Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 239

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалтай, С.Бд холбогдох 1735001660204 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Увс аймаг дахь салбарт мэдээлэл судалгааны эдийн засагч ажилтай байсан, ам бүл 6, нөхөр, 2 хүүхэд, өөрийн асран хамгаалалтанд байгаа бүтэн өнчин 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9-09 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Сын Б.

С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт тус аймаг дахь Төрийн банкны салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Б болон "Хулан-Анар" ХХК-ийн зээлийн данстай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Бг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Бд 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос С.БдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар С.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж,

Тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 7, 8, 9, 10 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тогтоол, магадлал гаргасан. Анхан шатны шүүх С.Баярмаа Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.2-д заасан “эрх бүхий этгээд” гэж буруу шийдсэн бол давж заалдах шатны шүүх 13.10 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлсэн нь мөн буруу болсон зүй нь Баярмаа нь хувь хүний нууцад халдахдаа “цахим хэрэгсэл” ашиглаж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1-ээр ял халдаах байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хэлсэн саналдаа “С.Б нь Төрийн банкны ажилтан бөгөөд Монгол банкны мэдээллийн сангаас Хас банкны мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан татан авч, бусдад дамжуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч эрх бүхий албан тушаалтан гэдгийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж гэдгийг анхаарахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны эрх ашигт халдсан зүйл болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “С.Б нь хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй. Учир нь цахим хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн С.Бдхолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт тус аймаг дахь Төрийн банкны салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Бд болон "Хулан-Анар" ХХК-ийн зээлийн данстай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд С.Б бусдын хувийн нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хэрэв тэрээр уг үйлдлийг хийсэн бол ямар санаа зорилгын хүрээнд, хэний эрх ашигт нийцүүлэн хийсэн болохыг буюу гэм буруугийн субъектив талын зайлшгүй элемент болох сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй, зээлийн мэдээллийн санд нэвтрэх нууц үгийг дан ганц С.Б мэддэг байсан эсэх асуудал эргэлзээтэй, өөр бусад эрх бүхий хүмүүс нэвтрэх боломжтой байсан эсэх асуудлыг нарийвчлан шалгаагүй байна. Түүнчлэн тэрээр эрх бүхий албан тушаалтнуудын хүсэлт, даалгаврын дагуу зээлийн мэдээллийг гаргаж өгөх үүргийн хүрээнд бусдад дамжуулсан байж болох шалгалтыг хийгээгүй, хэрэв зээлийн мэдээллийг дамжуулсан бол хэнд, хэрхэн дамжуулсан, үүний зэрэгцээ уг мэдээллийг олж авах, ашиглах ашиг сонирхолтой байж болзошгүй хүмүүсийн талаарх мэдээлэлд холбогдох шалгалтыг хийлгүй орхигдуулж, хэргийн талаарх тогтоовол зохих байдлуудыг тогтоож чадаагүй байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруу болон хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын “...хэргийн зүйлчлэл тохироогүй” талаарх гомдолд энэ удаа эцэслэн дүгнэлт хийх боломжгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хохирогч Ц.Бд болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН