Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 461

 

 

 

              

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Б.Б-, П.У- тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат,

хохирогч Н.Г- түүний өмгөөлөгч М.Хувцагаан

гэрч С.Алтанзаяа, С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  Бөхчүүд овогт Батбаярын Б-, Боржигин овогт Пүрэвдуламын У- нарт холбогдох эрүүгийн 201525010041 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо .... дүгээр хотхон .... тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, Бөхчүүд  овогт Батбаярын Б-.

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 50 настай, тусгай дунд боловсролтой, технилогич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хотхон .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Пүрэвдуламын У-.

 

Шүүгдэгч Б.Б-, П.У- нар нь бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний Соёлын төвийн дэргэдэх “Үйлдвэрчиний Соёлын төв” Хаан банкны тооцооны төвөөр дамжуулан хохирогч Н.Г-д “хамтарч ажиллана” гэж хуурч зээлийн гэрээгээр халхавчлан баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Би 2014 оны 8 дугаар сард хөрөнгө оруулалт хийх зар тавьсан. Мөн барилгын ажил хийх 3 зар гаргасан. Энэ зарын дагуу Г-  гэдэг хүн надтай 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярьсан. Тэгээд уулзаж ярилцахаар болсон. Тэр үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 тоотод байрлах миний өөрийн эзэмшлийн караоке пабад надтай ирж уулзсан. Би Гантулгыг хөрөнгө оруулалтын зарын дагуу ирж уулзсан гэж ойлгосон. Түүнтэй ярилцахад би барилгын ажил хийх зарын дагуу ирснээ хэлээд намайг юунд хөрөнгө оруулалт ярьж байгаа нь ямар учиртай юм бэ гэж хэлсэн. Тэгээд барилгын ажлын талаар 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ярилцахад намайг гар зургаа гаргачих гэж хэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Г- над руу яриад “та маргааш Шинэ өглөө цогцолборын 310 тоотод ирж уулзаарай” гэж хэлсэн. Тэр дагуу би хар зураг, барилгын материалын тооцоогоо өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өглөө надад “Шинэ өглөө цогцолбор дээр хүрээд ир, хоёулаа граш дээр очиж уулзъя” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Гантулгын хамтрагч гэх хүн байсан ба гурвуулаа хамт граш дээр очсон. Тэгэхэд грашийн эзэн Алтанзаяа байсан. Г- Алтанзаяатай урьдчилан уулзсан байсан. Тэгээд надтай уулзахаар нь “дээврийн ажлыг би хийхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Алтанзаяа надад грашийн ард талын зайд ажилчдын байрыг бариулах санал тавьж байсан. Тэгтэл грашийн байрны хашаа нь хазгай унахад бэлэн болсон цементэн хашаа байсан. Би тухайн ажлын хөлсөнд ажилчдын байрны төлбөр тусгагдаагүй учраас бариагүй. Тэгээд Г- бид хоёрын урьдчилан тохирсон 25.000.000 төгрөгөөр грашийн талбайн цутгалтын ажил хийхээр  Алтанзаяа, Г- бид гурав тохиролцсон. Алтанзаяаг усны сав, грашийн цутгалтанд орох туслах материалууд болон барилгын материалыг өөрөө хариуцаж гаргах тохиролцоонд хүрсэн. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Г- Алтанзаяа нар “бид хоёрт хоорондоо ярилцаж тохиролцох юм байгаа, бид хоёр нотариат орно” гээд намайг явуулсан. Тэр өдрийн орой нь Г- над руу яриад “Бямбаа ахаа ажил болохоор болсон, танд Хаан банкны данс байгаа юу” гэж асуусан. Тухайн үед надад Хаан банкны данс байгаагүй. Тэгэхэд “маргааш өглөө танай Гранд плазагийн нотариат дээр уулзъя” гэж хэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 20-ны 08 цаг 30 минутад Гранд плазагийн нотариатын үүдэнд Г-тай уулзсан. Тэгээд надтай уулзаад “танд тавих 2 санал байна, та үүнийг зөвшөөрвөл ажлаа хийлгэнэ” гэж хэлсэн. Би ямар санал болохыг асуухад нэгдүгээрт би мөнгийг дансаар шилжүүлнэ. Хоёрдугаарт зээлийн гэрээгээр таны ажлын хөлсний мөнгийг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ямар учраас зээлийн гэрээгээр өгч байгаа болохыг асуухад “манай хуулийн зөвлөх ингэж өгөхийг надаас шаардсан, би энэ мөнгийг ганцаараа толгой мэдэж шийддэггүй юм, тийм учраас зээлийн гэрээгээр дансаар шилжүүлнэ гэвэл таниар ажлаа хийлгүүлнэ” гэж хэлсэн. Би бодож байгаад “ер нь зээлийн гэрээ гэдэг нөхцөл чинь надад таалагдахгүй байна” гэж ярилцсан. Мөнгийг дансаар шилжүүлэх болоход нь би эхнэр У-ийг лангуунаас нь дуудсан. Г- бид хоёр нотариатаар ороход “та нар ямар гэрээ хийх гэж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь барилгын ажлын хамтрах гэрээ хийнэ гэхэд “надад барилгын ажлын хамтран ажиллах гэрээ надад байхгүй, барилгын ажлын зүйл заалт их олон байдаг, надад тийм гэрээний маягт байхгүй” гэж хэлсэн. Г- зээлийн гэрээ байгуулах талаар ярьсан ба нотариат дээр хоорондоо тохиролцоогүй 2-3 удаа гарч ярилцсан. Г- надад “та барилгын ажлаа хийгээд дуусгавал 25.000.000 төгрөгөөс дээш төлбөр гарвал би танд төлнө, 25.000.000 төгрөгөөс доош ажлын төлбөр гарвал та надад зөрүү өгөөд болчих асуудал дээр яагаад сүржигнээд байгаа юм бэ, эсхүл миний ажлыг хийхгүй юм уу” гэж хэлсэн. Би түүнд “би энэ ажлыг хийж чадна, байгалийн бэрхшээл янз бүрийн юм гарахгүй бол 2 сарын хугацаанд хийж дуусгана” гэхэд “тэгвэл зээлийн гэрээгээр төлбөрөө авчих” гэж хэлсэн. Манай эхнэр У- Зээлийн гэрээ хийнэ гэхэд дургүй байсан. Тэр талаараа бид нар 2-3 удаа нотариатаар орж гарч ярилцсан. Би барилгын ажил бага бөгөөд мөнгө нь бэлэн орж ирэх ажил бага байсан учраас Зээлийн гэрээгээр төлбөрөө өгье гэсэн Гантулгын саналыг зөвшөөрч Зээлийн гэрээгээр 25.000.000 төгрөг авсан. Барилгын ажил хийх явцад буюу 8 дугаар сарын 25-ны өдөр би Г- утсаар яриад “өдрийн цагаар ирж миний мицсерийг аваад граш руу оч, би орой бусад багажаа аваад очино” гэж хэлсэн. Г- 2014  оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Баруун салаанд хийгдэж байсан миний барилга дээр ирээд миний мицсерийг жижиг цагаан амжиргаа цагаан гэх машинаар авч явсан. Г- 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр надтай уулзаж байхдаа Баруун салаанд баригдаж байсан миний барилгын ажлыг очиж үзсэн. Тэнд ажиллаж байсан хүмүүс энэ талаар мэдэж байгаа. Тэгээд “янз янзын хүмүүс ажил хийх санал хэлсэн, таны ажлыг харлаа та ажлаа дажгүй хийдэг юм байна, тийм учраас таниар ажлаа хийлгье” гэж тохиролцсон. Үүний үндсэн дээр 25.000.000 төгрөг авсан нь үнэн. Тэгэхдээ Зээлийн гэрээгээр авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Надад Гантулгыг хуурч мэхлэе гэсэн санаа байгаагүй. Би бизнесийн үйл ажиллагаа олон жил эрхэлж байгаа хүн. Хэзээ ч хүн хуурч үзээгүй. Банкнаас, хувь хүн болон Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж бизнесийн эргэлтэндээ оруулж байсан. Бүх мөнгийг нь төлөөд явдаг байсан ба өөр янз бүрийн өр надад байгаагүй. Гантулгыг хуурч мэхлэх санаа байгаагүй. Барилгын ажлын явцад Г- бид хоёрын дунд зөрчилдөөн үүссэн. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөрс хуулалтаас гарсан шороог Г- барилгын цутгалтанд доош нь тэгшлээд дээрээс нь цутгалтаа хийе гэсэн. Би үгүй гэж хэлсэн. Учир нь сул шороон дээр цутгалт хийвэл байгалийн бэрхшээл, үер усны аюулд тэсэхгүй учраас цутгалт ямар ч хэрэггүй, 1 жилийн дотор байхгүй болно гэж хэлсэн. Граш барих үед Алтанзаяа ирсэн. Тэгээд “энд юу болоод байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхэд нь би “энэ шороог гаргаж хаях ёстой, дээрээс нь цутгалт хийж болохгүй, хөрс хуулалт дээр хайрган давхаргаа хийж стандартын дагуу ажлаа хийх ёстой” гэж хэлсэн. Ингэж Г- бид хоёрын анхны зөрчилдөөн үүссэн. Дараа нь Г- цутгалт хийхээс өмнө өрлөгийн тэрэг 10 хоног тасарсан байсан. Би Алтанзаяад “хэрвээ ийм цементээр цутгах юм бол дараагийн шалны ажил ажил биш болно, тэгээд сул бутарсан шороо болно, би ийм цементээр цутгалт хийхгүй” гээд явсан. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г- “Бямбаа ахаа би цементээ сольсон, таны хэлсэн цемент авчирсан” гэж хэлсэн. Намайг орой нь очиход Г- өөрийн 2-3 ажилчны хамт цутгалтыг эхэлсэн байсан. 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Пүрэвдорж, Зоригт болон өөр 2 туслах ажилчны хамт очиж ажилласан. Явцын дунд Г- надад “Бямбаа ахаа та бид хоёр энэ ажил дээр санал зөрөлдөөд болохгүй юм байна, яагаад та ингээд байгаа юм бэ, би аминдаа зардлаа хэмнэх санаатай байхад та өндөр зардал гаргаж байна” гэж хэлсэн. Би түүнд “Г-а барилгын материал дээр хэзээ ч хэмнэлт хийж болохгүй, хэмнэлт хийвэл ажилчдын цалин хөлснөөс хасаж болно, өөрөөр ямар ч боломж байхгүй” гэж хэлэхэд “та ажилчдын цалинд хэдэн төгрөг төлөвлөсөн байгаа юм бэ” гэж асуухад нь “би цалинд 6.000.000-7.000.000 төгрөг төлөвлөсөн” гэдгээ хэлсэн. Тэгтэл Г- “тэгвэл танай ажилчдыг болиулъя, өөр хямд хийгээд өгье гэсэн хүмүүс зөндөө байгаа эсхүл би таныг болиод өөр хүмүүсээр хийлгэе, эсхүл та манай ажилчдыг удирдаад танай тоног төхөөрөмжөөр энэ ажлыг хийж дуусгая, 25.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөг хасахад хэмнэлт хийх боломжтой, 18.000.000 төгрөгөөр энэ ажлаа хийе” гэдэг санал тавьсан. Би нэгдүгээрт тэр ажлыг өөрөө хийгээд дуусгах хүсэлтэй байсан. Г- надад өөр хүмүүсээр ажлаа хийлгэх боломжтой, нэг бол та боль гэж хэлсэн учраас өөрийнх нь ажилчдыг удирдаад ажлыг хийж дуусгасан нь үнэн. Би Г-д 18.000.000 төгрөгийн хөлсөө аваад зөрүү болох 7.000.000 төгрөгийг өгөх саналыг Баянзүрх дүүргийн цагдаагийг газар шалгагдаж байхдаа хэлсэн. Байцаагч Хатанбаатарыг байхад энэ талаар хэлсэн. Би байцаагч Хатанбаатарт “би энэ ажлыг хийх ёстой байсан, ажлыг хийж байхад бидний хооронд зөрчил үүссэн учраас ажлаа дуусгаагүй нь үнэн, Гантулгын ажилчдыг удирдаж ажиллуулсан, ажлын зөрүүнд 7.000.000 төгрөг өгч Гантулгыг хохиролгүй болгох боломжтой” гэж хэлсэн. Г- надаас 7.000.000 төгрөг авахгүй, 25.000.000 төгрөгийг нэг ч төгрөг дутаахгүйгээр авна гэж надад хэлж байсан. Би 25.000.000 төгрөг гаргаж өгөх боломжгүй байсан учраас тэр мөнгийг өгч чадаагүй. Одоо Алтанзаяа, Г- нарын граш дээр ажилласан гэж хэлж байгаа хүмүүсийн хувьд 3 хоног Гантулгын ажилчид юм уу найзууд нь ирсэн. Сүүлд нь 2 хүн нэмэгдэж ирсэн. Барилгын ажлын явц дунд Г- дахиад 1 миксер олж ирсэн. 2 миксерээр ажлаа явуулсан. Би миксер болон бүрэн багаж тоног төхөөрөмжтэйгээ очсон. Миний мэдүүлэгт байгаа. Г- өөр хүнээс олж ирсэн миксерийн мотор нь халаад ажилладаггүй байсан. Би тэр миксерийг 2-3 хоног ажилуулаад “мотор нь халаад байдаг юм бол шатах юм бол чи өрөнд орно шүү” гэж хэлэхэд хүнд нь буцааж өгсөн. Миний багаж, тоног төхөөрөмжөөр энэ ажлыг бүрэн дуусгасан. Надад Гантулгыг хуурах гэсэн зүйл байхгүй. Алтанзаяа Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ “Б- гэдэг хүнийг огт хараагүй, танихгүй” гэж мэдүүлэг өгсөн. Сая Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ “Б- гэдэг хүн граш дээр нэг удаа ирсэн, 18.00.000 төгрөгөөр ажлын хөлсийг ярихад нь зөвшөөрөөгүй” гэсэн мэдүүлэг өгч намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би Г-ас авсан мөнгөө төлөөгүй нь үнэн. Хэрвээ миний анхны тохиролцоогоор 25.000.000 төгрөгийн ажлын хөлсөөр би ажлаа хийж дуусгасан байсан бол ийм асуудал болохгүй байсан. Би өөрийнхөө гэм бурууг хүлээж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Г- мэдүүлэхдээ: “Би 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б-, У- нарт 25.000.000 төгрөгөө өгч залилуулсан. Одоо хүртэл 4 жил шахуу хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Би 2014 оны 11 дүгээр сард цагдаад хандахад У- нь “мөнгийг чинь удаахгүй шинэ оноос өмнө өгнө” гэж мессеж бичиж байсан. 2014 оны 8 дугаар сард “өндөр ашигтай бизнест хамтарч ажиллана” гэсэн зарын дагуу холбогдоход “уулзаж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд ярьж дууссан ба тухайн дугаараас байн байн над руу залгаж “уулзах зав байна уу, бололцоо байна уу” гэсээр байгаад Шинэ өглөө оффис дээр ирж уулзсан. Тэгээд “Гранд плазад бэлэн хувцас, булган шуба, савхин эдлэл олон жил зарж байна” гээд Гранд плаза дахь лангуугаа үзүүлсэн. Тэндээс гараад “Шархаданд хувиараа караоке паб ажиллуулдаг” гээд очиж үзүүлсэн. Тэгээд тусгай зөвшөөрөлтэй барилгын компанитай гэж хэлээд тэрнийхээ бичиг баримтыг танилцуулсан. Мөн урьд нь олон хүнтэй хамтарч ажиллаж байсан гээд дэвтэрийн цаасан дээр конандсан баримтуудыг үзүүлж байсан. Тэгээд надаас хөрөнгө оруулалтын талаар асуухаар нь “надад хөрөнгө оруулах бололцоо байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь над руу дахин утсаар яриад “чамд хөрөнгө оруулах бололцоо байхгүй юм бол чиний мөнгийг сарын 8 хувийн хүүтэй зээлье” гэдэг санал тавьсан. Тэгэхээр нь би “би грашийн тохижилтын ажил хийж байгаа, надад 2 сарын хугацаанд ашиглуулах 25.000.000 төгрөг байна, миний мөнгийг буцааж өгөх баталгаа нь юу вэ” гэж хэлсэн. Тэгтэл “юу ч гэсэн уулзъя баталгаа байна” гэж хэлсэн. Тэгээд Гранд плаза дээр очиж уулзсан. Тэгэхэд У- “9 дүгээр сарын 01-ний өдөр болох гээд зайлшгүй бараанд явах шаардлагатай байна, баталгаа нь эгч нь энэ лангууг ажиллуулж байна, манайх хувийн караоке паб ажиллуулдаг, үүнээс гадна ах нь барилгын ажил хийж байгаа, чиний мөнгийг заавал 2 сар гэхгүйгээр барилгаас мөнгө орж ирвэл өгөх бололцоо байна” гэж хэлсэн. Би тэднийг 50 нас гарсан хүмүүс нөхөр нь барилгын компанитай ба барилгын ажил хийдэг, эхнэр нь Гранд плаза дээр лангуу түрээслэж булга, савхи зэрэг бэлэн хувцасны худалдаа хийдэг, мөн караоке паб ажиллуулж байгааг хараад надад бахархалтай санагдсан. Би өдий насны хүмүүс ийм ажил амжуулаад явж байна гэж бодсон. Тэгтэл би грашийн ажил хийхээр бусад бизнесээ зогсоосон байсан. Би тухайн үед мөнгө зээлэхэд баталгаа юу байна гэдгийг үзэхээр очсон боловч энэ 2 хүнтэй хэсэг хугацаанд ярилцсаны дараа мөнгөө өгөхдөө “надад хүү сонин биш, би 8 хувийн хүү авах гэж та хоёрт мөнгө зээлж байгаа юм биш, хамгийн гол нь та хоёр энэ мөнгийг тохирсон хугацаанаас нэг ч хоног хэтрүүлэлгүй, нэг ч төгрөг дутаалгүй буцааж өгөөрэй, та хоёрын эрч хүчтэй байгаа нь бахархалтай санагдаж байна” гэж хэлэээд нотариат дээр Зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөг өгсөн. 8 дугаар сарын 20-ны өдөр надаас мөнгө аваад 9 дүгээр сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөгийн тал болох 12.500.000 төгрөгийг надад өгөх ёстой байсан. У- дансаар мөнгө шилжүүлсэн баримт дээр “9 дүгээр сарын 20-ны өдөр 12.500.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 12.500.000 төгрөгийг хугацаа хоног хоцроохгүй, мөнгө дутаахгүй төлнө” гэж гараараа бичиж, гарын үсэг зурж надаас мөнгө авсан. Тэгээд 9 дүгээр сарын 20-ны өдөр Б-, У- нар миний ажиллаж байсан граш дээр ирээд “би чамд өгөх гэж байгаа мөнгийг бараа зараад тусад нь данс үүсгээд хураагаад хадгалж байтал хажуу талын лангууны түрээслэгч лангуунаасаа гарахаар болохоор худалдаж авах боломж гарсан дээр нь худзалдаад авчихлаа, 10 хоногийн дараа эргээд борлуулалтаасаа гаргаж өгье” гэж хэлсэн. Тэр үед би барилгын цутгалтын ажил хийж байсан. Тэгж ирэхдээ “манайд барилгын бригад байгаа, манайхаас хүн аваад ажлаа хийгээч” гэж хэлж байсан. Миний ажиллаж байсан грашийн эзэн нь Алтанзаяа гэх хүн байсан ба би засвар үйлчилгээний санхүүжилт гаргаж байсан. Эргээд миний орсон санхүүжилт Алтанзаяагийн грашийн төлбөр болох ёстой байсан ба бид хоёр нэг сарын 1.000.000 төгрөгөөр тохиролцсон байсан. Алтанзаяа грашийн ажилд хяналт тавьж ажилладаг байсан учраас би Б-, У- нарт “хүн хүч хэрэггүй, грашийн эзэн хөлсөөр хүмүүс авч ажлаа хийлгэж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл “шавар зуурагч миксер байгаа, түүнийг авч ашиглаач” гэхээр нь “тэгвэл миксерийг чинь авч хэд хоног ашиглая” гэсэн. Тухайн үед граш дээр нэг миксер ажиллаж байсан. Б-, У- нарын миксерийг аваад 3-4 хоног ашиглаж байтал У- над руу яриад “Г- миний дүү юу болж байна, манай ажилд миксер хэрэгтэй болоод байна” гэхээр нь би тэр өдөр нь Баянхошуунд аваачиж өгсөн. Тэрнээс хойш эдгээр хүмүүс сураг алдарч, гар утсаа авахаа больсон. Би эхний удаа “та хоёр юу болж байна, хоног хугацаа болчихлоо, миний ажилд мөнгө хэрэглэх шаардлагатай болж байна, наад мөнгийг чинь би эгчийнхээ байрыг барьцаанд тавиад зээл авсан мөнгөнөөсөө өгсөн, хурдан мөнгөө өгөөрэй” гэх зэргээр хэлсэн. Ингээд эдгээр хүмүүс сураг алдарч эхэлсэн. Би тэднийг хайсаар байгаад Ривер гарден дээр хийгдэж байсан ажил дээр нь очиж уулзахад “эндээс удахгүй мөнгө гарч ирэхээр нь чиний мөнгийг өгнө” гэж хэлсэн. Гэтэл өгөөгүй. Би сүүлдээ арга ядаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 2014  оны 11 дүгээр сард хандсан. Тэгэхэд “мөнгийг чинь шинэ оноос өмнө өгнө” гэж хэлсэн. Дараа нь 2015 он болоход мөнгийг маань өгөх асуудал нь “миксер өгсөн, миксэрээ ашиглуулсан” гэж байгаад сүүлдээ “би энэ хүний барилгын ажлыг хийж өгсөн” гэж мэдүүлэг нь хувирсан. Сүүлдээ 7.000.000 төгрөгийн ажил хийж өгсөн гэж ярьж байгаад сүүлдээ 18.000.000 төгрөгийн ажил хийсэн гэж өөрчлөгдсөн. Одоо бол шүүхээс яаж шийдсний дагуу мөнгө өгнө гэж хувирсан. Эдгээр хүмүүс нь урьд Иргэний шүүхээр орж хүмүүсийг хохироож байсан байдаг. Сүүлд Баянзүрх дүүргийн шүүхээр ороход Гранд плазагийн түрээслэдэг лангууны эзнийг хүмүүст давхар түрээслүүлж эзнийг нь хохироосон байсан. Эдгээр хүмүүс бусдыг хохироогоод яваад байсан байдаг. Би 2014 оны 11 дүгээр сараас хойш Баянзүрх дүүрэгт дээр шалгагдсан. Тэгтэл би 2015 оны сүүлээр байцаагч Мөнхзул дээр очиж эдгээр хүмүүсийн бусдыг хохироосон асуудалтай болохыг хэлсэн. Би Баянзүрх дүүргийн байцаагч Баасандорж, Хатанбаатар, Баттөр гэх хүмүүст маш их гомдолтой байна. Би тухай бүрт нь байцаагч нарт нь бичгээр гомдол гаргаж байсан. Ингэхдээ эхлээд Баянзүрх дүүрэгт, Нийслэл, Цагдаагийн ерөнхий газарт хүртэл  хандаж байсан. Өдий хүртэл энэ хэргийг Зээлийн гэрээ хийсэн учраас эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг гэж буцаадаг байсан. Би тэгэх тоолонд прокурорт гомдол гаргаж дахин сэргээлгэж байсан. Хэргийн материалд авагдсан эд хөрөнгийг бүртгэлд караоке паб байсан, тэдний амьдарч байсан 3 өрөө байр байсан, Гранд плаза дээр бараа нь байсан. Тэр нь одоо байхгүй. Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай нэг хашааны газар байсны гэрчилгээ бодитой байсан. Тэгээд цагдаатай хамт уг үл хөдлөх хөрөнгө байна уу гээд үзэхэд тухайн хорооны нутаг дэвсгэрт огт байдаггүй хашаа байсан. Тэгэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ талаар шалгуулахаар байцаагч Хатанбаатар хүсэлт гаргахад одоо хүртэл шалгаж өгөөгүй ба энэ талаар баримт хэрэгт хавсаргасан зүйл байхгүй. Хүмүүсийг тэр зарын дагуу залилж ямар байдлаар залилдаг, хүмүүстэй ямар байдлаар харьцдаг вэ гэдгийг нотолсон ярианы бичлэг хэрэгт байдаг. Тэр баримтыг шинжлэн судлаад үнэн шударгаар шийдвэр гаргаж өгнө үү. Өдий хүртэл эдгээр хүмүүсээс болж их хохирлоо. Эхлээд сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Монголын нийгэмд хүнд туслах буруу болсон юм байна. Хүнд итгэх нь буруу гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Одоо эдгээр хүмүүсийн залилсан үйлдэлд нь тохирох шийтгэл оногдуулж, хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-, П.У- нар бүлэглэн хохирогч Н.Гантулгыг “хамтарч ажиллана гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан” 25,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Н.Гантулгын "2014 оны 08 дугаар сард Зар мэдээ, Шуурхай зар сонинд байсан. “Ямар ч эрсдэлгүй ашигтай бизнест хамтарна” гэсэн зар байсан. Тэгэхээр нь зар дээр байсан утас руу залгаж ямар бизнөс вэ гэж асуугаад өнгөрсөн. Тэрнээс хойш энэ дугаарын утаснаас удаа дараа дуудлага ирж хэзээ уулзах вэ гэж асуугаад байсан. ... Ямар бизнес вэ гэж лавлахад утсаар ярих боломжгүй байна уулзаж байгаад ярилцая гэсэн. ... Утсаар холбогдсноос 2-3 хоногийн дараа надтай ирж уулзсан. Шинэ өглөө офисс центр дээр ирж уулзсан. Уулзаад Б-, Урантүлхүур нар нь бэлэн хувцасны бизнес өөр булга, савхин эдлэл борлуулдаг бизнес хийдэг. Энэ бизнесийг голчилж эхнэр нь хийдэг. Мөн паб ресторан ажлуулдаг 16 дугаар хороололд, мөн тусгай зөвшөөрөлтэй барилгын компанитай, барилгын компаний үйл ажиллагаа ихэнх орлогыг бүрдүүлдэг. Нилээн орлого олдог. Одоогоор барилгын компанидаа нилээн хөрөнгө оруулсан учир бизнестэй. Одоо бизнестээ хөрөнгө оруулагч оруулж хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нилээн удаан энэ бизнесийг хийж байна. Ямарч эрсдэлгүй 30-40 хувийн ашиг олдог /сард/. Урьд нь олон хүнтэй хамтарч ажиллаж байсан. Бүх хүмүүст 20-40 хувийн ашиг өгөөд дээрээс нь оруулсан хөрөнгийг нь гаргаж өгсөн гэж тайлбарлаж өгсөн. Бүх хамтарч ажиллаж байсан хүмүүсийн данс тооцоо гэж өөрсдийн цаасан дээр, дэвтэр дээр бичсэн тооцоонуудыг үзүүлж байсан. Тэгээд намайг дагуулан явж гранд плазагийн лангууг үзүүлсэн. Тэгээд 16-р хороололд байдаг пабаа үзүүлсэн. Тэгээд энэ барилгын компаниас гүйцэтгэлийн мөнгөнүүд ороод ирнэ. Тэгэхээр заавал хоёр сар гэхгүй наана ч мөнгийг чинь эргүүлээд өгчих боломжтой гэж байсан.

... Маргааш нь Б- над руу залгаад хөрөнгө оруулах талаар асуугаад ямар баталгаа байнаа гэж асуухад би эргүүлж Б-ээс миний мөнгийг эргүүлж өгөх ямар баталгаа байна гэхэд нотариатаар оруулаад яг 2 сарын дотор эргүүлэн өгнөө гэсэн гэрээ хийж баталгаа гаргаад 8 хувийн хүүтэйгээр эргүүлэн хугацаа хожимдохгүй буцааж өгье гэдэг зүйлийг ярьж гуйж байсан. ... Урьд нь олон хүнтэй хамтарч ажиллаж буцааж өгч, ашиг орлогынх нь хамт мөнгийг нь эргүүлэн өгч байсан гэх данс тооцоонуудыг үзүүлж бүгдийг тайлбарлаж байсанд итгэл төрсөн байсан учраас уулзаж мөнгийг өгөхөөр болж Гранд плаза дээр байрлах нотариатад очиж гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийлгэж мөнгийг У-ийн Хаан банкны данс руу шилжүүлж авсан. /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/

   “Би 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б-, У- нарт 25.000.000 төгрөгийг У-ийн дансаар шилжүүлж өгсөн нь үнэн юм. Энэ нь дансны хуулгаар тодорхой байгаа. 2014 оны 9 сарын 20, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тал талаар нь миний мөнгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон байдаг. Б-, У- нар нь хувиараа караоке, паб болон гранд плаза доторхи худалдааны лангуу мөн барилгын компанитай зэрэг байгаа байдал нь үнэхээр надад итгэл төрүүлж байсан. Би нотариат дээр ороод гэрээ хийх үед Б- У- нар нь надаас анх 8 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээж гэсэн саналыг надад тавьсан. Тэгэхэд би өдий насны хүмүүс ийм бизнес хийж явдаг болохоор их хүндлээд хүү хэрэггүй, тохирсон хугацаандаа миний мөнгийг нэг ч хоног хэтрүүлэхгүй өгөөрэй гэж хэлээд хийсэн. Гэрээн дээрээ хүүгүй гэсэн хэсгийг нь зураад 25 сая төгрөгийг зээлүүлсэн.

2014 оны 9 сарын 20-ны өдөр эхний төлбөр тооцоо хийх өдөр болоход Б- У- нар нь Шар хаданд байх авто засварын газарт над дээр ирж уулзаад төлбөр хийх мөнгийг бүгдийг цуглуулсан боловч манай павилоны хажуугийн түрээслэгч гарахаар болоод хажуу талынхаа павилоныг худалдаад авчихлаа.  Төлбөр төлөх хугацааг 10 хоногоор хойшлуулж өгөөч гэж гуйсан. Би тэр үед уг засварын газар дээр тохижилтын ажил хийж байсан. Гэтэл Б- У- нар нь өөрсдөө барилгын компанитай манай хүмүүсийг авчраад туслуул гэхээр нь би үгүй ээ грашын эзэн нь хүмүүс хөлслүүлж ажиллаж байгаа хэрэггүй гэдгийг хэлэхэд Б-, У- нар нь шавар зуурдаг жижиг зөөврийн миксерийг надаас аваад ашигла үнэ мөнгө хэрэггүй гэдгийг хэлсэн.

Тэгээд Б-, У- нараас тэр миксерийг аваад ашиглаад ойролцоогоор 5 хоног болж байхад эхнэр У- нь над руу яриад манай ажилд нөгөө өгсөн миксер хэрэгтэй болоод байна гэхээр нь би буцаагаад авсан газартаа аваачиж өгсөн. Б-, У- нар нь миний барилгын ажлыг  хийж өгсөн мэтээр гүтгээд байдаг нь миний  өгсөн мэдүүлгээс цаг  хугацааны хувьд тохирохгүй байгаа нь худал ярьж байгаа нь нотлогдох болно. Б-, У- нар нь нотариатаар ороод гэрээ хийнэ гээд итгэл төрүүлээд байгаа нь дараа нь бид нар гэрээтэй гээд иргэний шүүхээр шийдүүлнэ гээд ял завших, хариуцлагаас мултрах, хохирогч намайг сэтгэл санаа болон эдийн засгаар маш ихээр хохироодог. ... Хохиролд нэг ч төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 10-11 дүгээр хуудас/

 

Б.Б-, П.У- нарын хохирогч Н.Г-тай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “25,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” зээлсэн зээлийн гэрээний хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Г-ас 25.000.000 төгрөг П.У-ын 5035233360 дугаартай дансанд шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/

 

Гэрч      Н.Түмэнгийн  “... түүнээс хойш 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл удаа дараа Г- руу утсаар залгаж эрхэлдэг бизнесээ танилцуулж уулзах шаардлагатай байна гэсний дагуу ... Г- Б-, У- нартай Өгөөмөр захын ойролцоо уулзсан. Тэгтэл У-, Б- нар нь бэлэн хувцас, болон нэхий дээл борлуулдаг бизнес хийдэг. Энэ бизнес маань нэг сарын хугацаанд 40-60 %- ийн ашигтай ажилладаг. Хамтарч ажиллавал 1 сарын 15 хувийн ноогдол ашиг өгөөд, 2 сарын дотор үлдэгдэл ногдол ашигтай үлдсэн мөнгийг гаргаад өгнө.

... Тэгээд Гранд плаза төвийн 1 давхарт байрлах нотариат руу У-, Б- нартай хамт орсноор нотариатад гэрээ байгуулсан байхад гэж бүрэн итгэсэн байсан учраас ашиг өгнө гэж байхад нь заавал хүүтэп гэсэн сонголтоор яах юм гээд хүүгүй гэсэн сонголтыг сонгуулж та хоёрт итгэж байгаа болохоор бизнөсийн ажлаа сайн хийгээд мөнгөө хугацаа хэтрүүлэлгүй өгөөрэй, ноогдол ашигаа тэд төд гэлгүй өөрсдөө мэдээд өгөөрэй, үнэхээр сайхан ах эгч хоёртой танилцлаа гэхэд Б-, У- нар нь 8%-ийн ашигийг заавал өгнө. Өгөлгүй яахав ёстой их баярлаж байна гэж хэлсээр Гранд плазагийн нотариатаас гэрээгээ хийж дуусаад гарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 63-65 дугаар хуудас/

 

Гэрч С.Байгалын “... 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Г-, Б.Б- нарын зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээ миний байгуулсан зээлийн гэрээ мөн байна. Би гэрээ байгуулах гэж байгаа иргэдэд гэрээний талаар маш сайн тайлбарлан өгдөг, иргэд гэрээнин сонголтоо өөрсдөө хийдэг, Тухайн үөд энэ хүмүүсийг юу ярьж байсан талаар санахгүй байна..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 15 дугаар хуудас/

 

Гэрч Ү.Мөнхзулын “... Миний хувьд барилгын ажил хийх үед нь хамтарч нам даралтын зуух болон шал сантехникийн ажилд нь хамтарч туслаж хийсэн юмаа. Би миний хадам ах Алтансүх, Энхээ, Мөнхтулга, Ганзориг, Наранбат, Г- өөрөө энэ хүмүүс яг гардаж хийсэн. “Барилгын ажил хийх үед Б.Б- гэдэг хүн та нартай хамтарч хийсэн үү” гэхэд би тийм хүн танихгүй ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Мөнхтулгын “Миний хувьд хувиараа барилгын өрлөг, шавар, плитаны ажил хийдэг юм. Н.Г- 2014 оны 08 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын ихээр Шархад Да хүрээ цахлайн тойргийн Хаан банкны арын гудамжийг блокоор барьж, гражинд барилгын ажил хийх хэрэгтэй байна гээд тухайн үед Н.Гантулгын танил, Энхээ, Ганзоо би гээд хэд хэдэн хүмүүс нийлж уг гражны газар шороог нь тэгшилж, шал дотор шавар хөөс дотор тохжилтын бүх ажлыг хийсэн... Би Б- гэдэг хүнийг танихгүй, Н.Г- өөрийн хэдэн найзуудаа дайчилж хийсэн ганц нэг юм дээр хүн хүч хэрэг болох үед зараар өдрөөр хүн аваад ажлуулаад явуулж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Түмэнгийн “... Н.Г-тай ямар аргаар холбогдсон талаар мэдэж байсан болохоор Зар мэдээ хартал Б- нар анх өгсөн зараа дахин нийтэлчихсэн хөрөнгө оруулалт хайж байсан тэгэхээр нь Ариунтуяа гэдэг найзыг яриулсан тэгсэн нөгөө Г-д хэлдэг зүйлээ  хэлсэн тэгээд энэ хүмүүс ийм аргаар залилан мэхлэх ажил хийж байна гэж үзээд цагдаагийн газарт анх өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 23 дугаар хуудас/

 

Гэрч      Б.Батцэцэгийн “...Гранд плаза цогцолбор нь 2009 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд худалдааны төвийн талбайг худалдаж авсан өмчлөгч нартай 2012 оны 6 дугаар сараас эхлэн талбай ашиглалтын гэрээ гэж анх хийсэн. 4 давхарын 4-2 дугаар талбайг одоо санахад Энхбаяр гэж өмчлөгчтэй байсан. Уг хүнтэй холбогдох боломжгүй учир гэрээ хийж чадаагүй. Харин сүүлд буюу 2015 оны 04 дүгээр сард Б.Охиноо гэх эмэгтэй тус талбайг хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ үзүүлсэн. Тухайн үед эх хувь хуулбар авчирч өгсөн талаар санахгүй байна. Ингээд гэрээ хийх талаар хэлсэн. Харин одоо хүртэл гэрээ хийгээгүй байгаа талаар сайн мэдэхгүй байна. Би 2012 онд ажилд орох үед У-, Б- нар 4-2 тоот талбайг түрээслэн ажлуулж байсан. 2015 оны 05 дугаар сард Охиноо гэх хүнтэй түрээсийн маргаанаас болж больсон. ... Намайг анх ажилд ороход бэлэн эрэгтэй, эмэгтэй хувцас, сандаал зэрэг зүйлс зардаг байсан. Шуба, нэхий зардаг байсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Б.Олонбаярын “... Манайх энэ хоёр хүнээс түрээслэн ажиллаж байгаад У-, Б- нарыг асууж мөнгө нэхсэн хүмүүсээс болоод хэсэг болиод тэр хоёрыг болихоор нь бид хоёр Охиноотой гэрээ хийсэн юм. ... Миний мэдэж байгаагаар урдаас буюу БНХАУ-аас л бараа авчирч байсан байх гэхдээ булга зарж байгаагүй байх харин нэхий зардаг байсан” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 3 дугаар хавтас 26-27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Охиноогийн “... У- надтай гэрээ хийж 2011 оны 6 сараас эхлээд ...  2015 оны 5 сар хүртэл түрээслээд ажиллуулсан. ... 2013 он гарсаар түрээсийн төлбөрөө өгөхгүй ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж өгөхгүй талыг нь өгч түрээсийн төлбөр хуримтлагдаад авлага үүсгэсэн. ... Би үнэхээр дийлэхээ байгаад 2015 оны хүчээр албадан гаргуулсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 68-69 дүгээр хуудас/

 

Яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Г-ас зээлийн гэрээгээр бэлэн 25 сая төгрөг авсан нь үнэн, гэхдээ залилан мэхэлсэн зүйл байхгүй. Зах зээл хямарсан байгаа өнөө үед ажил хийх хийх хэцүү болоод л бараагаа хүнд итгэж ОХУ руу заруулах гэж хамаатан Мандах гэх залууд өгч явуулсан боловч Мандах Турк улсад нас барсан. Ингээд бараа ч байхгүй мөнгө ч байхгүй болсон. Үлдэгдэл бараагаа зарж чадаагүй байна. Н.Г-д энэ талаар хэлж ойлгуулсан ч ойлгоогүй ээ, талийгаачийн ар гэрээс нэг машин өгсөн түүнийг оролцуулаад Н.Г-д өгнө л гэж бодож байна. /хэргийн 3 дугаар хавтас 39 дүгээр хуудас/

“Би Гантулгыг залилсан зүйл байхгүй. Хоорондоо барилгын ажил хийхээр харилцан тохиролцсон байсан. Үүнээс өөр мөнгө зээлэх талаар ерөөсөө ярилцаж байгаагүй. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Гранд плазагийн нотариат дээр Г- бид хоёр уулзсан. Тэр үед Г- Бямбаа ахаа таниар ажил хийлгэнэ гэхдээ хоёр болзол байна гэж хэлсэн. 25.000.000 төгрөгийг дансаар өгнө гэж хэлсэн. Тухайн үед надад Хаан банкны данс байгаагүй. Тэгтэл Г- эхнэрийн дансаар хийе гэж хэлсэн. Тэгээд би эхнэр У-ийг дуудсан. Эхнэр У- ирхэд Г- бид нар Гранд плазагийн нотариат дээр ороод хамтран ажиллах гэрээг амаар тохиролцсон. Уг гэрээнд барилгын ажил хийх талаар тусгасан байсан. Нотариатч болохоор “барилгын ажлын хамтран ажиллах гэрээ” гэж надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Г- ер нь энэ мөнгийг зээлийн гэрээгээр өгье гэж надад хэлсэн. Тэгсэн манай эхнэр юун зээлийн гэрээ вэ гээд дургуйцсэн. Тэгсэн нотариатч бид нарыг та нар наад асуудлаа гараад хоорондоо тохирлцоод ир гэж хэлсэн. Гэтэл Г-та миний мөнгийг авч явж мурих гэж байгаа юм уу гэсэн. Тухайн үед эхнэр У- Г-ас “ чи яагаад зээлийн гэрээгээр мөнгөө өгөх гээд байгаа юм” гэхэд Г- нь манай хуулийн зөвлөх намайг зээлийн гэрээгээр мөнгөө өг гэж хэлсэн.  Г- тухайн үед надад ажлаа хийж дуусгаад 25.000.000 төгрөгөөс илүү гарвал би таньд зөрүү мөнгийг өгнө, энэ ажил ажил 25.000.000 төгрөгөнөөс бага тусах юм бол та надад зөрүү мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Гантулгыг ингэж ярихаар нь би зөвшөөрөөд зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед барилгын ажлын бэлэн мөнгө орж ирэх нь ховор байсан. Ийм болохоор Г-д уг мөнгө бэлэн байсан болохоор би уг зээлийн гэрээг хийсэн. Тэр өдрөө Г- нь нотариатаас гараад УБ төмөр замын удирдах газрын хойд талын Хаан бан круу эхнэр У- Г- бид гурав хамт ороод Г- манай эхнэр У-ийн хаан банкны дансруу 25 сая төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 8 сарын 25-ны өдөр Гантулгын граж дээр очоод би ажлаа эхлүүлсэн. Г- намайг ор тас танихгүй байж 25 сая төгрөгийг хүүгүй зээлдүүлнэ гэж хаана ч байхгүй. Би ерөнхийдөө Г-тай харилцан тохиролцсон ажлаа 100 хувь хийж дуусгасан. Г- надруу зарын дагуу утсаар яриад уулзаад танилцсан. Тэр үед 4 төрлийн зарыг гаргасан байсан. Гурав нь барилгын ажлын зар, нэг зар нь хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах зар байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/

 

Яллагдагч П.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний дансаар 25.000.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Б-тэй зарын дагуу Г- ирж уулзаж гражийн засвар хийлгэхээр тохирч энэхүү мөнгийг над руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Иймд шүүгдэгч Б.Б-, П.У- нар нь бүлэглэн Н.Г-д “хамтарч ажиллана” гэж хуурч зээлийн гэрээгээр халхавчлан түүнээс 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэв.

 

Хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй болон гэмт хэргийн шинжгүй үйлдэл хийсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-, П.У- нар нь Н.Г-ас авсан 25.000.000 төгрөгийг “барилгын ажил хийж өгсөн хөлс” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цуглуулсан баримтууд болох хохирогч Н.Гантулгын " ... 2014 оны 9 сарын 20-ны өдөр эхний төлбөр тооцоо хийх өдөр болоход Б- У- нар нь Шар хаданд байх авто засварын газарт над дээр ирж уулзаад төлбөр хийх мөнгийг бүгдийг цуглуулсан боловч манай павилоны хажуугийн түрээслэгч гарахаар болоод хажуу талынхаа павилоныг худалдаад авчихлаа.  Төлбөр төлөх хугацааг 10 хоногоор хойшлуулж өгөөч гэж гуйсан. Би тэр үед уг засварын газар дээр тохижилтын ажил хийж байсан. Гэтэл Б- У- нар нь өөрсдөө барилгын компанитай манай хүмүүсийг авчраад туслуул гэхээр нь би үгүй ээ грашийн эзэн нь хүмүүс хөлслүүлж ажиллаж байгаа хэрэггүй гэдгийг хэлэхэд Б-, У- нар нь шавар зуурдаг жижиг зөөврийн миксерийг надаас аваад ашигла үнэ мөнгө хэрэггүй гэдгийг хэлсэн.

Тэгээд Б-, У- нараас тэр миксерийг аваад ашиглаад ойролцоогоор 5 хоног болж байхад эхнэр У- нь над руу яриад манай ажилд нөгөө өгсөн миксер хэрэгтэй болоод байна гэхээр нь би буцаагаад авсан газартаа аваачиж өгсөн. Б-, У- нар нь миний барилгын ажлыг  хийж өгсөн мэтээр гүтгээд байдаг нь миний  өгсөн мэдүүлгээс цаг  хугацааны хувьд тохирохгүй байгаа нь худал ярьж байгаа нь нотлогдох болно. Б-, У- нар нь нотариатаар ороод гэрээ хийнэ гээд итгэл төрүүлээд байгаа нь дараа нь бид нар гэрээтэй гээд иргэний шүүхээр шийдүүлнэ гээд ял завших, хариуцлагаас мултрах, хохирогч намайг сэтгэл санаа болон эдийн засгаар маш ихээр хохироодог. ... Хохиролд нэг ч төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас, 10-11 дүгээр хуудас/ гэрч Ү.Мөнхзулын “... Миний хувьд барилгын ажил хийх үед нь хамтарч нам даралтын зуух болон шал сантехникийн ажилд нь хамтарч туслаж хийсэн юмаа. Би миний хадам ах Алтансүх, Энхээ, Мөнхтулга, Ганзориг, Наранбат, Г- өөрөө энэ хүмүүс яг гардаж хийсэн. “Барилгын ажил хийх үед Б.Б- гэдэг хүн та нартай хамтарч хийсэн үү” гэхэд би тийм хүн танихгүй ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 18-19 дүгээр хуудас/ гэрч Т.Мөнхтулгын “Миний хувьд хувиараа барилгын өрлөг, шавар, плитаны ажил хийдэг юм. Н.Г- 2014 оны 08 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын ихээр Шархад Да хүрээ цахлайн тойргийн Хаан банкны арын гудамжийг блокоор барьж, гражинд барилгын ажил хийх хэрэгтэй байна гээд тухайн үед Н.Гантулгын танил, Энхээ, Ганзоо би гээд хэд хэдэн хүмүүс нийлж уг гражны газар шороог нь тэгшилж, шал дотор шавар хөөс дотор тохжилтын бүх ажлыг хийсэн... Би Б- гэдэг хүнийг танихгүй, Н.Г- өөрийн хэдэн найзуудаа дайчилж хийсэн ганц нэг юм дээр хүн хүч хэрэг болох үед зараар өдрөөр хүн аваад ажлуулаад явуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 20-21 дүгээр хуудас/ зэргээр няцаагдаж байгаа бөгөөд Б.Б- нь Н.Гантулгын хийсэн барилгын ажилд оролцоогүй байна.

 

Прокуророос Б.Б-, П.У- нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг ... буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу ялын доод хэмжээ буурсан тул шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б-, П.У- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2014 оны 8 дугаар сараас 20-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, дагаж мөрдөгдсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Б-, П.У- нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд дээрх өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ингээд шүүгдэгч Б.Б-, П.У- нарын бүлэглэн итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний ... шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Б.Б-, П.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Н.Г-д учирсан хохирлоос төлөгдөөгүй тул тэдгээрээс 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Б.Б-ээс 12.500.000 төгрөг, П.У-ээс 12.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Г-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-, П.У- нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

            2. Бөхчүүд овогт Батбаярын Б-ийг бүлэглэн, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан,

            Боржигин овогт Пүрэвдуламын У-ийг бүлэглэн, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-, П.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Б-, П.У- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

5.  Эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ШШБЕГ-ын ажилчдын 308 дугаар байрын 4 тоот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүнбаян-Уулын 11 дүгээр гудамжны 167 тоот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 47-1109а тоот хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг, Эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

       

        6. Б.Б-ээс 12.500.000 төгрөг, П.У-ээс 12.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Г-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-, П.У- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ