20 хувийг олгохоор гэрээнд заасан. ТУЗ-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөнд 1,202,867,068 төгрөгийн цэвэр ашигтай байхаар тооцсон, гэтэл цэвэр ашиг 1,820,132,000 төгрөг гарч 618,000,000 төгрөгийн давсан цэвэр ашигтай ажилласан. Үр дүнгийн урамшууллыг 2019 оны бизнес төлөвлөгөөгөөр цэвэр ашгийг, 2018 оны цэвэр ашгаас 24,99 хувиар давуулна гэж баталсан, 2019 оны цэвэр ашиг буюу 1,820,132,000 төгрөгийн 10 хувь, бизнес төлөвлөгөөнөөс давсан 618,000,000 төгрөгийн дахиад 10 хувь гэж тооцоход 182,000,000 төгрөг болон 61,800,000 төгрөгийн нийлбэр 243,000,000 төгрөгөөс 40 хувиар тооцон 97,495,877 төгрөгийг гүйцэтгэх захирал авах ёстой гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тайлан гаргаж өгсөнгүй гэж тайлбарлаж байна. Би 2019 оны 07 сарын 02-ны өдөр ажлаас халагдаад тайлан гаргах ямар ч боломжгүй хөндлөнгийн этгээд болсон учраас би тайлан гаргах боломжгүй. Эрх зөрчигдсөн гэдгийг 2021 оны 01 сарын 08-ны өдөр эцэслэсэн шүүхийн шийдвэр ирснээр цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлээ гаргах эрхтэй болсон гэдгийг мэдэж байгаа. Мэдсэнээсээ хойш хуульд заасан хугацаандаа зохих байгууллагад гомдлоо гаргаад явсан, 2019 оны 07 сарын 02-ны өдөр ажлаасаа халагдахдаа тухайн жилийн 1,8 тэрбум төгрөгийн цэвэр ашгийн 1,6 тэрбум төгрөгийг нь миний бие өөрөө хийж гүйцэтгээд уг тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд тайлагначихсан байсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд намайг ажиллах боломжоор хангасан бол үр дүнгийн гэрээний хавсралтад байгаа ГГҮ-ийг дүгнэх бүх ажлыг би бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан. Ажилласан хугацаандаа хийсэн бүх тайлангуудаа явуулсан. Энэ бүх баримт хариуцагч компани дээр байж л байгаа. П ХХК нь өөрөө үр дүнгийн гэрээг дүгнээгүй, Контрактын гэрээ-нд заасан үүргээ биелүүлж уг гэрээг заавал дүгнэх үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр нэхэмжлэгч буруутай үйлдэлтэй байгаа мэтээр тайлбарласан нь огт үндэслэлгүй. 2019 оны Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-г дүгнэхдээ KPI үнэлгээг тооцохгүйгээр олгоно гээд ТУЗ-ийн тогтоол гарсан, хэрвээ KPI үнэлгээгээр О.Г ийн үр дүнгийн гэрээг дүгнэх гэж байгаа бол дүгнүүлье гээд хүсэлтээ өгөхөд компани нь дүгнэхгүй атлаа чи дүгнүүлээгүй буруу гээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч үр дагавар буюу үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул урамшуулалд олгогдох ёстой мөнгийг л хариуцагчаас шаардаж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.а. О.Г нь П ХХК-д 2016 оны 06 сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан. Үр дүнгийн гэрээгээр шаардаж байгаа үр дүнгийн гэрээ нь контрактын гэрээнд үндэслэж олгогддог бөгөөд ажилтны цалин хөлсний нэг хэсэг болно. Тухайлбал, О.Г тэй байгуулсан 2018 оны Үр дүнгийн гэрээний 3.1-д компанийн 2018 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үүргийг биелүүлэх, үүнд хамаарах гол үзүүлэлтийг KPI-г тооцох, KPI-д үндэслэж урамшуулал олгох харилцааг зохицуулна гэж заасан. 2019 оны үр дүнгийн гэрээг үндэслэж үр дүнгийн урамшууллаа нэхэмжлэгч шаардаж байгаа хэдий ч бидний зүгээс О.Г тэй 2019 онд Үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Үр дүнгийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Шүүхэд гаргаж өгсөн 2019 оны баримтад гарын үсэг зурагдаагүй. Мөн 2018 онд байгуулагдсан Үр дүнгийн гэрээ-ний 3.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр тооцогдсон буюу талуудын гарын үсэг зурсан өдөр нь 2018 оны 06 сарын 27-ны өдөр байдаг, үүнээс гэрээ дуусах хугацаа буюу гэрээний сүүлийн өдөр нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа учраас 2018 оны үр дүнгийн гэрээ нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж байна.

2.б. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар 2019 онд Үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Нэгэнт Үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй учир үр дүнгийн гэрээний урамшууллыг шаардах эрхгүй. Үр дүнгийн гэрээний 7.3-т гүйцэтгэх захирал үр дүнгийн гэрээг дүгнүүлэхээр бизнес төлөвлөгөө болон тайлангаа ТУЗ-ийн нарийн бичгийн даргад дараа оны 03 сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ гэж заасан. Гүйцэтгэх захирал О.Г нь өөрийн үүргийг биелүүлж тайлангаа ирүүлээгүй. 3 шатны шүүхийн шийдвэрүүдэд гэрээний хугацаа нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр дуусаж байгаа гэж байгаа хэдий ч 2019 оны Үр дүнгийн гэрээг хүчин төгөлдөр гэсэн үг, өгүүлбэр, Улсын Дээд шүүхийн тогтоолд байхгүй. Улсын Дээд шүүхээс ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүсдэг Контрактын гэрээ буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна гэж тодорхойлсон учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх тусгайлсан зохицуулалт хэрэглэгдэнэ.

Үр дүнгийн гэрээ байгуулагдах үндсэн шаардлага нь контрактын гэрээ буюу Хөлсөөр ажиллуулах гэрээний 7.2.1-д гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэн, гүйцэтгэх захиралтай байгуулсан Үр дүнгийн гэрээний дагуу жилд 1 удаа урамшуулал олгоно гэж заасан. Контрактын гэрээ дуусгавар болсноор Үр дүнгийн гэрээ мөн дуусгавар болох үндэслэлтэй. Үр дүнгийн гэрээ нь өөрөө Контрактын гэрээний салшгүй нэг хэсэг болж байгуулагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсний бүрдэл хэсэгт Үр дүнгийн гэрээний урамшуулал нь орно.

2.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан гомдлоо анх ажлаас халагдсан буюу өөрт цалин хөлс, урамшуулал олгоогүйг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан үеэсээ эхлэн шүүхэд хандаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч О.Г нь анх шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, Иргэний хуулийг үндэслэж нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй. Эрх зүйн харилцааны хувьд нэгэнт шүүхээр тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдгийг тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд урамшуулал орно. Нэхэмжлэгч өөрөө Даатгалын тухай хууль болон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагийн хувьд санхүүгийн тайланг жил 03 сарын 01-ний өдөр Даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хэвлэгддэг гэдгийг мэдэж байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс тооцох ёстой. Энэ нэхэмжлэл ажлаас халагдсан маргаантай холбоогүй юм бол 2020 оны 03 сарын 31-ний өдөр санхүүгийн тайлангаа нийтэд зарлан гаргасан хугацаанаас хойш тооцоход ч дуусгавар болсон. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Үр дүнгийн гэрээний хавсралт болж байгаа KPI-ийн үзүүлэлтийг талууд нэг бүрчлэн тохирсон. Энэ үзүүлэлтийг биелүүлсний төлөө урамшуулал олгох ёстой, зөвхөн компанийн цэвэр ашгийн үзүүлэлтийг баримтлахгүй. Үр дүнгийн гэрээний 7.9.2-д урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлсон. Өнөөдрийг хүртэл KPI үзүүлэлтийг гаргаж ирээгүй, энэ үзүүлэлтүүд нь санхүүгийн тайланд байх ёстой. Нэхэмжлэгч хариуцагчид тайлангаа өгсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ талууд нотлох ёстой. Ийм тайлан гаргаж байгаагүй бөгөөд компанид байдаггүй, бид байгаа бүх нотлох баримтуудаа өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 2019 оны Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний урамшуулалд 97,495,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.а. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй.

Талуудын хооронд 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаатай 0 тоот контрактын гэрээ байгуулагдаж, тус гэрээний салшгүй хэсэг болгож 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулагдсан. Гэвч контрактын болон үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч О.Г ийг 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс тасалбар болгон гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн бөгөөд шүүхээс түүнийг хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоож, 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг тогтоосон.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээний 5.2.1, 5.2.2, 7.1-д тус тус заасны дагуу тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Г ийн 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй. О.Г нь компани болон тус компанийн ТУЗ-д хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь О.Г ийн 2019 оны үр дүнг дүгнээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад үүнийг зөвтгөж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

4.б. Хариуцагч П ХХК-аас 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн Э.Баярмагнайд 2019 оны үр дүнгийн урамшуулалд 27,300,000 төгрөг олгосон болох нь компанийн ТУЗ-ийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 00 тоот, 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 000 тоот тогтоолуудаар тогтоогдсон. Ингэхдээ 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар гарсан ЦА-ийн хэмжээ болох 1,820,001 төгрөгийн 10 хувь болох 182,000,000 төгрөгийг ямар нэг KPI үнэлгээний үр дүнг харгалзан үзэхгүйгээр олгосон.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. О.Г нь 2019 онд хагас жил ажилласан, Э.Б нь 2019 онд мөн адил хагас жил ажилласан байхад түүнд бүтэн жилийн урамшууллыг ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.в. Анхан шатны шүүх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Г ийн 2019 оны гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээний хавсралтад заасан Гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас буюу захирлын KPI-г тодорхойлж дүгнэсэн ямар нэг баримтгүй, уг гэрээний 7.3-т заасан хугацаанд ГГҮ-ийн гүйцэтгэлийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөг нэхэмжлэгчээс ТУЗ-д хүргүүлсэн баримтгүй, 7.4, 7.5-д заасан журмын дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тус компанийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны дүгнэлт, санал, ТУЗ-ийн тогтоол зэрэг баримтгүй байна гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь тус маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хууль/хуучин/-ийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж оновчтой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль/хуучин/-ийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.4-т тус тус заасны дагуу нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшууллын талаар журам батлан мөрдүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Дээрх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...хариуцагч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэх захирлаар ажиплаж байсан О.Г ийн 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй байхад анхан шатны шүүх түүнийг нь зөв мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна..." гэжээ.

5.а. Нэхэмжлэгч О.Г нь П ХХК-д холбогдуулан Үр дүнгийн гэрээний үүрэг 97,495,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана..." гэж заасны дагуу зохигчдын тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

П ХХК болон нэхэмжлэгч О.Г ын хооронд 2019 онд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй байсан бөгөөд ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн контрактын гэрээтэй холбоотой үр дүнгийн гэрээний үүрэгт цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэгт урамшууллын 97,495,877 төгрөг гаргуулахаар шаардсан нь хөдөлмөрийн харилцаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 03 сарын 31-ний өдөр байгууллага санхүүгийн тайлангаа гаргаж нийтэд мэдээлсэн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

5.б. Мөн нэхэмжлэгч нь Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний 7.1-д зааснаар гүйцэтгэх захирлын КРI үзүүлэлтийг үнэлэх, гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангаа гаргаагүй, мөн гэрээний 3.2-т зааснаар 2019 оны бизнес төлөвлөгөө, 2019 оны гүйцэтгэлийн үнэлгээ, компанийн санхүүгийн аудитлагдсан тайлан зэрэг нь үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байж дүгнэгдэх ёстой. Гэтэл зөвхөн санхүүгийн аудитлагдсан тайланд үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн КРI үзүүлэлтийг өдөр тутам тайлагнах, мөн байгууллагын бизнес төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангийн хамт ТУЗ-д танилцуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд О.Г ийн КРI үзүүлэлтийг шүүх дүгнэх боломжгүй учир нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

5.в. П ХХК болон Э.Б нарын хооронд 2019 оны 07 сарын 02-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Мөн П ХХК-ийн 2019 оны 03, 04 сарын улирлын бизнес төлөвлөгөөний тайлангуудыг боловсруулан ТУЗ-д илгээж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд дээрх тайлангууд нотлох баримтаар хэрэгт авагдсан байх ба тус компанийн ТУЗ-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2020 оны 06 сарын 10-ны өдрий 0 тоот Санал дүгнэлт, ТУЗ-ийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/08 тоот Урамшуулал олгох тухай тогтоол түүний хавсралтар гүйцэтгэх захирал болон ажилтнуудад 2019 оны компанийн цэвэр ашгаас урамшуулал тооцон хуваарилсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжпэгч О.Г ийн хувьд үр дүнгийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.9, 7.9.1, 7.9.2, 7.9.3-т заасан үндэслэлүүдийн аль нь бий болсон тохиолдолд урамшуулал олгохгүй байхаар заажээ. Гүйцэтгэх захирал асан О.Г нь КРI болон тайлангаа өгөөгүй тул дээрх урамшуулал олгох үндэслэлгүй болно.

Иймд П ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ, түүний хавсралт шүүхэд хүргүүлсэн холбогдох баримтаар гүйцэтгэлийн үнэлгээний тайлан харагдаж байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

5.г. Мөн гомдолд ...нэхэмжлэгч миний бие дүнгийн гэрээний үүрэг шаардсан байхад шүүхээс үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн баримт хэрэг алга гэж хэт хийсвэр, нэг талыг байрьж хэргийг шийдвэрлэлээ гэжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг иргэний хуульд зааснаар нэхэмжилж байх бөгөөд энэхүү харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу контрактын гэрээ байгуулсан гэдгийг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, О.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажил байсан хугацааны цалин хөлс олговороо нэхэмжилж шүүхээс 2019 оны 12 сарын 09-ны өдрийн 182/ШШ2019/02201 дүгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12- ны өдрийн 344 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 0 дугаар тогтоолоор тус тус нэхэмжпэгч О.Г -тэй холбоотой хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэгдсэн болно.

Мөн ажилтанд урамшуулал олгохдоо үр дүнгийн гэрээний хавсралтад заасан гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр (КРI) дүгнэдэг бөгөөд үр дүнгийн гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгэх захирал нь өөрийн үүргийг биелүүлж байгаагүй учир дээрх гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.

5.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлсэн. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэсэлэл бүхий байх хуулийн шаардлагын хангасан байх тул нэхэмжпэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 97,495,877 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчтай 2019 онд Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ байгуулсан, хариуцагч 2019 онд нийт 1,820,132,000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, бизнес төлөвлөгөөг 618,000,000 төгрөгөөр давуулан биелүүлсэн учир 97,495,877 төгрөгийн урамшуулал авах эрхтэй... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

3. Хариуцагч П ХХК нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангаа гаргаж өгөөгүй учир урамшуулал тооцон олгох боломжгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

4. Нэхэмжлэгч О.Г хариуцагч компанид 2012 оноос хойш ажиллаж, 2016 оны 06 сарын 17-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдсон, улмаар 2019 оны 07 сарын 02-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн, уг тогтоолыг үндэслэлгүй хэмээн үзэж О.Г шүүхэд хандсан байна. Шүүхээс ...О.Г төй байгуулсан контрактын гэрээний хугацаа 3 жил бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй... гэж дүгнэн хариуцагч П ХХК-аас цалин хөлстэй тэнцэх олговорт 34,364,707 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Г т олгож, тус компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 0 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 5-14, 29-35, 36-40, 41-44, 122/

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

5. Хэдийгээр талуудын хооронд 2018 оны 07 сарын 03-ны өдөр байгуулагдсан 0 тоот Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ-ний 7.6, 7.6.1-д ...компанийн 2018 оны жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд тайлагнасан цэвэр ашгийн арван (10%) хувийг KPI-ийн хувиар хувилж тооцсон (бизнес төлөвлөгөөг давуулан биелүүлсэн бол нэмэгдэл цэвэр ашгийн арван (10%) хувийг нэмж тооцно) нийт дүнгээс Гүйцэтгэх захиралд дөчин (40%) хувийн урамшуулал олгохоор тусгасан /1хх 72-77/, мөн П ХХК 2019 онд нийт 1,820,132,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь Өдрийн сонин-ы 2020 оны 03 сарын 31-ний өдрийн №067 (6433) дугаарт нийтлэгдсэн П ХХК-ийн 2019 оны Санхүүгийн тайлангаар нотлогдсон боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэгч О.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

 

5.1. Талууд 2019 онд Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан 2019 он гэх огноотой Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ нь тодорхой огноо, дугааргүй байхаас гадна гэрээний талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй байна. /1хх 160-165/

 

5.2. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл болох шагнал урамшуулал-тай холбоотой маргаанд хамаарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргахаар хугацаа тогтоосон. Нэхэмжлэгч О.Г нь үр дүнгийн гэрээний дагуу авах ёстой урамшуулал-тай холбоотой гомдлоо хуулиар тогтоосон хугацааны дотор гаргаагүй байна.

 

П ХХК хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2019 оны Санхүүгийн тайлан-гаа нийтэлж, 2019 онд 1,820,000,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болохоо нийтэд мэдээлсэн өдрөөс хойш буюу 2020 оны 03 сарын 31-ний өдрөөс үр дүнгийн гэрээний дагуу урамшуулал шаардах эрх үүссэн гэж үзвэл 2020 оны 06 сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байна.

 

5.3. Жилийн ажлын үр дүнгээс хамааран олгох урамшуулал нь тухайн этгээд хариуцсан ажлаа бодитойгоор гүйцэтгэж, тайлагнаж, тогтоосон журмын дагуу үнэлүүлж, эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогддог шинжтэй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс хойшх хугацаанд Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, ажлаа зохих ёсоор тайлагнаагүй, тогтоосон журмын дагуу үнэлүүлээгүй байна. Иймд урамшуулалд 97,495,877 төгрөгийг шаардах эрх үүсээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 645,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР