Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Хорго овогт Баяраагийн Уд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  201726021364 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

                                                                                                

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нярав, нягтлан кассын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн _____________тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорго овогт Баяраагийн У

 

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны орчим тоглоомын талбай дээр иргэн Г.Мягмарбаатартай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.У нь иргэн Г.Мягмарбаатартай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Мягмарбаатарын “... 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны орчимд байдаг сагсан бөмбөгийн шийдэн дээр сагс тоглох гээд хэдэн найзуудтайгаа хамт очсон юм. Тухайн үед би сагс тоглоогүй зүгээр сууж байхад нэг согтуу ах ирээд намайг дээрэлхээд эхэлсэн бөгөөд “чи намайг ах гэж дууд би чамайг зодно” гэх зэрэг үг хэлж байсан. Тэгээд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг боохоор нь би зөрүүлээд боосон тэгтэл тэр хүний бие нь сулраад эхэлсэн бөгөөд би боолтоо сулруулаад хойшоо алхах үед тэр ах газраас чулуу аваад хоёр удаа цохисон. ... Би гэртээ харьж яваад гэрийнхээ үүдэнд очоод ухаан алдаад уначихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч Д.Хандсүрэнгийн “...Би 2017 оны 05 сарын 28-ны өдөр үдээс хойш 19 цагийн орчим миний төрсөн хүү Г.Мягмарбаатар сагс тоглочихоод ирье гээд гараад явсан. Намайг гэртээ байж байхад Мягмарбаатар хашааны гадна ирчихсэн ээж гээд дуудахаар нь би гэрээсээ гараад очтол Мягмарбаатарын толгой хагарчихсан, нэлээн цус гарчихсан байж байхаар нь би гэрт оруулаад цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирэхдээ миний хүүгийн толгойг хагалсан хүүхдийг мэддэг, манай гэрийн хойшоо 23 дугаар хорооны ойролцоо байдаг юм шиг байсан. Миний хүүхдийн толгойг хагалсан хүүхэд өөрийгөө У гэж цагдаа нарт хэлж байсан. Тэгээд цагдаа нар Мягмарбаатарын толгойг хагалсан хүүхдийг цагдаагийн хэлтэс рүү авч явөаад би Мягмарбаатарыг ГССҮТ-рүү авч явсан юм. Гэтэл дээр очоод Мягмарбаатар 2-3 оёо тавиулчихаад цагдаа дээр бид хоёр ирээд өргөдөл гаргаж өгч байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Хатанболдын “2017 оны 05 сарын 28-ны Т-112 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Н.Мандах-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад оройн 23:20 цаг минутад Т-10 буюу жижүүрээс манай хүүхэд хүнд зодуулсан гэртээ ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 23-р хороо ЗАА-ийн 9-30б тоот руу явах замд согтуурсан байдалтай сэжиг бүхий 20 орчим насны эрэгтэй хүнийг шалгахад Баяраа овогтой У гэж байсан бөгөөд тухайн дуудлага өгсөн айл руу очиж таниулахад зодуулсан гэх Мягмарбаатар нь миний толгой чулуугаар хагалсан хүүхэд мөн байна гэж таньж байсан учир Б.Уг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дугаар хуудас/

 

Б.Угийн сэжигтнээр өгсөн “2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны шийдэн дээр сагсан бөмбөг тоглож байсан юм. Тухайн үед гудамжны ах нартай нийлж 1 шил архи, 3 пиво хувааж уусан. Тухайн үед 20 цаг болж байсан ба манай хорооны Мига гэдэг залуу тэр газар бас сагсан бөмбөг тоглож байсан. Тэр залуу над руу сүрхий хараад муухай хараад байхаар нь би очоод “яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд түүнтэй маргалдаж барьцалдаж байгаад би доошоо суугаад газраас нэг чулуу аваад чулуутай гараараа түүний толгой руу нэг удаа цохиход толгой нь хагарах шиг болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Б.Угийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “... Би сэжигтнээр мэдүүлэг өгөөд Төв аймгийн Эрдэнэсант сум руу хамаатны ах Амарбатын руу энэ хэргээс айгаад зугтсан. Тэгээд энэ хугацаанд ахынхаа гэрээс хулгай хийгээд хотод ирж зараад Төв аймгийн цагдаад баригдаад мөрдөнд 2018 оны 2 сард ороод 3 сард гарсан. Тэнд сар гаран болоод гарсан. Төв аймгийн шүүхээр орж 2 жилийн тэнсэн авсан. Тэгээд хотод орж ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй болно. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7588 дугаартай:

“1. Г.Мягмарбаатарын биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Угийн иргэн Г.Мягмарбаатартай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн үйлдэл тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У нь энэ гэмт хэргийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн түүний энэ гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв болжээ.

Түүний 2017 оны 5 дугаар сарын 28-нд гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн боловч тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 2018 оны 3 дугаар сарын 14-нд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Иймд шүүгдэгчийн хувьд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг санаатай дахин үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс шинээр тоолох тул түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хандсүрэнгээс “Одоо миний хувьд гомдол, санал гээд байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн /хэргийн 79 дүгээр  хуудас/, хохирлын талаарх баримтууд хэрэгт цуглуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хорго овогт Баяраагийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.У баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Уд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ