Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1055

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, нэхэмжлэгч Б.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нарыг оролцуулан хийж, 

Нэхэмжлэгч Б.Ч*******гийн нэхэмжлэлтэй,

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, *******, утас: 88*******, 99*******

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэн Б.Ч*******д дээрх хаяг бүхий 617.9 м.кв газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б******* овогтой Ч******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “B*******” барилгын материалын худалдааны төвийн баруун талд байрлах 617.9 м.кв газрыг эзэмшихээр Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дахь хэсэг болон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь заалтын дагуу газар эзэмших хүсэлтийг гаргасан билээ.

Дээрх газарт том оврын автомашинууд цугларан зогсож, замын хөдөлгөөний түгжрэл үүсгэдэг, автомашины болон явган хүний замыг эвддэг, замын хашлага, хайшийг том машинаараа даван гарч зогсдог, эвдэж сүйтгэдэг, автомашины жолооч нар нь архидан согтуурдаг, мөрийтэй тоголдог, ил задгай бие засдаг, ахуйн болон ачаа үлдэгдлийн хог хаягдлаа хаядаг зэрэг үйлдлүүд байнга гардаг байсан.

            Би тус газрын хог хаягдлыг цэвэрлэж, хогийг тээвэрлэн зориулалтын цэгт хаяж, шороо асгаж газрыг тэгшилснээс гадна, 90 метр орчим газарт бут сөрөг суулгаж зүлэгжүүлсэн, 32 ширхэг мод тарьж явган хүний зам гаргаж тохижуулсан юм. Дээрх ажлуудыг би өөрийн хөрөнгө хийж гүйцэтгэсэн ба холбогдох фото зураг, санхүүгийн баримтыг  хавсаргасан болно. Ийнхүү нэлээдгүй олон ажлыг хийж, нийт 4.170.00 төгрөгийн нөхөн сэргээлт хийж, тохижуулсан. 2016 оны 9 дүгээр сард Б.Ч******* би дээрх газрын эзэмших хүсэлт гаргасан ч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нь 01/1932 тоот албан бичгээр “ ... таны хүсэлттэй танилцлаа, гаргасан хүсэлтийг тань хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул татгалзсан хариуг үүгээр хүргүүлж байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн. 

Ийнхүү шийдвэрлэлгүй, үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн тул Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн газрын албанаас 3/559 тоот албан бичгээр “ ... танаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ...” гэсэн хариуг ирүүллээ.

Иймд Засаг дарга Д.О******* нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа тул Баянгол дүүргийн Засаг дарга Д.О*******гийн шийдвэрлэхээс татгалзсан уг үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний бие Б.Ч*******д дээрх хаяг бүхий 617,9 м.кв газар эзэмшүүлэх захирамжийг гаргуулж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 онд иргэн Б.Ч******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 617,9 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргасан. Тухайн газрын “Тэхийн зогсоол” гэдэг өнгө үзэмжгүй газар байсан. Өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээж тохижуулсан. Цаашид үргэлжлүүлээд ногоон байгууламж хийхэд болохгүй зүйл байхгүй. Нотлох баримтыг шинжлэн судлах үед нэхэмжлэгчийн зүгээс газрыг нөхөн сэргээсэнтэй холбоотой баримтууд өгсөн. “... “Б” ХХК-иас уг газрыг олгоход манай эрх ашгийг хөндөхгүй, манай байгууллагын үйл ажиллагаанд тав тухтай нөхцөлийг бүрдүүлнэ” гэх тайлбарыг ирүүлсэн байгаа. Мөн хавтас хэрэгт Баянгол дүүргийн Засаг даргаас газрыг зүлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах талаас олгоход татгалзах зүйлгүй гэх албан бичгүүд байгаа. Иймд тухайн нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “...Нэхэмжлэгч Б.Ч*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр хариуцагч тал нэхэмжлэгчтэй харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ хийсэн тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... Б.Ч*******гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт талууд эвлэрэн хэлэлцэж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ч******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “B*******” худалдааны төвийн баруун талд 617,9 м.кв газрын хог хаягдлыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэж, хогийг тээвэрлэн зориулалтын цэгт хаяж, шороо асган газрыг тэгшилснээс гадна 90 метр орчим газарт бут сөөг суулгаж зүлэгжүүлэн, 32 ширхэг мод тарьж явган хүний зам гаргаж тохижуулсан байдаг. Шүүхийн шатанд газар эзэмших эрхтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхэд уг газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлж болохгүй буюу улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр барилга байгууламж барихаар тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй тохиолдолд хууль тогтоомжийн хүрээнд эвлэрлийн  гэрээ байгуулах боломжтой юм. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” хэмээн заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нар нь эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар тухайн газар дээр цэвэрлэгээ хийж, бут сөөг тарьж, газрыг тэгшилсэн баримт байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуульд зааснаар хүний үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэл орж, ашиглалтгүй болсон газрыг өөрийн хүч хөдөлмөрөөр сэргээсэн нь нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч Б.Ч******* нь дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн байдаг. Уг газар эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг дарга судалж үзээд, тухайн газар нь 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн болон аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор газарт ороогүй байна гэх үндэслэлээр газар олгохоос татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Засаг даргатай уулзаж хэрвээ уг газар нь 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах боломжтой, эсвэл уг газрыг төлөвлөгөөнд тусгагдах саналыг тус дүүргийн зүгээс бэлтгэж нэхэмжлэгчид эзэмшүүлж болох тухай ярилцаж тохиролцсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан газар нь “...2016 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хэдий ч ирэх 7 хоногт энэ асуудлыг шийдээд төлөвлөгөөнд оруулна. 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж байгаа газар юм.” Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байгаа” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* нь шүүхэд “Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэн Б.Ч*******д дээрх хаяг бүхий 617,9 м.кв газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.” гэж заасан байх бөгөөд “...Би тус газрын хог хаягдлыг цэвэрлэж, хогийг тээвэрлэн зориулалтын цэгт хаяж, шороо асгаж газрыг тэгшилснээс гадна, 90 метр орчим газарт бут сөөг суулгаж зүлэгжүүлсэн, 32 ширхэг мод тарьж явган хүний зам гаргаж тохижуулсан бөгөөд нийт 4.170.00 төгрөгийн нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд тус газартай холбоотойгоор нилээдгүй олон ажлыг ... гүйцэтгэсэн” гэх нэхэмжлэгч Б.Ч*******гийн тайлбар нь хэрэгт авагдсан фото зураг болон санхүүгийн баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч Б.Ч******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “B*******” худалдааны төвийн баруун талд 617.9 м.кв газрын хог хаягдлыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэж, хогийг тээвэрлэн зориулалтын цэгт хаяж, шороо асган газрыг тэгшилснээс гадна 90 метр орчим газарт бут сөөг суулгаж зүлэгжүүлэн, 32 ширхэг мод тарьж явган хүний зам гаргаж тохижуулсан байдаг” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан газар нь “...2016 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хэдий ч ирэх 7 хоногт энэ асуудлыг шийдээд төлөвлөгөөнд оруулна. 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж байгаа газар юм” гэх тайлбараар тухайн газарт хийсэн тохижуулалтыг үгүйсгээгүй, мөн тухайн газрыг олгох боломжтой болохоо хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэх үндэслэлээр Эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд тухайн “...Эвлэрлийн гэрээнд иргэн Б.Ч*******д 617.9 м.кв газрыг эзэмшүүлэхээр тохиролцсон” байх хэдий ч дүүргийн Засаг дарга тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, мөн хуулийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд хуульд зааснаар тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 617.9 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр захирамж гаргах эрх үүсэхээр байна. 

Мөн “... “Б” ХХК-иас уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгоход манай эрх ашгийг хөндөхгүй, манай байгууллагын үйл ажиллагаанд тав тухтай нөхцөлийг бүрдүүлнэ” гэх тайлбарыг ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүхээс тодруулах ажиллагааг хийх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргаанд аливаа нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/680 дугаар албан бичиг, мөн Нийслэлийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 04/1840 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Ч*******гийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж,  гэрийн бүлийн зориулалтаар газрыг нэхэмжлэгчид олгох боломжтой болохоо илэрхийлж эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд хандсан. Мөн тухайн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “B*******” барилгын материалын худалдааны төвийн баруун талд байрлах газрыг  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор 2017 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах ажиллагаа хийгдэж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” нөхцөл байдал байх тул захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга Д.О*******гийн шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоохыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн  шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол иргэн Б.Ч*******гийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянгол дүүргийн Засаг даргын үйлдэл /захиргааны акт/ хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА