Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00777

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00777

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00561 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...48.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03112 дугаар шийдвэрээр Б.Бээс 69,288,810 төгрөг гаргуулж ГБХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө ...48.7 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шинжээч барьцаа хөрөнгийг 125,136,000 төгрөгөөр үнэлэхдээ хөрөнгийн байршил, давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03112 дугаар захирамжаар Б.Б, М.Тнараас 69,288,810 төгрөг гаргуулж ГБХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Б.Бт төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй.  Улмаар барьцааны хөрөнгө болох ...37 тоот, 48.7 м.кв 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор битүүмжилж, төлбөрөө төлөхийг мэдэгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор барьцааны хөрөнгийг хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилоход 125,136,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1 Шүүх нэхэмжлэгчийн ...48.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 125,136,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч НШШГГт холбогдуулан “Баянмодот” ХХК-ийн ...48.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

4. Б.Б, М.Тнараас 69,288,810.34 төгрөг гаргуулан, ГБХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...48.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03112 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. /хх14-16/

5. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх17-28/

6. Төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах  үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг 490,000,000 төгрөгөөр тогтоосныг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг орон сууцыг 125,136,000 төгрөгөөр үнэлсэн байна.

7. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандарт 2019, Үнэлгээний олон улсын стандарт 104 “үнэ цэнийн сууриуд”-ыг ашигласан байхын зэрэгцээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэснийг зөрчөөгүй байна.

 

7.а. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй бөгөөд хэргийн 33-45 дугаар тал дахь “Баянмодот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч хөрөнгийг орлогын болон зах зээлийн хандлагаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлжээ. Шинжээч нь тухайн объектыг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо, харьцуулж буй хөрөнгөтэй нэг дүүрэгт ижил байршилтай ...44,15-55,70 м.кв талбайтай 114,660,000-148,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, хийц, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, талбайн хэмжээ, дотор засал, гаднах орчны тохижилт зэргийг тооцоолон үзэх замаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 125,136,000 төгрөг гэж тогтоосон байна.

 

7.б. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримтыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. “Баянмодот” ХХК хөрөнгийг үнэлэхдээ эрс үнэгүйдүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БЯМБАСҮРЭН     

                                           ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

                                                                                         А.МӨНХЗУЛ