Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Баярын Ут яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1803002430190 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, .................эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ...... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, Ховд аймаг .........сум хайрхан баг ......... тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярын У.

 

Шүүгдэгч  Б.У нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Э-гаас “дүү Солонгос улс явах гэж байна, дансны хуулга хэрэгтэй болоод байна, хүүтэй мөнгө зээлдүүлээч 50.000 төгрөг нэмж өгье” гэж 2.000.000 төгрөгийг хуурч авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.У мэдүүлэхдээ: “Э- эгч намайг ажил дээрээс мөнгийг тоолж авсан гээд байна л даа. Би уул нь хамт ажиллаж байсан бөгөөд мөнгө авахаас 7-8 хоногийн өмнө хэлчихсэн байсан. Би хамт ажилладаг байсан учраас Э- эгчийг таньдаг байсан. Тэгээд би Э- эгчид та боломж байвал хэд хоногоос надад тус болоочээ, би дүүгээ Солонгос явуулах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл одоохондоо надад мөнгө байхгүй байна, би ямарч байсан хүнээс асууж сураглая, мөнгө төгрөг ороод ирвэл би чамд тусалъя гэж хэлсэн. Тэр өдөр би ажилгүй байсан тул Э- эгч рүү утсаар залгатал надад байгаа мөнгө хүрэх юм шиг байна, ажил тарахаар хүрээд ирээрэй гэсэн.  Тэгээд уул нь гэрээс нь хамт очиж уг мөнгийг авсан. Ажил дээрээс нь авсан гээд байна. Тэгээд мөнгө нь хүрэхгүй байсан тул ломбарданд ээмэг, бөгжөө тавиад надад мөнгө авч өгсөн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  Б.У нь хохирогч Б.Э-гаас “дүү Солонгос улс явах гэж байна, дансны хуулга хэрэгтэй болоод байна, хүүтэй мөнгө зээлдүүлээч 50.000 төгрөг нэмж өгье” гэж 2.000.000 төгрөгийг хуурч авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Э-гийн “Би Төмөр замын нэгдсэн эмнэлэгт 23 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сард би өөрийн эмнэлгийн дотрын 2 дугаар тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тэр тасагт У гээд охин сувилагчаар ажилд орсон байсан. Хоёулаа тэгэхэд анх танилцаад би өөрийн мэдэх ганц нэг зүйлээ хэлж өгдөг байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 02-нд ажил дээрээ байж байтал У орж ирээд энэ үед би байрны цайллага хийгээд ах дүү нараас цугласан байсан 2.000.000 төгрөгийг тоолоод сууж байсан юм. У мөнгө тоолж байхыг хараад “Та наад мөнгөө дүүдээ түр зээлдүүлээч манай дүү Солонгос явах гэсэн чинь дансны хуулга хэрэгтэй болоод байна дүү нь банкаар хэд хэд оруулж гаргаад буцаагаад маргааш нь өгье дээр нь таньд 50.000 төгрөг нэмж өгнө” гээд гуйгаад байхаар нь өгчихсөн. Бид хоёр гэрээ энэ тэр хийж мөнгө өгч авалцаагүй. Тэгээд удалгүй буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-нд У ажлаасаа гарчихсан. Одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна, утас руу нь залгахаар огт авдаггүй. Мессеж бичихээр удахгүй мөнгийг чинь өгнөө л гэсэн хариу ирүүлдэг. Хохирлоо барагдуулж авмаар” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Д.Шинэчулууны “... 2017 оны 10 сарын эхээр байх Э- эгч байрны найр хийгээд үлдэгдэл нь гээд мөнгө тоолоод сууж байсан. ... Яг энэ үед У өрөөнд орж ирээд Э- эгчийн мөнгийг харчихаад мөнгө гуйгаад үлдсэн. Би ч нэг хүний дусал залгачихаад өрөөнд буцаад ороод ирэхэд Ут Э- эгч мөнгө тоолоод өгч байгаа харагдсан. Удалгүй тэр 2 хамт гараад явсан. Тэгсэн Э- эгчийн мөнгө нь хүрээгүй учраас АТМ-нээс мөнгө аваад гүйцээгээд өгчихлөө гэсээр өрөөнд орж ирсэн. Гуйгаад байхаар нь 2.000.000 төгрөг өгчихлөө, удахгүй буцаагаад өгчихнө гэж байна гэж хэлж байсан. Одоо хүртэл Э- эгч мөнгө олж аваагүй байгаа, хааяа нэг мессеж л ирдэг гэж хэлж байна лээ. Утасных нь дугаарыг блок хийчихсэн байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Б.У нь хохирогч Б.Э-гаас “дүү Солонгос улс явах гэж байна, дансны хуулга хэрэгтэй болоод байна, хүүтэй мөнгө зээлдүүлээч 50.000 төгрөг нэмж өгье” гэж 2.000.000 төгрөгийг хуурч авч залилсан авсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Мөн түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярын Уийг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.У баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Б.Уээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал 46-61 тоотод оршин суух Боржигон овогт Бандийн Э-д /ЧБ70051861/ олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ