Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00288

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг ** дугаар хороо, ** дугаар хороолол, М******* Д*******, ***, **** тоотод байрлах, К******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, А******* баг, ** айл, **-*** тоотод оршин суух, Д.Б*******,

Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, А******* баг, ** айл, **** тоотод оршин суух, Х.Н******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,877,291.66 /есөн сая найман зуун далан долоон мянга хоёр зуун ерэн нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б*******, хамтран зээлдэгч Х.Н******* нь "К******* Ф******* ББСБ" ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ-1291130108000481 тоот "Зээлийн гэрээ" байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 42.00 сарын 13.5/ хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь ЗГ-1291130108000481 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт №1-д зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 67,235.55 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт № 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-1291130108000481 тоот зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ "Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Б*******, Х.Н******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Б*******, Х.Н******* нарт холбогдуулан 9,877,291.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б*******, Х.Н******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******, Х.Н******* нарт холбогдох 9,877,291.66 /есөн сая найман зуун далан долоон мянга хоёр зуун ерэн нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б*******, Х.Н******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,000 /нэг зуун далан гурван мянга/ төгрөгөөс 86,500 /наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 86,500 /наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг, хариуцагч Д.Б*******, Х.Н******* нараас 86,500 /наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* Ф******* ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ