Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/172

 

                                                                                                           

 

 

 

  2026           02             04                                                                           2026/ДШМ/172

 

Н.А-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ы өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2631 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А- болон түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А-эд холбогдох 2308 00000 1322 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Ц- овгийн Н- А-, ......, /РД: Н-/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Н- 36 дугаар гудамжны 33 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас А.А-гийн толгойн тус газар цохиж, тархины битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас А.А- амь насаа алдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 компакт диск, хумс нийт 19 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал тус тус хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ээс 3.216.685 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Би 2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 23-ны хооронд талийгаач А.А-тэй хамт байсан. 07 дугаар сарын 19-ний шөнө Д.О- бид хоёр хоорондоо маргалдаж, хэрүүл хийж байхад талийгаач миний толгой руу архины шилээр цохиж, би талийгаач найзынхаа баруун хацарт нэг удаа цохисон. Тэр орой бид 3 эвлэрч 1 шил архи хувааж уугаад амарцгаасан. 07 дугаар сарын 20-ноос 21-нд цуг байсан, хамт байх хугацаанд толгой бие нь өвдсөн гэж юм яриагүй, зүгээр байсан. 07 дугаар сарын 23-ны өдөр миний бие Төв аймгийн Заамар суманд байрлах ажил руугаа явах болсон бөгөөд миний хувцас хөнжил талийгаач найзынд байсан болохоор даргын хамт ирж авахад талийгаач үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй дөрвүүлээ архи ууж байсан. Хувцасаа аваад гарахад талийгаач араас гарч ирээд “намайг ажил руугаа хамт аваад яваач ээ” гэж гуйсан би даргадаа хэлтэл “эрүүл саруул болсон үедээ утсаар ярь” гэж хэлээд явсан. Бид хоёрыг хөдлөөд удаагүй байхад талийгаач залгаад намайг хүрээд ирээч ээ, энэ хоёр залуу зодох гээд байна гэж утсаар ярьсан. Тэгээд архи ууж байсан болохоор буцаж очиж чадаагүй. Буцаж очоогүйдээ одоо маш их харамсаж байна. Бид хоёрын маргаанаас болоод талийгаач маань амь эрсэдсэн гэж бодохгүй байна. Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... хувийн таарамжгүй харилцааны улмаас А.А-гийн толгойн тус газар цохиж, тархины битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас А.А- амь насаа алдсан гэж дүгнэхдээ шийтгэх тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг болон нотлох баримтын харилцан зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй нь үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Бидний үйлчлүүлэгч Н.А- нь 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө амь хохирогч А.А-, Д.О- нартай таарамжгүй байдлын улмаас маргалдаж, зодолдсон нь үнэн боловч хохирогч А.А-гийн биед тогтоогдсон хүнд гэмтлийг учруулаагүй буюу ийм хэмжээний хүнд гэмтэл учрахаар зодож, цохиогүй, 07 сарын 24-ний өдөр даргатайгаа ажил руугаа явах үед талийгаач өөрийг нь хүн зодоод байна, ирж туслаач гэж ярьсан учир өөр хүмүүст зодуулж гэмтэл авсан байж болзошгүй байна гэж мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл мэдүүлж ирсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө амь хохирогч А.А-, Д.О-, Н.А- нар нь хоорондоо маргалдан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч амь хохирогч А.А-гийн биед учирсан хүнд гэмтэл Н.А-ийн дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Шинжээчийн 2070, 765 дугаар дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь 5-7, 3-7 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой гэж гарсан бөгөөд амь хохирогч А.А- нь Н.А-тэй зодолдсон өдрөөс дариу 12 хоногийн дараа нас барсан байдаг. Амь хохирогчийн биед зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус харвалт, чамархайн зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, цээжний урд зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн сарвуунд цус хуралт, баруун тохой, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон буюу тархины гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт буюу нэг талдаа байна. Харин гэрч Х.Н-гийн “... 2023 оны 07 сарын 23-ны өдөр амь хохирогч манай дэлгүүрт орж ирэх үед баруун нүд нь хөхөрчихсөн байсныг манай охин А- харсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ийн “...Тэгээд талийгаач А- ахын нүүрийг хартал баруун талын нүд нь хөхөрсөн байхаар нь О- ах юу болсон талаар асуухад найз нартайгаа маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.О-ын “... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн үед А- дэлгүүрийн гудамжид талийгаач болон С-, намхан нуруутай залуу, өндөр залуутай таарахад талийгаачийн баруун талын нүд хөхөрч хавдсан байхаар нь наад нүдээ яасан юм бэ гэж асуухад бид нар хоорондоо маргалдсан юм аа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан камерын бичлэг зэргээс талийгаач нь Н.А-, Д.О- нартай зодолдсоны дараа баруун нүдэндээ хөхрөл гэмтэл авсан байх бөгөөд талийгаачийн тархины зүүн талд учраад буй гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Н.А- нь 2023 оны 7 сарын 24-ний өдөр өөрийн дарга Д.Баасандоржтой ажил руугаа явсан бөгөөд үүнээс хойш талийгаачийн нас барсан өдөр болох 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл талийгаач хаана, хэнтэй байсан болон дахин архи уусан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдэж, ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл Н.А-ийг талийгаачийн гэрээс явсны дараа ч талийгаач А.А- нь бусадтай архи согтууруулах ундаа хэрэглэсээр байсан болох нь гэрч Д.Б-ийн “...Н.А- нь айлд хувцсаа үлдээчихсэн очиж авна гээд надтай хамт А- дэлгүүрээс ертөнцийн зүгээр зүүн хойшоо ойролцоогоор 700-800 м яваад нэг монгол гэртэй айлд очсон бөгөөд тэр үед гэрт нэг эмэгтэй, 3 залуу байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.С-базарын “...2023 оны 7 сарын 25-ны өглөө О- ирээд бид хоёрт 1 шил архи авч өгөөд өөрөө уугаагүй явсан. Хамтран амьдрагч А.А- бид хоёр уугаад үлдсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-ын “... Хамгийн сүүлд 2023 оны 7 сарын 30-ны өдөр 11 цагт ирэхэд согтуу явж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын “...Тэрнээс хойш уулзалдахгүй байж байгаад 7 сарын 27-ноос 28-ны үед над руу утсаар яриад мөнгө байвал ахдаа 20.000 төгрөг өгчих ганц юм уух гэсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ын “...07 сарын 26-ны өглөө буцаад Ш-ынд ирэхэд С-базар байхгүй явсан байсан. Тэгээд шууд найз А.А-гийн гэрт хуурай ах Г- түүний найз эмэгтэй Ч-ын хамт 12 цагийн үед ирэхэд С-базар гэртээ ирчихсэн байсан” гэх мэдүүлгүүдээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 сарын 13-ны өдрийн ЕГ0525/765 дугаартай шинжээч эмч Ц.Бадрал, Б.Даваасүрэн, Э.Баасанжав нарын “...шинжээч эмчийн мэдүүлэгт авагдсан өөрөө өөртөө учруулах боломжгүй, тархины гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт буюу нэг талдаа байгаа учраас унаснаас үүсэх боломжгүй гэх хариулттай санал нийлэхгүй байна. Бусад хариулт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлтээс харахад талийгаачид учирсан гэмтэл нь согтуу явж байгаад унаад ч учрах боломжтой гэмтэл гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 7 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Н.А- нь А.А-тэй маргалдан зодолдсон үйлдэл нь талийгаачид учирсан тархины зүүн хэсгийн хүнд гэмтлүүдтэй шууд шалтгаантай холбоотой гэдэг нь эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. 2023 оны 05 сарын 08-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолд “...Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно 1.2 “... гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. “... шүүгдэгчид... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах...” гэж заасан нь миний үйлчлүүлэгч Н.А-эд холбогдох хэрэг дээрх заалтад хамаарна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Н.А-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарч чадаагүйтэй холбоотой. Н.А- нь 2023 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө А-, О- нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн үед А-гийн биед гэмтэл учруулсан. Гэхдээ А- нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дарга Б-той хамт Төв аймаг руу явж байхад талийгаач залгаад “туслаач, хүмүүс зодуулах гээд байна” гэх утгатай дуудлага ирсэн талаар тогтмол мэдүүлсэн бөгөөд хамт байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйг хэн болохыг тогтоогоогүй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө зодоон болж, А-гийн биед хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь 3-7 хоног, 5-7 хоногийн хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл энэ зодооны үйл явдлаас хойш 12 хоногийн дараа талийгаач нас барсан бөгөөд шалтгаант холбоотой эсэх нь эргэлзээтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зүүн чамархай, зүүн хуйх, тархины зулай, чамархайн хэсгийн цус хуралт зэрэг зүүн талдаа төвлөрсөн байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэтэл гэрч Н-, Б-ь, О- нарын мэдүүлэг, камерын бичлэгүүдээр талийгаачийн баруун нүд хөхөрсөн, баруун шанаа хавдсан байдалтай байсан нь харагддаг. Энэ нь зүүн талын гэмтэл хэрхэн, хэзээ, хэнээс үүссэн нь тогтоогдоогүйг харуулж байна. Талийгаач уг хугацаанд байнга архидан согтуурч байсан нь тодорхой боловч тухайн хугацаанд өөр этгээдтэй зодолдсон эсэхийг тогтоогоогүй. ... Шинжээчдийн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд зарим гэмтэл нь унахаас үүсэх боломжтой, өөртөө учруулах боломжгүй гэсэнтэй бүрэн санал нийлэхгүй гэж үзсэн ч бусад үндэслэлүүдийг боломжтой гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд гэмтлийн гарал үүсэл эргэлзээтэй хэвээр байна. Талийгаачийн баруун талын гэмтэл нь 7 дугаар сарын 19-20-ны зодоонтой холбоотой байж болох нь гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгээр харагддаг. Харин зүүн талын гэмтлийг хэн учруулсан, эсхүл өөрөө унаснаас үүссэн эсэхийг нотлон тогтоогоогүй. ... Иймд гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгүүдийн хоорондын зөрүү, амь хохирогчийн 7 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэлх маршрутыг тогтоогоогүй нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ы өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн, эсхүл эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан гаргасан гэж үзэхгүй байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хоёр жилийн хугацаанд явагдсан. Энэ хугацаанд шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нараас удаа дараа гаргасан хүсэлт, гомдол бүрийг цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хүлээн авч, тухай бүрд нь шалгаж, шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Шүүх мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь хэлэлцэж, талуудын байр суурийг сонсож, эцсийн шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед А-, С-базар, О- нар байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. О-, С-базар нарын мэдүүлгээр талийгаач А- нь О-ыг өмөөрч А-тэй зодолдсон, А- талийгаачийн толгой, тархи хэсэгт олон удаа цохисон талаар хоёр гэрч тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар 7 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх хохирогчийн явсан маршрутыг шалгаж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын байгууллагаас А-ийн гаргасан хүсэлтүүдийг тухай бүр хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн. “Хоёр хүн байсан” гэх асуудлын хүрээнд Ц- гэх хүний ярьсан нөхцөл байдлыг тодруулж, нэр дурдагдсан Б-, Д- нарыг шалгасан. Тэд тухайн үед хөдөө орон нутагт ажиллаж байсан, 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод байгаагүй, уг асуудлыг хараагүй, оролцоогүй талаар мэдүүлэг өгсөн. Талийгаач нь 7 дугаар сард тухайн газарт ирснээсээ хойш архины хамааралтай, задгай тоотод амьдарч байсан, дэлгүүрээр байнга үйлчлүүлж архи хэрэглэдэг байсан нь гэрч Н-гийн мэдүүлгээр тогтоогддог. ... Мөн 7 дугаар сарын 22-ны өдөр талийгаач дэлгүүрт орж ирэхдээ хөлөө зөөж ядсан, биеийн байдал муу байсан талаар гэрч мэдүүлсэн. Хамтран амьдрагч С-базар “талийгаач нь уг зодооны үеэр А-эд зодуулснаас өөр хүнд зодуулж, цохилцоогүй” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үед эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг аврах боломжтой байсан гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Н- 36 дугаар гудамжны 33 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас А.А-гийн толгойн тус газар цохиж, тархины битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас А.А- амь насаа алдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ы “... Би 2023 оны 07 дугаар сарын 14, 15-ны хавьцаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиж уулзаж байсан бөгөөд тэр үед талийгаач жоохон архи уучихсан А- гээд найз нь талийгаачийн эхнэр бас хамт байсан бөгөөд ямар нэгэн бэртэл шархгүй зүгээр байсан юм. Тэрнээс хойш уулзалдахгүй байж байгаад 7 дугаар сарын 27-ноос 28-ны үед над руу утсаар яриад “мөнгө байвал ахдаа 20.000 төгрөг өгчих ганц юм уух гэсэн юм” гэж хэлж байсан бөгөөд би тэр үед “яах гээд байгаа юм” гээд мөнгө өгөөгүй...” /1 хх 47/,

гэрч Б.Г-ын “... Манай хашаанд манай гэрээс доод талд байх А- ахын эхнэр болох С- эгч ирж “нөхөр бие нь эвгүй байна, утсаараа түргэн дуудаад өгөөч” гэхээр нь би өөрийн гэрийн хаягаар дуудсан. Тэгээд би гэрийн гадаа нь байж байтал С- эгч нөхрийн зүрх зогссон юм шиг байна гэхээр нь би гэрт нь архи харсан. Удалгүй түргэн ирж нас барсан гэж хэлсэн... Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 11 цагт ирэхэд согтуу явж байсан... Би өчигдөр таарахад нүд нь хөхөрсөн юм шиг хөх туяатай байсан. Ер нь байнга л хөхөрсөн юм шиг царайтай байдаг...” /1 хх 48-50/,

гэрч Н.Б-гийн “... Би 2023 оны 07 сарын 23-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Булгийн 3 дугаар гудамж 24 тоот гэр лүүгээ Баянхошуу руу чиглэлтэй явдаг шинэ замаар ертөнцийн зүгээр хойшоо өгсөөд явж байхад 50 орчим насны үл таних эрэгтэй хүн ганцаараа гар өргөөд зогсож байсан. ... Анх миний машинд суусан залуу 50 орчим насны үл таних эрэгтэй хүн дунд зэргийн нуруутай, нээх махлаг биш, бор хар дуу царайтай, хар халимаг үстэй, өмсөж явсан хувцас нь бараан өнгийн юм шиг санагдаж байна, алхаа гишгээ нь жирийн байсан. ... Улаан өнгийн “Тоёото приус 11” маркийн автомашинаас гарч ирсэн үл таних 2 хүнийг санахгүй байна. ... Эрэгтэй нь миний хажууд, эмэгтэй нь хойд талын суудал дээр сууж явсан. Яриаг нь санахгүй байна. Тэр хоёр хоорондоо хорооллын эцэс ороод сайхан хоол цай хийж идье гэж ярилцсан. Эрэгтэй нь утсаар таксины мөнгө бэлдээд байж бай бид хоёр очиж явна гэж ярьсан. ...” /1 хх 52/,

гэрч Х.Н-гийн “...Талийгаач А- гэх хүнийг зүс танина. 2023 оны 1 дүгээр сараас манай дэлгүүрээр мэр сэр харагдаж байгаад 2023 оны 3 дугаар сараас манай дэлгүүрээр орж ирдэг болсон. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тасралтгүй орж ирж архи болон ус гэх мэт зүйл авдаг байсан. 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нэг намхан залуутай байнга орж ирж намхан залуугийн мобайл банкаар 2 удаа гүйлгээ хийж архи авч байсан ба 2023 оны 7 дугаар сарын 20-ны үеэр намхан залуу нь боолгосон маягтай хүзүү нь улайчихсан, толгойны баруун хэсгээс цус гарчихсан харин амь хохирогчийн баруун шанаа хавдсан байсан. Тэрний дараагаар 07 сарын 23-ны өдөр амь хохирогч нь өмнө орж ирж байсан намхан залуутай хамт ирэхдээ зүүн шанаа хэсгээ гараараа дарчихсан орж ирсэн. Тэгээд миний данс руу 50.000 төгрөг намхан залуугийн данснаас шилжүүлээд ус, ундаа, архи гэх мэт зүйл аваад гарсан. Тэр үед дэлгүүрийн гадаа үүдэнд амь хохирогчийн хамтран амьдрагч, Б-, Б- гэх хүмүүс сууж байсан... Талийгаачтай хамт явсан гэх намхан залууг 2023 оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн харсан нэрийг нь мэдэхгүй намхан биетэй туранхай дух хэсгээрээ үс нь халзан шингэн үстэй залуу байсан. Одоо харвал би танина... 2023 оны 07 дугаар сарын 18-наас 19-ны өдөр сайн санахгүй байна хэвийн явдал нь зөөлөрч удаан явдаг болчихсон. Харин намхан залуу толгойноос нь цус гарчихсан байсан ба 2023.07.23-ны өдөр амь хохирогчийн нүүр нь битүү хавдсан байсан санагдаж байна. 2023.07.23-ны өдөр амь хохирогч манай дэлгүүрт орж ирэх үед баруун нүд нь хөхөрчихсөн байсныг манай охин А- харсан байсан... Амь хохирогч 2023 оны 1 дүгээр сараас хамтран амьдрагчтайгаа орж ирдэг байсан ба 2023 оны 7 дугаар сараас эхлэн намхан залуутай орж ирдэг болсон. Орж ирэх болгондоо архи ав явдаг байсан...” /1 хх 54-55/,

гэрч Б.С-базарын “...Миний хамтран амьдрагч А-гийн найз А- манайд наадмын дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. Манайд 4-5 хоног А-, А- бид гурав архи уусан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А-, А- хоёрын найз болох О- ирсэн. Бид нийлээд архи хувааж уусан. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө бид нар шараа тайлж дахин архи ууцгаасан. Ингээд орой болж би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал гадаа харанхуй болсон байсан, манайх тоггүй тул гэрт лаа байхгүй харанхуй байсан. О- их согтоод тасарсан байх үед А- чи намайг ойлгохгүй байна гэж хэрэлдээд О-ын толгой хэсэг рүү А- гараараа олон удаа цохиж байх үед нь баруун талын орон дээр миний хамтран амьдрагч А- “чи миний найзыг зодчихлоо” гээд А-ийг миний хамтран амьдрагч А- нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн цохиж авсан. Гэтэл А- зөрүүлээд миний хамтран амьдрагч А-гийн баруун нүд рүү гараараа цохиж, бөөр, гарын бугалга руу гараараа орон дээр энэ хоёр зодолдож дээр доороо орон зодолдсон хэсэг хугацааны дараа тайвшраад хэрүүл, зодооноо больсон. Энэ үед найз О- нь зугтаад гэрээс гарч явсан. Тэгээд А-, А- хоёр эвлэрээд дахин архи ууж согтоод унтсан. Маргааш өглөө нь бид гурав сэрээд А- найз О-ыг зодоод явуулчихлаа, А-г зодсон гэж харамсаад уйлаад А-ээс “найзыгаа уучлаарай” гээд “найз нь их буруутай” гээд байсан. Миний хамтран амьдрагч А- “бүгдээрээ найзууд юм чинь уучлалгүй яах вэ дээ” гэж ярьсан. А- дэлгүүрээс архи авчраад бид гурав дахин архи ууцгаасан... 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө би Яармаг руу явж гал тогоо бариад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд А- ажилд явахаар боллоо гэж ярьж байсан. Тэгээд бид гурав гэртээ хоносон. Маргааш өглөө нь бид гурав дахин архи ууж байтал гаднаас О- орж ирсэн. Тэгээд А-, А- хоёр дэлгүүр лүү архинд явсан. Тэр хоёрыг ирэхгүй байхаар араас нь О- бид хоёр дэлгүүр лүү явж байтал тэр хоёр гудамжинд үл таних хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Бид хоёр явж очоод хамт архи уусан. А-, А- хоёр дахин дэлгүүр лүү архинд явсан. Энэ хооронд О- такси барьж ирээд намайг суу гээд би таксинд нь суугаад хороолол орж нэг танихгүй айлд очин хамт архи ууж хоносон. Маргааш өглөө нь би 09 цагийн үед гэртээ ирэхэд А- ажилдаа явсан байхгүй миний хамтран амьдрагч А- гэртээ ганцаараа байсан. Бид хоёр тэр өдөр цай хоол хийж идээд амарсан. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө О- ирээд бид хоёр нэг шил архи авч өгөөд өөрөө уугаагүй явсан. Хамтран амьдрагч А- бид хоёр уугаад үлдсэн. Орой би 18 цагийн үед Салхит руу охин Даваамартын гэрт очиж хоносон. Тэгээд охиныдоо хоёр хоноод 2023 оны 07 дугаар 27-ны орой гэртээ ирсэн. Үүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед хамтран амьдрагч А- “миний бие өвдөөд байна, чи дэлгүүр ороод ганц шил юм аваад ир” гэсэн би дэлгүүр явахдаа А-г шээх байх гэж бодоод ногоон өнгийн төмөр төмпөнг зүүн талын хатавчинд оруулж тавиад дэлгүүр орж нэг шил архи аваад гэртээ орж иртэл А- зүүн талын орон дээр хажуу тийшээ хараад татчихсан амнаас нь цагаан хөөс сахраад юм ярьж чадахгүй байхаар нь би сандраад хүйтэн усаар толгой, цээжийг шавшсан. Тэгээд ухаангүй болсон. Би гадаа гарч хажуу айлын хүүхнийг “чи түргэн дуудаад өг” гэж гуйсан. ... А- нь А-гийн толгой, нүүр, нүд, гар, цээж хэсэг рүү гараараа олон удаа цохиж зодсон...” /1 хх 57-59/, түүний 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн “...Би энэ өдрийг 19 юм уу 20-ны хавьцаа байсан гэж бодож байна. Бид нар олон өдөр архи уусан болохоор он, сараа сайн хэлж мэдэхгүй байна. Тэр зодооны дараа О- гараад явсан тэр өдөр ирж хоноогүй. Талийгаач О-ыг өмөөрч А-тэй маргалдаж зодуулсан, тэрнээс өөр хүн амьтантай маргалдаж зодолдсон зүйл байхгүй... Талийгаач надад хэлэхдээ гол дээр ямар нэгэн зодоон болсон талаар хэлээгүй бөгөөд талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан...” /1 хх 61-62/,

гэрч Х.Б-ийн “... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн үед Аривжих хүнсний дэлгүүрийн үүдэнд О- ахын хамт сууж байхад С- дэлгүүрээс нэг шил архи авч гарч ирээд “та хоёр шартаж байна уу, шараа тайлах уу, араас хүрээд ир” гэхээр нь О- бид хоёр Н- 36-33 тоотод амьдардаг талийгаач А-гийн гэрт нь О- ахын хамт ороход намхан нуруутай махлаг биетэй залуу болон талийгаач А- ах байсан. Тэгээд О- ахад нэг архи хийж өгсөн. О- ах “энэ манай гэрээс алдсан түлээний сүх үү” гэхэд талийгаачийн найз гэх намхан биетэй махлаг залуу “бид нар хулгайч биш шүү” гээд хөөгөөд байхаар нь би архинаас чинь уухгүй гэж хэлээд О- ахтай хамт гараад явсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн үед Аривжих хүнсний дэлгүүрийн урд талын гудамжинд О- ахтай 0.75 граммын хараа архи уугаад сууж байтал талийгаач А- хамтран амьдрагч С-, намхан биетэй залуу болон бас танихгүй өндөр нуруутай залуутай ирсэн. Тэгээд талийгаач А- ахын нүүрийг хартал баруун талын нүд нь хөхөрсөн байхаар нь О- ах юу болсон талаар асуухад найз нартайгаа маргалдсан гэж хэлэхэд өндөр нуруутай залуу нь “бид гурав хоорондоо маргалдсан юм аа” гэж хэлсэн. Харин намхан нуруутай залуу нь дөнгөж ирээд Аривжих дэлгүүрийн урд талаас цагаан өнгийн приус-20 маркийн машин бариад С-г суулгаад аваад явсан. Би архи ууж дуусаад гэр лүүгээ шууд явсан. Харин талийгаач А- ах нөгөө өндөр нуруутай залуу болох О- ах, Энхдалай ах түрүүлээд яваад өгсөн байсан. Тэрнээс хойш талийгаачтай уулзаагүй...” /1 хх 64-65/,

гэрч Д.О-ын “...Би 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз А-гийн гэрт өдрийн 14 цагийн үед ирэхэд найз А-, хамтран амьдрагч С-базар болон найз А- гурав архи уугаад сууж байсан. Би уг архинаас нь хамт уугаад сүүлдээ согтоод унтсан. Тэр өдөр хэрүүл, маргаан зодоон болоогүй. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө нь бид дөрөв шараа тайлж дахин архи ууцгаасан орой харанхуй болсон хойно 22 цагийн үед найз А- бид хоёр маргалдсан. А- намайг толгой хэсэг рүү цохиж зодсон бид хоёр зууралдаж байтал найз А- босож ирээд А-ийг цохисон эргүүлээд А- найз А-гийн толгой руу нь гараараа олон удаа цохиж, зодоон болсон. Би тэр орой найз А-гийн гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо З- 5 дугаар сургуулийн урд байх миний танил З-ын гэрт шөнө алхаж очсон... тэндээ хоносон... 2023 оны 07 дугаар сарын 22-ны орой найз А-ийд очиход гэрт нь А-, С-базар, А- гурав байсан. А-гийн баруун нүд нь хөхөрсөн байхаар нь асуутал А- юм яриагүй тэгээд бид нар унтаж амарсан. Маргааш өглөө 06 цагийн үед А-, А- хоёр архинд явна гээд гарч явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь С-базар бид хоёр араас гартал Аривжих дэлгүүрийн зүүн талд А-, А- болон үл таних хоёр хүний хамт архи ууж байсан бид хоёр очтол үл таних залуу “чи айлын гэрээс хүн хөөдөг хэн бэ” гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон би юу ч дуугараагүй шууд яваад зам ороод цагаан өнгийн такси барьж иртэл эд нар А- дэлгүүр рүү орсон байсан. Дэлгүүрээс С- түрүүлж гарч ирэхээр нь би “найз суучих” гэж хэлсэн... 2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө буцаад Ш-ынд ирэхэд С-базар байхгүй явсан байсан. Тэгээд шууд найз А-гийн гэрт хуурай ах Г- түүний, найз эмэгтэй Ч-ын хамт 12 цагийн ирэхэд С-базар гэртээ ирчихсэн байсан. А-ийг дарга нь ирээд аваад явсан байхгүй байсан. А-гийн нүд хөхөрсөн нүүр ам нь хавдсан байсан, юу болсон талаар асуухад “чи А-тэй зодолдоод дийлэхгүй байхаар нь би очиж А-ийг цохиод А- бид хоёр зодолдоод ийм зүйл болсон” гэж надад ярьсан. ... А- миний толгойн ар хэсэг рүү 4-5 удаа цохисон, би А-ийн шанаа хэсэг рүү цохисон...” /1 хх 72-74/,

гэрч М.О-ын “...Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад А- хүнсний дэлгүүрийн үүдэнд Б-ьтай С- гэдэг эмэгтэй дэлгүүрээс нэг шил архи авч гарч ирсэн. Тэгээд С- “та хоёр шартаад байгаа юм уу, нэг татах юм уу, араас хүрээд ир” гэж хэлээд түрүүлээд явахаар нь Б-ь бид 2 араас нь дагаад явсан, тэр эмэгтэй талийгаачийн гэрт яваад орсон. Гэрт нь яваад ортол талийгаач А- “А-” гэж дууддаг залуу, мөн махлагдуу биетэй намхан нуруутай залуу ба надад дэлгүүрээс авсан архинаасаа нэг хийгээд өгөхөөр нь би татсан. Тэгээд хартал тэдний гэрт манайхтай адилхан алга болсон түлээний сүх байхаар нь “энэ манай сүх үү” гэхэд, намхан залуу “бид нар хулгайч биш, зайлцгаа” гээд хөөхөөр нь Б-ь бид хоёр гараад явсан. Талийгаачийн гэрт ороод 5 орчим минут болоод л гараад явсан. Тэр өдөр тэд нартай тараагүй. Тэрний маргааш буюу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад Б-ь, бид хоёр А- дэлгүүрийн гадаа гудамжны үзүүр дээр 0.75 граммын хараа архи уугаад зогсож байхад амь хохирогч А-, хамтран амьдрагч С-, 2 залуутай хамт хүрч ирсэн. Хоёр залуугийн нэг нь намхан залуу байсан нөгөөдөх нь арай өндөр нуруутай туранхай биетэй залуу байсан. Тэгээд бид нар архи хувааж ууж байгаад талийгаачийг харсан чинь баруун талын нүд нь хөхөрч хавдсан байхаар нь “нүдээ яасан юм бэ” гэхэд, талийгаач “бид гурав хоорондоо маргалдсан юм аа” гэж хэлсэн өөр юм хэлээгүй. ... талийгаачийн баруун талын нүд хөхөрч хавдсан байхаар нь “наад нүдээ яасан юм бэ” гээд асуухад “бид нар хоорондоо маргалдсан юмаа” гээд нөгөө хоёр залуутай маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй...” /1 хх 76-77/,

гэрч Б.Ш-ын “... 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би найз О-, Г- хоёр руу залгаад “ажлын хөлсөө аваарай” гэж хэлээд маргааш нь буюу 2023 оны 07 сарын 23-ны өдөр би Баянгол дүүрэг 9 дүгээр хороо А- 2 дугаар гудамж 116 тоот гэртээ ганцаараа байхад 11 цагийн орчимд О- үл таних С- гэх эмэгтэйн хамт манайд орж ирсэн. ... О- ажлын хөлсөө аваад манай гэрээс явсан. ... О- манайд хааяа л ирдэг. ... О-ын биед хөхрөлт янз бүрийн цохиулж зодуулсан шинж байгаагүй, зүгээр байсан...” /1 хх 79/,

гэрч Д.Б-ийн “... Н.А- нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш “А-” ХХК-ийн миний хариуцаж ажиллуулдаг Төв аймгийн Заамар суманд байрлах хөрс хуулалтад том тэрэг буюу Хово барьдаг юм. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 2-н хавьцаа цалингаа аваад ... явсан. Тэрний дараагаар Н.А- нь 2023 оны 07 дугаар сарын 24-нд над руу яриад “би айлд байна, ирээд авчих, ажилдаа явмаар байна” гэж хэлсэн бөгөөд надад ... А- гээд дэлгүүрийн үүдэн дээр байна гээд би орой 18 цагийн үед Н.А-ийг А- гээд дэлгүүрийн гаднаас очиж авсан ба Н.А- нь “айлд хувцсаа үлдээчихсэн очиж авна” гээд надтай хамт А- дэлгүүрээс ертөнцийн зүгээр зүүн хойшоо ойролцоогоо 700м-800м яваад нэг монгол гэртэй айлд очсон бөгөөд тэр үед гэрт нэг эмэгтэй, 3-н залуу байсан гэрийн эзэн гэх залуугийн нүд нь хөхөрчихсөн, нүүр уруул нь битүү хавдар болчихсон байсан ба архи уучихсан байдалтай байсан юм. ... А-ийг аваад явсан бөгөөд анх А- дэлгүүрийн гадна А-тэй уулзах үед гэрийн эзэн гэх залуу “2 хүн намайг зодоод байна” гэж А-тэй утсаар ярьж байсан. ...” /1 хх 84-85/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Тархиндаа гэмтэл авснаас хойш тархины хатуу ясан доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарж ухаан алдуулах цаашлаад үхэлд хүргэх хүртэл эрүүл хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...өөрөө өөртөө учруулах боломжгүй, тархины гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт буюу 1 талдаа байгаа учраас унаснаас үүсэх боломжгүй... хамгийн багадаа 5-7 хоногт үүссэн болон түүнээс дээш хоногт үүссэн байх боломжтой гэмтэл юм. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. ...” /1 хх 165/  гэсэн мэдүүлгүүд,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Талийгаач А.А-гийн цогцост зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, цээжний урд зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн сарвуунд цус хуралт, баруун тохой, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тархины битүү гэмтэл нь нэг удаагийн, бусад гэмтэл нь олон удаагийн үйлдлээр, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлийг талийгаач өөрөө өөртөө учруулах боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ... Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2070 дугаартай дүгнэлт /1 хх 106-109/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын “... Шинжээчийн 2070 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмчийн мэдүүлэгт авагдсан өөрөө өөртөө учруулах боломжгүй, тархины гэмтлүүд нь толгойны зүүн хэсэгт буюу нэг талдаа байгаа учраас унаснаас үүсэх боломжгүй гэх хариулттай санал нийлэхгүй байна. Бусад хариулт үндэслэлтэй байна. Амь хохирогч А.А-гийн цогцост зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, цээжний урд зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн сарвуунд цус хуралт, баруун тохой, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь 3-7 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/765 дугаартай дүгнэлт /2 хх 171-178/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “... Н.А-ийн биед зүүн чамархай, баруун мөр, хүзүү, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, нидрэгдэх, унах үйлчлэлээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хүний эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ...” гэх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9825 дугаартай дүгнэлт /1 хх 121-122/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Н.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна. ... Н.А- нь хэрэг хариуцах чадвартай, ... тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Н.А-эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 638 дугаартай дүгнэлт /1 хх 136/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 1/, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-12/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-21, 22-28/, нар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 32-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.А-ээс “... Бид хоёрын маргаанаас болоод талийгаач маань амь эрсэдсэн гэж бодохгүй байна. Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нараас “...гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгүүдийн хоорондын зөрүү, амь хохирогчийн 07 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрийг хүртэлх маршрутыг тогтоогоогүй нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.А- нь А.А-гийн гэрт 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирээд 4-5 хоног А.А-, түүний хамтран амьдрагч Б.С-базарын хамт архи уусан, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А.А-, Н.А- хоёрын найз болох Д.О- ирж, архи уугаад маргааш нь буюу 07 дугаар сарын 19-ний өглөө дахин архи ууцгааж орой нь Д.О-, Н.А- муудалцан зодолдож байхад “миний найзыг зодлоо” гэх шалтгаанаар А.А-, Н.А-тэй муудалцаж зодолдсон.

Уг үйл явдлаас хойш амь хохирогчийн нүүр хэсэг битүү хавдартай явсан талаар А- дэлгүүрийн худалдагч гэрч  Х.Н- “... 2023 оны 07 дугаар сарын 18-наас 19-ны өдөр сайн санахгүй байна хэвийн явдал нь зөөлөрч удаан явдаг болчихсон. Харин намхан залуу толгойноос нь цус гарчихсан байсан ба 2023.07.23-ны өдөр амь хохирогчийн нүүр нь битүү хавдсан байсан санагдаж байна. 2023.07.23-ны өдөр амь хохирогч манай дэлгүүрт орж ирэх үед баруун нүд нь хөхөрчихсөн байсныг манай охин А- харсан байсан... Амь хохирогч 2023 оны 1 дүгээр сараас хамтран амьдрагчтайгаа орж ирдэг байсан ба 2023 оны 7 дугаар сараас эхлэн намхан залуутай орж ирдэг болсон. Орж ирэх болгондоо архи ав явдаг байсан...” /1 хх 54-55/, хамт архи ууж байсан гэрч Д.О- “... 2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө ... А-гийн нүд хөхөрсөн нүүр ам нь хавдсан байсан, юу болсон талаар асуухад “чи А-тэй зодолдоод дийлэхгүй байхаар нь би очиж А-ийг цохиод А- бид хоёр зодолдоод ийм зүйл болсон” гэж надад ярьсан. ...” /1 хх 72-74/, гэрч М.О- “... бид нар архи хувааж ууж байгаад талийгаачийг харсан чинь баруун талын нүд нь хөхөрч хавдсан байхаар нь “нүдээ яасан юм бэ” гэхэд, талийгаач “бид гурав хоорондоо маргалдсан юм аа” гэж хэлсэн өөр юм хэлээгүй. ... талийгаачийн баруун талын нүд хөхөрч хавдсан байхаар нь “наад нүдээ яасан юм бэ” гээд асуухад “бид нар хоорондоо маргалдсан юмаа” гээд нөгөө хоёр залуутай маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй...” /1 хх 76-77/ гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсоноос гадна талийгаачийн хамтран амьдрагч гэрч Б.С-базар “...А- зөрүүлээд миний хамтран амьдрагч А-гийн баруун нүд рүү гараараа цохиж, бөөр, гарын бугалга руу гараараа орон дээр энэ хоёр зодолдож дээр доороо орон зодолдсон хэсэг хугацааны дараа тайвшраад хэрүүл, зодооноо больсон. ... Талийгаач О-ыг өмөөрч А-тэй маргалдаж зодуулсан, тэрнээс өөр хүн амьтантай маргалдаж зодолдсон зүйл байхгүй ...” /1 хх 57-59, 61-62/ гэж мэдүүлснээс гадна талийгаачийн дээрх гэмтэл авснаас хойш хаагуур явж, хэн хэнтэй архи уусан, энэ хугацаанд талийгаач нь Н.А-ээс өөр хүмүүстэй муудалцаж, зодолдоогүй талаар тогтвортой мэдүүлсэн байх ба гэрч Б.С-базарын мэдүүлэг нь гэрч М.О-, Х.Б-ь, Д.О- нарын мэдүүлэг, дэлгүүрийн камерын бичлэг зэргээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн 2070 дугаартай дүгнэлтээр /1 хх 106-109/ талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тогтоогдсон ба уг дүгнэлтийг гаргасан шинжээчийн мэдүүлэгт “... өөрөө өөртөө учруулах боломжгүй, тархины гэмтлүүд нь толгойны зүүн хэсэгт буюу нэг талдаа байгаа учраас унаснаас үүсэх боломжгүй...” гэснийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/765 дугаартай дүгнэлтээр /2 хх 171-178/ няцаасан, түүнчлэн 2 удаагийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь 3-7 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой гэснээс үзэхэд талийгаач гэмтэл авсан цаг хугацаанаас /07 дугаар сарын                19-ний өдөр/ нас барсан өдрийг хүртэл хугацааг /07 дугаар сарын 31-ний өдөр/ тооцоход Н.А-ийн үйлдэл, амь хохирогчид учирсан тархины битүү гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. 

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг тухай бүр, шалгаж шийдвэрлэсэн байхаас гадна хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.А- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2631 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                             Л.ГАЛБАДАР

 

            ШҮҮГЧ                                                                             Т.АЛТАНТУЯА

   

                        ШҮҮГЧ                                                              М.АЛДАР