Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 617

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Э.Ш,

хохирогч Э.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____ овогт Э-н Ш-д холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн /Файр/ баарны гадна хохирогч Э.Т-г зодож эрүүл мэндэд 2 нүдний зовхи, шанаа, хоолой, зүүн гарын ядам хуруу, зүүн чихний ар талд цус хуралт, шалбаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Тмэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын арван хэдний өдөр байсан байх би сайн санахгүй байна. Тухайн үед би ажлаасаа гарч байсан учраас нэг найзтайгаа Tse пабад уулзах гэтэл найз маань ирж чадахгүй болсон. Би ганц пиво уугаад гаръя гэж бодсон. Намайг 00-д бие засаж байтал Ш орж ирсэн ба бид хоёр танилцсан. Дараа нь Tse пабыг хаахаас өмнө Штэй хамт явж байсан 2 найзтай нь хамт гарсан. Тэгээд хажууд нь байдаг баар руу ороод бид гурав нэг нэг пиво, Ш 200 гр архи авч уусан. Тэгээд Ш “гарч тамхилъя” гэхээр нь “би тамхи татахгүй, хамт хань болж гаръя” гэсэн. Тэгж байхдаа тоглоод “маргааш чам руу утсаар ярихад танихгүй байвал яах юм бэ” гэхэд миний цээж рүү цохиод “би хүнтэй тэгж найзалдаггүй” гэж хэлсэн. Тэгтэл  хамт явж байсан найз нь гарч ирээд “Ш чи болилдоо дандаа асуудал үүсгэх юм аа“ гээд байсан ба найзтайгаа маргалдаж байгаад найз нь явсан. Штэй хамт ажилладаг залуу машиныг нь авчирч өгсөн. Ш “би явлаа, найзыгаа уучлаарай найз нь чамайг хүргээд өгье суучих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд суусан ба тэндээс хөдлөөд эргэж хараад намайг зодоод эхэлсэн. Би “чи яагаад намайг зодоод байгаа юм бэ, хүн зодох хуультай шүү дээ ” гэхэд би тэр хуулийг чинь зохиосон чи тэр хуультайгаа яв гээд байсан..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Шийн өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед манай найз Т сургуулиа төгссөн амралтанд байна гээд дуудсан. Би найз Ж болон Тийн найз охинтой нь цуг Зайсангийн хойно байх амралтанд очсон. Тэгээд тэндээсээ найз Тийг аваад гэрт нь Алтай хотхонд ирсэн. Тэндээсээ гараад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын эцсийн “Цэ” паб руу Т, М, Ж бид дөрөв 22:30 цагийн үед орсон. Ороод 3 литрийн пиво захиалаад М уугаагүй бид гурав хувааж уусан. Ж бид хоёр 00 орсон. Тэгэхэд Жтай зөрөөд нэг залуу 00 орсон. Тэгэхдээ тарваганы мах битгий идээрэй, ахындаа идсэн чинь гүйлгээд болохгүй байна гэж хэлсэн. Ж бид хоёр 00 гараад явсан. Ширээн дээрээ очиж суухад Тийн найз охин М найзынхаа гутлыг аваачиж өгнө гээд М бид хоёр эхлээд Баянхошуу орж манай гэрээс хатгамал авсан. Тэндээсээ  буцаад би Энхбаярын замаар уруудаад уулзварын наана буугаад буцаад “Цэ” паб орсон. Би хоёр найзтайгаа үлдсэн пиво уусан. Ж бид хоёр үүдэнд гарч тамхи татсан. Гадаа 00-д таарсан Т гээд залуу тамхи татаад зогсож байсан. Т хэдүүлээ танилцаад андууд болъё би ганцаараа явж байгаа Ж “чи яасан зүгээр үү ганцаараа явж байгаа юм уу” гэсэн. Тэгэхэд Т “эхнэртээ хөөгдөөд явж байна” гэсэн.  Тэгэхээр нь яагаад хөөгдсөн юм гэхэд ажлаасаа халагдсан гэж хэлсэн тэгээд бөөнөөрөө найзууд болоод ууж идье гэсэн. М хойноос буцаад ирсэн байсан. Т М хоёр хойноос гарч ирээд “бид хоёр явлаа” гэсэн би машинаа бариулахаар Т гээд найзыгаа дуудсан байсан ирсэн байсан. Т, М, Т нар цуг явсан Т миний машиныг 19-р хорооллын тэндээс авчирахаар явсан. Т гэдэг залуутай Ж бид хоёр үлдсэн. Т гэдэг залуу бид хоёртой танилцсан гээд Цэ паб орж 3 шилтэй Сэнгүр пиво авчирсан. Бид гурав Кровн баар орохоор явах замдаа пиво уугаад явж байхад Т бид хоёрыг утасны дугаараа өгчих гэсэн Ж дугаараа өгсөн би хамаагүй хүнд дугаар өгдөггүй гэсэн. Тэгсэн чи миний дугаар луу залга даа гээд би дугаар луу нь залгасан.

Манай найз Т намайг юмаа сайн шалгаарай гэсэн. Би Т гэж залууг машинд суучих гэр лүү чинь дөхүүлээд өгье гээд тэндээс хөдөлсөн. Би юмнуудаа үзэхэд гар утасны дэлгэц хагараад цаг байхгүй байсан болохоор Тгаас машины ард сууж байхад нь миний цагийг харсан уу гэхэд Т “би яаж мэддэгийн гээд нилээн ууртай өнгөөр харьцсан. Би тэгэхээр нь чамаас зүгээр асууж байхад чи яагаад уурлаад байгаа юм гэхэд өөдөөс би яасан юм гээд уурласан. Тэгээд бид хоёр муудалцаад эхлээд би хөлрүү нь нударсан. Хацар луу нь гараараа цохиход намайг зөрүүлээд цээж рүү цохиод дух руу нэг удаа цохисон. Би өөдөөс нь дахиад цохисон. Би тэгээд аавынх руугаа хүргүүлэхээр Баянхошуу руу явсан. Гудамжинд Түвшизаяа бид хоёр буугаад хэл амаа ололцоод буцаад гудамнаасаа гараад зам дээр очоод такси бариад Тгийн гэр лүү явсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Т-гийн өгсөн:

            “...2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн үед би ганцаараа Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах "Цэ” пабад ороод 1 шил пиво авч ууж байгаад Ш, Жавхаа гэдэг хоёр залуутай танилцаад дахиад нэг нэг шил Сэнгүр пиво аваад уугаад сууж байгаад тэндээс гараад хажууд нь байрлах “Файр" паб руу орсон. Тэнд 2-3 пиво уугаад байж байхад Шгийн найз гэх Түвшээ гэдэг залуу орж ирсэн. Бааранд байж байгаад тамхилах гээд Ш, Жавхаа бид нар гарахад Ш намайг 2 удаа цээж рүү цохисон. Тэгэхэд Жавхаа Шг хүн зодлоо гээд Жавхаа нь уурлаад явсан. Тэндээс 04 цаг болгоод гараад Түвшээ гэх залуу Шгийн машиныг барьж байсан намайг гэрт хүргээд өгье гэсэн. Тэгээд машинд нь суугаад хөдлөөд явсан. Тэгээд Ш Түвшээ хоёр урд нь суугаад би ард суусан. Гэнэт Ш эргэж хараад чи миний цагийг авсан гээд цохиод зодож эхэлсэн. Нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгснээ гэр хороолол руу машинтайгаа очоод чирж буулгаад дээрээс дэвслээд тархи толгой руу өшиглөөд дэвсээд цохисон. Түвшээ гэх залуу нь боль гэхэд Ш нь бид хоёр цуг араас чинь яваад очъё гээд Түвшээ машинаа аваад явсан. Ш бид хоёр такси бариад манай гэрт 05 цаг 30 минутад ирсэн. Би гэртээ ганцаараа байгаа манай гэрт очиж архи ууя гэж худлаа ярьж авчирсан. Тэгээд эхнэр Удвалыг гадаа дуудаад энэ залуу намайг гэр хороололд машиндаа зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40-42, 47-48/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Ты өгсөн:

            “...2018 оны 05-р сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн үед ажлаа тараад хорооллын эцэсрүү найз Шрүү очсон. Хорооллын эцэст байх Цэ гэх баарны гадаа очиж найзтайгаа уулзахад хамт нэг танихгүй залуу байсан тухайн үед нэрээ хэлж байсан би одоо сайн мэдэхгүй байна. Би найзаасаа юун хүнтэй байгаа юм гэж асуухад саяхан танилцсан жоохон асуудалтай явж байна гээд танилцаад уусан юм гэж байсан. Бид нар тэндээсээ Кровн гэх нэртэй бааранд хамт очоод тэд нар пиво авч би ус авч уусан ингээд тэндээсээ 03 цагийн үед гарч хойд талд байх Файр нэртэй баарлуу орсон тэнд нэг нэг шил пиво ууцгаасан байх би юм уугаагүй тэндээсээ 04 цагт гараад найзынхаа машинд хамт сууж би жолооны ард суусан. Найз Ш надаа түрийвчээ өгөөд хадгалчих гэхээр нь чи юмаа сайн бүртэг гэхэд цаг нь алга болсон байхаар нь би найзыгаа загнасан. Тэгээд машинд үзэхэд байхгүй байсан бугуйнд байсан цаг чинь чи тайлахгүй бол хэн авдаг юм бэ гэхэд нөгөө залуугаас Ш цагаа асуусан тэгэхэд би яаж тэр цагийг чинь мэддэг юм гээд уурлангүй тэр залуу хэлэхээр нь Ш чи хөгшөөн яаж яриад байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Манай найзыг нөгөө залуу хойшоо суучих энд ярья гэхэд Ш урд сууж байснаа хойд талын суудалруу орж эхлээд эвтэйхэн ярилцаж байснаа машин дотор зодолдоод эхэлсэн чухам хэн нь эхэлж цохисныг бол хараагүй би урд сууж байсан. Би болиулах гэхэд салж өгөхгүй байсан би найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр хөдөлсөн нөгөө залуу хамт суугаад явж байсан нөгөө хоёрыг Баянхошуунд байх найзынхаа гадаа хүргэж өгөөд би машиныг хөдөлгөөд булан тойроод зогсоод буугаад харахад нөгөө хоёр маргалдаад байснаа больж хамт замруу алхаад такси бариад яваад өгсөн би машин дотор унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Э.Т-гийн биед 2 нүдний зовхи, шанаа, хоолой, зүүн гарын ядам хуруу, зүүн чихний ар талд цус хуралт, шалбаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 32/,

 

Шүүгдэгч Э.Шийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн /Файр/ баарны гадна хохирогч Э.Т-г зодож эрүүл мэндэд 2 нүдний зовхи, шанаа, хоолой, зүүн гарын ядам хуруу, зүүн чихний ар талд цус хуралт, шалбаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Шийн “...Тгаас машины ард сууж байхад нь миний цагийг харсан уу гэхэд Т “би яаж мэддэгийн гээд нилээн ууртай өнгөөр харьцсан. Би тэгэхээр нь чамаас зүгээр асууж байхад чи яагаад уурлаад байгаа юм гэхэд өөдөөс би яасан юм гээд уурласан. Тэгээд бид хоёр муудалцаад эхлээд би хөлрүү нь нударсан. Хацар луу нь гараараа цохиход намайг зөрүүлээд цээж рүү цохиод дух руу нэг удаа цохисон. Би өөдөөс нь дахиад цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Э.Т-гийн “...2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Ш эргэж хараад чи миний цагийг авсан гээд цохиод зодож эхэлсэн. Нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгснээ гэр хороолол руу машинтайгаа очоод чирж буулгаад дээрээс дэвслээд тархи толгой руу өшиглөөд дэвсээд цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.Ты “...2018 оны 05-р сарын 14-15-нд шилжих шөнө ... Ш урд сууж байснаа хойд талын суудалруу орж эхлээд эвтэйхэн ярилцаж байснаа машин дотор зодолдоод эхэлсэн чухам хэн нь эхэлж цохисныг хараагүй би урд сууж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6367 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Шөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Тнь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаагүй байх ба шүүх хуралдаанд “...805.000 төгрөг шүүгдэгчээс авсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Шийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Э.Тнь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлж байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  Э.Шөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 7 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Шөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ______ овогт Э-н Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Шийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Шийн торгох ялыг биелүүлэх хугацааг 7 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Тнь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Шөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ