2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/03330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Ч.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т******* ХХК-д холбогдох

Орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Ч.Б*******,

хариуцагчийн төлөөлөгч Э.С*******, 

нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б******* хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан Орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаарджээ.

1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Т******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж орчуулагчийн ажилд томилогдсон. Тус компанид 16 хоногийн хугацаанд ажилласан. Гэтэл захирлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагт wechat-aap ирүүлсэн мэдэгдэлд дараах шалтгааныг дурдан ажлаас чөлөөлсөн байсан ба уг шалтгаан нь ажлын хайрцагтын шалгалтын хугацааны удирдлагын дүрмийн дагуу Хятад хэл ба Монгол хэлний хоорондох орчуулгын точлолт өндөглөн байдаг бөгөөд мэргэжлийн терминологийн орчуулгын алдаа гарч баримтын зохих дамжууллын бэлэглэх өндөглөн байдаг юм, хэсэг хоорондын холбоо баримтлын хамгааллын чадвар дээшлэх шаардлагатай бөгөөд компанийн орчуулгын агууллын өөрчлөлтийн хүсэлтийг дараа нь хариулахгүй байдаг юм. Ерөнхий үнэлгээний үр дүнгээс харахад та одоогоор компанийн орчуулга бүрэлдэхүүн байдлын хамгааллын шаардлагатай байдаггүй юм. Компанийн хэргийн зөвлөлд шалгалтын хугацаа танд дүүрэн байгааг тодорхойлсон бөгөөд хоёр талын ажлын гэрээ 2025 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн дуусгагдсан юм. Та 2025 оны 11 сарын 27-ны өдөр хамгааллын ажлын баримтын бэлэглэл, ажлын барааны буцаалт гэсэн ажлын гарлын холбоотой баримтын бэлэглэл хийх ёстой юм гэсэн байв. Миний бие тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, орчуулгын алдаа гаргаж байгаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөн захирлын мэдэгдэл ирэхээс өмнө ямар нэгэн сануулга, ажлын үнэлгээний талаар огт мэдэгдэж байгаагүй. Түүнчлэн анх ажлын ярилцлагад орохдоо хятад хэл тийм сайн биш гэдгээ хэлсэн. Томилгооны бичгээр ажилд орсон. 2 хоног баярын өдөр таарсан. 5 өдөр захирлын асуудлаар эмнэлэгт дагаж явсан. Би бол 80 хувь орчимтой ойлголцоод явсан.  Орчуулгын алдаатай байна гэдгийн тухайд миний ажил биш байсан бөгөөд, харин Яргуй орчуулагч хийх ёстой байсан ажлыг би сайн дураараа хийсэн. Иймд миний бие орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Э.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь манай компанитай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба ТМС-нэхэмжлэлдээ Т******* ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх 2025-1111-01 дугаар бүхий томилгооны бичгээр ажилд авсан болно. Мөн Ч.Б******* нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, орчуулгын алдаа гаргаж байгаагүй гэх боловч удаа дараа буруу орчуулга хийж байсан болно. Т******* ХХК-ийн ТМС-2025-1111-01 дугаар бүхий томилгооны бичгийн 2-т зааснаар туршилтын хугацаа 3 сар гэж заасан байдаг мөн 6-т зааснаар Хөдөлмөрийн харилцааг цуцлах, дуусгавар болгох гэх заалтад туршилтын хугацаанд ажилд авах нөхцөлийг хангаагүй нь батлагдсан. Ажлын үүргээ ноцтойгоор биелүүлээгүй гэх заалтууд байдаг болно. Т*******  ХХК нь 2025 онд Дизель генераторын байр шинээр барих шаардлага гарч дагалдах барилгуудыг үнийн саналыг Ю******* ХХК-аас авах үед Гал тогооны агуулах гэж буруу орчуулж шаардлагагүй үнийн санал авч манай компанид цаг хугацааны хувьд нөхөж баршгүй гарц учруулж байсан болно.  Ч.Б******* нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хурлын тэмдэглэл хөтөлсөн нь маш их алдаатай бөгөөд чанарын шаардлага хангаагүй тул манай компани нь үндсэн орчуулагчаар шинээр орчуулуулсан. Ч. Б******* нь өдөр тутмын орчуулага болон захирлын хэлсэн зүйлсийг ойлгож байна гэсэн ч юу ч ойлгоогүй байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан "хууль бусаар халсан" гэх нэхэмжлэл нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 /туршилтын хугацаа/-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд тэнцээгүй гэж үзэн хөдөлмөрийг гэрээг цуцалсан тул Ч.Б*******ийг гаргасан нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж  төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөөлтийн тодорхойлолт, Т******* ХХК-ийн ТМС-2025-1111-01 тоот албан бичиг зэргийг ирүүлсэн.  /хх-ийн 3-10/

4. Хариуцагчаас хавтаст хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, орчуулагчийн бичиг баримт, хариу тайлбар, Туршилтын ажилтны сарын үнэлгээний хуудас, Wechat-р бичсэн зурвас, үнийн санал авах хуудас, G******* компанитай бизнесийн хамтын ажиллагааны асуудлаарх уулзалтын тэмдэглэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 14-19, 25-47, 61, 63/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Т******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж орчуулагчийн ажилд томилогдсон. Тус компанид 16 хоногийн хугацаанд ажилласан. Гэтэл захирлын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагт wechat-aap ирүүлсэн мэдэгдэлд дараах шалтгааныг дурдан ажлаас чөлөөлсөн байсан. Миний бие тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, орчуулгын алдаа гаргаж байгаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөн захирлын мэдэгдэл ирэхээс өмнө ямар нэгэн сануулга, ажлын үнэлгээний талаар огт мэдэгдэж байгаагүй. Иймд миний бие орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан.  

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...2025-1111-01 дугаар бүхий томилгооны бичгээр Ч.Б*******ийг ажилд авсан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа орчуулгын алдаа гаргаж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан "хууль бусаар халсан" гэх нэхэмжлэл нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 /туршилтын хугацаа/-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд тэнцээгүй гэж үзэн хөдөлмөрийг гэрээг цуцалсан тул Ч.Б*******ийг гаргасан нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Т******* ХХК-тай 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТМС-2025-1111-01 тоот Томилгооны албан бичгийн дагуу орчуулагчаар ажилд орж, ажиллаж эхэлсэн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-10/

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т “туршилтын хугацаагаар ажиллуулах” гэж заасан ба 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТМС-2025-1111-01 тоот Томилгооны албан бичигт туршилтын хугацааг 3 сар байхаар тогтоож, харилцан тохиролцсон байна.

 

5. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...удаа дараа орчуулгын алдаа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1, 50.2-т зааснаар ажилд тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан...” гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй.

5.1 Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

5.2 Хариуцагч нь Ч.Б*******ийг орчуулагчаар ажиллуулж байх хугацаандаа ямар ажил үүрэг гүйцэтгэх талаарх тодорхой нөхцлийг тохиролцсон талаарх баримтгүй, ажлын байрны тодорхойлолт гэсэн баримтыг ирүүлсэн боловч орчуулагчийн ажлын байранд тавигдах шаардлагад хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

5.3 Нөгөөтэйгүүр, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх туршилтын 3 сарын хугацаанд нэхэмжлэгч орчуулагчаар ажиллахдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, орчуулгын алдаа гаргасан талаар нотолсон баримтыг ирүүлээгүй байх ба хариуцагчийн тайлбар, татгалгалзал үндэслэлгүй байна.

6. Харин нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэх хугацаанд туршилтын 3 сарын хугацаа дууссан байх тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл туршилтын хугацаа дууссан тохиолдолд шүүх ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх эсэх нь ажил олгогчийн эрхэд хамаарна.

 6.1 Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.Б*******ийн туршилтын хугацааны цалинг олгож, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлтэй.

7. Хэрэгт нэхэмжлэгч Ч.Б*******ийн 2025.11.13-наас 2025.11.27-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалинд 2 765 625 төгрөгөөр тооцож, уг дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авагдсан байх ба дээрх хугацаанд 12 хоног ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул дээрх цалингаас 1 өдөрт 230 469 төгрөгийг олгосон гэж үзэхээр байна.

7.1 Иймд Ч.Б*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын 51 хоног цалинд 11 753 919 төгрөгийг /1 өдрийн цалин 230 469 х 51 өдөр/ тоооцож, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 сарын 28-ны өдрийн мэдэгдэл гэх баримтыг мөн өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 30 хоногийн хугацаанд буюу 2025 оны 12 сарын 26-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацаанд байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11 753 919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******д олгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б*******ий ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг Т******* ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б*******ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* ХХК-иас 273 213 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХЖАРГАЛ