Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч О.Э түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

хохирогчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

шинжээч Г.Энхбаатар, Т.Амартүвшин,

гэрч Х.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Оюунгэрэлийн Эт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1803003020168 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ШУТИС-ийн Нүүр ам судлалын 1 дүгээр курсын оюутан, Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо ................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогт Оюунгэрэлийн Э

 

Шүүгдэгч  О.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  00 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Нар хүүхдийн их дэлгүүрийн хойд замд Тоёота Приус маркийн .......... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “ 2018 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ харихаар явж байсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан. Нар хүүхдийн их дэлгүүрийн гарц ойртон ирж байсан бөгөөд нэг болон 2 дугаар эгнээнд машин зогсож байсан. Би 2 дугаар эгнээний машины араас зогсож байгаад болиод 3 дугаар эгнээ рүү орсон. Тэгээд шөнө юм чинь хүн байхгүй гэж бодоод шууд явсан. Гэтэл 2 дугаар эгнээнийн араас 2 хүн гарч ирсэн ба би хараад огцом тоормос гишгэсэн. Тухайн үед халтиргаатай байсан учраас машин гулгаад цагаан зураас руу орж зогссон. Миний машин Батбаатарт хүрээд зогссон. Н- цаад талд нь гар утсаараа оролдож явж байгаад миний машинд орж ирж суугаад цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  О.Э нь Тоёота Приус маркийн .......... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 13.1-д заалтуудыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 14-18 дугаар хуудас/

                       

Хохирогч Ж.Н-ийн “ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг Нар хүүхдийн  их дэлгүүрийн хажуу талд байдаг ресторанд найз Батбаатарын хамт орж хоёр хоёр шил пиво уугаад юм ярьж сууж байгаад 00 цагийн орчимд ресторанаас гарсан. Тэгээд урдаасаа хойшоогоо явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар болсон. Батбаатар миний зүүн хойд талд гарчихсан бид хоёр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явахад 1,2 дугаар эгнээнд явсан машинууд зогсохоор нь 3 дугаар эгнээнд орох үед миний зүүн гар талаас нэг автомашин ороод ирэхээр нь машин руу хараад машины урд хамар дээр хоёр гараараа тулах үед машин миний баруун өвдөг хэсэгт мөргөсөн. Мөн Батбаатарыг машин мөргөсөн гэсэн. Машинд жолооч ганцаараа явсан. Т.Приус 20 маркийн цэнхэр өнгийн автомашин байсан. Жолооч нь машинаасаа бууж ирэхгүй байсан. Батбаатар явж очоод чи яаж байгаа юм бэ хүн дайрчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд жолооч залуу замаа харж яваач гээд хараалын үг хэлээд байсан. Батбаатар цагдаа түргэн дуудсан. ... Хөл өвчтэй байгаа. Хөлөндөө эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээнд 200.000 төгрөг гарсан. Баримтууд нь байгаа. ... Гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Х.Батбаатарын “ ...Тэгээд орой 00 цагийн орчимд ресторанаас гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явган хүний гарцтай замаар зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас Т.Приус маркийн автомашин ороод ирэхээр нь машин руу хараад машины хамар дээр нь хоёр гараараа тулаад хойшоогоо болсон. Н- хашаа тулаад явж чадахгүй байсан. Машины жолооч нь бууж ирэхгүй байхаар нь би машин дээр явж очоод хаалгыг нь онгойлгоод чи чинь яаж яваад байнаа гэхэд өөдөөс замаа харж яваач гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би чи явган хүний гарцан дээр хүн мөргөчихлөө шүү дээ гэж хэлээд машины хаалгыг хаагаад цагдаа түргэн рүү утсаараа дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №243 дугаартай актын:

“1. 2018.01.11-ний өдрийн соронзон үелзүүрт томографийн зургийг /MRI/-г дахин уншуулахад Ж.Н-ийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №75 дугаартай мөрдөгчийн:

“1. Шинжилгээний үр, дүн тогтоогдсон байдлын талаар: Явган зорчигч Жамбалдоржийн Н-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ШШҮТөвийн шинжээч Т.Амартүвшин, Т.Чимэд-Очир, Б.Даваасүрэн нарын гаргасан №243 дугаартай дүгнэлт.

1. Т.Приус маркийн .......... УБУ улсын дугаартай автомашины жолооч Оюунгэрэлийн Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Жамбалдоржийн Н-, Хүрэлийн Батбаатар нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” гэсэн магадлагаа /хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Э нь “хохирогч Ж.Н-ийг мөргөөгүй” гэж гэж маргаж байгаа боловч шинжээч Т.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Имрай зургийг эмч Чулуунсүхээр дахин уншуулахад баруун өвдөгний үений имрай зургаар урд чагтан холбоос ташуу урагдалтай, орчны эдэд хавантай, үений шингэн бага зэрэг ихэссэн шинэ урагдал байх боломжтой” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 3 дугаар эгнээнд орох үед миний зүүн гар талаас нэг автомашин ороод ирэхээр нь машин руу хараад машины урд хамар дээр хоёр гараараа тулах үед машин миний баруун өвдөг хэсэгт мөргөсөн”гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Өмнө шинжээчийн дүгнэлтээр “өвдөгний чагтан холбоосны хуучин урагдал” гэсэн дүгнэлт гаргасан боловч дахин дүгнэлтээр “Ж.Н-ийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоосын урагдал” гэмтэл нь шинэ гэмтэл болох нь тогтоогджээ.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Эын буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Н-ид зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн тухайн чиглэлийн замын нөхцөл бусад байдлыг харгалзан  явах туршлага багатай, замын хөдөлгөөний  дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч О.Э нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Н-оос гаргаж өгсөн хохирлын талаарх баримтуудаар нийт 115.000 төгрөг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Э нь хохирогчид 190.000 төгрөгийг томографийн зураг авхуулсан төлбөрт төлсөн бөгөөд шүүгдэгчээс 115.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунгэрэлийн Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Э торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ж.Н- өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. С.Эаас 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж Баянгол дүүрэг 10 дугаар хороо 22-41 тоотод оршин суух Боржигон овогт Жамбалдорж Н-ид олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ