| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2406013781655 |
| Дугаар | 2026/ДШМ/126 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/126
2026 01 28 2026/ДШМ/126
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинбилиг,
яллагдагч Ж.Б-, түүний өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ,
хохирогч Э.О-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/7457 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинбилигийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар прокурорын эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох эрүүгийн 2406013781655 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ж-ын Б- /РД:............./, .................... тоотод оршин суух,
урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 8,640,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8,640,000 төгрөгөөр торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540,000 төгрөгийн торгох ялыг багтаан нийт 8,640,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;
Ж.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.О-ийн худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2014 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2013 онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн, сувдан цагаан өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл тус бүр 1 ширхгийг тус тус завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...1. Хэрэгт 2 удаагийн хохирлын үнэлгээтэй холбоотой үнэлгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Тухайлбал, “А Б” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гаргасан дүгнэлтэд 5 автомашины үнэлгээг нийт 135,000,000 төгрөгөөр тогтоосон боловч тус байгууллагын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд машин тус бүрийн үнэлгээ 1 сая төгрөгөөр буюу нийт 5 сая төгрөгөөр өсөж нийт хохирлын хэмжээ 140,000,000 төгрөг болжээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаа тодорхой байхад нэг байгууллагын ойрхон цаг хугацаанд гаргасан 2 шинжээчийн дүгнэлт нь тус тус өөрөөр үнэлэгдсэн байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдалд хамаарч байна.
Иймд аль дүгнэлтийн тооцоолол үндэслэлтэй эсэхэд дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.
2. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд завшигдсан тээврийн хэрэгслийн тоог 5 ширхэг гэж ойлгомжтой бичсэн байхад 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 841 дүгээр яллах дүгнэлтэд 4 ширхэг автомашин завшигдсан мэтээр буюу “...2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн, сувдан цагаан өнгөтэй Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан“ гэж яллажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй үндэслэлийг заасан ба тус тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол нь үндсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын адил хүчин чадалтай тул өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлт тодорхой ойлгомжгүй, яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзнэ. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинбилиг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтыг шинжлэн судлах замаар үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.
Тухайлбал, хэрэгт тусгасан нотлох баримтуудаар хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ТХҮ-925-912398 дугаартай дүгнэлтээр 5 ширхэг автомашиныг нийт 135 сая төгрөгөөр үнэлснийг хохирогч тал эс зөвшөөрч хүсэлт гаргаж, нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн тул тухайн баримтуудад үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийлгэж эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулсан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 140 сая төгрөг гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн аль нь уг дүгнэлттэй холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний явцад, шинжээчийн дүгнэлттэй холбоотой үндэслэл бүхий эргэлзээ гарсан тохиолдолд шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Мөн хавтаст цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нь 5 ширхэг автомашиныг залилсан үйл баримт нотлогдон тогтоогдсон бөгөөд яллах дүгнэлтэд эдгээр 5 ширхэг автомашины марк, өнгө зэрэг шинж тэмдгийг тус бүрд нь бичилтийн олон төрлийн хэлбэрүүдээр дурдаж байхад шүүх хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Хохирогч Э.О-ийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бүрэн дэмжиж байна. Учир нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал нь улсын яллагчийн тайлбарласанчлан Мандахын гаргасан орж ирсэн тээврийн хэрэгслийг явж байсан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр үнэлсэн учир гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай мэргэжлийн мэдлэг шаардсан асуудлаар шинжээч дүгнэлт гаргах эрхтэй. Мөрдөн байцаалтад буцаасан нь хэрэгт бодит өөрчлөлт оруулах бус, зөвхөн хугацаа алдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах үр дагавартай. Мөн хоёрдугаар асуудлын тухайд, ижил онд үйлдвэрлэгдсэн, ижил марк, загвартай боловч өнгөөрөө ялгаатай тээврийн хэрэгслүүдийг нэг дор дурдан “тус бүр” гэж тодорхойлсон нь монгол хэлний утга агуулгын хувьд ойлгомжтой бөгөөд үүнийг үндэслэн хэргийг буцаах нь зохимжгүй гэж үзэж байна. Иймд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаанд дахин буцаах шаардлагагүй, харин хэргийг одоогийн байдлаар нь хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж, улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Хохирогч Э.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хэргийг буцааснаар би цаг хугацаагаа л алдаж байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ж.Б-гийн өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хоёр сарын зөрүүтэй буюу 6 дугаар сард хийсэн үнэлгээ, 8 дугаар сард хийсэн үнэлгээ хоорондоо нийт 5 сая төгрөгийн зөрүүтэй гарсан. Тодруулбал, дээрх зөрүү нь тээврийн хэрэгсэл тус бүр дээр илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 1,000,000 төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч талаас хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол гаргасны дараа шинжээч дахин дүгнэлт гаргахдаа тээврийн хэрэгсэл бүрийн үнэлгээг ижил хэмжээгээр өсгөсөн мэт ойлголт үүсэхээр байна. Ийм нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлт бодитой, хараат бус, шинжлэх ухаанч үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа тул анхан шатны шүүхийн дүгнэлт, захирамжийг үндэслэлтэй гэж үзэх бүрэн шалтгаан болж байна. Мөн прокурорын бичиг баримтын найруулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн талаархи мэдээллийг тодорхой, ойлгомжтой тусгах” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, “сувдан цагаан өнгөтэй юм уу эсхүл улаан хүрэн өнгөтэй Приус 30” гэсэн бичилт нь тус бүр ямар тээврийн хэрэгслийг хэлж байгаа нь тодорхой бус, нэг тээврийн хэрэгсэл үү, эсхүл хоёр тусдаа тээврийн хэрэгсэл үү гэдэг дээр эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 7457 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ж.Б- шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдол зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан:
- хэрэгт 2 удаагийн хохирлын өөр үнэлгээтэй, нэг байгууллагын ойрхон цаг хугацаанд гаргасан 2 шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй,
- яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх үндсэн эрхийг зөрчиж, 4 ширхэг автомашин завшигдсан мэтээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 841 дүгээр яллах дүгнэлт ойлгомжгүй бичигдсэн гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, хоёр шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний объектын мэдээлэл нь өөр хийгдсэн байгааг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлэн шийдвэрлэх боломжтой, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 841 дүгээр яллах дүгнэлтэд “...2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн, сувдан цагаан өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл тус бүр 1 ширхгийг...” гэж хоёр тооны автомашин болохыг тодорхойлсон байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн 2406013781655 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурор Б.Чинбилигийн бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны тойргийн шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Чинбилигийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлийг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/7457 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ