Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00981

 

 

 

 

 

 

 

 

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00657 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б д холбогдох, 5,553,162.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: И ХК нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр 0 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,879,910 төгрөгийг сарын 3.90%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С ХХК-аас гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С ХХК-ийн Хаан банк дахь 0 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.1.11-т заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5-д заасныг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага Ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 сар хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн болно. Манай байгууллагаас зээлийн шаардах эрхээ хэрэгжүүлж Баянзүрх дүүрэгт нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/10515 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр буцаан шийдвэрлэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00047 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоосон. 2021 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 2,879,910 төгрөг, төлөх ёстой хүү 2,641,058.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,993.47 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,713,162.41 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгийг хасч, 5,553,162.41 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Э.Б миний бие 2019 оны 06 сарын 17-ны өдөр И ХК-аас 2,879,910 төгрөгийг зээлж Iphone-X загварын гар утас зээлээр авсан нь үнэн. Тун удалгүй утсаа хулгайд алдаад дүүргийн цагдаад өгсөн боловч цааш цаашаа зарагдаад сүүлчийн худалдан авагч нь 350,000 төгрөг л өгсөн. Энэ мэт байдлаас болоод утасны төлбөрөө төлөх боломжгүй болсон. Эхний гурван сар хүү болон төлөлтөө хийхгүй бол зээлдэгчийн хувьд эрсдэл гарлаа гэж тооцон шүүхэд хандаж болох байсан. Жилийн 46.80%-ийн хүүтэйгээр хугацааг үргэлжлүүлэх нь буруу гэж бодож байна. Тус байгууллага 2020 оны 05 сарын 26-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү, алданги зогсох ёстой гэж ойлгож байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа наймаа арилжаа эрхэлж амь амьдралаа залгуулдаг. Сүүлийн 2 жилд Ковид-19 гарсны улмаас ард иргэдийн худалдан авалт эрс муудсан. Иймд үндсэн зээл 2,876,910 төгрөг, 2020 оны 05 сарын 26-ны өдөр хүртэлх 11 сар 9 хоногийн хүү буюу 1,269,176.33 төгрөг, нийт 4,059,086 төгрөгийг л төлөх саналтай байна. Иймд нэхэмжилсэн 5,713,162.41 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг хасч 4,113,162.41 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Б ээс 5,440,169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112,993.47 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б ээс 101,992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д буцаан олгосон.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу харилцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5-д заасныг ноцтой зөрчсөн байна гэдэг үндэслэлээр И ХК нь 3, 4 сарын хугацаанд гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж шүүхэд гомдох боломжтой байсан. Авсан зээлээ хүүгийн хамт эхний 3, 4 сард төлж чадахгүй байгааг мэдсээр байж 20 сарын хүү тооцож байгаа нь харгис явдал юм. Иймд зээлийн хүү болох 2,641,058.94 төгрөгөөс 20 сарын хүүг хасаж тооцож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар, 4.3-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 5.3-т Зээлдэгч нь гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус заасан. Хариуцагч нь эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэх хүсэлтээ 2021 оны 09 сард гаргасан боловч 1 сарын хугацаанд уулзалтад огт ирээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Э.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,879,910 төгрөг, хуримтлагдсан хүү 2,641,058.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,993.47 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,713,162.41 төгрөг гаргуулах тухай шаардлага анх гаргаж /хх 1-2/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 160,000 төгрөгөөр багасгаж /хх 44/, хариуцагчаас 5,553,162.41 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Дээрх шаардлагаас хариуцагч Э.Б нь 4,113,162.41 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 1,600,000 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч шаардах эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн, зээлийн мөнгөн хөрөнгөөр авсан гар утсаа хулгайд алдсан, Ковид-19 цар тахлын улмаас орлого буурсан... гэж тайлбарлан маргажээ. /хх 26-27/

 

3.   Хэрэгт авагдсан 0 тоот Зээлийн гэрээ, И ХК-д хандан гаргасан Э.Б ий хүсэлт, Хаан банк ХХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл /хх 7-9, 13, 41/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар И ХК болон Э.Б нар 2019 оны 06 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 2,879,910 төгрөгийг 3.9%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20%-ийн хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцсон үйл баримт, мөн зээлдүүлэгч нь зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг Сайн интернэшнл ХХК-ийн Хаан банк дахь 0 тоот данс руу шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Зээлийн гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Э.Б ээс зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

4.   Хариуцагч талын хариу тайлбартаа дурдсан ...зээлийн мөнгөн хөрөнгөөр авсан гар утсаа хулгайд алдсан... гэх нөхцөл байдал нь түүнийг хууль болон гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Мөн хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00047 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Э.Б ий оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хандаж, улмаар шүүхээс хариуцагч Э.Б ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан болох нь нотлогдож байх тул хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч шаардах эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн... гэсэн тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч Э.Б нь шүүхэд гаргасан ...Ковид-19 цар тахлын улмаас орлого буурсан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,360,968.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэмэгдүүлсэн хүү 112,993.47 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

5.   Нэхэмжлэгч талаас шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн зардал, 9,000 төгрөгийн нотариатын зардал тус тус гарсан болох нь холбогдох шүүхийн шийдвэр, нотариатын мөнгөний тасалбараар нотлогдож байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 60,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР