Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/141

 

 

 

 

     2026           01            29                                        2026/ДШМ/141

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Г.Ганбагана,

яллагдагч Б.У-, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/523 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.У-т холбогдох эрүүгийн 2407001050181 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын У /РД: .............../, .................... тоотод оршин суух, урьд Налайхын дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан;

Яллагдагч Б.У- нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю Б м м” ХХК-ийн түрээслэгч Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн ХШХ-ийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн, тусгайлан хамгаалсан буюу хаалгыг нь гагнаж түгжсэн агуулахад хууль бусаар нэвтэрч, 108,9 тонн жин бүхий 304,920,000 төгрөгийн үнэлгээтэй ган бөмбөлгүүдийг нууцаар, машин механизм ашиглан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

“...1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших зэрэг гэмт хэргүүд болж ялгагддаг буюу ямар аргаар эд хөрөнгийг олж авч байгаагаас хамаардаг. Яллагдагч Б.У- нь 2024 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө гүйцэтгэх захирлын хувиар “Ю Б м м” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай байранд харуул хамгаалалтай үед тус компанийн нягтлан болон бусад хүний хамт очиж, гагнаж түгжсэн агуулахад нэвтэрч 99 ширхэг шуудай, 108,9 тонн ган бөмбөлгийг авсан байх бөгөөд түүний уг үйлдлийг хохирогч ХШХ мэдээгүй байх боловч тухайн үед харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан болон хамт явж байсан хүмүүс мэдэж байхад бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэхээргүй байна.

2. Яллагдагч Б.У- нь “Ю Б м м” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай байх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэгт, “Ю Б м м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б-ийн шийдвэрээр уг компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, хамтран ажиллаж байсан БНХАУ-ын иргэн ХШХ иргэний шүүхэд нэхэмжпэл гаргасан тул хувьцаа эзэмшигч Ж.Б хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, үйлдвэрийн байрыг хүлээж авах ёстой гэж хэлсэн. Үүний дагуу үйлдвэрийн байр, ган бөмбөлгийг хүлээн авч, ган бөмбөлгийг худалдан борлуулж компанийн өр төлбөр, цалин зэрэгт зарцуулсан” гэж мэдүүлсэн. Иймд яллагдагч Б.У-ыг ажилд томилсон тушаал, түүний ажлын байрны тодорхойлолт зэргийг хэрэгт хавсаргах, уг хэрэгт “Ю Б м м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б болон бусад этгээд хамтран оролцсон эсэх, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

3. Яллагдагч Б.У-ын авч явсан 99 ширхэг шуудай, 108,9 тонн жин бүхий ган бөмбөлгийг хэн хэрхэн зарцуулсан буюу хувьдаа захиран зарцуулсан эсхүл компанийн өр төлбөр, ажилчдын цалин зэрэгт зарцуулсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Урьдчилсан хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан баримтаар 99 ширхэг шуудай, 108,9 тонн жин бүхий ган бөмбөлгийн 40 тонн 420 кг ган бөмбөлгийг БНХАУ-ын иргэн С.С-д өр төлбөрт өгсөн байх бөгөөд БНХАУ-ын иргэн С.С- гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 2022 онд “Ю Б м м” ХХК-ийн Ж.Б-ид зарсан. Би машин зарсан 140,000,000 төгрөгөө 2 жилийн хугацаанд өдөр шөнөгүй нэхэж байж 2024 оны 01 дүгээр сард Б.У- над руу ярьж, би үйлдвэр дээр нь очиж үйлдвэрийн байрнаас шуудайтай байсан 40 тонн 420 кг ган бөмбөлгийг 1 тонныг нь 2,300,000 төгрөгөөр бодож авсан. Нийтдээ 93,000,000 төгрөг болж байсан, одоо үлдэгдэл мөнгөө авч чадаагүй байна” гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хэн хэрхэн захиран зарцуулснаас хамаараад иргэний хариуцагчаар татагдвал зохих иргэн, хуулийн этгээд байгаа эсэхийг тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганбагана бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн захирамж үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: “Ю Б м м” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээгээр Бүгд Найрамдах Хятад улсын иргэн ХШХ-д үйлдвэрийг ашиглуулж, гэрээнд заасны дагуу ашгийн 50/50 хувь тэнцүү хувааж авахаар тусгасан байдаг. Гэтэл Бүгд Найрамдах Хятад улсын иргэн ХШХ биеийн байдлын улмаас нутаг буцсан хойгуур түүний үйлдвэрлэсэн ган бөмбөлгүүдийг гагнаж, харуул хамгаалалтын ажилтнаар хамгаалуулсан, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрсэн авч, зөөж борлуулсан үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг шүүх зөрчиж гэм буруугийн асуудлыг шүүх нотлох баримтаар шинжлэн судлаагүй атлаа Б.У-ын үйлдэлд “хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэхээргүй байна” гэж урьдчилсан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа, яллагдагчийн мэдүүлгээр Б.У- нь “Ю Б м м” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон байхад түүнийг уг компанийн гүйцэтгэх захирал, удирдлага байсан эсэх талаар холбогдох тушаал, шийдвэрийг авах мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр заасан нь үндэслэлгүй.

3. “Юу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У- нь Солонгод 93 сая төгрөг тооцон 40 тонн ган бөмбөлгийн биетээр өгч, бусдыг нь өөрийн цалин хөлсөнд, заримыг нь компаний ажилчдын цалин хөлс, татварын өрөнд өгсөн гэх боловч тухайн үед Бүгд Найрамдах Хятад улсын иргэн ХШХ нь ажилчдын цалин хөлсийг бүрэн хариуцаж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар Б.У-ын ган бөмбөлгийг хэрхэн захиран зарцуулсан талаар шалгахад “Ю Б м м” ХХК-ийн ажилчдын цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор шүүгчийн захирамжийн агуулгыг ойлгоогүй эсэргүүцэл бичсэн гэж харж байна. Дан ганц зүйлчлэлийн асуудлаар дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар яриад байна. Өмчлөх эрхийн гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирол, хор уршгийг хэрхэн, яаж шийдвэрлэх асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэнэ. Хэрэгт авагдсан баримтаар алга болсон, хулгайлсан гэх ган бөмбөлгийг ямар ажиллагаанд яаж зарцуулсан нь тодорхой байгаа. Хариуцвал зохих этгээдийг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь, гэмт хэргийн хамтран оролцоог шалгасан эсэх асуудал яригдаж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын тайлбар хэрэгт авагдсан. Прокуророос хохирогчоос удаа дараа гомдол гаргасан тул яллагдагчаар татсан гэх агуулгыг тайлбарладаг. Прокурор нийгмийн даатгалын өр төлбөрийг ХШХ өөрөө төлсөн гэдэг, энэ нь өмнөх асуудал. Ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын өр шимтгэлүүд, цалингийн өрүүд юм. Яллагдагч Б.У-ыг хууль бусаар нэвтэрсэн гэдэг боловч тухайн үед цагдаад дуудлага өгч, улмаар цагдаа компанийн гүйцэтгэх захирал тул нэвтрэх эрхтэй гэж үзсэн тул нэвтэрсэн. Нэгэнт хэргийг прокурор луу шилжүүлж байгаа тул хэргийн зүйлчлэл дээр анхаарах шаардлагатай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Түүнээс хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шийдээгүй. Хэрэгт авагдсан материалын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, дахин сайн нягталж шалга гэдэг байдлаар буюу зөвтгөх байдлаар шүүх дэмжлэг үзүүлж байгааг прокурор хэргийн зүйлчлэлд оролцлоо гэж анхан шатны шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. ...” гэв.

Яллагдагч Б.У- шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх, яллагдагч Б.У-т холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны зүйлсийг бүрэн тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой ба энэ нь шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлдөг.

Хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх яллагдагчийн үндсэн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байр суурь зэрэгтэй нь холбоотой ажиллагаа мөн байна.

Яллагдагч Б.У-ыг ажилд томилсон тушаал, түүний ажлын байрны тодорхойлолт зэргийг хэрэгт цуглуулан бэхжүүлэх, мөн яллагдагч Б.У-ын авч явсан 99 ширхэг шуудай, 108,9 тонн жин бүхий ган бөмбөлгийг хэн хэрхэн зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж тогтоож, хэрэгт “Ю Б м м” ХХК-ийн ашиг сонирхол байсан эсэх, уг ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр хувьцаа эзэмшигч Ж.Б болон бусад этгээд оролцсон эсэх, иргэний хариуцагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганын бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/523 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганбаганын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ