Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00933

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00933

 

 

Д.Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00416 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.А д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2021 оны 03 сарын 31-ний өдөр А.А тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 0 хаягт байршилтай 510 м.кв талбай бүхий хувийн амины орон сууцыг 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр болсон. Түрээсийн гэрээний 2.2-т нэг сарын түрээсийн төлбөр 8,500,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээний 2.4-т түрээсийн хугацаа тоологдож эхлэх хугацаа буюу 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 1 сарын түрээсийн төлбөрийг чөлөөлж, 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр авч эхлэхээр гэрээ байгуулсан. А.А нь 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг, нэг сарын барьцаа 8,500,000 төгрөг, 2020 оны 12 сарын 11-ний 5,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлсөн. Түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчтэй байгуулсан орон сууцны түрээсийн гэрээг 2020 оны 11 сарын 01-ний өдрөөр тасалбар болгож цуцалж байгааг мэдэгдэж и-мэйл хүргүүлсэн тул 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацааны төлбөр нийт 51,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 25,000,000 төгрөгийг хасч, үлдэх 26,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн орон сууцны түрээсийн гэрээний 6.2-т заасныг үндэслэн Иргэний хуулийн 232.4-т зааны дагуу 13,000,000 төгрөгийн алдангийг мөн нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 26,000,000 төгрөг, алдангид 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.                Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт 26,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөх боломжтой. Харин 13,000,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие 0 тоот хаягт байршилтай 510 м.кв талбайтай амины орон сууцыг 2020 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн түрээслэх явцдаа 2020 оны 05 сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд түрээсийн талбайд 12,600,000 төгрөгийн өртөг бүхий тусгаарлагч ханыг Г ХХК-аар гүйцэтгүүлэн байршуулж, өнөөдрийг хүртэл тус хана түрээсийн талбайд ашиглагдаж байгаа. Миний зүгээс өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан тусгаарлагч ханыг салган авах хүсэлт гаргасан ч тухайн талбайд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй дараагийн аж ахуйн нэгж тухайн ханыг өгөх боломжгүй гэж хэлсэн. Гэрээний алданги хэмээн шаардаж буй 13,000,000 төгрөгөөс тусгаарлагч хананы зардал болох 12,600,000 төгрөгийг хасч тооцон алдангийн хэсгээс 400,000 төгрөгийг төлөх нь зүйд нийцэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүн болох нийт 39,000,000 төгрөгөөс хариуцагч А.А миний бие 26,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.                Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А гаас 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон.

 

4.                Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Энэхүү хэргийн шүүх хуралдаан хариуцагч талын эзгүйд явагдаж мэтгэлцэх зарчим зөрчигдсөн. Хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах ёстой байсан. Шүүх хуралдаан болсон 2022 оны 02 сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Ч ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй болно.

4.б. Хариуцагч тухайн талбайг түрээслэх хугацаандаа 12,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий тусгаарлагч ханыг захиалгаар хийлгэсэн бөгөөд тус талбайг өнөөдрийн байдлаар түрээсэлж буй хуулийн этгээд нь тус ханыг ашигласаар байгаа энэхүү нөхцөлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс тусгаарлагч хананы үнийг хасч тооцох нь зүйд нийцнэ.

4.в. Түрээсийн гэрээг талууд 2020 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан. Улмаар 1 сарын хугацаанд буюу 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 30 хүртэл үйл ажиллагаа явуулах зориулалтын дагуу засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Харин Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй буюу түрээсийн зүйлийн ашиглаж, орлого олоогүй. Тухайн саруудад түрээслэгчид түрээсийн төлбөр тооцохгүй, эсвэл хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалт хэрэглэж байсан билээ. Тиймээс нэхэмжлэлийн дүн болох 26,000,000 төгрөгөөс үйл ажиллагаа явуулаагүй саруудад түрээсийн төлбөрт хөнгөлөлт тооцуулж, нэхэмжлэлийн дүнг бууруулах хүсэлтэй байна.

Иймд дээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.                Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Өмнө нь хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан 5-6 удаа хойшилсон. Тухайн тов мэдэгдэх баримтад Р.Л гэх нэр байгаагүй. Ийм учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. А.А гийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон. Хариуцагч 2021 оны 02 дугаар сард түрээсийн байрнаас гарсан. Нэхэмжлэгч нь сүүлийн 3 сарын төлбөрийг нэхэмжлээгүй. А.А нь 11 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч 26,000,000 төгрөгийг төлөх талаар тайлбар гаргасан. Мөн А.А д тусгаарлах ханаа ирж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч авдаггүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 26,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.           Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.           Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч А.А д холбогдуулан түрээсийн төлбөр 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж амины орон сууцаа түрээслүүлсэн, түрээсийн төлбөрийг 8,500,000 төгрөгөөр тохиролцсон, түрээсийн гэрээг цуцалсан тул 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын түрээсийн төлбөр 51,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 25,000,000 төгрөгийг хасч, үлдэх 26,000,000 төгрөгийг 13,000,000 төгрөгийн алдангийг шаардаж байна... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1-2/

Дээрх шаардлагаас хариуцагч А.А нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26,000,000 төгрөгийг зөвшөөрч, алданги 13,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ ...түрээсийн байранд 12,600,000 төгрөгийн үнэ бүхий тусгаарлагч хана хийлгэсэн, тусгаарлагч ханаа авах гэсэн боловч одоогийн түрээслэгч нь өгөөгүй, иймд алдангиас 12,600,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй... гэсэн агуулгаар тайлбарласан байна. /35-36/

 

3.           Хэрэгт авагдсан 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 28/, 2020 оны 03 сарын 31-ний өдрийн Орон сууцны түрээсийн гэрээ /хх 6-9/, Д.Д ын эзэмшлийн Голомт банк дахь 0 тоот Дансны хуулга /хх 13-15/, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 0 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /хх 37-40/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл:

3.1.               Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 0 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 510 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид гоо заслын эмнэлгийн зориулалтаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон;

3.2.               Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, гоо заслын эмнэлгийн үйл ажиллагаа явуулахдаа зориулж бусдаар тусгаарлах хана хийлгэсэн;

3.3.               Улмаар түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр талууд гэрээг цуцалсан;

3.4.               Гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн дүн нийт 8,500,000 х 6 = 51,000,000 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нийт 25,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

4.           Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг зөв тогтоож, талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, улмаар хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алданги 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд талууд Орон сууцны түрээсийн гэрээ-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд хариуцагч нь бусдын өмчлөлийн амины орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул ашигласан хугацааны төлбөрийг мөнгөн хөрөнгөөр төлөх үүргийг хүлээх ба харин нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алданги шаардах эрхгүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хариуцагч талаас гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтээр 2021 оны 11 сарын 29-ний өдөр, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээр 2022 оны 01 сарын 24-ний өдөр, хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр 2022 оны 02 сарын 07-ны өдөр, шүүх хуралдаан давхацсан хүсэлтээр 2022 оны 02 сарын 14-ний өдөр 2022 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл удаа дараа хойшилжээ. /хх 53, 65, 67, 75/

Шүүхээс товлосон 2022 оны 02 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхиж, хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зохицуулалтад нийцсэн байна. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л ын шүүхэд ирүүлсэн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна давхацсан гэх Ц.Ч ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогч нь хүсэлт гаргагч болох нь тогтоогдоогүй байна.

Иймд шүүх хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, мэтгэлцэх зарчмын зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6. Хариуцагч тал түрээсийн төлбөр 26,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан атлаа хүчингүй болгуулах агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэн зохицуулалтад тус тус харшилж байна.

 

7. Тусгаарлагч ханаа авахаар очиход өгөөгүй гэх хариуцагч талын тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүйгээс бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тусгаарлагч ханаа ав гэхээр хариуцагч өөрөө авдаггүй, авна гээд ирвэл өгөх боломжтой гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР