Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

өсвөр насны шүүгдэгч Е.Т- түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Есөн-Эрдэнэ, өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хаан овогт Есөн-Эрдэнийн Т-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705018130480 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Х бүрэн дунд  сургуулийн 12 дугаар ангид сурдаг, Баянгол дүүргийн ...........хороо ....дүгээр байр .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хаан овогт Есөн-Эрдэнийн Т-.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.Т- нь  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” сургуулийн 4 давхарт П.Сийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Е.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Есөн-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Т- нь манай том хүүхэд ба 3 дүүтэй. Манай хүү сургууль завсардаж байгаагүй. Хичээлдээ сайн, сагсан бөмбөгийн спорт сонирхдог хүүхэд. Энэ удаа сургууль дээр гарсан маргаанд ийм алдаа гаргасандаа Т- болон манай гэр бүл гэмшиж байна. Дахиж хүүхдээ ийм асуудалд оролцуулахгүй гэдгээ амлаж байна. Тиймээс миний хүүд энэ удаа хөнгөн хандаж, эцэг, эхийн хараа хяналтанд үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Е.Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Өсвөр насны шүүгдэгч Е.Т- нь П.Сийг зодож түүний биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нурууны баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч П.Сийн “... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай ангийн Тэмүүлэн Одгэрэл 2 хүүхэд байсан бөгөөд 12 дугаар ангийхан дуудаж байна гэхээр нь би яасан гэтэл тэд нар эвлэрье гэсэн гэхээр нь манай ангийн С.Тэмүүлэн 12а ангийн Энэрэл гэдэг охинтой маргалдсан. Тэгээд би 12а анги руу ороод тэдний ангийн хөвгүүдтэй эвлэрье гээд ярьж байтал 12а ангийхан бид нар ахлах анги та нар хүндлэх хэрэгтэй, битгий савсагнаад бай гэсэн. Тэгтэл Тэгшээ манай ангийн С.Тэмүүлэн рүү дайрсанаа болиод дахин дайрахаар нь би салгах гэтэл 12а ангийн Т- намайг доош хартал миний дагз болон толгой руу цохисон” ... Уг дүгнэлт дээрхи гэмтлүүдийг Т- надад учруулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/

“... 12а ангийн Т- намайг татаж унагахад би газар унахад би газар доошоо харан унасан. Тэгтэл миний толгойн ар хэсэг рүү Т- хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед хэн нэг хүүхэд Т-г надаас холдуулан салгасан. Тэгээд бид нар 12а ангиас гарсан. Миний эрүүл мэндэд учруулсан хохирлыг ганцхан Т- учруулсан. ... Эмчилгээний 200,000 төгрөгийг хүлээн авсан. Би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Дамбацэрэнгийн “...Тэгээд зодоон болж байх үед Сийг Т- газар хэвтсэн байдалтай чирээд миний зогсож байсан газрын урд ирэхэд түүний араас Т- ирээд түүний толгой руу гараараа алгадаад байсан. Харин С толгойгоо гараараа  хамгаалаад доошоо суусан байсан. Тэгээд гаднаас Ууганбаяр багш орж ирээд манай ангийнхан зодолдохоо больсон боловч хэрэлдэж маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Эрдэнийн “...Т- Сийг дарж газар унагаагаад шалаар чирч, толгойн дээрээс нь алгадаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14507 дугаартай:

“...1. П.Сийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нурууны баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч С.Тэмүүлэнгийн дахин өгсөн “... Ганцхан Сийг Т- нь араас нь татаж газар унагаагаад толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. С газар унахдаа дээшээ хараад унасан. Түүнээс биш намайг зодсон цохисон асуудал байхгүй. ...Зодоон зөвхөн С, Т- нарын хооронд болсон. Өөр хүмүүс бие биенийгээ түлхэн марган хэрэлдснээс биш бие биенийгээ зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Дэлгэрбуянгийн дахин өгсөн “... Учир нь хэрэг гардаг өдөр манай ангийнхан ангидаа байж байтал Энэрэл коридорт хажуугийн 10 дугаар ангийн сурагч Тэмүүлэнтэй хэрэлдэж байгаад Энэрэлийн өөдөөс салаавчаа гаргасан. Түүнээс болж С, Одгэрэл, Тэнгис, Тэмүүлэн нарыг ангидаа дуудан оруулж ирэн маргалдаж байсан чинь 3 дугаар эгнээнд сууж байсан Т- босч ирэн Сийн ар хэсгээс нь татаж дээш харуулан унагаж байгаад толгой хэсэг рүү нь цохисон.  Ангийнхаа охин болох Энэрэлийг өмөөрөн Сийг зодсон. Учир нь Сийн ангийн хөвгүүд Энэрэлийг элдэв үгээр дээрэлхээд салаавчаа гаргаад байдаг юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/

 

Өсвөр насны яллагдагч Е.Т-гийн “... Хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Би ангийн охин болох Энэрэлийг өмөөрсөн шалтгаанаар сургуулийнхаа зэргэлдээ ангийн С гэдэг хүүхдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надаас өөр хүн Сийг зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64-67 дугаар хуудас/

 

Гэрч Х.Дашцэрэнгийн “... Е.Т- нь манай ангийн хүүхэд байгаа юм. Би энэ ангийг дааж аваад 2 жил болж байна. ...тухайн өдрийн 17 цаг 15 минутын орчим нийгмийн ажилтан Нарангарав над руу танай ангийн хүүхдүүд маргалдаад байна гэж утсаар ярихааар нь би эргээд сургууль орсон. Манай ангийн Т- 10 дугаар ангийн Сийг зодсон асуудал гаргасан байсан. Ямар шалтгаанаар зодсон болохыг Т-гээс асуухад ангийнхаа Энэрэл гэх охиныг өмөөрснөөс болсон гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Е.Т- нь  П.Сийг зодож түүний биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, нурууны баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Е.Т- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Өсвөр насны шүүгдэгч Е.Т- нь Г№086 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 56 дугаар хуудас/ 2000 оны 12дугаар сарын 23-нд төрсөн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,  түүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний эх Ж.Есөн-Эрдэний хүсэлтээр  даалгав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Хаан овогт Есөн-Эрдэнийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.Т-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх хараа хяналтдаа байлгахыг түүний эх Ж.Есөн-Эрдэнэд даалгасугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Е.Т-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Е.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Е.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 А.АЛТАНХУЯГ