| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2502002780229 |
| Дугаар | 2026/ДШМ/155 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/155
2026 02 03 2026/ДШМ/155
М.Б-, Л.Ч- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Билгүүн,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
цагаатгагдсан этгээд Л.Ч-гийн өмгөөлөгч А.Энхгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2681 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Билгүүний бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Б-, Л.Ч- нарт холбогдох эрүүгийн 2502002780229 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С- овгийн М-ын Б-, ......, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар М-/;
2. А- овгийн Л-ын Ч-, ....., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар Л-/;
М.Б- нь Улаанбаатар хот дахь Л- байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дах заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.2 дахь заалтад заасан “Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах”, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан “Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ”, 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсгийн 274.2.1 дэх заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чандлан хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх”, 274.2.2 дахь заалтад заасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, 274.2.5 дахь заалтад заасан “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”,
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.8.1 дэх хэсэгт “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.10 дахь хэсэгт “Гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина”, 5.25 дахь хэсэгт “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана”,
Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны А/255 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журам”-ын 1.3.7 дахь хэсэгт “хэрэглэгч” гэж байгууллагын мэдээллийн систем болон сүлжээнд хандах эрх бүхий албан хаагч, гэрээт ажилтан, мэргэжилтэн болон гадны бусад байгууллагаас гаалийн байгууллагад түр хугацаагаар ажиллахаар ирсэн ажилтан”, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “Хэрэглэгч нь эзэмшиж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, систем, программ хангамжид нэвтрэх нууц үг, цахим гарын үсгийг хамгаалах”,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 54 дүгээр хавсралтад заагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилтын 1. “Гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн байгууллагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх”, 1.1 “Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах”, 1.3 “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах”, 1.4 “Гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээ, тайланг үнэн зөв гаргах”, 3.2 “Гаалийн хяналт, шалгалттай холбоотой гаалийн удирдах төв байгууллага болон газрын удирдлагаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчиж, Л.Ч-гийн “2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Л- дугаартай чингэлгээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн барааг түргэн шуурхай шалгуулж, бараанд ногдох гаалийн албан татвараас чөлөөлөгдөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Л- дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь Л- ахлах байцаагч Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон;
улмаар М.Б- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Л- дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь Л- ахлах байцаагч Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газрын прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Л.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүний нийтийн албанд ажиллах эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD /си-ди/ хоёр ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээж, шүүгдэгч Л.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “....хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлон заасан тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд тухайн этгээдэд хэн хамаарах талаар Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг урьдчилан сэргийлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан. Шүүгдэгч Л.Ч- нь тухайн гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна” гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон тооцно” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ” гэж хуульчилсан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа, зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тогтоодог. Ийнхүү тогтооход гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг тодорхойлж тогтоосны эцэст тухайн санаа зорилгыг хэрэгжүүлэхэд оролцсон этгээдийн үүргээр эрэмбэлэн тогтоож, хамтран оролцогчийн хэлбэрийг тодорхойлдог.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Ч- нь ажлын цаг дууссан байхад М.Б-тай уулзаж түүнд хууль бусаар нөлөөлж, улмаар М.Б- нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр CAIS системд Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч, “зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн болох нь хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Л.Ч- нь “21,140,622 төгрөгийн үнэ бүхий барааг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх гэсэн санаа зорилго агуулаагүй, М.Б-тай урьдаас үгсэн тохиролцоогүй” гэж мэдүүлдэг боловч Л.Ч- нь ажлын цаг дууссан байхад М.Б-тай уулзаж, түүнд хууль бусаар нөлөөлсний улмаас М.Б- нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй буюу Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч, Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “зөвшөөрөв” төлөвт оруулж буй үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэх хуулийн шаардлагад нийцнэ.
Түүнчлэн Эрүүгийн эрх зүйн онолын хувьд тусгай субъект бүхий гэмт хэргийн хатгагч нь мөн адил тусгай субъект буюу үүрэг хүлээсэн этгээд байхыг шаарддаггүй.
Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан болох М.Б-ын үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг буюу албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаардахгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ч-, М.Б- нарыг үйлдэл оролцоо буюу Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Л.Ч-д холбогдох хэргийг цагаатгаж, нийтийн албан тушаалтан болох гаалийн газрын байцаагч М.Б-ын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч М.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна ” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгагдсан этгээд болон прокурорын аль нэгийг дэмжиж тайлбар хэлэх зүйл байхгүй. Л.Ч- болон М.Б- нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Шүүгдэгч М.Б-ын үйлдэл ажлын хариуцлагагүйн улмаас үйлдэгдсэн буюу зөрчлийн шинжтэй эсэх тал дээр хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.Ч-гийн өмгөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдэд ажилгүй, 4 хүүхэдтэй жирийн этгээд болох Л.Ч- хамаарахгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ саналыг өмгөөлөгч би гаргасан. Энэ гэмт хэргийн субъект жирийн иргэн байх боломжгүй. Яллах дүгнэлтэд үйлдлийн шинжийг 18 цаг өнгөрч байхад уулзаж гуйсан гэж тодорхойлдог. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт тогтоогддоггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хатгагчийн талаар зохицуулсан. Үүнд бусдыг гэмт хэрэгт санаатай татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, эсхүл бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцохоор хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Л.Ч- энэ дөрвөн үйлдлийн алиныг нь үйлдсэн болохыг нарийвчлан тодорхойлсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-, Л.Ч- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
гэрч Б.Батхолбоогийн ...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд мэдүүлгээр мэдүүлсэн Л.Ч-гийн 4 нэр төрлийн бараанд “гааль зөвшөөрөв” төлөвөөс ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газраас дахин шалгалт хийхэд 9 нэр төрлийн 20540 кг ачаа байсан бөгөөд дахин шалгалтаар 21.140.622 төгрөг, 61 мөнгөний татвар нөхөн төлүүлж 10.570.311 төгрөг, 31 мөнгө торгууль ногдуулсан бөгөөд тус бүрдүүлэлтийг хийсэн гаалийн улсын ахлах байцаагч Н.Н-, М.Б- нарыг шалгуулахаар ирүүлсэн зөрчилд дотоод хяналт шалгалтыг явуулж танилцуулгыг хүргүүлсэн. Уг дотоод шалгалтаар гаалийн улсын байцаагч М.Б- нь иргэн Л.Ч-гийн мэдүүлсэн ачаанд гаалийн хяналт хийхгүй “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан байсан. Ингэхдээ тухайн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч Н.Н-гийн CAIS системд нэвтрэх эрхийг ашиглаж мэдүүлгийг зөвшөөрсөн байсан...”, ...хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нарт CAIS систем өөрөө автоматаар хуваарь хийдэг, хуваарийн дагуу хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч биет үзлэг хийсний дараа CAIS системд биет үзлэг хийгдсэн төлөвт оруулахад тухайн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын ахлах байцаагч “гааль зөвшөөрөв” төлөвт оруулж ачаа гарах боломжтой, “...дотоод шалгалт хийх явцад эрх бүхий албан тушаалтнууд болох гаалийн улсын ахлах байцаагч Н.Н-, гаалийн улсын байцаагч М.Б- нь иргэнээс эд зүйл, мөнгө авсан, нэхсэн зүйл илрээгүй. Гаалийн улсын ахлах байцаагч гаалийн улсын байцаагч нараас хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх талаар асуухад үгүй гэж хариулж байсан, “...гаалийн мэдүүлэг гаргагч гаалийн мэдүүлгийг худал мэдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу барааны татварыг нөхөн төлүүлж нөхөн төлсөн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог...” /1хх 33-34/,
гэрч Ч.Н-ын “...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас гаалийн хяналтын бүсэд Л.Ч-гийн гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлт нь “гааль зөвшөөрөв” төлөвт орсон байсныг дахин шалгалт хийх чиглэл өгсний 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаанд гаалийн улсын байцаагч Ш.Ж-ы хамт бараа хүлээн авагч Л.Ч-г байлцуулан хийсэн дахин шалгалтаар... “гаалийн байгууллагад мэдүүлсэн 4 нэр төрлийн барааг тулган шалгахад 4 нэр төрлийн болох хуучин буйдан 3 ширхэг, шкаф 10 ширхэг, хуучин амортизатор 33 ширхэг, хуучин гүйлтийн зам 38 ширхэг нийт 11.370 кг гэж мэдүүлсэн боловч бодит байдал дээр ОЖ- дугаартай чингэлэгт 13R хэмжээтэй тээврийн хэрэгслийн шинэ дугуй 130 ширхэг, 12R хэмжээтэй тээврийн хэрэгслийн дугуй 373 ширхэг, моторын тос KIXX 5W30 нэг ширхэг сав 4 литрийн хэмжээтэй нийт 60 ширхэг, моторын тос KIXX 10W30 нэг ширхэг сав 6 литрийн хэмжээтэй нийт 339 ширхэг, моторын тос KIXX W30 нэг ширхэг сав 1 литрийн хэмжээтэй нийт 192 ширхэг, аккумлятор Delkor 80 ампертай 240 ширхэг, аккумлятор Delkor 60 ампертай 100 ширхэг, аккумлятор Delkor 90 ампертай 100 ширхэг, аккумлятор Delkor 100 ампертай 150 ширхэг тус тус гаалийн байгууллагад мэдээлээгүй нийт барааны жин 20.540 кг байсан, ...Л.Ч- нь гаалийн байгууллагад барааны нэр төрөл тоон хэмжээг худал мэдүүлж гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэнийг дахин шалгалт хийсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн гаргасан тайлбар, барааны жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу арга хэмжээ авсан, “...Л.Ч-гийн мэдүүлээгүй 9 нэр төрлийн барааг дахин гаалийн байгууллагад мэдүүлж 21.140.622,61 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 10.570.311, 31 төгрөгийн торгууль оногдуулан ажилласан, “...Улаанбаатар хот дахь гаалийн газрын Техник Импорт гаалийн хяналтын бүсийн Гаалийн хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Н.Н-, хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч М.Б- нар нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг 100 хувь хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон учир албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзсэн...” /1хх 36-37/,
гэрч Н.Н-гийн “...гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд нэвтрэх өөрсдийн эрхтэй, “...миний хувьд Улаанбаатар хот дахь гаалийн газрын Техник импорт гаалийн бүсэд Бүгд Найрамдах Солонгос улсаас ОЖ- тоот чингэлгээр тээвэрлэгдэн ирсэн 02-2151017-24130699 дугаартай мэдүүлгээр Л.Ч-гийн нэрээр гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалт хийгээгүй, ...уг бараанд намайг явсны дараа хяналт шалгалт хийсэн байсан, ...би өөрөө СAIS программд нэвтэрч Л.Ч-гийн ачаа барааг зөвшөөрсөн зүйл байхгүй, ...тухайн ачаа барааг гаргахад гаалийн улсын байцаагч М.Б- CAIS программд миний эрхээр нэвтэрч Л.Ч-гийн ачааг 18 цаг 10 орчим минутын үед зөвшөөрөв төлөвт авсан байсан...” /1хх 41-43/,
гэрч Х.Т-гийн “...Гаалийн хяналтын бүсэд байгаа ачаа бараа нь хяналт шалгалт хариуцсан гаалийн байцаагч нарт CAIS системээр автоматаар хуваарилагддаг. Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь ачаа бараанд хяналт шалгалт хийж CAIS системд “зөвшөөрсөн төлөв” оруулсны дараа гаалийн улсын ахлах байцаагч “зөвшөөрөв төлөв” оруулсны дараа гарах хуудас хэвлэгдэж, хяналтын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч нар хувийн дугаар бүхий тэмдгийг дарснаар гаалийн хяналтын бүсээс гарах эрх үүсдэг. Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд бусад албан тушаалтны эрхээр нэвтрэхийг бол зөвшөөрдөггүй...” гэсэн мэдүүлгүүд /1хх 49-50/,
Гаалийн ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх 3/,
Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ч.Н-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А24-085 дугаартай “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн” тухай тэмдэглэл, дахин шалгалтын тэмдэглэл /1 хх 13-27/,
гаалийн улсын байцаагч Ч.Н-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн УБГГ А24-085 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудас /1 хх 28-29/,
гаалийн улсын байцаагч Ч.Н-ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн танилцуулга /1 хх 11-21/,
Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай танилцуулга /1 хх 4-6/,
Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журам /1хх 78-86/,
Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/335 дугаартай М.Б-ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал /1хх 113/,
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/677 дугаартай тушаал /1 хх 114/, албан тушаалын тодорхойлолт /1хх 115-117/,
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/345 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /1хх 119-126/,
Н.Н-, М.Б- нарт холбогдох сахилгын зөрчлийг сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл /1хх 144-148/,
Л.Ч-гийн татвар төлсөн баримтын хуулбар /1 хх 30/,
Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 207-210/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
прокуророос Л.Ч-г “өөрийн 21.140.622 төгрөгийн үнэ бүхий барааг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтан болох Улаанбаатар хот дахь Л- байцаагч М.Б-тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрсөн буюу ажлын цаг дууссан байхад түүнтэй уулзаж, түүнд хууль бусаар нөлөөлж, улмаар М.Б- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Л- дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь Л- ахлах байцаагч Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хатгагчаар хамтран оролцсон хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Л.Ч- нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон...” зөрчил тогтоогдсон байна.
Гэвч, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” байхаар, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг “нийтийн албан тушаалтан”-д хамаарахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх этгээд нь нийтийн албан тушаалтан байх ба Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлд төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Л.Ч- нь “гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, ...бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн...” гэх үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй, мөн нийтийн албан тушаалтан биш болох нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тусгай субъектэд хамаарахгүй байна гэсэн үндэслэлээр Л.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Прокуророос М.Б- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Л- дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь Л- ахлах байцаагч Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэж шүүгдэгч М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1 дахь хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/335 дугаартай М.Б-ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал /1 хх 113/, гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/677 дугаартай тушаал /1хх 114/, албан тушаалын тодорхойлолт /1хх 115-117/ зэрэг баримтаар хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч М.Б- нь Улаанбаатар хот дахь Л- байцаагчийн албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.
Шүүгдэгч М.Б- нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь Л- ахлах байцаагч Н.Н-гийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв төлөв” оруулсны улмаас Л.Ч-д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон нь хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл болно, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр прокурор Б.Билгүүний бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2681 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Билгүүний бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ