Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 312/шш2026/01031

 

 

 

 

 

 

 

 

2026 01 29 312/ШШ2026/01031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар , утас: /-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2026 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.******* миний бие Хаан банк ХК-ны Орхон салбарт жолоочоор ажиллаж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 5090/0032/25 дугаар Захирлын тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан. Гэтэл Баянхонгор аймгийн Баянхонгор суманд амьдардаг авга ах Ц. маань хүнд өвчний улмаас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нас барж, миний бие Баянхонгор аймаг яваад 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой ирсэн. Э.******* миний бие 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот явж ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа талаар Төв Хаан банкны дэд захирал Ариунбатад, мөн сонгон шалгаруулалт шударга бус болсныг тогтоолгохоор тус банкны Дотоод аудитын газарт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2 өргөдлийг өөрийн биеэр очиж өгсөн. Олон хоног хол замд яваад ирэнгүүтээ Хаан банкинд өргөдөл гомдол гаргахаар дахин замд яваад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нуруу татаж 10 хоног Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Тодруулбал:

1. Улаанбаатар хотод очсоны дараа нуруу татаж эмчилгээ хийлгээд гомдол гаргах 30 хоногийн буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг өнгөрсөн миний энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэж Хаан банкны Маргаан таслах комисст хандаж урьдчилан шийдвэрлүүлэх дээрх хугацааг сэргээж өгнө үү.

2. Мөн тус Хаан банкинд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хандсан бөгөөд Хаан банкнаас 2025 оны 05 дугаар сарын 23 болон 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр утсаар тус тус хариу өгсөн нөхцөл байдлыг мөн харгалзан үзнэ үү. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаж байна. Э.******* миний дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Э.******* миний бие 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 талт хороонд хандаж, өргөдлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүгчийн 312/ШЗ/2025/10131 дугаар захирамж гарч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-5/, төрөл садангийн лавлагаа /хх-7/, Цоодолын ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-4-5/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 312/ШЗ2025/10131 дугаартай захирамж /хх-30-31/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Э.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Э.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Би Хаан банк ХК-ны Орхон салбарт жолоочоор ажиллаж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 5090/0032/25 дугаар Захирлын тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан. Гэтэл Баянхонгор аймгийн Баянхонгор суманд амьдардаг авга ах Ц. маань хүнд өвчний улмаас 2025 оны 04 сарын 24-ний өдөр нас барж миний бие Баянхонгор аймаг яваад 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой ирсэн. Э.******* миний бие 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот явж ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа талаар Төв Хаан банкны дэд захирал Ариунбатад мөн сонгон шалгаруулалт шударга бус болсныг тогтоолгохоор тус банкны Дотоод аудитын газарт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2 өргөдлыг өөрийн биеэр очиж өгсөн. Олон хоног хол замд яваад ирэнгүүтээ Хаан банкинд өргөдөл гомдол гаргахаар дахин замд яваад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нуруу татаж 10 хоног Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул миний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү... гэжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд: Э.******* нь Хаан банк ХК-ийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5090/0032/25 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардан авсан болох нь Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШЗ2025/10131 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдож байна.

4. Дээрх захирамжаар, Э.*******ийн Хаан банкны Орхон салбарт холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын болон ээлжийн амралтын цалинг дутуу олгосон болохыг тогтоолгож, ээлжийн амралтын цалингийн зөрүү 2 034 124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээлгээгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.-д Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

6. Хүсэлт гаргагч Э.******* нь Хаан банкны захирлын хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардан авсан хэдий ч авга ах Ц. нь 2025 оны 04 сарын 24-ний өдөр нас барж, Баянхонгор аймаг явсан, мөн өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн зэрэг байдал хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

7. Энэ хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж Э.*******ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

8. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /-ын хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА