Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/154

 

2026          02            03                                                                                    2026/ДШМ/154

                                                                 

Н.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Н.Анхбаяр,

цагаатгагдсан этгээд Н.Л-, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2678 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Н.Л-д холбогдох эрүүгийн 2508043892038 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн Н-ын Л-, ......., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар Н-/;

Н.Л- нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Н-” гэх газраас 54.2 грамм ховор ургамлын жагсаалтад багтсан “Дорогостайскийн банздоо-Saussurea dorogostaiskii Palib.1828” зүйл ургамлыг худалдан авч, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Баруун туруун” шалган нэвтрүүлэх цэг хүртэл Н- УНЧ улсын дугаартай, Тоуоtа prius-30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 54.2 гр ховор ургамлын жагсаалтад багтсан “Дорогостайскийн банздоо-Saussurea dorogostaiskii Palib.1828” зүйл ургамлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд Байгалийн ургамлын тухай хууль зөрчих, 1-д зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж, 1.1-д байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд төгрөгөөр торгоно...гэж заасан дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Прокуророос шүүгдэгч Н.Л-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Дээрхээс үзэхэд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...”Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох тохиолдолд хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэхээр тус тус хуульчилсан.

Энэ хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгч Ё.Ц-г өөрчилж, хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр М.Б-г оролцуулах хүсэлтийг Монгол Улсын байгаль орчин, уур, амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Ш.Б-ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/6095 дугаартай албан бичгээр уг шүүхэд хүргүүлсэн боловч, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн боловч, энэ талаар хохирогч, хууль ёсны төлөөлөгч түүнийг өөрчилж хэрэгт оролцох этгээдийг оролцуулаагүй хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг зөрчин хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн томилж шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотой, нотлох баримтаа гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор тус тус хангаагүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлтийг бодитой дүгнэх боломжгүй болсон гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь дүгнэх явдал юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байгаа эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан заалтад нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь, яллагдагч Н.Л-г 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Н-” гэх газраас 54.2 гр ховор ургамлын жагсаалтад багтсан “Дорогостайскийн банздоо-Saussurea dorogostaiskii Palib.1828” зүйл ургамлыг худалдан авч, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Баруун туруун” шалган нэвтрүүлэх цэг хүртэл Н- УНЧ улсын дугаартай, Тоуоtа prius 30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгасан.

Аливаа нэг ховор ургамлыг зөвшөөрөл авч, ахуйн зориулалтаар зөвшөөрсөн цаг хугацаанд түүж бэлтгэсэн үйлдлийг зөвшөөрөлтэй гэж үзнэ. Харин дээрх үйлдлийг хийгээгүй нөөц ашиглах эрхийн бичиг аваагүй, мөн худалдан авч, тээвэрлэсэн үйлдлийг хуульд зааснаас өөрөөр зорилгоор гэж үзэхээр Эрүүгийн хуульд нарийвчлан заасан.

Шүүхээс вансэмбэрүү цэцгийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан зөвшөөрлийн дагуу түүж ашиглаж болохоор заасан нь гэж тодорхойлсон байна.

Гэтэл вансэмбэрүү цэцэг нь байгалийн нөөц хомс учраас үрийг нь гадаадад худалдан гаргахыг 1974 онд Олон улсын конвенцоор хориглосон ба ахуйн хэрэгцээний зориулалтаар зөвшөөрөл олгохгүй зөвхөн судалгаа шинжилгээний журмаар харьяа мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр олгогдож буй улаан номд орсон ховор зүйлийн ургамал болно.

Шүүгдэгч Н.Л- нь шүүх хуралдааны явцад өмнө өгсөн мэдүүлгийг эрс өөрчлөн уг ховор ургамлыг өөрөө түүж, бэлтгэсэн талаар мэдүүлсэн боловч шүүхээс энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж тогтоосны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлтийг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

Үүнээс шүүгдэгч Н.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ховор ургамлыг худалдаж аваагүй түүж, бэлтгэсэн талаар дурдсан тул энэ талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсний дараа тогтоогдсон нөхцөл байдлаас шалтгаалан хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай болно.

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Уг хуулийн заалтыг хангахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.9-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заажээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар...”нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хэрэглэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.3 дахь заалтад “иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай”, 2.4 дэх заалтад хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар”, 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2678 дугаартай цагаатгах тогтоолын удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дахь хэсэгт заасан буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгай заалтыг баримталсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шүүхийн цагаатгах тогтоол гарсан тохиолдолд баримтлах хуулийн заалтыг удирдлага болгоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлд заасан үндэслэл хамаарч байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Н.Л--д холбогдох эрүүгийн 2508043892038 дугаартай хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2678 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Л- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Л-гийн өмгөөлөгч А.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцсон. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Прокурорын зүгээс ч үүнийг дэмжиж байсан гэж санаж байна. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гэж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн мэдүүлэг өөрчлөгдсөн гэж прокурорын зүгээс тайлбарладаг. Яллагдагч өөрийн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон баримт хэрэгт огт байхгүй. Худалдан авсан гэж үзэж байгаа бол ядаж дансны хуулганы баримтыг шүүж үзэх хэрэгтэй. Хөвсгөлөөс ирсэн гэж тайлбарлаж байхад дугаараар нь шүүж тогтоох ажиллагааг хийх боломжтой байсан. Гэтэл эдгээр ажиллагаануудыг огт хийгээгүй. Зөвхөн яллагдагчийн өгсөн мэдүүлгийг үндэслээд байдаг. Хамгийн гол асуудал нь нэг ширхэг ургамал байгаа. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Ахуйн зориулалтаар уу, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар уу гэдгийг анхаарч үзэх ёстой. Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд зааснаар адилхан зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн гэж заасан. Эрүүгийн хуульд зааснаар өөр зорилгоор гэж заасан. Байгалын ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ховор ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зорилгоор ашиглаж болно гэж заасан. Мөн Байгалын ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “ховор ургамлыг иргэн ахуйн болон хүнсний хэрэгцээндээ сум дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр түүж ашиглаж болно” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл авалгүй ургамлыг түүсэн асуудал бий. Нэг ширхэг цэцгийн тооноос харахад ахуйн хэрэгцээнд байсан нь тогтоогдож байна. Өөр бусад зүйлийг тогтоох шаардлагагүй. Тиймээс үйлдвэрлэлийн буюу хуульд зааснаас өөр зорилго гэж тодорхойлох боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахад санал хүргүүлсэн. Гэвч энэ нь албажиж гараагүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээ гараагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцсон бөгөөд шүүгчийн зүгээс танайхаас нэхэмжилж байгаа гомдол, санал байна уу гэж асуухад байхгүй, нэгэнт үнэлгээ байхгүй болохоор гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй хэдий ч ажиглагчаар оролцсон. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Н.Л-г “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн, “...шүүгдэгч Н.Л-гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “..зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэх журам зөрчсөн зөрчилд хамаарч байна.” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Тодруулбал, шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

Прокурор Н.Анхбаяр “...анхан шатны шүүх шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн ...тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйл “Байгалын ургамлын тухай хууль зөрчих”-ийн 1 дэх хэсэг “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж”-ийн 1.1 дэх заалтад “байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд”...төгрөгөөр торгоно” гэж, Байгалын ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” бол гэмт хэрэгт, “байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрлийг зөрчиж ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэсэн” бол зөрчилд тооцохоор зохицуулжээ.

Н.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Н-” гэх газраас Вансэмбэрүү цэцгийг 12.000 төгрөгөөр бэлэн худалдаж авсан...” гэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...би 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас түүсэн. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ренчинлхүмбэ сумаас хонь аваад би морьтойгоо гарсан. Манай нагац эгч уушгины хорт хавдартай, аав бас уушгины хавдартай тэгээд эмчилгээнд хэрэглэх гэж түүж авсан юм. ...Би цагдаад баригдаад айгаад үеэл ахаасаа асуусан чинь, чи танихгүй хүнээс худалдаж авсан гээд хэлчих гэсэн юм. Уг нь би өөрөө түүж авсан. Хувийн хэрэглээнд ашиглах зорилгоор нэгийг түүсэн. Түүсэн газраа зааж өгч чадна.” гэж зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Дорогостайскийн банздоо ургамал нь 54.2 гр байна, ...Дорогостайскийн банздоо-Saussurea dorogostaiskii Palib.1828” зүйл нь Хөвсгөл, Хэнтийн тойрогт өндөр уулын бүслүүрт чулуурхаг хажуу, хад, асгаар ургадаг олон наст өвс юм...” /хх 52-58/ гэсэн дүгнэлтээр Н.Л-гийн зорчсон тухайн бүс нутагт Дорогостайскийн банздоо /Вансэмбэрүү/ ургамал нь ургадаг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхээс түүний “...хувийн хэрэглээнд ашиглах зорилгоор нэгийг түүсэн...” гэх мэдүүлгийг үнэлж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хэрэг бүртгэлтэд буцаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заалт нь хэрэг бүртгэлтэд буцаана, гэхдээ энэ зүйлийнхээ 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” бол гэж хуульчилсан. Энэ эрүүгийн хэрэгт дахин хэрэг бүртгэлт хийх үндэслэл байхгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар хэрэг бүртгэлтэд буцаасан цагаатгах тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Байгаль орчин, уур амьсгалын санг хохирогчоор тогтоож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тус яамны гэрээт ажилтан Ё.Ц-г томилсон /хх 18-28/ хэдий ч 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад Дорогостайскийн банздоо-Saussurea dorogostaiskii Palib.1828” зүйл...-ийн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдоогүй байна.” /52-58/ гэсэн дүгнэлт гарсан байх тул анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах зайлшгүй шаардлага байхгүй байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, мөн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-г цагаатгасан атлаа шийдвэрээ “шийтгэх тогтоол” гаргахад удирдлага болгох заалтыг баримталсан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлээс “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2678 дугаартай цагаатгах тогтоол нь удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дахь хэсэгт заасан буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтлах заалтыг хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шүүхийн цагаатгах тогтоол гарсан тохиолдолд баримтлах хуулийн заалтыг удирдлага болгоогүй байна...” гэх хэсгийг хүлээн авч, “...цагаатгах тогтоолын удирдлага хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “36.7, 36.8” гэснийг “36.9” болгож өөрчлөн зөвтгөж, эсэргүүцлийн бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагаатгах тогтоолын удирдлага хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “36.7, 36.8” гэснийг “36.9” болгож өөрчлөн зөвтгөсүгэй.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2678 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Цагаатгагдсан этгээд Н.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                Л.ГАЛБАДАР

                     ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ