Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч В.М- түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан ямаат овогт Викторын М-т холбогдох 1803003280210 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол ......дугаар байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Улаан ямаат овогт Викторын М-,

 

Шүүгдэгч  В.М- нь 2018 оны 04 дүгээр сарынн 13-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Сод Монгол ШТС-ын арын замд Honda CR-V маркийн ........ УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. “Явган хүний гарц нэвтрэх”, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Барсболдыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.М- мэдүүлэхдээ: “Урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч В.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч В.М- нь Honda CR-V маркийн ........ УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. “Явган хүний гарц нэвтрэх”, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Барсболдыг мөргөн түүний биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэн, зүүн талын лямбда заадас дагасан хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус хурвалт хуйх, баруун тохойнд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  /хэргийн 6 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар. /хэргийн 18-26 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Барсболдын “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим ТБД Андууд төвийн Хаан банк орох гээд Гранд плаза төвийн баруун тал буюу Сод Монгол ШТС-ын арын явган хүний гарцаар урдаасаа хойшоо зүгт зам хөндлөн гарсан юм. Тэгээд баруунаасаа зүүн зүгт явдаг урсгалаар гарчихаад зүүнээс баруун зүгт гардаг урсгалын 3,2 дугаар эгнээг дуусгаад 1 дүгээр эгнээ рүү орж байтал баруун гар талаас түс тас гээд л явчихсан. Тэгээд нэг сэрэхэд замын 1 дүгээр эгнээний захад усан дээр хэвтэж байсан. Тэгээд ухаан санаа орж гараад л байсан. Нэг мэдэхэд түргэний машин дотор байсан ба цагдаа үлээлгэж байсан. Тэгээд эхнэрийнхээ утсыг хэлж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхнээ гэмтлийн эмнэлэг дээр байж байсан. ... Ослын улмаас дагзны ар хэсэгт цус хурсан, зүүн шанааны яс хөндлөн хугарсан, зүүн чихэнд тархины шингэн ороод юм дуулахдаа муу байгаа. Зүүн даланд юм хавчуулагдсан юм шиг байгаа юм. Ханиалгахад хүндүүртэй бие доргилттой байгаа. ... Гомдолтой байна. Тархи толгойны өвчтэй болж байна. Хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Сувдмаагийн “... Тухайн осол гарсан өдөр нь Замын цагдаагийн газраас ярьж хэлсэн байсныг би өөрийн биеэр очиж эвдэрсэн хайсны зургийг авч баталгаажуулсан. Ослын улмаас 149.259 төгрөгний эвдрэл хохирол учирсан байсан. ... Хохирлоо жолоочоор төлүүлсэн. Одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Иргэний хариуцагч С.Викторын “Honda CR-V маркийн ........ УНЕ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юмаа. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө миний хүү М- унаж явсан. Ер нь бол миний хүү М- л унадаг юм. Би анх энэ машиныг худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр авчихсан юм. ... Миний өөрийн зөвшөөрлөөр унаж явсан. Би унаж явах эрхийг нь өгчихсөн байсан юм. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4900 дугаартай актын:

“1. Барсболдын биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэн, зүүн талын лямбда заадас дагасан хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус хурвалт хуйх, баруун тохойнд зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 48 дугаар хуудас/

 

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №305 дугаартай:

“1. Honda-СR-V маркийн ........ УНЕ улсын дугаартай автомашины жолооч В.М- нь МУ-ын ЗХД-ийн 13. Явган хүний гарц нэвтрэх, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.Барсболд нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 59-60 дугаар хуудас/

 

Шүүгдэгч В.М-ийн яллагдагчаар өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг Гранд плаза төвийн хойд талын замаар зүүнээс баруун зүгт 2 дугаар эгнээгээр  явж байсан автомашины урдуур гэнэт нэг хүн гараад ирэхээр нь автомашины рулиэ баруун гар тал руугаа зайлуулж дарсан. Тэр үед нөгөө хүн автомашины зүүн гар талын урд хэсэгт мөргөгдсөн. Тэгээд тэр чигээрээ автомашиныхаа баруун дугуйг хашлага давуулаад замын хажуу талын хайсыг мөргөөд гэрлийн шонгийн хажууд очоод зогссон. Тэр үед нөгөө мөргөгдсөн хүн маань машины хамар дээрээс урагшаа унасан. Тэгээд машинаасаа бууж ирээд нөгөө хүн дээрээ очиж хараад шууд 103 болон 102  руу өөрийн 88043688 гэсэн дугаараас дуудлага өгсөн. ... Хохирогч Барсболдын эмчилгээнд нийт 5.600.000 төгрөг, хайсны эвдрэлийн үнэ 149.227 төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч В.М-ийн буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Барсболдод зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн тухайн чиглэлийн замын нөхцөл бусад байдлыг харгалзан  явах туршлага багатай, замын хөдөлгөөний  дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч В.М- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч В.М-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 81 дүгээр хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Д.Барсболд шүүгдэгч В.Мөнгөжигүүр нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд “...Хохирогч би эмчилгээний зардлаа бүрэн авсан. Холбогдогчоос сайн дураар 5,0 /Таван сая/ төгрөгийг хүлээн авсан тул цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэжээ. /хэргийн 97 дугаар хуудас/

Иймд уг эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Нөгөөтэйгүүр иргэний нэхэмжлэгч Ч.Судвмаа “...Хохирлоо жолоочоор төлүүлсэн. Одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ өгсөн тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, В.М- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, жолоочийн 405727 дугаартай үнэмлэхийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч В.М- нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол, иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүхээс шүүгдэгч В.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан заавал албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан ямаат овогт Викторын М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар В.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, В.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. В.М- жолоочийн 405727 дугаартай үнэмлэхийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ