Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Ц.Амар,  

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор

гэрч Б.Жнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ______ овогт Д-н П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Б.Нтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ:

“...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нямжав гараашийн үүдэндээ цутгалт хийж байсан би цементийн булан дээр гишгэсний улмаас маргалдсан. Би Нямжаваас уучлалт гуйсан ба тэр намайг өшиглөж цохисон. Би Нямжавтай зууралдаад байрны үүдэнд дээр очиход “Нямжав ах би босохгүй” гээд өөрөө газар хэвтсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ:

“...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би гараашийн үүдэндээ цутгалт хийж байхад П нь согтуугаар машинтай хурдтай ирээд эргэхдээ миний цутгалт хийж байсан цемент дээр гишгэсэн. Мөн миний хязгаар тавьсан хэсгийг давж орж ирсэн. Тэгэхээр нь “чи яасан сонин хүн бэ хүн юм хийж байхад хийж байгаа юм руу орчихлоо” гэхэд “хөгшин өвгөн минь зүгээр байгаарай, буцаж ирж байгаад чамайг алнаа” гэж хэлсэн. Тэгээд буцаж гарахдаа чулуун дээр гүперээ ханз татсан. П машинаа хол тавьчихаад буцаж явган ирээд “чи яасан овоо өвгөн бэ, хүний машины гүпер ханзалчихлаа” гэхээр нь би “чи энэ чулуун дээгүүр давж гараад буцахдаа гүперээ ханзалсан” гэхэд миний футболкноос татаад машинаа харуулах гээд чирсэн. Тэгээд намайг явахгүй байтал миний цамцнаас татаж боосон. Тэгээд миний футболкыг урсан. П намайг чирж гулдраад, цээжээрээ түрээд байсан. Би түүнийг түлхэхэд П 2-3 удаа унасан. Миний цамцыг урсан болохоор нь би тайлсан. Тэгтэл миний тайлсан цамцаар намайг боохоор нь ухаан алдаж унасан. Нэг мэдээд босоод ирэхэд сонин болоод юу болсныг мэдэхгүй эргэлзсэн. Гэтэл хөл эвгүй болсон байсан. Байрны эсрэг талаас манай эхнэр, хүргэн хоёр машинаа гараашид тавьчихаад ирэхэд “настай хүнийг аллаа” гээд хашхираад байхаар нь миний ажлыг харахаар очсон байсан. Тэгээд намайг байхгүй байхаар нь хайж ирсэн. Тэгэхээр нь би болсон асуудлыг хэлэхэд П, Гыг цээжээрээ түрээд маргалдаад байсан. Манай хүргэн Г цагдаа дуудаад Пийг аргацаагаад байж байтал нүдний шилийг нь хагалсан. Тэгээд “наадах чинь юу юм бэ, ихдээ л 300.000 төгрөг л биз дээ” гэж хэлсэн. П, Г нар барилцаж байгаад газар унасан. Энэ үед Гын машины түлхүүр газар унахад П шүүрээд авсан. Би Пид цохиулсан, өшиглүүлсэн аль нь болохоо мэдэхгүй байна. Ухаан алдаж унахдаа эвгүй унасан байж магадгүй. Ямар ч байсан миний хөл гэмтсэн байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Жмэдүүлэхдээ:

“...Би орцны үүднээс харсан. Камерийн бичлэг ч байсан. Энэ хоёр хамт зууралдаад явж байхаар нь би болиоч гэж хэлсэн. Тэгж байтал машины дунд Нямжав унасан. Тэгэхээр нь би яваад очиход Нямжав “уг нь зодуулах байсан юм” гэж хэлээд зүгээр босоод явсан. Нилээн удалгүй Нямжавын хүүхдүүд “манай хадам аавын хөл хугарчихлаа” гээд камерийн бичлэг асуугаад байсан. Та тухайн үед хохирогчийг зүгээр босоод явахыг харсан. Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Пийн машин эвдэрснийг мэдээгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Пийн өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед гэр лүүгээ орох гээд явж байхад манай байрны урд гражийн үүдийг хоёр хүн цементлээд сууж байсан. Тэгээд би уг цементэлж байсан талбайны нэг буланг нь гишгэсэн. Тэгэхэд хөгшин залуу хоёр хүний залуу нь намайг хүний хийж байгаа юм эвдчихлээ гээд уурлаад миний бөгс хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уг залууд “юун сүртэй юм бэ уучлаарай” гэсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэн барьцалдаж аваад би уг залууг гуд татсан. Тэгээд цаанаас нь хөгшин ах над дээр ирээд чи яагаад байгаа юм бэ гээд гарнаас самардаж түлхсэн. Тэгээд нөгөө залуухан нь чи хөгшин хүн рүү дайрлаа гээд миний цээж рүү гараараа цохисон. Тэгээд зууралдаад сагсны шийдний хажууд очоод намайг унагаагаад миний гарыг тавиулах гээд миний гаран дээр өвдөглөсөн. Тэгээд би гараа тавиад нөгөө гараараа зуурч байхад гараа тавь гээд миний цээж хэсэгрүү гарандаа түлхүүр салаавчилчихаад цохисон. Тэгээд би гараа тавиад босоод түлхүүрийг нь булааж аваад чи яахаараа хүн түлхүүрээрээ цохидог юм гэсэн. Тэгэхэд уг залуу хөгшин ах хоёр намайг газар унахаар түлхүүр өг гээд зүүн гарын эрхий хурууг хойш нь нугалж дарсан. Тэгээд би гараа татаж аваад босоод зугтсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж буруугаа ухаарч байна. Нямжаваас уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-н 28, 32-33/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нын өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би гражийн хаалганд цемент цутгаад хаяад явсан байхад согтуу жолооч машинтайгаа миний цутгасан цементэн дээр машинтайгаа гарч зогссон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд уг машины гүпер лүү цохиход уг залуу машинаасаа бууж ирээд би чамайг ална би машинаа тавьчихаад ирье гэсэн. Тэгээд машинаа ухраахдаа хашлаганд машиныхаа гүперийг хагалж эвдээд явсан. Хэсэг байж байгаад эргэж ирээд чи миний машины гүпер эвдчихсэн байна гэж намайг заамдсан. Тэгэхэд нь би уг залууд чи согтуу машинаа бариад миний хийж байсан ажлыг эвдээд, ухрахдаа гүперээ эвдсэн биздээ гэхэд уг залуу чамайг ална гээд миний хоолойг боогоод чирээд футболк урсан. Тэгэхээр нь би уг залуутай зууралдаж футболкыг нь бас урсан. Би гараа тавихад миний футболкоор миний хоолойг бооход би ухаан алдаж унасан. Тэгээд босоод ирэхэд миний хөл хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-26/,

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Ж-ы өгсөн:

            “...2018 оны 06-р сарын 04-ний орой би байрны гадаа байхад манай байрны залуу нэг хөгшин намхан хүнийг заамдаад чирээд зууралдаад манай байрны хажуу гражийн үзүүрт зууралдаж байгаад намхан хөгшин нь газар унасан. Тэгэхэд би манай байрны залууг боль чи гэхэд манай байрны залуу явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Б.Нын биед зүүн шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 16/

 

Шүүгдэгч Д.Пийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 39-40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Нтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Пийн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж буруугаа ухаарч байна. Нямжаваас уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Нын “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би гражийн хаалганд цемент цутгаад хаяад явсан байхад согтуу жолооч машинтайгаа миний цутгасан цементэн дээр машинтайгаа гарч зогссон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд уг машины гүпер лүү цохиход уг залуу машинаасаа бууж ирээд би чамайг ална би машинаа тавьчихаад ирье гэсэн. Тэгээд машинаа ухраахдаа хашлаганд машиныхаа гүперийг хагалж эвдээд явсан. Хэсэг байж байгаад эргэж ирээд чи миний машины гүпер эвдчихсэн байна гэж намайг заамдсан. Тэгэхэд нь би уг залууд чи согтуу машинаа бариад миний хийж байсан ажлыг эвдээд, ухрахдаа гүперээ эвдсэн биздээ гэхэд уг залуу чамайг ална гээд миний хоолойг боогоод чирээд футболка урсан. Тэгэхээр нь би уг залуутай зууралдаж футболкыг нь бас урсан. Би гараа тавихад миний футболкаар миний хоолойг бооход би ухаан алдаж унасан. Тэгээд босоод ирэхэд миний хөл хугарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Ж-ы “...2018 оны 06-р сарын 04-ний орой би байрны гадаа байхад манай байрны залуу нэг хөгшин намхан хүнийг заамдаад чирээд зууралдаад манай байрны хажуу гражийн үзүүрт зууралдаж байгаад намхан хөгшин нь газар унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 7137 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Поос баримтаар тогтоогдсон 526.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч тусгайлсан санал гаргаагүй бөгөөд шүүх дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Пид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____ овогт Д-н П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүээар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Пийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Поос 526.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Пид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ