Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Авга тайж овогт Нэргүйгийн Ц-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 18050055300501 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо .............мянгат .... дугаар байр ... тоотод оршин суух, Авга тайж овогт Нэргүйгийн Ц-.

 

Шүүгдэгч Н.Ц- нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30/1 дүгээр байрны 21 тоотод Д.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Н.Ц- Д.Г-ыг зодож түүний биед тархи доргилт, хүзүү, эрүү, баруун бугалга, тохой, зүүн тохойд цус хуралт, эрүү, баруун тавхай 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Г-ын “Би 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 30/1-21 тоотод гэртээ амарч байхад гэрийн хаалга хүчтэй өшиглөөд байсан. Тэгэхээр нь босоод очоод хаалгаа тайлахад зүс таньдаг Цэцээ гэх залуу согтуу зогсож  байсан. Тэгээд шууд гэр рүү дайраад орж ирээд Цэцээ надад үүдэнд хоёр хүн хүлээж байгаа би чамайг яаж юу хийж амьдарч байгааг харах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ хар шөнөөр юу хийж яваа юм бэ гэхэд Цэцээ инээгээд чиний нөгөө айхтар булчинтай бие хаа чинь хаачсын 3,4 жилийн өмнө бакь булчинтай байсан залуу одоо ямар арчаагүй болсон юм гээд доромжлоод байсан. ... Тэгээд Цэцээ өрөлтөө авч байгаад намайг хоёр хацар руу алгадаад тэгээд урдаас миний хоолойг гараараа боосон. Тэгээд би өөрийгөө хамгаалаад боолтноос нь мултарсан чинь чамд хуучны юм байна дахиад үзье гээд дайраад байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд 102 руу залгахад Цэцээ ард гарч ирээд хоолой араас боосон. Тэгээд бид хоёр дахиад ноцолдсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирж Цэцээг аваад эрүүлжүүлэхэд хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

“... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед би хоёр 7 хоног ажлаа хийхгүй гэртээ эмчлүүлсэн. Энэ эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг Ц- бүрэн барагдуулсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр 12-ны  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1415 дугаартай:

“1. Д.Г--н биед тархи доргилт, хүзүү, баруун бугалга, тохой, зүүн тохойд цус хуралт, эрүү, баруун тавхай, 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Н.Ц-ы мөрдмөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Г-ын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Надад оногдуулж байгаа ялыг хялбаршуулсан журмаар шийдэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

  

   Шүүгдэгч Н.Ц-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Ц- нь Д.Г-ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Энэ хэргийг шүүгдэгч Н.Ц- нь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогч Д.Г- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед би хоёр 7 хоног ажлаа хийхгүй гэртээ эмчлүүлсэн. Энэ эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг Ц- бүрэн барагдуулсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/ өгсөн тул шүүгдэгч Н.Ц-аас гаруулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.Ц-д прокурорын шатанд санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тул уг саналын хүрээнд ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг буюу хувиараа түүхий эд авах үйл ажиллагаа явуулдаг байдлыг харгалзан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авга тайж овогт Нэргүйгийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Ц- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ