Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0490/з |
Дугаар | 251 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 251
М.Г-ийн нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын
даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.Н нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.3.1, 27.4.3, 27.5, 27.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/163 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлтийг сонсгох ажиллагааны журмаар мэдэгдэхээр мэдэгдлүүдийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус хүргүүлж, 03 дугаар сарын 06, 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус явуулж, сонсгох ажиллагаанд нэхэмжпэгч тал биеэр оролцсон, сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчийг тайлбар, санал гаргах боломжийг хангасан гэдэг нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.
4. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсанаар сонсгох ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар. санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу бол ажлын хэсгийн дүгнэлтийн талаар бус маргаан бүхий ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актын талаар сонсох ажиллагааг эохион байгуулах ёстой гэдэг нь харагдаж байх бөгөөд хэрэгт авагдсан ажлын хэсгийн дүгнэлт гэх баримтад зөрчлийг хэрхэн тогтоосон, түүний дагуу хуульд заасан ямар хариуцлага тооцох талаар огт тусгагдаагүй байгаа нь сонсгох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.
5. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Ажпын хэсгээс ...гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй /баталгаажуулалт хийгдээгүй/ гадаад паспортууд олгосон зөрчил гарсан, хохирлыг барагдуулсан, эдгээр иргэдээс гадна дахин 10 гаруй иргэний гадаад паспорт гарын үсэггүй олгогдсон байсныг нөхөж гарын үсэг зурсан, хэлтсийн дарга М.Г-ийн эзгүйд гадаад паспортын тамга, гарын үсгийг Тасгийн дарга авч үлддэг байсан, дарга ажлын байрандаа байсан байгаагүй улсын бүртгэгч, гэрээт ажилтан дардаг байсан” зэрэг зөрчлийг шалган тогтоож, ...шүүхийн шийдвэрт заасан 2 даалгаврыг биелүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн.
6. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0833 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт паспортуудад М.Г нь гарын үсэг зурж тэмдэг дарсан эсэх, эсхүл олголтын ажилтан тэмдэг дарж гарын үсгийн дардас дарсан эсэх, мөн гадаад паспортуудад гарын үсэг зурж, тамга дараагүй байхад иргэдэд олгосон явдал нь ...эрх бүхий албан тушаалтан баталгаажуулах үйлдэлд, эсхүл ...олголтын ажилтны ...тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг дахин шалгах” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл хэлтсийн дарга буюу нэхэмжлэгч М.Г гарын үсэг зурж баталгаажуулаагүй юу, эсхүл ингэж баталгаажуулаагүй байхад олгосон үйлдэл үү гэдгийг хамгийн гол нь тодруулахыг шүүхийн шийдвэрээр даалгасныг биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Г-ийн хувьд хэвлэгдээд ирсэн гадаад паспортод гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл огт байхгүй бөгөөд ахлах бүртгэгч болон гэрээт ажилтан хэвлэлтээс ирсэн паспортыг хүлээн авч, даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж, баталгаажуулан, дахин гарын үсэг, тэмдэг бүрэн эсэхийг шалгасны үндсэн дээр олголтыг хийхийг журамласан ба энэ тохиолдолд дээрх шүүхийн шийдвэрээр хэн гарын үсэг, тамгагүй паспортын олголт хийсэн, нэхэмжлэгчийн хувьд яагаад паспортод гарын үсэг зурж, тамга дараагүй гэсэн 2 тохиолдлын аль нь үүссэн болохыг тодруулахыг шүүхийн шийдвэрээр хариуцагчид даалгасан байхад түүнийг тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс энэхүү даалгавар биелэгдсэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.
8. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс дүгнэхдээ “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-д зааснаар шат дараалсан, харилцан уялдаатай процессыг дамждаг хооронд нь салгаж, зааглах боломжгүй цогц, нэгдмэл үйл ажиллагаа байна ... маргаан бүхий тохиолдлын хувьд паспортыг гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй олгосон үйлдэл нь журмаар зохицуулсан цогц нэгдмэл үйл ажиллагаатай нийцээгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх журмын 3.3, 4.2-т заасныг зөрчсөн талаар дурдаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод, давж заалдах гомдпыг хангахгүй орхисон нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
9. Учир нь хэрэв цогц үйл ажиллагаа юм бол түүнд оролцсон этгээдүүд яагаад ялгамжтай сахилгын шийтгэл хүлээлгэх болов, энэ нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй бөгөөд уг журамд зааснаар ахлах улсын бүртгэгч болон гэрээт ажилтан бичилт хийгдсэн паспортыг даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж баталгаажуулах, ийнхүү баталгаажуулсан эсэхийг дахин дахин шалгахаар журамласан, хэлтсийн даргын хувьд эдгээр албан тушаалтнуудын өрөөнд нь оруулж ирсэн паспортыг дээрх байдлаар баталгаажуулж, олгох үйл ажиллагаа болон бусад ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй ба маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “… гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдэд хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь дээр дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлийн тухайд дээрх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад “...албан үүргээ бивлүүлээгүй гэж заасанд хамаарахгүй, харин үндэсний энгийн гадаад паспорт баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн гэх үндэслэл нь ямар зорилгоор ийм үйлдэл гаргасныг харгалзаагүй буюу албан үүргээ биелүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор гэдгийг харгалзан үзээгүй нь Төрийн албаны тухай хуульд заасан зөрчлийн шинж байдал... харгалзан” гэж заасанд нийцзхгүй бөгөөд хуупийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
10. Түүнчлэн зөрчилтэй олгогдсон гээд байгаа паспорт нь үнэхээр хэлтсийн даргын өрөөнд орж гарын үсэг зуруулах үед паспортууд дунд байсан эсэх, хэрэв байсан бол яагаад гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, тэрийг нь ахлах улсын бүртгэгч, гэрээт ажилтан нар яагаад шалгаагүй, эсхүл бүр эсрэгээрээ баталгаажуулахаар хэлтсийн даргад өгсөн боловч ямар нэг шалтгаанаар баталгаажуулахаас татгалзсан эсэх, ийнхүү татгалзаж, баталгаажуулаагүй байхад нь иргэдэд олгосон эсэх гэх мэт үйл баримтуудыг тогтоох, шалгах, ялгаж салгах боломж нь бүрэн байсаар байхад цогцоор нь авч үзэх ёстой гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй.
11. Түүнчлэн хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглэлгүй 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг албаар дордуулах зорилгоор хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс түүнийг зөвтгөж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
12. Тухайлбал нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэх цаг хугацааны хувьд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бөгөөд тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хууль тогтоомжид тэрхүү үйлдэл нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүхээс хянаж шийдвэрлэх ёстой ба тухайн цаг хугацаанаас хойш шинээр батлагдсан хууль тогтоомж нь иргэн хуулийн этгээд болон бусад аливаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд буцаан хэрэглэх нь бусад тохиолдолд тухайн харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг баримтлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан зорилго, зарчимд бүрнээ нийцнэ гэж үзэж байна.
13. Энэхүү хуулиудад заасан ямар зөрүүтэй зохицуулалтууд нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа байдлыг тодруулан тайлбарлавал: 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 энэ хуулийн 13,15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг хариуцагчийн зүгээс баримтлан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болсон асуудалд хариуцлага тооцох байтал маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлийг багтаахын тулд 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд дурдсан мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдэд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох зүйлүүдийг нэхэмжлэгчийн хувьд зөрчсөн үйлдэл гараагүй байхад сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд хэрэглэх ёсгүй буюу 2017 оны Төрийн албаны тухай хуулийг баримталсан.
14. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26 4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу дээр дурдсанчлан зөрчил гарсан гэх асуудлаас хойш нийтдээ 8 сарын хугацаа өнгөрсөн тул хэдийгээр маргаантай байсан эсэхээс үл хамааран сахилгын шийтгэл тооцох хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж болох байтал хэрэглэх ёсгүй хуулийг буюу 2017 оны Төрийн албаны тухай хуулийг баримталснаараа боломжгүй болж, нэхэмжлэгчид ашиггүй нөхцөл байдлыг үүсгэж байна. 2017 онд батлагдаж, 2019 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасныг баримталсныг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс зөвтгөж шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй.
15. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд энэхүү үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтыг баримтлах шаардлагагүй эсхүл зарим нэг зөрчлийг хүлээхгүй гэж маргахыг хүссэндээ биш, харин төрийн үйл ажиллгааны үндсэн зарчим алдагдаж байгаа болон аливаа зөрчилд сахилга хариуцлага тооцоход тэр нь шинж байдалд нь тохирсон байхаар хуульчилсныг шүүхээс ялгаж салгаж шийдвэрлэх ёстой гэж үзэж гомдол гаргаж байгаа юм.
16. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
18. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/394 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 5.1-д “гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ...-ын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулна”, 2016 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх журам”-ын 3.3-т “... дүүргийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга ... энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг түшинэ”, 4.2-т “байгууллагын тамга, тэмдгийг хариуцаж байгаа албан хаагч нь тамга, тэмдгийг өөр хүнд шилжүүлэх ...-ийг хатуу хориглоно” гэж тус тус заасан, түүнчлэн, мөн даргын 2016 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.25-д “... сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдвол ажлаас халах”-аар, 4.26-д сахилгын ноцтой зөрчилд тооцох тохиолдлыг нэрлэн зааж, 4.26.11-д “... өөрийн ажлын байрны чиг үүргийг бусдад шилжүүлсэн”, 4.26.12-т “албан үүргээ хангалтгүй биелүүлснээс иргэд, байгууллагад ноцтой хохирол учруулсан ... /бол сахилгын ноцтой зөрчилд тооцох/”-оор тусгайлан журамлажээ.
19. Нэхэмжлэгч М.Гийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байхад буюу 2018 оны 08 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс үндэсний гадаад паспорт авахаар хүсэлт гаргасан 5 иргэнд гадаад паспорт олгохдоо тамгагүй, гарын үсэггүй паспортууд олгосон, үүний улмаас паспорт авсан иргэд хил нэвтэрч чадаагүй буцаж, иргэдэд тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд болон шууд бус хохирол учирсан, уг асуудлыг шалгах явцад дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г нь үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг тасгийн даргадаа, цаашлаад гэрээт ажилтанд шилжүүлэн, тэдгээр нь гадаад паспортод тэмдэг дарж баталгаажуулж байсан нь тогтоогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар “... үндэсний энгийн гадаад паспорт баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, иргэдэд олгогдсон гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдэд хохирол учирсан ... нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “..нэхэмжлэгч М.Г-ийн хувьд хэвлэгдээд ирсэн гадаад паспортод гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйл огт байхгүй бөгөөд ахлах бүртгэгч болон гэрээт ажилтан хэвлэлтээс ирсэн паспортыг хүлээн авч, даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж, баталгаажуулан, дахин гарын үсэг, тэмдэг бүрэн эсэхийг шалгасны үндсэн дээр олголтыг хийхийг журамласан ... байхад шүүх буруу дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар М.Г-т “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах бүртгэгчээр томилсон, М.Г уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд маргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0833 дугаар шийдвэрээр маргаан бүхий Б/70 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан, талууд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
21. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... /иргэдэд/ олгосон гадаад паспортуудыг ... хэлтсийн дарга М.Г өөрөө баталгаажуулаагүй байж болохуйц, харин олголт хариуцсан ажилтан байгууллагын тэмдэг болон М.Г-ийн гарын үсгийн дардасыг дарсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо, ... паспорт баталгаажуулагдаагүй олгогдсон явдал нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл байж болох /боловч/ баталгаажуулах эрх бүхий этгээд бус олголтын ажилтнаас гадаад паспортуудад гарын үсгийн дардас, байгууллагын тэмдгийн даралгүй паспортыг олгосон явдал нь ... маргаан бүхий актын үндэслэл болоогүй ... /тул/ шүүх эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, ... шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэх зэрэг дүгнэлт хийж, “... баталгаажилт хийгдээгүй олгосон паспортуудад М.Г гарын үсэг зурж, тэмдэг дарсан эсхүл олголтын ажилтан тэмдэг дарсан эсэх, ... /баталгаажуулаагүй/ паспорт иргэдэд олгосон явдал нь ... /журмын аль заалтыг зөрчсөн/ үйлдэлд хамаарах эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр ... /3 сарын хугацаанд/ дахин шинэ акт гаргахын хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга “шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох” ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалт хийсэн, уг хяналт шалгалтаар М.Г нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх журам”-ын 4.2-т “байгууллагын тамга, тэмдгийг хариуцаж байгаа албан хаагч нь тамга, тэмдгийг өөр хүнд шилжүүлэх ...-ийг хатуу хориглоно” гэснийг зөрчсөн нь тогтоогджээ.
22. Иймд, шүүхийн шийдвэрийн дагуу “нөхцөл байдлыг шалган тогтоож”, дахин шинэ акт гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр дахин шалгалт явуулж, ... төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна” гэх нэхэмжлэлийн үндэслэл, түүний өмгөөлөгчийн “...журамд зааснаар ахлах улсын бүртгэгч болон гэрээт ажилтан бичилт хийгдсэн паспортыг даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж баталгаажуулах, ийнхүү баталгаажуулсан эсэхийг дахин дахин шалгахаар журамласан, хэлтсийн даргын хувьд эдгээр албан тушаалтнуудын өрөөнд нь оруулж ирсэн паспортыг дээрх байдлаар баталгаажуулж, олгох үйл ажиллагаа болон бусад ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй ... байхад нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
23. Түүнчлэн, “2018 оны 08 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс үндэсний гадаад паспорт авахаар хүсэлт гаргасан 5 иргэнд гадаад паспорт олгохдоо тамгагүй, гарын үсэггүй паспортууд олгосон” гэх зөрчилд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан, уг тушаалыг шүүхээс түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу дахин хяналт шалгалт явуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ажлын хэсэг томилсон, Ажлын хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/124 дүгээр дүгнэлтээр “үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн” зөрчил тогтоогдсон байх тул 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “дахин акт гаргаж” М.Гт сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна.
24. Тодруулбал, сахилгын шийтгэл оногдуулахад “хөөн хэлэлцэх хугацаа”-г баримтлах нь процессийн эрх зүйн зохицуулалт бөгөөд, процессийн эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй, шүүх “хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль”-ийг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын “...тухайн цаг хугацаанаас хойш шинээр батлагдсан хууль тогтоомж нь иргэн хуулийн этгээд болон бусад аливаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд буцаан хэрэглэх, бусад тохиолдолд тухайн харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг баримтлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан зорилго, зарчимд бүрнээ нийцнэ, ... сахилгын шийтгэл тооцох хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж болох байтал хэрэглэх ёсгүй хуулийг буюу 2017 оны Төрийн албаны тухай хуулийг баримталснаараа боломжгүй болж, нэхэмжлэгчид ашиггүй нөхцөл байдлыг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
25. Түүнчлэн, шүүхүүд “сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн эсэх” маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан нь тухайн тохиолдолд зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон “үндэсний энгийн гадаад паспорт баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, иргэдэд олгогдсон гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдэд хохирол учруулсан” гэх зөрчилд хяналт, шалгалт явуулсан, Ажлын хэсгийн дүгнэлт гарсантай холбогдуулж, сонсох ажиллагаа зохион байгуулж, М.Гийг оролцуулсан байх тул “захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй” гэж үзэхгүй, энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.
26. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0761 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн өмгөөлөгч Т.Ц-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА