| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/04390/И |
| Дугаар | 192/ШШ2026/03723 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/03723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.
Нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХК хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б******* нь ХААН банктай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/58233837 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №БГХ/58233837 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 19 500 000 төгрөгийг жилийн 19.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/58233837 тоот онлайн цалингийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,492,204.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 982,488.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,858.8 төгрөг, нийт 5,493,551.7 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.Б******* нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Б.Б*******т холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Б дүүрэг, 19 тоот хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2026/07000 дугаартай захирамжаар Б.Б******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Шүүх хуралдааныг төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Б*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2026/07000 дугаар шүүгчийн захирамжаар Б.Б*******ийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог” гэжээ.
Нэхэмжлэгч Х******* ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2026/07000 дугаар шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...хариуцагчийн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Б******* нь Б дүүрэг, 19 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн. Шүүгчийн туслах хариуцагчийн *******, ******* дугаарын утас руу удаа дараа залгахад дуудлага аваагүй байна гэсэн...” тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Б.Б*******ийн хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
Б.Б******* нь Б дүүрэг, 19 тоотод суудаггүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ