2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/03231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Д.А*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******,

хариуцагчийн төлөөлөгч Б.Б*******,

гэрч П.Н*******, Т.Ю*******,

нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А******* хариуцагч А******* ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүнд: Д.А******* нь А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д*******гийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23009 дугаартай тушаалаар L******* Арьс гоо заслын их эмчээр ажилд томилогдож, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цалин хөлсийг 5 000 000  төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл ажил олгогч А******* ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Д******* нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаас халж байгаа тухайгаа амаар мэдэгдсэн. Ажиллаж байх хугацаанд ажил олгогчоос ажилтан миний эрх ашгийг олон удаа зөрчсөн төдийгүй хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсан асуудлын тухайд ажил олгогч А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д******* нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цаашдаа ирэх шаардлагагүй, өөртэй чинь хамтарч ажиллаж чадахгүй чамайг ажлаас халж байна гэж амаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг тоочин заасан байдаг. Мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчлан тогтоож өгсөн бөгөөд миний бие эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Нөгөө талаар Хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй байхад хууль зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хуульд тоочин зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж хуульчилсан. Миний гүйцэтгэж байсан ажил, чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөлд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал ажил олгогч хууль зөрчиж надтай 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэр хугацаа нь ч дуусаагүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр, ажлаас халах тухай мэдэгдэл болон тушаал гаргалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Ажилласан 7 хоногийн цалин гэж 1 223 920.70 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон дансны хуулгыг хавсаргав. Мөн А******* ХХК нь миний цалинг 5 000 000 төгрөгөөс тооцож, олгодог байсан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2022 оны 9 дүгээр сард 500 000 төгрөгийн цалингаас тооцож, 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарыг дуустал 4 сарын хугацаанд 1 200 000 төгрөгөөр цалин тооцож, нийт 5 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, түүнээс хойших хугацаанд огт төлөөгүй. Миний бие жирэмсний амралтаа 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр авч, 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажилдаа буцаж орсон бөгөөд жирэмсний амралт авах үед нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир жирэмсний болон амаржсаны тэтгэмж ч авч чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж өгөхийг удаа дараа шаардахад нөхөж төлнө гэх хариуг хэлдэг байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан журмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч ажлаас халах тушаал байхгүй учир бид гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг утсаар ярьж мэдэгдсэн. Ажил олгогчид удаа дараа ажлаас халах тушаал гаргуулъя, авъя гэж хэлсэн боловч өдийг хүртэл гаргаж өгөөгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Д.А******* нь манай байгууллагад анх 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилд орсон бөгөөд 4 сар орчим хугацаанд ажиллаж 2023 оны 01 дүгээр  сард "...жирэмсэн болсон учир үргэлжүүлэн ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан учраас өөрийнх хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 2023 онд хамрагдаж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заасны дагуу сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх гэсэн хуулийн шаардлагаа хангаж сайн дурын даатгал төлөн Сонгинохайрхан дүүргээс жирэмсэний тэтгэмж 4 102 516 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  амаржсаны тэтгэмж 3 816 038 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авсан байна. Харин ч манай компанид 4 сар ажилласны үр дүнд дээрх тэтгэмжүүдийг авах эрх үүсэхэд нь нөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хоёр жилийн дараа буюу 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А******* ХХК-д дахин ажилд орох тухай хүсэлт өгч дахин ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын дотоод журам зөрчиж үйлчлүүлэгчийг бүртгэл хийлгэхгүйгээр эмчийн тариа болон материалтай өрөөнд авч орон дотроосоо түгжиж байгаад үйлчилгээ үзүүлсэн. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл гэдгийг удирдлагын зүгээс хэлж, ийм байдалтай байвал хамтран ажиллах нөхцөл бүрдэхгүй гэхэд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй удирдах албан тушаалтануудтай маргалдаж ажлаа хаяж явсан. Ажлаа хаяж явахдаа дахиж танайд ажиллахгүй миний цалинг өнөөдөр шилжүүлээрэй гэж хэлээд гараад явсан. Ингээд 13 хоног ажилласаны цалин болох 1 223 920.70 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д.А*******ын дансанд шилжүүлсэн. Нэгэнт ажлаа хаяад явсан хүний тушаалыг байгууллагын зүгээс тэр дор нь гаргаагүй бөгөөд дотоод журамдаа заасны дагуу 30 хоног нь өнгөрмөгц ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргаж тушаалаа ав гэж мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй. Манай салонд үйлчлүүлэгч гаднаас орж ирмэгц ресепшин угтан авч, үйлчлүүлэгчийн цагийг баталгаажуулдаг. Үүний дараа менежер үйлчлүүлэгчтэй уулзаж карт бөглүүлж, арьсны оношлогоо хийсний дараагаар эмч ирэн үйлчлүүлэгчийг өрөөнд авч орон үйлчилгээг хийдэг дараалалтай. Түүнээс үйлчлүүлэгчийг шууд өрөөндөө оруулах, ресепшинд бүртгүүлэхгүйгээр эмчилгээ, үйлчилгээ хийх, өрөөгөө түгжиж нууцаар үйлчилгээ явуулах зэрэг нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл байдаг тул байгууллагийн зүгээс зүй ёсны шаардлагыг тавих үед Д.А******* эмч нь манай багш надруу явуулсан хүн намайг үзээд өг гэсэн та нар үзэх шаардлага байхгүй гэсэн бөгөөд удирдлагуудтай муудалцаж өнөөдөр шууд гарна миний цалин олгоорой гэж хэлээд эмчийн бүртгэлийн дэвтэрээ үзүүлэхгүйгээр авч явсан. Иймд Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, А******* ХХК-ийн 2022.09.25-ны өдрийн №23009 тоот Үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, 2022.09.27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, дансны хуулга, Д.А*******ын дансны хуулга, Х.Инаараагийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 8-р сарын цалингийн хүснэгт, 2025.08.04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-13, 43-51, 129-135 /

4. Хариуцагчаас хавтаст хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан ажилчдын мэдээлэл, 2022.09.27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, 2025.08.04-ний өдрийн OR/25/008 тоот Ажилд томилох тухай тушаал, 2022.09.25-ны өдрийн 23009 тоот Үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025.08.20-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай тушаал зэргийг ирүүлсэн. /хх-ийн 22-24, 39-40, 58, 78-99,  102-111, 119-120,142-145, 149/

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр А******* ХХК-иас 2022.09.27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2023.01.31-ний өдрийн OR/23/12 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2025.08.20-ны өдрийн OR/28/0801 тоот Сахилгын шийтгэл оногдлуулах тухай тушаал, 2025.09.15-ны өдрийн OR/25/012 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, П.Н*******, Т.Ю******* нарыг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 60-69/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23009 дугаартай тушаалаар L******* Арьс гоо заслын их эмчээр ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл ажил олгогч 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаас халж байгаа тухайгаа амаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал ажил олгогч хууль зөрчиж надтай 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэр хугацаа нь ч дуусаагүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр, ажлаас халах тухай мэдэгдэл болон тушаал гаргалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Ажилласан 7 хоногийн цалин гэж 1 223 920.70 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан. 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Д.А******* нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилд орж 2023 оны 01 дүгээр сард жирэмсэн болсон тул ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөний дараа Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 2023 онд хамрагдаж байгаад  Сонгинохайрхан дүүргээс жирэмсэний тэтгэмж 4 102 516 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр  амаржсаны тэтгэмж 3 816 038 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авсан байна. Улмаар 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс дахин ажиллаж эхэлсэн боловч байгууллагын дотоод журам зөрчиж үйлчлүүлэгчийг бүртгэл хийлгэхгүйгээр үйлчилгээ үзүүлсэн. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл гэдгийг удирдлагын зүгээс хэлсэн боловч маргалдаж ажлаа хаяж явсан. Ингээд 13 хоног ажилласан цалин 1 223 920.70 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дансанд нь шилжүүлсэн. Дотоод журамд заасны дагуу 30 хоног өнгөрмөгц ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргаж мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Д.А******* нь А******* ХХК-д Арьс гоо заслын их эмчээр 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байх ба нэхэмжлэгч Д.А******* нь өөрийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-12, 67/

4.2 Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан, жирэмсний амралттай байж байгаад 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орсон гэж тайлбарладаг, хариуцагч байгууллага Д.А*******ыг 2022 оны 9 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2023 оны 1 сараас жирэмсэн болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Манай байгууллагаас цалин авч байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дахин ажилд орох үедээ байгууллагын дотоод журам зөрчсөн зөрчил гаргаад ажлаа орхиод явсан гэж тайлбарлаж, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг.

4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.” гэж заасан бөгөөд А******* ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд “...арьсны эмч албан тушаалтай Д.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, дуусгавар болгосугай..” гэжээ.

5. Хэрэгт баримтаар авагдсан Д.А*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2022 оны 9,10,11,12-р сар, 2023 оны 01-р сарыг дуустал ажил олгогч А******* ХХК нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ба 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл сайн дурын даатгал /энгийн/ төлж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдээ төрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5.1 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь ажил олгогч А******* ХХК нь тухайн үед цалин мөнгөө өгөхгүй удааж, нийгмийн даатгалын шимтгэл тасрах эрсдэлтэй байсан тул миний бие хүүхдээ төртөл сайн дурын даатгалаар нийгмийн даатгалыг өөрөө төлж, улмаар тус компаниас цалингаа дансаараа авч байсан, энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Төрөх хүртлээ тус компанид ажилласан гэж тайлбарлаж, хэрэгт Д.А*******ын 2022.09.01-ний өдрөөс 2023.09.30-ны өдрийн Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн байна.

5.2 Уг хуулгад Л******* ХХК-аас цалин гэсэн утгатай орлогын гүйлгээ хийгдэж, Д.А*******т сар бүр цалин олгож байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч Д.А*******ыг хөдөлмөрийн гэрээний дагуу эмчээр ажиллаж, цалин хөлс авч байсан гэх дараах үндэслэлгүй байна.

5.3 Тодруулбал, ажил олгогч нь 2023 оны 02 дугаар сараас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч байгууллага хэрэгжүүлээгүй байх тул Д.А*******ыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэж үзэхээргүй байна.

6. Түүнчлэн нэхэмжлэгч өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хүүхэд харах чөлөөний хугацаанд ажил олгогч А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д*******гийн хүсэлтээр 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орсон бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаас халж байгаа тухайгаа амаар мэдэгдэж, өөртэй чинь хамтарч ажиллахгүй гэсэн. Би ямар нэг зөрчил гараагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан.

 

7. Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.”, 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.А******* болон А******* ХХК нарын хооронд 2025 оны 8 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

8.1 Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч ажлаас чөлөөлгдсөнөөр өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул 2025 оны 8 дугаар сард ажилд орох үед ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилд томилсон тушаал албажаагүй болох нь зохигч талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

9. Хэдийгээр талууд нэхэмжлэгчийг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 6 хоног ажил үүргээ гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш дахин ажиллаагүй бөгөөд 6 хоногийн цалин 1 223 920.70 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь ажилласан хугацааны хөлсөө авсан байна.

9.1 Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

10. Нөгөөтэйгүүр, хариуцагч Анурагу групп ХХК-аас 2025.08.20-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай захирлын тушаал, 2025.9.15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2025.08.04-ний өдрийн Ажилд томилох тухай тушаал, 2025.08.20-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай  тушаалуудыг хэрэгт ирүүлсэн хэдий ч эдгээр тушаалуудыг нэхэмжлэгч нь хуурамчаар үйлдсэн гэж маргасан ба шүүх эдгээр баримтуудыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч Д.А*******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.МӨНХЖАРГАЛ