Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/114

 

 

 

 

 

                                                

      2026         01            22                                          2026/ДШМ/114

 

Д.Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Дашням,

шүүгдэгч Д.Я-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2677 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.З давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.Я-д холбогдох эрүүгийн 2411030060968 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн Д-ийн Я, /РД: ............../, .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Д.Я- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр Х.З-тай “тээврийн хэрэгслээ зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт цохиж, үснээс зулгаан газарт унагаж эрүүл мэндэд нь хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Д.Я-ыг чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Я-аас шүүхийн дансанд байршуулсан 5,000,000 төгрөгийг хохирогч Х-ын З-д олгуулахаар, хохирогч Х.З-гийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.З давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолын талаар: Намайг маш хэрцгийгээр, санаатайгаар зодож, олон нийтийн газар танхайрсан этгээдэд  зөвхөн зодуулсан санхүүгийн хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж, шүүгдэгч Д.Я-ын үйлдэлд тохирох ял, эрүүгийн хариуцлаа оногдуулахгүй хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

2. Сэтгэл хангалуун бус байгаа үндэслэл: Миний биед учирсан бие махбодийн гэмтэл, өвдөлт, эмчилгээний хугацаа, хөдөлмөрийн, энгийн өдөр тутмын амьдралын хэвийн байдал цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй, өвчний зовиуртай байгаа зэргийг шүүх хангалттай үнэлээгүй. Зодуулснаас үүдэлтэй сэтгэл санаа айдас түгшүүртэй байж, өдөр тутмын амьдралын хэвийн байдал алдагдсан байдлыг бодитоор дүгнээгүй. Шүүгдэгчийн санаатайгаар хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байхад зөвхөн иргэний шинжтэй хариуцлагаар хязгаарласан. Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хангагдаагүй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2677 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эс бөгөөс өөрчлөх, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан зохих хариуцлагыг оногдуулах, надад учирсан сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг бодитоор үнэлж, хохирогчийн эрхийг бүрэн хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.З-гийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх ёсгүй тохиолдолд хэрэглэж шүүгдэгч Д.Я-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн…” гэж хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчлан зохицуулсан. Шүүгдэгч Д.Я- нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулаагүй, хохирол хор уршгийг арилгаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн зэрэглэлд хамаарах хувиар тооцож гэм буруутай этгээд болох Д.Я-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлж 5.000.000 төгрөг гэж тогтоож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Манай зүгээс 2 дугаар зэрэглэлийн хамгийн өндөр хувиар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хор уршгийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Я-ын өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Я-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн…”, 1.2 дахь заалтад “…учруулсан хохирлыг төлсөн…” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогддог. Анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болон сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нийтэд нь 5.000.000 төгрөг гэж тогтоосон. Хохирогчид учирсан хохирлын баримтуудын нийлбэр нь 1.139.600 төгрөг болж байгаа. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд тогтоогдсоноор 5 дахин нэмэгдүүлж 3.861.400 төгрөг гэж тооцсон. Дээрх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагддаг. Манай үйлчлүүлэгч машинаа зөв байрлуулж тавь гэх шаардлагын Х.З гэх хүнд тавихад тэрээр шаардлагыг хүлээж аваагүйн улмаас маргаан үүсэж Х.З нь манай үйлчлүүлэгчийн нүүрэнд гар утсаа тулгаж бичлэг хийж эхэлсэн, түүнийг бичлэг хийж эхлэхэд Д.Я- “...бичлэг хийхээ боль...” гэх шаардлагыг тавьсан. Шаардлагыг хүлээж аваагүй учир харилцан үстэлцэж, хүч хэрэглэсэн процесс болоход манай үйлчлүүлэгчийн охин нь тухайн үйл явдлыг таслан зогсоох гэж очсон хохирогч Х.З нь шүүгдэгчийн охиныг үсэдсэн. Шүүгдэгчийн охин нь насанд хүрээгүй, өсвөр насны хүүхэд. Түүний үснээс зулгааж биед нь халдсан миний үйлчлүүлэгчид охиноо хамгаалах аргагүй нөхцөл байдал тулгарсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Хохирогч манай үйлчлүүлэгчийн охиныг үсэдсэн ч охин хариу үйлдэл хийгээгүй өөрөөр хэлбэл зөрүүлж үсдээгүй, зодож цохиогүй. Хохирогч хавтаст хэргийн 17 дугаар талд “...тэр охин таныг зодож цохисон уу...” гэж асуухад хохирогч нь “...охин намайг цохиж, зодоогүй...” гэж хариулсан байдаг. Хохирогч нь мөн мэдүүлэгтээ Д.Я-тай харилцан үсдэлцсэний улмаас газар унаж 5 дугаар хавирга нь хугарсан гэж мэдүүлдэг ч эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал хавтаст хэргээс харагддаг. Хохирогч нь уг анхны мэдүүлэгтээ “...тэр өдөр 12 цаг 40 минутын орчим зогсоол руу орж зогсоод эмчийн бичиж өгсөн бичгийг аваад машинаас буух гэж байсан чинь нэг эмэгтэй машины цонх тогшсон...” гэсэн. Үүнээс хохирогчид ямар учиртай эмчийн бичиг байсан, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг байсан эсэх хохирогч биедээ бэртэл аваад эмчлүүлж байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл 2 хүн харилцан үсдэлцээд газар унахад 5 дугаар хавирга хугарах боломжтой эсэх нь эргэлзээтэй. Шинжээч гагцхүү “...шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь 1-2 хоногийн өмнө учирсан байх боломжтой...” гэж дүгнэлт гарснаар миний үйлчлүүлэгч Д.Я- нь яллагдагчаар татагдсан. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийн биед маш олон тооны хавсарсан гэмтлүүд учирсан гэх тайлбар, дүгнэлтийг гаргадаг боловч шинжээчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайн өдрийн болсон процессыг бүхэлд нь харж үзвэл, Иргэний хуулийн 514.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон хохирлыг бууруулж шийдэх үндэслэл байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн баримтаар нэхэмжилж байгаа хохирлыг бүхэлд нь гаргуулахаар, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг тухайн 2 дугаар зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээг босгыг нь давуулан 3.861.400 төгрөгөөр буюу 561.400 төгрөгөөр илүү хангасан. Хохирогчийн зүгээс гомдолдоо дурдаж байгаа “...хохирлын хэмжээг буруу тооцсон, ял шийтгэл хөнгөдсөн...” гэх гомдол нь үндэслэлгүй, миний үйлчлүүлэгч Д.Я- нь бүхэлд нь хангаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Я- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг шийдвэрлэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн. Шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхээс хохирол төлбөр гаргуулах шийдвэр гарахаас өмнө хохирогч нь шүүхийн хохирлын барьцааны дансанд 5.000.000 төгрөгийг байршуулж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Д.Я-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулах ялын төрөл хэмжээ болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Д.Я-д холбогдох 2411030060968 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Д.Я-, Х.З нар нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр “тээврийн хэрэгслээ зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Я- нь Х.З-гийн нүүр, толгой хэсэгт цохиж, үснээс зулгаан газарт унагаж, Х.З-гийн эрүүл мэндэд нь “...хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт...” гэсэн хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.З-гийн: “...12 цаг 40 минутын үед зогсоолд машинаа байрлуулаад хүнээс бичиг авах гээд буух гэтэл нэг танихгүй эмэгтэй ирээд миний цонхыг тогшоод “Чи машинаа цааш нь шахаад тавьчих. Хоёр машины зогсоол хаагаад тавьсан байна. Ямар хувиа хичээсэн юм бэ?” гэж хэлэхээр нь би “машин хааж тавиагүй байна” гэж хэлсэн. Тэр үед тухайн эмэгтэй надад хандан “амиа бодсон гичий вэ” гэж хэлэхээр нь би “чи хүнийг хэл амаар доромжилдог хэн бэ” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл миний гар утсыг булааж аваад баруун гараараа миний баруун шанаа руу хоёроос гурван удаа цохиж аваад миний машины хаалгыг гадна талаас нь онгойлгоод намайг “буугаад ир, чам шиг янхныг яасан ч яадаг юм бэ” гэж хэлээд машин руугаа яваад өгөхөөр нь би машинаасаа буугаад араас нь бичлэг хийгээд байж байсан. Тэр үед миний утсыг булааж аваад түлхэхээр нь би буцаагаад түлхсэн чинь тэр эмэгтэй намайг үсдэж аваад гараараа долоогоос найман удаа толгой хэсэгт цохисон. Тэгээд намайг газар унагаж байгаад газар чирээд, баруун хавирга хэсэгт хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15268 дугаартай “...Х.З-гийн биед баруун 5 дугаар хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээч Э.Б-ын: “...Х.З-гийн биед тогтсон гэмтлүүд нь 1-ээс 2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох зэрэг хэсэг газрын үйлчлэлээр үүснэ. Хохирогч Х.З-гийн биед тогтоогдсон баруун 5 дугаар хавирганы хугарал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

Х.З-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 23-26/,

2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0825/1296 дугаартай “...Х-ын З- /РД: У392101105/-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.Я-ын хохирогч Х.З-тай 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зогсоолд тээврийн хэрэгслээ зөв байрлуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан маргалдах явцдаа хүч хэрэглэн Х.З-гийн эрүүл мэндэд нь “...хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт...” гэсэн гэмтлүүдийг учруулсан, учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн Д.Я-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Д.Я-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. 

3. Хохирогч Х.З нь мөрдөн шалгах болон прокурорын шатанд өөрийн биед учирсан хөнгөн хохирлын эмчилгээний зардалд хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй байсан байх ба шүүгдэгч Д.Я- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлнө /хх-107 тал/ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны данс болох 100900005406 тоот Төрийн сангийн дансанд 5,000,000 төгрөгийг байршуулсан үйл баримт хэрэгт байна.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Х.З нь 1,139,600 төгрөгийн баримт/хх-ийн 123/-ыг гарган нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн баримтаар нэхэмжилж буй 1,139,600 төгрөгийн иргэний нэхэмжлэл, сэтгэцэд учирсан хоёрдугаар зэргийн хохирол учирсан зэргийг хянаад, Д.Я-ын шүүхийн дансанд хохиролд төлөхөөр байршуулсан 5,000,000 төгрөгийн 1,139,600 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн хохиролд тооцож, үлдсэн төгрөг/3,860,400 төгрөг/-ийг сэтгэцэд учирсан хор уршигт тооцон олгохоор шийдвэрлэсэн /хх-33-35, 135 тал/ байна.

Анхан шатны шүүхээс Х.З-гийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн 3,860,400 төгрөг нь Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилга, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-аар тогтоосон хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд олгохоор заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор заасан хэмжээнд нийцсэн байна.

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.З-гийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийн талаар тус шинжээчийн дүгнэлтийг гаргасан тусгай мэдлэг бүхий шинжээч эмч “...Х.З-гийн биед тогтсон гэмтлүүд нь нэгээс хоёр хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох зэрэг хэсэг газрын үйлчлэлээр үүснэ. Хохирогч Х.З-гийн биед тогтоогдсон баруун 5 дугаар хавирганы хугарал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 83/ гэсэн тул Х.З 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор цаашид эмчлүүлсэн талаар нотолсон баримтаа гаргаж иргэний хэргийн шүүхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд хохирогч Х.З нь шүүх хуралдаанд эмчлүүлэх шаардлагатай байгаа талаараа мэдүүлж, Солонгос улсад эмчлүүлнэ гэж баримтууд гаргаж өгснийг анхан шатны шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудтай гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Я-д хэрэглэх боломжтой хуулийн зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль нэгийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог бөгөөд шүүгдэгч Д.Я- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирогч хохирлын нэхэмжлэлээ гаргаагүй байхад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж шүүхийн дансанд 5,000,000 төгрөгийг сайн дураараа байршуулсан байжээ.

Шүүгдэгч Д.Я-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй ба түүний хохирол төлбөр бүрэн төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдал, түүнчлэн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн алины харилцааны буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  шүүгдэгч Д.Я-ыг тус тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч Х.З-гийн гаргасан “...шүүгдэгч Д.Я-ын үйлдэлд тохирох ял, эрүүгийн хариуцлага оногдуулахгүй хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шударга ёсны зарчимд нийцээгүй, надад учирсан сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг бодитоор үнэлж, хохирогчийн эрхийг бүрэн хамгаалсан шийдвэр гаргаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэсэн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас түүнийг чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...”-өөр заасан бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг буюу ялаас өргөн ойлголт юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтуудад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2677 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч Д.Я-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Х.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ