| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2502000000272 |
| Дугаар | 2026/ДШМ/173 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | П.Удвал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/173
2026 02 04 2026/ДШМ/173
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Удвал,
шүүгдэгч Б.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2502000000272 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ын А-, ........, ял шийтгэлгүй, /РД:Б-/.
Шүүгдэгч Б.А- нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах “Бармон бьюлдинг” /Barmon building/ барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, "мөс” гэх нэршилтэй, нийт 0.3657 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Л.О-ад 1.500.000 төгрөгөөр худалдсан,
мөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Кристал таун хотхоны орчимд, О- УАН улсын дугаартай Subaru /субару/ загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ өөрийн хар өнгийн цүнхэнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй, 2.3009 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт явж байхдаа өөрийн биедээ авч явж байсан цүнхэндээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын хоёрдугаар жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.0116 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-ын А-ийг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 106 хоногийг түүний эдлэх ялаас нь хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох А.А-, А.Х- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр айлын бага буюу 6 дахь хүүхэд болон мэндэлсэн. Одоогийн байдлаар гурвуулаа үлдсэн бөгөөд эгч М- нь элэгний хорт хавдартай, 2 удаа хүнд хагалгаанд орсон, биеийн байдал муу, мөн ах Э- нь шулуун гэдэсний хүнд хагалгаанд орсон биеийн байдал мөн адил муу байгаа. Миний ээж болох О- нь тархины цус харвалт болж, түүний хойш миний бие ээжийнхээ асран хамгаалагч болсон. Ах, эгч хоёрын биеийн байдал тааруу учир ээж маань миний асаргаанд байдаг болсон. Мөн миний бие 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр болох хүүхдүүдийн маань ээж салснаас хойш хүүхдүүд маань ээж бид хоёртой амьдардаг байсан. Одоо миний бага охин болох А.С- нь эгч М-ын асран хамгаалалтад, том охин А-, дунд хүү Х- хоёр нь ээж О-тэй хамт байгаа. Уг хэрэг нь миний анх удаа холбогдсон гэмт хэрэг бөгөөд урьд нь ял шийтгэл эдэлж, ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн саад учруулж, гэм буруугийн байдалд маргаагүй, хийсэн хэргээ хүлээж байгаа. Мөн уг гэмт хэргийн хор уршиг, үр дагавар цаашлаад нийгэмд нөлөөлөх нөлөөг ойлгож хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн ар гэр болон ээж, ах, эгч нартаа маш их санаа зовж байна. Иймд надад үр хүүхдүүдээ өсөж том болоход нь хажууд нь түшиж тулан, чиглүүлэн зааж, гэр бүлээ асран хамгаалах боломжийг олгож ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.А- анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон. Б.А-ийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах “Бармон бьюлдинг” барилгын зүүн талд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Л.О-ад 1.500.000 төгрөгөөр худалдсан, мөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, кристал таун хотхоны орчимд, О- УАН улсын дугаартай субару (Subaru) загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ өөрийн хар өнгийн цүнхэнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй, 2,3009 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэр хувийн байдлын хувьд 1 нас 7 сартай хүүхэдтэй. Бага хүүхэд нь төрсөн дүү н.М- дээр нь байдаг байсан боловч дүү нь савны хавдартай болсон тул хүүхдийг харах боломжгүй болж хүүхэд ээж дээрээ байгаа. 3 хүүхдийг нь харж, хандах хүнгүй болоод байгаа. 2 том хүүхдийг асрамжийн газар өгөхөөр нийгмийн ажилтантай нийлээд хөөцөлдсөн боловч ээж нь байгаа гэдэг үндэслэлээр хүүхдүүдийг улсын асрамж авахгүй гэсэн. Улмаар том хоёр хүүхдийг асрамжийн газарт өгөх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхийг анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан боловч 1 нас 7 сартай охины асрамжийн асуудал шийдэгдээгүй. Ээж нь бие муутай. Б.А-ийн хувьд 2005 онд автын осолд орж, тархины хүнд гэмтэл авч, өрөөсөн нүд нь хараагүй, байнгын эмчийн хяналтад группт байдаг. Өөрийн холбогдсон хэргийн гэм бурууг ойлгож байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн охид бэлгийн хүчирхийлэл болон янз бүрийн хүчирхийлэлд автагдах эсвэл буруу замаар орох, гэр орондоо тогтохгүй байх сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд орох эрсдэлтэй байгаа тул аавынх нь ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Улсын орлогод 1.500.000 төгрөгийг тушаах гээд шүүхийн шийдвэр дээр очиход эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг буюу давж заалдаж гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа тул уг хүсэлтийг манайх хүлээж авах боломжгүй гэсэн. Хэрэг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд 1.500.000 төгрөгийг авна гэсэн. Иймд 3 хүүхдийг /том нь 13 настай, дунд хүүхэд нь 7 настай, бага хүүхэд нь ой 7 сартай/ халамжлах хүнгүй байгаа тул аавынх нь ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.
Прокурор П.Удвал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан ялыг Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулсан. Ийнхүү оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндсэн зарчим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзах хуулийн зохицуулалттай. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал харагддаггүй. 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бусдад мансууруулах бодис худалдсан. Тээврийн хэрэгсэл, цүнхэндээ хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ үйлдэлд н.Тэмүүлэн, н.О- нарт холбогдуулан Б.А-ийн үйлдлийг нэгтгэн шалгасан. Шалгаж байх явцад мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, улмаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баригдсан. Баригдахдаа цүнхэндээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалд багтсан Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, шавар гэх нэршилтэй бодисыг биедээ авч явсан нь тогтоогдсон. Үүнээс энэ төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэдэг нь харагдаж байна. Прокурорын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А- нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах “Бармон бьюлдинг” /Barmon building/ барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, "мөс” гэх нэршилтэй, нийт 0.3657 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Л.О-ад 1.500.000 төгрөгөөр худалдсан,
мөн тус өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, кристал таун хотхоны орчимд, О- УАН улсын дугаартай Subaru /субару/ загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ өөрийн хар өнгийн цүнхэнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй, 2.3009 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт явж байхдаа өөрийн биедээ авч явж байсан цүнхэндээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын хоёрдугаар жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.0116 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 244, 2хх 182/,
2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Л.О-ын эзэмшлийн С- ДОР улсын дугаартай “Лексус Эйч Эс-250" загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-35/,
Л.О-ын биед 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-43/,
Б.Т-, Л.О- нарын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх 39-40, 44-45/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар 341 тогтоол /1хх 50-51/,
Л.О-ын эзэмшлийн Айфоне 15 про макс маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 52-57/,
Л.О-ын Хаан банк дахь төгрөгийн Т- тоот дансны хуулга болон Төрийн банк, Хаан банк дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “...2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр О--С гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөгийг Т- тоот дансанд зарлагын гүйлгээ хийж шилжүүлсэн” баримт /1хх-58, 59-66, 67-72/,
Шүүгдэгч Б.А-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн Т- тоот дансны хуулга “...2025/02/12 огноотой 1,500,000 төгрөгийн гүйлгээ О--С гэх гүйлгээний утгатайгаар Т- тоот данснаас орлогын гүйлгээ хийгдсэн байна” /2хх 94-106/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 76/,
2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Субару загварын О- УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 247-249/,
2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б.А-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 3-5/,
2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.А-ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 183-186/,
Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 187-189/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 78 тогтоол /2хх 13-14/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 246 тогтоол /2хх 193-194/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 27-29, 195-198/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 183-186/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1787 дугаартай дүгнэлтэнд “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О- УАН тээврийн хэрэгсэл, хураан авсан өвс мэт зүйл а/х Г.Нямдорж 2025.02.13" гэж гэж хаягласан зиплок ууттай бор ногоон өнгийн ургамлаас дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн, "2 Г-053 О- УАН т/х хураан авсан зиплок ууттай соруул болон шилэн гаанс холбосон савтай шар өнгийн шингэн зүйл, төмөр жин мэт зүйл, цагаан өнгийн резинэн гуурс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн соруул болон шилэн гаанс холбогдсон савтай шар өнгийн шингэн зүйл нь 5 мл орчим, бор ногоон өнгийн ургамлын цэвэр жин нь 2.3009 грамм байна." гэх дүгнэлт /2хх 62-66/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай дүгнэлтэнд “...Ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 4, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-052 Товч утга: С- ДОР т/х хураан авсан, Объектийн мэдээлэл, онцлог: хэрэглүүр эд зүйл, Алба хаагч, цол, нэр: а/х Г.Нямдорж, Огноо: 2025.02.13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн жин, “Цистон” гэсэн шошготой хуванцар соруул, цагаан өнгийн соруул, хоёр талдаа хөвөнтэй мод,”Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 1, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-052, Товч утга: С- ДОР т/х хураан авсан объектын мэдээлэл, онцлог: Мөс гэх зүйл, Алба хаагч, цол, нэр: а/х Г.Нямдорж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, ...гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метафетамин (methamphetamine) илэрсэн. Метафетамин (methamphetamine) НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. ...цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.3 г, цэвэр жин 0.2425 г, ...талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.3 г, цэвэр жин 0.1232 г байна” гэх дүгнэлт /1хх 122-128/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0325/4601 дугаартай "... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1-3 хүртэл дугаарласан 3 ширхэг зиплок уут, шилэн гаанс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0116 грамм байна." гэх дүгнэлт /2хх 219-222/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 239 дүгнэлт /2хх 83-85/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1783 дугаартай дүгнэлтэнд "...Шинжилгээнд ирүүлсэн “2025.02.13 Б- А- РД:Б-" гэсэн хаягтай шээснээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг болно." гэх дүгнэлт /2хх 74-76/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0325/4602 дугаартай дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн "2025.06.24 Б- А- УК Т- 2025.06.24" гэж хаягласан шээснээс МDМА, метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно." гэх дүгнэлт /2хх 213-215/,
гэрч Х.Ц-ын “...би анх удаа хүнд автомашинаа түрээслүүлэх бодолтой байсан тул ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, А4-ийн цаасан дээр автомашин түрээсэлж байгаагаа бичээд гарын үсэг зурж баталгаажуулсан. Бид хоёр 10 хоногийн хугацаатай өдрийн 80.000 төгрөг гэж тохиролцоод 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний эзэмшлийн Ц- УАН улсын дугаартай субару маркийн автомашиныг авч явсан. Урьдчилгаа болгож бэлэн 400.000 төгрөг өгсөн ба үлдсэн мөнгийг 02 дугаар сарын 18-ны өдөр өгөхөөр болсон. ...Би А-д 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түрээслэн өгөхдөө хар өнгийн цүнх өгөөгүй. Би өөрийн гэсэн цүнх хувцас үлдээгээгүй.” гэх мэдүүлэг /2хх 36-37/ зэрэг хуульд заасан журмаар хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.А-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бие даасан шинжүүдээс хамааралгүй хэсгүүдийг тоочин бичиж хууль хэрэглээний техникийн алдаа гаргажээ.
Учир нь Эрүүгийн хуульд гэмт хэргийн нэг бүрчилсэн объектив болон субъектив шинжүүдийг тоочин бичихдээ таслалаар заагласан тохиолдолд таслал хооронд бичигдсэн шинж тус бүр нь дангаараа болон хамтдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бий болгодог. Шүүгдэгч Б.А-ийн хадгалсан, бусдад худалдсан бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтдаг талаар шинжээчийн дүгнэлтүүд гарч нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг гэж тайлбарлажээ. Тодруулбал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь хоёр өөр төрлийн донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөө үзүүлдэг бодис бөгөөд НҮБ-ын 1961, 1971 оны мөн хоёр өөр конвенцоор хамаарах бодисын нэр, төрлийг тогтоож жагсаасан байдаг. Иймд шүүгдэгч Б.А- нь мансууруулах эм бус харин сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан үйлдэл хийсэн болохыг анхаарах нь зүйтэй.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд" гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг гэж тайлбарлан тодорхойлж хуульчилжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо “...бодис, түүхий эдийг ...худалдсан” гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ийн хууль бусаар бусдад худалдсан “мөс” гэх нэршилтэй бодис нь түүхий эдийг боловсруулж гарган авсан нийлэгжүүлсэн, синтетик бодис бөгөөд түүхий эд гэх ангилалд хамаарахгүйг анхаарах нь зүйтэй. Мөн худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэж гэм буруутайд тооцсоныг хууль бусаар худалдсан гэж өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь худалдаалах зорилгоор гэх субъектив шинж нь уг зүйлийн хэсэг доторх худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн гэх шинжүүдэд илүү хамааралтай бөгөөд бусдад худалдаалж буй үйлдэл нь угаас объектив үйлдлийн шинжийн хувьд өөртөө худалдаалах зорилгыг агуулсан байдгийг анхаарах нь зүйтэй юм.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтыг баримталсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох эрх зүйн үндэслэлийг хууль тогтоогч хуульчилсан бол 2 дахь хэсэгт нэмж нэгтгэх журмыг хуульчилсныг хэрэглэх ёстойг анхан шатны шүүх орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “... үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж тус тус өөрчлөлт оруулав.
Шүүгдэгч Б.А- “...миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн саад учруулж, гэм буруугийн байдалд маргаагүй, хийсэн хэргээ хүлээж байгаа. Мөн ар гэр болон ээж, ах, эгч нартаа маш их санаа зовж байна. Иймд надад үр хүүхдүүдээ өсөж том болоход нь хажууд нь түшиж тулан, чиглүүлэн зааж, гэр бүлээ асран хамгаалах боломжийг олгож ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдпэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 291 яллах дүгнэлтэд нотлох баримтуудыг тоочин бичихдээ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, Л.О-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Т-, Л.О- нараас шинжилгээнд зориулж биологийн дээж авсан, түргэвчилсэн тест ашигласан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 341 тогтоол зэрэг нотлох баримтуудын хавтаст хэрэгт үдэгдсэн хуудасны дугаарлалтыг зөрүүтэй буруу тэмдэглэсэн, мөн 1 дэх хавтаст хэргийн 58, 59-66 талуудад Л.О-, Б.Т- нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэрэг баримт авагдсан байхад Б.А-ийн данс мэтээр бичсэн зэрэг алдааг анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт алдаатай тэр хэвээр нь хуулбарлан буулгасан байгаа нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 29 тогтоол, түүний хавсралтаар батласан Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 3.10 Шүүхийн шийдвэрт нотлох баримтыг эшлэхгүй ба харин дурдах шаардлагатай бол шүүхийн шийдвэрийн үндэслэл (эрүүгийн хэргийн хувьд тодорхойлох) хэсэгт тухайн баримтыг үнэлж буй хэсгийн (өгүүлбэрийн) ард хаалтан дотор хавтаст хэргийн болон хуудасны тоо буюу талын дугаарыг бичнэ. Жишээ нь ...шинжээчийн дүгнэлтэд (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал) гэж бичнэ” 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах журмын 2.1.1. ...Шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсаныг эсхүл нотлох баримтын агуулгыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичих байдлаар бус, харин тэдгээрт түшиглэн харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих ёстой” гэж заасныг баримтлаагүй байна. Мөн 3 дахь хавтаст хэргийн 18 дахь талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасныг баримтлан шүүгч Б.Мөнх-Эрдэнэ эрүүгийн 2502000000272 дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгажээ. Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ гэж заасан ба шүүгч Б.Мөнх-Эрдэнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг орлох шүүгчээр томилсон, албажуулсан шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй ба эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчилд хамаарахгүй гэж дүгнэн цаашид ерөнхий шүүгчийг орлох шүүгчээр томилсон, албажуулсан шийдвэрийг хавтаст хэрэгт хавсаргаж байхыг анхан шатны шүүхэд анхааруулав.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 120 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2318 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “... үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР