Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0582/з |
Дугаар | 221/МА2018/0512 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0512
“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлоор, “Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан “Т к” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Т к” ХХК-ийн NE-026455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, “Т к” ХХК нь Төв аймгийн Баян сумын Гурван зохио нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “...2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцээгүй тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасан.
АМГ-ын Кадастрын хэлтсээс Төв аймгийн Засаг даргад 2015 оны 10-р дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл явуулсан бөгөөд Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр NE-026455 тоот өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн тул АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “Т к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг.
Дээрхийг дүгнэвэл АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга шийдвэрээ гаргахдаа АМтХ-ын 19.4-т зааснаар Засаг дарга 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлээгүй байхад тухайн саналыг зөвшөөрсөнд тооцох хуулийн заалтыг биелүүлээгүй нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуульд 30 хоногийн дотор саналаа ирүүлээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох эрх зүйн үндэслэл байхад АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга хуулийг үндэслэл болголгүй өөрийн дураар шийдвэрлэж хуульд заасан хугацааг баримтлаагүй гаргасан Засаг даргын шийдвэрийг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.
2. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсэг хуульд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. Гэтэл хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээ гаргахдаа хуульд заасан зарчмын дагуу буюу АМтХ-ийн 19.4-т үндэслэх ёстой байтал үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг илт зөрчсөн үйлдэл байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсэг хуулийг үндэслэл болгож хуульд заасан журмын дагуу гарсан эсэхэд хууль зүйн хувьд хангалттай дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бий болгож байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан хэргийн бодит нөхцөл байдлын талаар шүүхээс хангалттай дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан тухайд:
Гурван шатны шүүхээр Төв аймгийн засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ...’’ иймд АМГ-ын кадастрын хэлтсийн даргын шийдвэр АМтХ-ийн 19.3, 19.4 19.5-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэжээ. Гурван шатны шүүх Төв аймгийн засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийснээс биш тухайн санал хугацаандаа гараагүй бол дэмжигдсэнд тооцогддог эрх зүйн үндэслэлд үнэлэлт өгөөгүй байхад гурван шатны шүүх засаг даргын ”дэмжихгүй” гэсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж тооцсон учир хариуцагч хуулийг зөрчөөгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна. Иймд хуульд заасан шаардлагыг хангалгүй гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
4. Шүүхийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй тухайд:
Шүүхийн шийдвэрт ......хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиодолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө өргөдлөө өгч тухайн шийдвэр ч хуульд өөрчлөлт орохоос өмнө гарсан байдаг тул нэхэмжлэгчийн эрх ашгийг тухайн үед сэргэх байсан боломжоор сэргээж нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Гэтэл шүүхээс хуульд өөрчлөлт орсон тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хамгаалагдсан ч хэрхэн сэргэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хуульд заасан зарчмыг баримтлан гарсан гэх үндэслэлгүй болохыг харуулж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Т к” ХХК нь Төв аймгийн Баян сумын Гурван зохио гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлэхэд Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж татгалзсан хариу ирүүлсэн тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “...маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчин төгөлдөр байх үед гарсан, Засаг даргын санал 4 хоног хоцорч ирсэн учраас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас 30 хоногийн дотор хариу ирээгүй бол зөвшөөрсөн гэж үзээд, Т к ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан” гэж маргасан, анхан шатны шүүхээс “...хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, ... Засаг дарга дэмжихгүй гэсэн санал ирүүлснээр түүнийг үндэслэн Т к ХХК-ийн өргөдөл гаргасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос захиргааны байгууллага, албан тушаалтан татгалзсанаар тухайн эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа тул нэхэмжлэгч Т к ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэж зааснаар Засаг дарга “дэмжихгүй” санал өгсөн бол хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд Засаг даргын татгалзсан санал нь хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, үнэлж, дүгнэх эрхийг хуулиар олгоогүй.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т к" ХХК-ийн Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Т к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тухайн шийдвэрээр “...аймгийн Засаг даргын хүргүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар саналыг хуулийн хугацаанд хүлээн аваад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн” гэж дүгнэжээ.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хуульд 30 хоногийн дотор саналаа ирүүлээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох эрх зүйн үндэслэл байхад АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга хуулийг үндэслэл болголгүй өөрийн дураар шийдвэрлэж хуульд заасан хугацааг баримтлаагүй гаргасан Засаг даргын шийдвэрийг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн учраас хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэх эрх зүйн харилцааг шүүхээс тогтоох боломжгүй, өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэх учиртай бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Т к” ХХК-д анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан тул хууль ёсны итгэл хамгаалагдсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө өргөдлөө өгч тухайн шийдвэр ч хуульд өөрчлөлт орохоос өмнө гарсан байдаг тул нэхэмжлэгчийн эрх ашгийг тухайн үед сэргэх байсан боломжоор сэргээж нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН