Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2026/00268

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2026/00268

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ** аймаг, ** сум, * дугаар баг, М*******, * тоотод байрлах, “Н******* с******* ф*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** аймаг, ** сум, * дугаар баг, Х*******, С.М*******-* тоотод оршин суух, “Э******* г*******” ХХК-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00178/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н*******-Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эбулган нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1023 цагт мэдэгдэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Н******* с******* ф*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Ганчимэг нь "Н******* с******* ф*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр "Э*******г*******" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 59.72 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байр худалдан авахаар гэрээ байгуулсан. Ингээд 2025.04.30-ны өдөр 2.500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2025.09.05-ний өдөр 4.000.000 төгрөгийг тус тус “Э*******г*******” ХХК-ийн болон борлуулалтын менежер Н*******-Э нарын данс руу шилжүүлсэн. Ингээд тус компани нь давхар эмийн санд байраа зарсан байсан мен хугацаандаа ашиглалтад ороогүй учир манай компани Азийн хөгжлийн сангийн санхүүжилттэй зээлээр авах байсан боловч зээл 2 удаа буцсан. 2025 оны 10 дугаар сард Хаанбанкны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлээр авах гэсэн боловч мөн хугацаандаа ороогүй шалтгаанаар авч чадаагүй. Манай компани 10-20 хувийг төлөөд зээлэнд хамрагдах боломжтой байсан боловч заавал 30 хувийг төлөх шаардлагыг тавьж байсан. Эдгээр шалтгаанаас үүдэж байр авах боломжгүй болсон учир 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр татгалзаж, 2026 оны 01 сарын эхээр 2.000.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн мөнгийг өгөөгүй. Үлдэх мөнгө хэзээ орж ирэхийг асуухад буцаалт 2.000.000 төгрөгнөөс өөр мөнгө өгөхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. Иймд "Э*******г*******" ХХК-иас 9.500.000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******-Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн, зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н******* с******* ф*******” ХХК нь хариуцагч “Э******* г*******” ХХК-д холбогдуулан 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Н******* с******* ф*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э******* г*******” ХХК-д холбогдох 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Э******* г*******” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 /нэг зуун жаран зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 83,475 /наян гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 83,475 /наян гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч “Э******* г*******” ХХК-аас 83,475 /наян гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ