Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч У.Г-,

хохирогч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Ууганбаярын Г-эд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805025590553 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ..........дүүргийн ......... дүгээр хорооны хэсгийн ахлагч ажилтай, Баянгол дүүргийн  .........хороо ........ гудамжны ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Ууганбаярын Г-

 

Шүүгдэгч У.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-2-6 тоотод иргэн М.М-тай маргалдан хацар хэсгээс хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М- мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 30-ны оройн 21-22 цагийн үед манай хамба лам над руу утсаар яриад хийд дээр манаач байхгүй байна, манаач хаана байгааг мэдэж байна уу гэхээр нь мэдэхгүй, би одоо очиж байна гээд очсон. Хийд дээр очоод дотуур байр руугаа явж байтал 2 давхарт шуугиан болоод байсан. Тэгтэл манай хийдийн нэг лам доошоо бууж ирээд хамба ламын хүмүүс зодох гээд байна гэхээр нь очтол манай хамба ламыг Г- гэх хүн заамдсан зогсож байсан. Тэгээд салгах гээд татахад надтай ноцолдоод миний хацраас хазсан. Тэгээд би эмнэлэгт хэвтсэн. Мөн тухайн үед Г- миний гар утсыг дэвсэлж эвдэлсэн. Тухайн өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Миний нүдний шил, гар утас, цамц зэргийг урж, эвдэлсэн. Би нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн ба 5 дугаар сарын 05-ны өдөр Г- надад 380.000 төгрөг өгсөн. 5 дугаар сарын 13-ны дотор 620.000 төгрөг өгнө гэж нотариатаар орсон боловч нэг төгрөг ч өгөөгүй. Тиймээс 620.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч У.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч У.Г- нь иргэн М.М-тай маргалдан хацар хэсгээс хазаж

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.М-ын “ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед би хороолол явж байхад манай хийдийн тэргүүн лам над руу залгаад хийдийн  манаач байхгүй байна чи гэртээ байна уу гэсэн. Би гэртээ байхгүй байна, одоо очиж байна гээд би хийд дээр очиход манай хийд дээр хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би гэр рүү орох гээд байр руугаа ороход манай байрны 2 давхарт хүмүүс орилолдоод байсан. Тэгэхэд манай хийдийн Баянмөнх гэх лам надтай таараад 2 давхарт тэргүүн лам руу хэдэн хүмүүс дайраад байна гэсэн. Тэгээд бид 2 хоёр давхарт гарахад нэг танихгүй залуу тэргүүн ламыг заамдаж байхаар нь би очоод салгахад Г- гэх залуу надтай барьцалдаад ноцолдсон. Тэгээд Ууганбаатар намайг тэвэрсэн. Тэр үед Г- миний баруун хацарнаас хазаж гараа хэд хэдэн удаа нүүр рүү цохиж мөргөсөн. Тэгээд би Г-тэй ноцолдоод Ууганбаатар намайг 1-2 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд Г-ийг авч явсан. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Г- нэлээн согтуу байсан. ...Би эмчилгээний зардлаа эвдэрсэн утсаа засуулж ажилгүй байсан өдрийн цалингаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

“...Г-ийг тэврээд холдуулаад салгах гэхэд Г- надтай зууралдаад миний хацрыг хазсан. Ууганбаатар салгах гээд зууралдаж байхдаа намайг нуруу хэсэгт нэг удаа цохисон. Өөр зодож цохисон асуудал байхгүй. Надтай одоо болтол холбоо барихгүй байгаа. Эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөн дээр туслахгүй байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

            “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон бүх зүйлээ ярьсан. Г- миний эмчилгээний зардал гар утас засуулах ажилгүй байсан өдрийн цалин нийт 1.000.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд надад 380.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш надтай холбоо бариагүй учир би гомдолтой байна. ... Одоо надад 620.000 төгрөг  2018 оны 05 дугаар сарын 13-ны дотор өгнө гээд өгөхгүй байгаа. Надтай холбоо барихгүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5636 дугаартай:

1. М.М-ын биед хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Гэрч Я.Ганболдын “ ...Тэгэхээр нь би Хэрлэнг чи яагаад ажил дээр байж архи уучихсан юм гээд асуухад Хэрлэн хойд нийтийн байранд 2 залуу намайг дарамтлаад байна гэсэн. Тэгэхээр нь би уг байранд очиж 2 давхарт гарахад Ууганаа цонхон дээр тамхи татаад утсаар яриад сууж байсан.  ...Тэгээд би 2 давхарын 3 тоотод ороход нэг танихгүй залуу цонх руу хараад зогсож байсан. Тэгэхээр нь би чи юун хүн бэ эндээс гар яв гээд үүд рүү түлхэхэд уг залуу ална шүү гээд над руу  зууралдсан. Тэгтэл Бамбар гаднаас орж ирээд салгасан. Уг залууг тэврээд холдуулсан. Тэгтэл Ууганаа манай найзыг тавь гээд хүрээд ирсэн. Тэгэхэд Баянмөнх орж ирээд Ууганааг татаад холдуулсан. Тэгээд Ууганаа Баянмөнхийг цохисон. Тэгээд Баянмөнх  гараад явсан. Тэгээд үл таних залуу над руу дайрахад Бамбар тэврээд салгахад уг танихгүй залуу Бамбарын хацрыг хазсан. Уг танихгүй залуу намайг зодож цохисон асуудал байхгүй. ...Уг залуу архи уусан нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд У.Г- нь иргэн М.М-тай маргалдан хацар хэсгээс хазаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.М- нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 620.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжилсэн хохирлын талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч нь хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Г- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Х.Гантулгад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Ууганбаярын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Г- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч М.М- өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Г-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ