2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03719

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Х*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.

 

            Нэхэмжлэлийг  2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газартай харилцагч Г******* ХХК ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заалтуудыг зөрчсөн. Үүний улмаас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2023 оны 6 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 341 408 126.46 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсэн амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Тус газар нь Г******* ХХК-ний хаяг болох Улаанбаатар хот, **** дүүрэг,  D-5 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нь байдаггүй шалтгаанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 123.1-т заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.  Г******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж өгнө үү. Шүүх хуралдааныг төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.01.16-ны өдрийн Б/05 тоот тушаал, шүүхэд төлөөөлөх итгэмжлэл, Г******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2026/01062 дугаар шүүгчийн захирамж зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Г******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2026/01062 дугаар   шүүгчийн захирамжаар Г******* ХХК-ийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог” гэжээ.

 

Нэхэмжлэгч Х*******ын хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2026/01062 дугаар шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд *** дүүрэг,  D-5 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн...” тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г******* ХХК-ийн хаана байрладаг газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тус тус тогтоогдож байна.

 

Г******* ХХК **** дүүрэг, D-5 тоотод байрладаггүй бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн https://opendata.burtgel.gov.mn/ сайтад Г******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.С гэсэн бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Г******* ХХК /РД: *******/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.С*******ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ