Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/115

 

 

                                                        

 

 

    2026          01            22                                           2026/ДШМ/115

 

Т.М-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2612 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503008851067 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн Т-ын М-, /РД: ........../, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Т.М- нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв гандангийн хашаан дотор 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагийн үед Тоёота приус маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналт үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч О.Ш-, Ү.Х нарыг мөргөж, О.Ш-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б овогт Т-ын М-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 эх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 11,207,040 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ш-т 11,021,040 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 186,000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М- нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр, 4 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Эх Ц.М 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр харвалт өгсний улмаас тал бие нь саажилттай гэрт эхнэрийн маань байнгын асаргаанд байдаг тул эхнэр маань ажил хийх боломжгүй, гэр бүлдээ ганц хөдөлмөр эрхэлдэг хүн нь би байгаа юм. Миний бие тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хохирогч О.Ш-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөн илэрхийлсэн, хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон.

Хохирогч О.Ш-ын эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг хохирогчтой тохиролцож чадаагүй бөгөөд шүүхийн шийдсэн хэмжээгээр төлөхөө илэрхийлж байгаа. Энэ талаар хохирогчтой ойлголцсон болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирол төлбөрөө барагдуулах, барагдуулахаа илэрхийлсэн тохиолдолд эрүүгийн хуульд оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг хангаж байхад торгуулийн ял оногдуулалгүй 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа тохиолдлын шинжтэй үйлдсэн, гэр бүлдээ ганц хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг минь анхааран үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогч О.Ш-ын сэтгэцэд учирсан хор уршигт 6,930,000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт нь 4,091,040 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 186,000 төгрөг нийт 11,207,040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдсэн. Үүнээс манай үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 186,000 төгрөг болон хохирогчийн эмчилгээний зардалд гэж 1,000,000 төгрөгийг төлсөн. Шүүхээс тогтоосон үлдэгдэл төлбөрийг Т.М- нь хохирогчтой сар бүр тодорхой хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байгаа. Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж үнэн зөвөөр мэдүүлэг, тайлбараа өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Түүний хувийн байдлын тухайд ам бүл долуулаа амьдардаг, эхнэр нь бие муутай ээж болон хүүхдүүддээ хараад гэртээ байдаг тул ажил хийдэггүй учир тэрээр ажил хийж гэр бүлээ тэжээдэг, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн иймд шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэх саналыг гаргаж байна. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т.М-од холбогдох эрүүгийн 2503008851067 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Т.М- нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв гандангийн хашаан дотор 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагийн үед Тоёота приус маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналт үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч О.Ш-, Ү.Х нарыг мөргөж, О.Ш-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8/, 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар дээр авсан гэрэл зургууд /хх-ийн 9-12/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/,

хохирогч О.Ш-ын: “...зээ охин Х-ийн хамтаар төв Гандан орж ном бичүүлчихээд гараад гэр рүүгээ харих гээд хашаанаас нь гарах санаатай явж байтал миний зүүн гар талаас нэг саарал машин ирээд мөргөсөн. ...Ослын улмаас миний зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсний улмаас цур хурж хавдаад арьс үхжиж хагалгаанд орох шаардлагатай болсон. Эмчилгээнд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. ...” /хх-ийн 16/,

иргэний нэхэмжлэгч Ү.Х-гийн: “...явган хүний зам руу орох гээд урдаас хойд чиглэлтэй бага зэрэг ташаад явган хүний гарц руу дөхөж байтал бид хоёрыг зүүн гар талаас нэг машин хурд сааруулагч дээр зогсолгүй шууд давж гарч ирээд эхлээд эмээг мөргөсөн. ...” /хх-ийн 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0525/1097 дугаартай: “...1. О.Ш-ын биед зүүн гуяны хоёр толгойт булчингийн цус хуралт, зөөлөн эдийн нярцал,/ зүүн гуяны ар хэсгээс цусан хураа авах, шархыг угаах, үхэжсэн арьс, зөөлөн эдийн угаах мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.          Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/,

Шүүхийн шинжилгээний еренхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0825/3262 дугаартай “О.Ш-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39/,

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1321 дугаартай мөрдөгчийн магадлагаа, гэрэл зургууд /хх-ийн 49-50/,

камерын бичлэг /хх-ийн 117-118, CD/,

Т.М-ын яллагдагчаар өгсөн: “...тээврийн хэрэгслийг жолоодон гар утас оролдож явж байгаад доош шал руу унагачихсан, гар утсаа авах гэж тонгойж байгаад урдаа явж байсан явган хүнийг харалгүй мөргөчихсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/,

хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ, үйлчилгээ авсан төлбөрийн баримтууд /хх-ийн 74-80/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болон Мөнгөн гүүр эмнэлэгт мэс засал хийлгэсэн талаарх өвчтөний түүх /хх-ийн 84-115/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 123/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

2. Шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж явган зорчигч О.Ш-, Ү.Х нарыг мөргөж, О.Ш-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Т.М-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.

Шүүгдэгч Т.М-од нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож оногдуулсан нь түүний үйлдсэн илт анхаарал болгоомжгүй хийсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр хоёр явган зорчигчийг мөргөж, нэг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийх нь нийгмийн аюулын шинж чанарт, хохирлыг төлөөгүй болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдалд тохирсон байна.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Т.М-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-ын гаргасан “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

4. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтад үндэслэн зөв шийдвэрлэжээ.

Гэхдээ шүүх хохирогч О.Ш-ын сэтгэцэд учирсан хоёрдугаар хохирлын хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг гарсан үеийн буюу 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр бус 770,000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлж, сэтгэцэд учирсан хохирлыг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс хохирлын тооцоог зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.М- 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч О.Ш-т 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 186,000 төгрөгийг төлсөн баримт гарган өгснийг хэрэгт хавсаргаж, хохирол төлсөн талаар дурдах нь зүйтэй байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх Т.М-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор заасан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн байдлаар зөвтгөлөө.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2612 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.М-оос нийт 11,207,040 (арван нэгэн сая хоёр зуун долоон мянга дөчин) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ш-т 11,021,040 (арван нэгэн сая хорин нэгэн мянга дөчин) төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 186,000 (нэг зуун наян зургаан мянга) төгрөгийг тус тус олгосугай. ...” гэснийг “...шүүгдэгч Т.М-оос нийт 11,405,040 (арван нэгэн сая дөрвөн зуун таван мянга дөч) төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ш-т 11,219,040 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар 186,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх дээр хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Т.М- нь хохирогч О.Ш-т 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 186,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                                 Т.ШИНЭБАЯР

                            ШҮҮГЧ                                                                 Д.ОЧМАНДАХ