| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/07390/И |
| Дугаар | 191/ШШ2026/03568 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/03568
2026 03 10 191/ШШ2026/03568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ЗБН /рд:/ нарт холбогдох,
Автомашиныг нэр дээр шилжүүлэхийг даалгах, 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /Ү№/,
Хариуцагч О.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Н. /Ү№/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
Хариуцагч ******* /ЗБН/ нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Бат-эрдэнэ, өмгөөлөгч Б. нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.******* би " " ХХК-нд О.*******тай хамт ажилладаг байсан. 2019 оны 5 сар О.*******д машин авах тухайгаа хэлэхэд О.******* нь "Mistubishi " маркийн улсын дугаартай автомашиныг ******* Тавилан" ийн авто ломбард-с зээлээр авсан бөгөөд зээлээ эхний хэдэн сар төлж байгаад санхүүгийн хүндрэлд орж зээлээ төлж чадахаа байсан учраас зарахаар боллоо тиймээс та хоёр үргэлжлүүлээд үлдсэн зээлийг нь төлөөд ав гэж санал болгосон.
Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тухайн машиныг худалдаж авахаар буланд байрлах хашаанаас нь "Mistubishi " маркийн улсын дугаартай автомашиныг 7 сая гаруй төгрөгөөр худалдан авахаар аман хэлцэл хийж тохиролцоод авсан.
Авто машины үлдэгдэл зээлийг 2019 оны Ковид цар тахал эхлэхийн өмнө 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн яг цаг хугацаанд нь өөрийн Хаан банкны тоот данснаас сар бүр төлөхөөс гадна манай компанийн захирал Г. Хаан банкны тоот данснаас өөрийн цалингаасаа суутгуулан төлж дуусгасан.
Машины зээлээ төлөөд дууссан тул одоо нэрээ шилжүүлж авъя гэхэд та нар Шагай эгчээсээ миний юмыг авч өг тэгвэл шилжүүлж өгнө гэж хэлээд машины нэрийг шилжүүлж өгөөгүй.
Тухайн машин нь фидуцийн гэрээгээр ******* ийн нэр дээр шилжсэн байсан, уг нь О.*******гаас худалдаж авсан юм.
Машиныг 2019 оны 06 сарын 04-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг О.*******д өгөөд сар бүрийн төлөлт 480,000 төгрөг, нийт 5,879,480 төгрөгийг ******* д төлөөд дуусгасан. Ингэхдээ манай захирал Г. данснаас 3,850,000 төгрөгийг өөрийн цалингаас суутгуулаад шилжүүлсэн, өөрийн данснаас 2,029,480 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээл төлсөн талаарх банкны дансны хуулга байдаг бөгөөд зээлийг 2023 оны 11 сард төлж дуусгаад ломбарданд очиж уулзахад ажил явдал гарсан учир захирал байхгүй гэсэн хариуг ажилтнууд нь хэлсэн.
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар маргаж буй "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* ЗБН нэр дээр байгаа болох нь тогтоогдсон.
Иймд "Mistubishi " маркийн улсын дугаартай авто машиныг Г.******* миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ******* ЗГБХН-д даалгаж өгнө үү.
Хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр болгож гаргасан зардалд 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэв.
2. Хариуцагч О.*******, өмгөөлөгч Н. нар хариу тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2018 оны 12 дугаар сард ******* авто ломбардаас "Mistubishi " маркийн улсын дугаартай авто машины урьдчилгаа төлбөрийг төлөн, зээлийн гэрээ байгуулан худалдан авсан.
******* д урьдчилгаа төлбөр 2,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд эхний 1,2 сарын зээлийн төлбөрийг төлсөн байсан. Ингээд Г. машин авах саналын дагуу тэрээр 7,000,000 гаруй төгрөгийг ******* д төлөхөөр тохиролцож, машиныг түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу зээл хэвийн төлөгдөж дууссан, тэгээд хамгийн сүүлд би өөрөө үлдсэн төлбөр болох 200,000 төгрөгийг төлөөд зээлээ хаасан. Тэгтэл ******* гийн захирал нь солигдож байгаа гэсэн, тэгээд 10-14 хоногийн дараа дахиад очтол ажиллахгүй, хаачихсан байсан. Ер нь бол урьдчилгаа гэх 2,000,000 төрөгийг ******* д өгсөн байсныгаа буцааж авна гэдгийг ойлгоогүй байсан бөгөөд энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй.
Иймд ******* гаас авсан зээлийн төлбөрийг төлөөд дуусгасан учраас машиныг Г. нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******эс 2022.06.16-ны өдөр Ц. олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл, Г. иргэний үнэмлэхийн хуулбар, буйдан ХХК-ийн 2022.06.22-ны өдрийн № дугаартай Тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дансны хуулга, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023.04.24-ний өдрийн 28ж4-2/ дугаартай албан бичиг, дансны хуулга /1 хх 1-16, 36-51, /,
3б. Хариуцагч О.*******гаас ирүүлсэн: Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Н.тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга/1 хх 24, 28-30, 157-188/,
3в. Хариуцагч ******* ЗБН-аас ирүүлсэн: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ЗБН-өөс 2026.01.14-ний өдрийн №002 дугаартай М. олгосон 10 хоногийн хугацаатай итгэмжлэл, М. иргэний үнэмлэхийн хуулбар, /2 хх 17-18, 20/,
3г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Г.Ганшагай, М.Уранчимэг, Н. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, ХААН банк ХК-иас 2024.04.09-ний өдрийн № дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Г. тус банк дахь дансны 2019.04.25-2019.12.31-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс, архив, хяналтын тасгийн архивын 2024.04.09-ний өдрийн №61 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.10.04-ний өдрийн дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан ******* ЗБН-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /1хх 74-81, 91-93, 95-96, 101-155, 218-250, 2 хх 1-13/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан автомашиныг нэр дээр шилжүүлэхийг даалгах, зардал 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ******* /ЗБН/-ийг татан оролцуулсан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан. /1хх 210/
2. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
3. Хариуцагч ******* /ЗБН/ нь нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /2 хх 19/
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, хариуцагч ******* /ЗБН/-д 2026 оны 01 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /2 хх 19-26/
5а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч ******* ЗБН нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2026 оны 01 сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2026 оны 03 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /2 хх 19, 33-36/
5б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* ЗБН нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв. /2 хх 27, 42/
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6а. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа болон хувийн хэрэгт авагдсан баримтаар, О.******* болон С. нарын хооронд 2018 оны 12 сарын 03-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр С. нь "Mistubishi " маркийн тээврийн хэрэгслийг худалдах, О.******* нь 11,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээнд үнэ төлөгдсөн талаар тусгажээ.
Мөн өдөр ******* /ЗБН/ нь №46 тоот албан бичгээр дээрх тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн, О.******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус ийн нэр дээр шилжүүлсэн, ингэснээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр ******* /ЗБН бүртгэгдсэн байна. /1хх 148-155/
6б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар О.******* болон ******* /ЗБН/-ийн хооронд 2018 оны 12 сарын 03-ны өдөр 11,000,000 төгрөгийг, зээл, хүүгийн хамт сар бүр 480,000 төгрөгийг 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан,
талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан, О.******* нь "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, ингэснээр уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ******* /ЗБН/ шилжүүлэн авчээ.
6в. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* /ЗБН/-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэснээс үзэхэд О.******* болон ******* /ЗБН/-ийн хооронд Иргэний хуулийн 286-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 235-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /1хх 218-222/
7. Харин 2019 оны 05 сарын 28-ны өдөр хариуцагч О.******* нь "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, нэхэмжлэгч Г.******* нь үнийг төлөх, ингэхдээ тэрээр төлбөрийг О.*******гийн, ******* /ЗБН/-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг төлж биелүүлснээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.
7а. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 42 дугаар зүйлийн 42.8-т Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасны дагуу О.******* нь дээрх тээврийн хэрэгслийг төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад Г. эзэмшилд 2019.05.28-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон.
7б. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
7в. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нарын хооронд гэрээ байгуулагдах үед буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр маргаж буй тээврийн хэрэгсэл нь О.*******гийн 2018 оны 12 сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу ******* ЗБН-ийн эзэмшилд бүртгэгдсэн байсан нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
8. Нэхэмжлэгч Г.******* нь 2019 оны 05 сараас 2023 оны 11 сарын хооронд хариуцагч О.*******гийн Хаан банк ХК-ийн тоот дансанд Г. тоот данснаас Mashinii urdchilgaa утгаар 1,000,000 төгрөг,
хариуцагч ******* /ЗБН/-ийн Хаан банк ХК дах тоот дансанд өөрийн тоот данснаас - утгаар 3,850,000 төгрөг, Г. тоот данснаас дээрх утгаар 2,029,480 төгрөг тус тус шилжүүлсэн. /1хх 41-43, 101-146/
8а. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.
8б.Үүний дагуу нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох тээврийн хэрэгслийн үнийг, түүний хариуцагч ******* /ЗБН/-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул Г.******* болон О.******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний, О.******* болон ******* /ЗБН/-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
9.Хариуцагч ******* /ЗБН/ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
10.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Үүнээс үзэхэд фидуци байгуулагдсан гэж үзэх гол нөхцөл бол үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нөхцөлтэйгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх агуулгатай байна.
10а. Зохигчийн тайлбар, тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч О.*******гийн 2018 оны 12 сарын 03-ны өдөр ******* ЗБН-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Г.******* төлж биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ.
10б. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.
Үүнээс үзэхэд хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор заасан байх бөгөөд хариуцагч О.******* нь хариуцагч ******* /ЗБН/-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлснээр фидуцийн зүйлээ өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардах эрхээ шилжүүлсэн нь хууль болон гэрээний мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шаардах эрхийн агуулга болон мөн чанар өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна.
11. Иймд хариуцагч ******* /ЗБН/-д "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Г. нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг батлах нь зүйтэй.
12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах тул хариуцагч ******* /ЗБН/-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* /ЗБН/-д "Mistubishi " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Г. нэр дээр шилжүүлэхийг даалгаж, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.******* нь 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* /ЗБН/-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ