| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2022/03149/И/Н |
| Дугаар | 192/ШШ2026/03329 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/03329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:М*******д холбогдох,
2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 162 809 222 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2021 оны оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл илүү 7309 цагийн хөлс гаргуулах,
М*******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалын биелэлтийг хангуулах, 50 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т*******,
хариуцагчийн төлөөлөгч Б.М*******, Х.Э*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М******* хариуцагч У*******д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 162 809 222 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2021 оны оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл илүү 7309 цагийн хөлс гаргуулах, 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/338 дугаар “Тушаал хүчингүй болгуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг,
хариуцагч У******* М*******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалын биелэлтийг хангуулах, 50 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбараа, хуулийн зүйл заалттай бичгээр гаргасан байгаа. У******* хувь нийлүүлсэн нийгэмлэг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 тоот тушаалаар Д.М*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг, цуцалж сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд 2 үндэслэл дурдсан бөгөөд Д.М*******г шагнал авсан, шагнахтай холбоотой хэм хэмжээ болон албан бичиг, бичиг хэрэг хөтлөхтэй холбоотой тогтоосон хэм хэмжээг зөрчиж, 50,000,000 төгрөгийг авсан гэж, мөн ажил тасалсан, нийлбэр дүн 4-өөс дээш өдөр хүрсэн гэсэн үндэслэлээр Д.М*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан. Д.М*******г хууль зүйн албаны дүрэм, У*******-ын ажилтнуудыг шагнахтай холбоотой хэм, хэмжээг албан бичиг хэрэг хөтлөхтэй холбоотой хэм, хэмжээг зөрчиж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэг сарын цалин хөлснөөс хэтэрсэн хохирол буюу 50,000,000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр авч, нийгэмлэгт хохирол учруулсан гэж тушаалдаа дурдсан байдаг. Д.М******* нь У*******-ийн хуулийн албаны орлогч даргаар 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд түүний ажлын чиг үүрэгт ямар нэгэн тушаал, шийдвэр бие даан гаргах, санхүүгийн бичиг баримтад 1,2 дугаар гарын үсэг зурах, түүнчлэн замын даргаас надад ямар нэгэн эд хөрөнгө мөнгө төгрөг хадгалуулаагүй, захиран зарцуулах эрх надад олгогдоогүй. Бид нарт өөр ямар нэгэн санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурах мөнгө төгрөг захиран зарцуулах, У*******-д байдаг тэр мөнгийг шууд авах эрх хэмжээний хүмүүс биш юм. Мөн 4 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан гэдэг асуудал яригддаг. Энэ тушаалын үндэслэлийг гаргасан, хянасан, энэ тушаалыг гаргасан эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед ковидын нөхцөл байдалд 2021 онд ажиллаж байгаагүй хүмүүс юм. 2020 онд ковидын нөхцөл байдал Монгол даяар халдвар өргөн дэлгэрч, улсын онцгой комисс болон засгийн газраас тогтоол гарч, ажлын байранд ажиллах ажилтнуудын дэг журам, түүнчлэн хурал цуглааны дэг журам, онцгой дэг журмыг тогтоож ажиллаж байсан. Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн тогтоолоор аж ахуй нэгж байгууллага онцгой дэглэм тогтоож ажлын байранд ажилтнуудаа 50:50 ажиллуулж байсан бөгөөд ажилтнуудаа онлайнаар буюу зайнаас ажиллуулах гэсэн шийдвэрийг өгсний дагуу У*******-ийн нэгдүгээр орлогч дарга эдгээр шийдвэрийг үндэслэн ажлын байранд тусгай дэг журмыг тогтоосон байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 31-ны А726 шийдвэрээр /хавтас хэргийн 184-185 талд байгаа/ алба, хэлтэс нарын ажилтнууд 50 хувь нь зайнаас, 50 хувь нь ажлын байранд ажиллах шийдвэр гаргасан. Үүний дагуу алба дотоодоо зохион байгуулалт хийгээд, долоо, долоо хоногоор ажилтнуудаа хоёр хувааж ажиллуулсан. 50 хувь энэ долоо хоногт зайнаас, 50 хувь нь ажлын байр дээрээ ирж ажиллахыг үүрэг, даалгавар өгсөн. Үүний дагуу У*******-ийн хуулийн алба 2021 оны 09 дүгээр сараас эхлэн, 2022 оны 03 дугаар сар хүртэл тусгай горимоор ажиллаж байсан. Үүний дагуу миний бие тодорхой өдрүүдэд зайнаас болон ажлын байр дээрээ ирж ажиллаж байсан. Хавтас хэрэгт зайнаас ажиллаж байсан, хэзээ ажлын байр дээр ирж ажиллаж байсан талаар холбогдох нотлох баримтууд авагдсан. 3. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр У******* дарга Хэрлэн гэдэг хүн томилогдож ирсэн. Хэрлэн дарга томилогдож ирээд У*******-ийн санхүү хүндрэлтэй байгаа учраас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж удирдах албан тушаалтнууд сард 3 өдөр цалингүй чөлөө авах, ажилтнуудын 20 хүртэлх хувийг сул зогсолтод хамруулах үүрэг, даалгавар өгсөн. Үүний дагуу 2022 оны 1,2,3 саруудад сар болгон 3 өдөр цалингүй чөлөө авсан. Зарим өдөр сул зогсолтод хамрагдсан. Энэ хуваарийн дагуу ажиллаж ирсэн. Үүний талаар нотлох баримтаар хэрэгт өгсөн. У-ийн дарга Х.Хэрлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/338 тушаал хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд энэ тушаалыг өөрсдөө хүчингүй болгосон байдаг. АТГ-д шалгаж байгаа шалтгаанаар энэ хэргийн ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хамааралгүй. Учир нь энд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг л хянах бөгөөд ажил олгогч нь гаргасан зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр, эрүүгийн журмаар шалгуулсны дараа шийдвэрлүүлэхээр маргаад байгааг ойлгохгүй байна. Иймд М*******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 162 809 222 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2021 оны оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл илүү 7309 цагийн хөлс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 1-3 сард л шагнал олгодог байтал журмаас илүү олгосон нь тушаал зөрчсөн. Тушаалын хувьд нийцүүлэх зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн. Яллагдагчаар татах тогтоол гарч, хүчингүй болж мөрдөн байцаалтад буцаасан. Уг тушаалын үндэслэлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж дуусаагүй байгаа тул үүнийг анхаарч үзнэ үү. Зайнаас ажиллах журмын тухайд 3 хоног ажил тасалсан байдаг, бүртгэлээ хийгээгүй учраас дотоод хяналтаас тогтоосон байдаг. Амрах эрхээ эдлэхдээ цаг бүртгэлийн системдээ бүртгүүлээгүй нь ажил тасалсан гэж үзэж байна гэв.
2.1 Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ямар мөнгөн дүнгээр хохирол учруулсан бэ гэдгийг эрүүгийн журмаар тогтоогоогүй тул тогтоосны дараа шийдвэрлүүлэх боломжтой. Шүүгчээс хуульд заасан үндэслэлээр татгалзаж байна гэв.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: У-ээс Д.М*******д холбогдуулан Замын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11/45 дугаартай тушаалын биелэлтийг хангуулах, ОХУ ба Монгол Улсын хамтарсан комисс У 2021 оны үйлдвэрлэл санхүүгийн үйл дүгнэлтийн биелэлтийг шалгалтын дүнгээр хангуулахаар 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/II/45 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, 131 дүгээр зүйлийн 131.1.2,, Монгол Оросын хувь нийлүүлсэн "У*******" нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.6, 14.1. хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.8, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.7 "У*******"-ын дүрмийн 22 "а", "з", "и" заалт, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан. Д.М*******г ажил үүрэг гүйцэтгэж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/ІІ/159 дугаартай тушаалын талаархи мэдээлэл цахим орчинд тархсан. Замын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ асуудлыг судлан шалгах явц 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэхүү тушаал гэх зүйлийг эх хувийг олж авсан ба үүнийг шийдвэрийнхээ эцсийн гүйцэтгэсэн этгээд нь Д.М******* байх бөгөөд энэ явцад Хууль зүйн албаны дүрмийн 5.2.7-д "хуульчид өөрийн гаргасан хариуцлагыг өөрөө хүлээж ажиллах" гэж, 5.3.5-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэж 5.3.6-т "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэж заасныг зөрчин албаны хуульч хянаагүй байхад тушаал шийдвэрийн ноорог хувьгүй, замын нэгдүгээр орлогч дарга, замын орлогч дарга болон санхүүгийн албаны дарга нар орос хүн байхад гадаад харилцааны албаар орчуулга хийлгээгүй, орчуулгагүй тушаал дээр гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан. Түүнчлэн Д.М******* нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/ІІ/159 дугаартай тушаалын дагуу хууль бусаар 50 000 000 төгрөг авсан болох нь тогтоогдсон ба тухайн тушаалд мөнгөн дүн байхгүй, У-ийн шагнал нь зөвхөн Замын даргын сангаас гарах дүрэм журамтай байхад "төсөл хэрэгжүүлэх нэгжээс тооцон олгож, зам засварын машинт станцтай хоорондын тооцоогоор тооцох" гэсэн зохицуулалт хийсэн энэ тушаалын хавсралт гэх баримт ч өнөөдрийн хүртэл олдоогүй, харин Төсөл хэрэгжүүлэх нэгжээс шилжүүлэн хууль бусаар авсан нь санхүүгийн баримтаар тогтоогдсон. У нь 2 улсын хувь нийлүүлсэн хөрөнгө тул 2 улсаас тэгш эрхт комисс ажиллаж санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт, зөвлөмжөөр 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/ІІ/159 дугаартай тушаал гэх зүйлийг ашиглан нийгэмлэгт учруулсан хохирлыг буцаан төлүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн. У-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс шууд гүйцэтгэсэн ажлын зардал гэж мөнгөн хэзээ ч олгохгүй бөгөөд хэзээ ч шагнал урамшуулал гэж үзэхгүй билээ. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ІІ/45 дугаартай тушаалын өөрийн сайн дураар барагдуулах боломжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т "Ажилтан энэ хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй" мөн зүйлийн 133.2-т "Ажилтны учруулсан хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр талууд харилцан тохиролцож болно" гэж зааснаар олгосон боловч биелүүлсэнгүй тул шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 50 000 000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн баримтыг бид өгсөн тул энэ шаардлага үндэслэлгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Засаг даргын 2022.06.15-ны өдрийн 09/1085 тоот албан бичиг, 2022.05.27-ны өдрийн №08 дугаар У ХХН-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, М*******ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/2/45 дугаар “Д.М*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Хууль зүйн албаны ажилтнуудын 2021 оны 11-р сар, 2022 оны 01-р сар, 2022 оны 02-р сар, 2022 оны 03-р сард ажиллах хуваарь, М У******* нийгэмлэгийн дүрэм, Д.М*******гийн 2021 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, 2018.02.27-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл, Д.М*******гийн 2022.02.08-ны өдрийн тайлбар, Т ХК-ийн 2021.04.28-ны өдрийн №01 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, 2021.04.28-ны өдрийн №03 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, 2021.04.28-ны өдрийн №04 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, 2021.04.28-ны өдрийн №01 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын тогтоол, У******* нийгэмлэгийн 2022.04.26-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2022.04.27-ны өдрийн 24/60 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2022.04.22-ны өдрийн Б/2/45 дугаар “Д.М*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, 2019.08.19-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2021.11.23-ны өдрийн Б/2/159 тоот Урамшуулал олгох тухай тушаал, хавсралт, Хурлын тэмдэглэл, 2022.02.15-ны өдрийн Хурлын тэмдэглэл, 2022.03.28-ны өдрийн Мэдэгдэх хуудас, Тайлбар гаргах тухай, У-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид явуулсан аудитын шалгалтын тайлан, Удирдлагын хариуцлагын батламж мэдэгдэл, У-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид явуулсан төлөвлөгөөт шалгалтын тайлангийн нэгтгэл, У-ийн Дотоод хяналт шалгалтын албаны аудиторын 2022.01.28-ны өдрийн Т-63/03/02 тоот акт, 2022.01.28-ны өдрийн Т-63/03/03 тоот акт, хавсралт, Хэлэлцээр, У-ийн дүрэм, У-ийн даргын 2016.11.24-ний өдрийн А-363 дугаар Журам батлах тухай тушаал, У-ийн шагнал урамшуулал олгох журам, У-ийн 2018.04.06-ны өдрийн А-157 тоот Дүрэм хүчингүй болгож, шинэчлэн батлах тухай тушаал, Удирдах ажилтны ёс зүйн дүрэм, У-ийн 2019.05.21-ний өдрийн А-251 тоот Бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаал, Хууль зүйн албаны дүрэм, 2021.11.01-ний өдрийн А/850 тоот Журам батлах тухай тушаал, У-ийн Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Нийслэлийн прокурорын газрын 2024.10.07-ны өдрийн 12 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2025.10.07-ны өдрийн Ц-2/4723 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Авлигатай тэмцэх газрын 2025.01.23-ны өдрийн 06/1482 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024.10.07-ны өдрийн 12 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, Дундаж цалин хөлс тодорхойлох журам, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг ирүүлсэн байна. /1хх-ийн 4-40, 62-141, 2хх-ийн 213, 3хх-ийн 76-79, 104, 126-134, 157-158 /
6. Хариуцагчаас хавтаст хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, У-ийн 2022.04.22-ны өдрийн Б/2/45 тоот тушаал, Авлигатай тэмцэх газрын 2022.06.15-ны өдрийн 06/8267 тоот албан бичиг, У-ийн 2021 оны Үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, 2021.11.01-ний өдрийн А/850 тоот Журам батлах тухай тушаал, 2016.11.24-ний өдрийн А/363 тоот Журам батлах тухай тушаал, У-ийн шагнал урамшуулал олгох журам, Авлигатай тэмцэх газрын 2022.04.20-ны өдрийн 05/5380 тоот албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016.10.20-ны өдрийн 101 тоот Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай тушаал, хавсралт, У-ийн 2022.01.21-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид явуулсан аудитын шалгалтын тайлан, хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, У-ийн 2021.11.23-ны өдрийн Б/2/159 тоот Урамшуулал олгох тухай тушаал, У-ийн Ёс зүйн хорооны 2022.04.06-ны өдрийн 01 тоот дүгнэлт, ажилласан цагийн хүснэгт, У болон МТЗ-ЧДЫН ҮЭ-ийн холбооны 2020 оны хамтын гэрээ, Цахим мэдээллийн эйбл системийн бүртгэлийн хүснэгт, 2022.04.22-ны өдрийн Б/2/45 тоот тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, У-ийн гэрчилгээ, дүрэм зэргийг ирүүлсэн байна. /1хх-ийн 46-53, 154-155, 176-201, 223-250, 2хх-ийн 1-2, 198, 205-208, 233-249, 251, 3хх-ийн 1-2, 110, 120-124 /
7. Шүүхээс талуудын хүсэлтээр У-ээс 2021.12-р сарын цалингийн карт, 2022.09-р сарын цалингийн карт, У-ийн 2016.11.24-ний өдрийн А-363 тоот Журам батлах тухай тушаал, У-ийн шагнал урамшуулал олгох журам, У-ийн 2021.06.30-ны өдрийн А/600 тоот Тушаал, 2019.05.21-ний өдрийн А-251 тоот тушаал, Хууль зүйн албаны дүрэм, 2021.08.31-ний өдрийн А/726 тоот тушаал, 2021.05.31-ний өдрийн А/545 тоот тушаал, 2021.04.29-ний өдрийн А/440 тоот тушаал, 2022.02.15-ны өдрийн №02 тоот Хуралдааны тэмдэглэл, Хэлэлцээр, У-ийн Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам, У-ийн хөдөлмөрийн дотоод журам, У-ийн 2022.04.27-ны өдрийн 24/60 тоот Мэдэгдэл, гэрчээр З.Оийг асуусан тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газраас 2026.02.06-ны өдрийн Ц-2/1227 тоот албан бичгийг хэрэгт хавсаргасан байна. /2хх-ийн 120-197, 211-212, 3хх-ийн 42-46, 154/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.1 Нэхэмжлэгч Д.М******* хариуцагч У*******д холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/338 дугаар “Тушаал хүчингүй болгуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Замын нэгдүгээр орлогч даргын Б/М//159 дугаар тушаалаар олгогдсон шагнал урамшууллыг өөрийн эрх хэмжээг хэтрүүлж авсан гэж буруутган ажлаас чөлөөлж, мөн энэ үндэслэлээр АТГ-т шалгуулсан. Энэ ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл АТГ-т шалгаж байгаа асуудалд хамааралгүй. Мөн 4-өөс дээш өдөр ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2021 оны оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл илүү 7309 цагийн хөлс гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Байгууллагын журамд зааснаас илүү урамшуулал олгож тушаал гаргасан. Тушаалын хувьд нийцүүлэх зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн. Зайнаас ажиллах журам зөрчиж, 3 хоног ажил тасалсан, бүртгэлээ хийгээгүй болохыг дотоод хяналтаас тогтоосон байдаг. Амрах эрхээ эдлэхдээ цаг бүртгэлийн системдээ бүртгүүлээгүй нь ажил тасалсан гэж үзэж байна. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Д.М******* нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр У******* ХХН-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Хууль зүйн албаны орлогч даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний бүртгэлийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-24/
4.2 Харин тус нийгэмлэгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, 131 дүгээр зүйлийн 131.1.2, М*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.6, 14.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.8, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.7, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У*******ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”, “и” заалт, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хууль зүйн албаны орлогч дарга Д.М*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг дээрх Б/2/45 тоот тушаалд баримталсан хэдий ч хэрэгт авагдсан баримтаар хуулийн заалтын аль үндэслэлээр Д.М*******г ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байх ба энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
5. Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
5.1 Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан Д.М*******г чөлөөлсөн тушаалын үндэслэлд энэ талаараа заагаагүй байна.
6. Хариуцагч тал татгалзлын үндэслэлдээ “...У нийгэмлэгийн ажилтныг шагнахтай холбоотой тогтоосон хэм хэмжээ, албан хэрэг, бичиг хэргийг хөтлөн явуулахтай холбоотой тогтоосон дотоод хэм хэмжээг зөрчиж 50 000 000 төгрөгийг хувьдаа хууль бусаар авч нийгэмлэгт хохирол учруулсан, 4-өөс дээр өдөр ажил тасалсан нь үйл баримт тогтоогдсон ба энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.6, 14.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.8-т заасан заалтуудыг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж, Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд энэ үндэслэлийг тохирсон гэж тайлбарласан.
6.1 Хэрэгт баримтаар авагдсан У*******ын Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/2/159 тоот тушаалаар хавсралтад заагдсан 15 нэр бүхий ажилтнуудыг төслийн тодорхой хувь, мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар шийдвэрлэсэн байх ба хариуцагч уг тушаалтай холбоотой эрүүгийн журмаар гомдол гаргаж, энэ талаар эрүүгийн журмаар ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон.
6.2. Нийслэлийн прокурорын газрын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ц-2/1227 тоот албан бичигт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана гэж хуульчилсан. Иймд захирамжид дурдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаагүй байх тул хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна...” гэжээ.
6.3 Иймд дээрх эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж буй нь нэхэмжлэгч Д.М*******г ажлаас чөлөөлсөн тушаалд хамааралгүй байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.
7. Хэрэгт У*******ын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/545 дугаар “Ажлын тусгай горимоор ажиллах хугацааг сунгах тухай” тушаал, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/726 дугаар “Ажлын тусгай горимоор ажиллах хугацааг сунгах тухай” тушаалууд авагдсан ба уг тушаалуудаар ажилчдыг Ковид-19 цар тахлын үед зайны ажлын горимоор ажиллуулахаар шийдвэрлэсэн, ажиллах цагийн хуваариар ажиллаж байсан байх ба нэхэмжлэгч Д.М*******гийн ажил тасалсан өдрүүдийн нийлбэр нь 4-өөс дээш өдөр ажил тасалсан нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
7.1. Тодруулбал, нэхэмжлэгч Д.М*******г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 4-өөс дээш өдөр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж ажил олгогч тайлбарлаж байх хэдий ч хариуцагч нь ажил тасалсан шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
8. Дээрхээс дүгнэхэд Д.М*******г ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх буюу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх олговор 162 809 222 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
8.1 Нэхэмжлэгч Д.М*******гийн цалинг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь нэг сард 3 464 026 төгрөг /2 946 027.50+3 030 880.27+4 415 172.33=10 392 080/3/, нэг өдөрт ноогдох цалин 176 137 төгрөг /3 464 026:19,6 хоног/ байх тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны нийт 924 өдрийн/2022.04.22-ноос 2026.03.26/-ийн олговорт 162 809 222 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
9. Харин нэхэмжлэгч нь 2021 оны оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл илүү 7309 цаг ажилласан бөгөөд ажлын хөлс гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь дээр хугацааны илүү цагийг ажил олгогчоос тавьсан шаардлагын дагуу ажилласан эсэх, түүнчлэн уг илүү ажилласан цагт ажлын хөлс аваагүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдогүй байна.
10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч тал “...М*******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2/45 дугаар тушаалын биелэлтийг хангуулах, 50 000 000 төгрөг гаргуулах...” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.М******* 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45 000 000 төгрөгийг УБТГ-ын Төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж дүгнэв.
11. Нэхэмжлэгч Д.М******* нь дээрх маргаанд М*******ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг тус комисс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна./хх-ийн 6-13/
11.1 Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандаж, улмаар 2022.06.15-ны өдрийн 09/1085 албан бичгээр хариуг авснаар, шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргасан байна.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, хариуцагчийн төлөөлөгч Б.М******* нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******г У*******ын Хууль зүйн албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М*******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 162 809 222 төгрөгийг гаргуулж, Д.М*******д олгож, илүү цагийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М*******ын 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.М******* биелүүлснийг баталж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг М*******д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М*******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1 042 196 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.М*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч М*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ