Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/85

 

 

 

 

    2026           01            20                                         2026/ДШМ/85

 

Л В /Li We/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

яллагдагч Л В /Li We/, түүний орчуулагч Ш.Дэгжин, өмгөөлөгч Б.Түвшинтөгс, Б.Чинбат,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/6719 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 44 дүгээр прокурорын эсэргүүцлээр Л В /Li We/холбогдох эрүүгийн 2310043260004 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л В /Li We/, /.............../, 1983 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг .... дугаар хороо, .... дугаар байрны ..... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л В /Li We/ нь 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод хохирогч М.Г-тай “16190 кг улаан хас чулууг 2 сая юаниар худалдан авъя, өөрийн компанийн нэр дээр байгаа 13 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж гэрээ байгуулаад, Монгол Улсын хилээр чулууг гаргасны төлбөрийг хийе” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр барьцааны гэрээ байгуулан хуурч, төөрөгдөл оруулан хохирогч М.Г-аас 16190 кг улаан хас чулууг шилжүүлэн авч, 1,282,551,563 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л В /Li We/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...

1. Хохирогч М.Г- “Т” ХХК болон БНХАУ-ын Эрээн хотын “Д Т” ХХК нарын хооронд маргаан бүхий улаан хас чулууг худалдах, худалдан авах талаар гэрээ байгуулсан эсэхийг шалгаж тогтоох.  

2. Хохирогч М.Г- болон яллагдагч Л В /Li We/ нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах замаар “улаан хас чулууг худалдаж авсан, гэрээ байгуулсан, байгуулсан гэрээг цуцалсан” зэрэг асуудлыг тодруулж мэдүүлгүүдийн зөрүүг арилгах.

3. Энэ хэрэгт дахин шинжээч томилж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох, шинжилгээний объект буюу улаан хас чулууны бодит байдалд буюу биет байдлаар үзлэг хийж хохирлын хэмжээг бодитой тогтоох шаардлагатай.

4. Хохирогч М.Г-ын эд хөрөнгө болох 16.190 кг улаан хас чулууг Монгол Улсын хилээр ямар хуулийн этгээд эсхүл хувь хүний нэрээр гаргасан талаар гаалийн бүрдүүлэлт болон бусад нотолсон баримтыг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзлээ. ...” гээд яллагдагч Л В /Li We/-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээр яллагдагч Л В /Li We/-ны гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг шалгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан заалтуудыг зөрчихөөс гадна, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд тухайн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Л В /Li We/-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Яллагдагч Л В /Li We/-ын өмгөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай.

Хохирогч яллагдагчтай улаан хас чулуу худалдах гэрээ хийсэн боловч тус чулууг яллагдагчид өгөлгүй, “Т” ХХК-д гэрээ хийн өгч, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Т” ХХК нь Замын-Үүдийн гаалиар гаргаж, Эрээн хотод “Д” гэх компанид хүлээн авсан талаарх гаалийн бичгийг манай талаас гаргаж өгсөн. Энэ үйлдлээр хохирогч яллагдагчийг залилсан болох нь харагддагийг шалгахгүй гээд байгаа нь хардлага төрүүлж байна.

Залилах шинжийг агуулсан баримтыг яллагдагч олж мэдэн, гэрээгээ цуцалсан. Энэ үйл баримтын талаар 2 талаас нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мэдүүлгийн зөрүүг арилгахыг хүссэн боловч эрх бүхий албан тушаалтнууд хүсэхгүй байна.

Хохирогчийн хэлсэн чулуу “улаан хас чулуу” мөн эсэх нь эргэлзээтэй, хичнээн килограмм байгаа эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Мөн үнийн дүн дээр бодит үнийн дүнгээс хэт зөрүүтэй бичсэн. Чулууг бодит байдлаар нь буюу биет байдлаар үзлэг хийгээгүй, зөвхөн хохирогчийн хэлсэн үгээр шинжээч дүгнэлт гаргасан.

Монгол Улсын хилээр яллагдагч биш, өөр хуулийн этгээд, хувь хүн гаргасан эсэхийг олж тогтоох сонирхолгүй байгаа. Яллагдагч талаас хэргийн бодит байдлыг олж, тогтоох чиглэлээр мөрдөн байцаах, прокурорын шатанд дээрх шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийлгэх талаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч асуудлыг гүйцэт, мухарлан шалгахыг хүсээгүй, хэргийн бодит байдлыг олж тогтоох сонирхолгүй байсаар ирсэн. Хэргийг мухарлаж шалгаснаас юу илэрчих гээд байгаа нь бидэнд хардлага төрүүлж байна.

Прокурорын эсэргүүцэлд “хэргийн бодит үнэнг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж дурдсан. Хэрэгт авагдсан дутуу баримт, худал нотолгоон дээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид дурдсан дээрх ажиллагаануудыг хийлгэж, хэргийн бодит үнэнг олж тогтоохгүйгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Яллагдагч Л В /Li We/-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн “Д Т” ХХК, “Т” ХХК нар ямар харилцаатай болохыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэсэн ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Чулууг анх манайхтай гэрээ хийж, худалдахаар болсон. Манайхтай гэрээ хийж, худалдахаар болсны дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Д Т” ХХК-тай гэрээ хийж, манайд өгөх ёстой байсан чулуугаа урагшаа гаргасан. “Д Т” ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, хүлээж авсан. “Д Т” ХХК “чиний ярьсан шиг чанартай, үнэтэй чулуу биш байна. Энэ чулуугаа буцааж ав” гэж хэлсний дараа миний үйлчлүүлэгч рүү холбогдож “Д Т” ХХК чулуу авахаа болилоо, чи түрдээ хадгалж өгөөч” гэж хэлэн манайд чулуугаа хадгалуулсан тул  чулуу өнөөдрийг хүртэл манайд хадгалагдаж байгаа.  

Явц дунд чулуугаа янз бүрээр зарах гэж оролцож, зарагдахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гэрээний дагуу чулуугаа манайд өгч, залилуулсан юм шиг өргөдөл, гомдол гаргасан. Бидний зүгээс “Д Т” ХХК-д зарж, “Д Т” ХХК авсан, өөрийнхөө буруугүй гэдгийг нотлох үүднээс хүсэлт гаргасан. Өмгөөлөгч С.Чинбатын хэлж байгаа шиг бид шат шатанд нь гомдол гаргасан ч хүлээж аваагүй учраас миний бие Эрээн хотод 3 хоног ажиллаж, дараах нөхцөл байдлыг тогтоосон. ...” гэв.

Яллагдагч Л В /Li We/ шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л В /Li We/-д холбогдох эрүүгийн 2310043260004 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Яллагдагч Л В /Li We/-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн прокурорт буцаасан үндэслэлүүдээс “...Хохирогч М.Г-ын эд хөрөнгө болох 16.190 кг улаан хас чулууг Монгол Улсын хилээр ямар хуулийн этгээд эсхүл хувь хүний нэрээр гаргасан талаар гаалийн бүрдүүлэлт болон бусад нотолсон баримтыг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргах шаардлагатай...” гэх нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай байна, гэхдээ дан ганц Монгол Улсын хилээр нэвтэрсэн баримтуудаар хязгаарлахгүйгээр БНХАУ-ын хилээр нэвтэрсэн талаарх баримтуудыг бүрэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Учир нь, 2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр талд “...1. БНХАУ-ын гаалийн байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлийн 070520221052110102 дугаартай “БНХАУ гаалийн импортын барааны мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтуудыг гаргуулан авах. ...” гэсэн мөрдөгчийн даалгавар байх ба энэ ажиллагаа биелэгдсэн эсэх талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Хэрэгт бэхжүүлэгдсэн баримтаар, хохирогч яллагдагч нарын хэлцлийн зүйл болох чулууг Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийж 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг байх боловч баримтууд нь бүрэн биш, ямар баримтуудыг гарган өгч Монгол Улсын хилээр нэвтрэн орсон, гаалийн хилээр нэвтэрсэн, Монгол Улсын хилээр Хятад Улс руу хэзээ гарсан байдлыг бүрэн тогтоох шаардлагатай.

 Мөн Хятад Улсын хилээр ямар баримтуудаар хэзээ орсон, ямар баримтуудаар цаашаа Хятад Улс руу хэзээ орсон зэрэг бүхий л баримтуудыг хэрэгт бүрэн хууль зүйн дүгнэлт хийх боломжтой, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар мөрдөгч хэрэгт цуглуулж, бэхжүүлэн авах шаардлагатай.

Эдгээр хууль зүйн дагуу гаргуулан авсан баримтуудыг хэргийн оролцогчид өөрчлөх, засварлах боломжгүй тул хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход чухал ач холбогдолтой төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалган үнэлэх боломжийг олгоно.

Хэдийгээр Монгол Улсын гаалийн бүрдүүлэлтийг /2-р хх 20-23 тал/ хэрэгт бэхжүүлсэн байх боловч дутуу, хилээр нэвтэрсэн байдлыг бүрэн тогтоохуйц биш бэхжүүлэгджээ.

Мөн Хятад Улсад нэвтэрсэн талаарх баримтууд гэж яллагдагч Л В /Li We/-аас хэрэгт гарган өгсөн:

БНХАУ гаалийн импортын барааны мэдүүлэг гэх баримтыг шалгахад, тус баримт /1-р хх 113-114/ тамга тэмдэггүй, орчуулгыг гүйцэд биш хийсэн,

Эрээн гаалийн импортын НӨАТ гэх баримтын хятад эх /3-р хх 219/, төлбөрийн тусгай тэмдэглэл гэх баримтын хятад эх/3-р хх 221/-үүдийг шалгахад, QR код нь уншигдахгүй, төлбөрүүдийг дэмжих санхүүгийн баримтгүй, орчуулга нь ойлгомжгүй, албан ёсны баримт мөн байна гэж үнэлэхэд эргэлзээтэй баримтууд байна.

2.  Яллагдагч Л В /Li We/-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн прокурорт буцаасан үндэслэлүүдээс “...хохирогч М.Г- “Т” ХХК болон БНХАУ-ын Эрээн хотын “Д Т” ХХК нарын хооронд маргаан бүхий улаан хас чулууг худалдах, худалдан авах талаар гэрээ байгуулсан эсэхийг шалгаж тогтоох,  хэрэгт дахин шинжээч томилж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох, шинжилгээний объект буюу улаан хас чулууны бодит байдалд буюу биет байдлаар үзлэг хийж хохирлын хэмжээг бодитой тогтоох шаардлагатай...” гэсэн ажиллагааг хийх шаардлагагүй байна.

Тус Казакстан Улсаас оруулж ирсэн чулуу нь Монгол Улс болон Хятад Улсын хилээр тодорхой үнэлгээ бүхий, зохих татваруудыг төлж нэвтэрсэн эсэх байдал, гэрээ байгуулагдсан эсэх байдал нь дээрх нэмэлт ажиллагааг хийснээр тогтоогдох боломжтой.

 3. Яллагдагч Л В /Li We/-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн  прокурорт буцаасан “...хохирогч М.Г- болон яллагдагч Л В /Li We/ нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах замаар “улаан хас чулууг худалдаж авсан, гэрээ байгуулсан, байгуулсан гэрээг цуцалсан” зэрэг асуудлыг тодруулж мэдүүлгүүдийн зөрүүг арилгах...” гэсэн ажиллагааг заавал хийх ажиллагаа биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.

Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.” гэж заажээ.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаанд хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг шүүх тодруулж, харьцуулан шинжлэн судлах бүрэн боломжтой ажиллагаа юм.

4. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж прокурор З.Бат-Амгалангийн шүүгчийн захирамжинд  бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн захирамжид заасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах зарим ажиллагааг хийх шаардлагатай, зарим нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 44 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/6719 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Л В /Li We/-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ