Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Н.Ням-Очир,

шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Харчу овогт Цогтсайханы Н-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1705014410175 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Харчу овогт Цогтсайханы Н-  1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 114 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж  2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 сарын 05 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ял өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 9.792.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн.

 

Шүүгдэгч Ц.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын 147 дугаар лангууны хажууд Б.Мөнхтуяагийн цүнхэнд байсан Самсунг эс 6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Эд зүйлийн үнэлгээний “... Samsung s-6  маркийн гар утас нийт 310.000 төгрөг” гэсэн баримт. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.Мөнхтуяагийн “Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хар хорин захын 3 давхарт өмд авах гэж байгаад тухайн лангууны хажууд байж байтал миний цүнхэнд байсан гар утас алдагдсан байсан. Тэр гар утсыг би цүнхнийхээ гадна талын цахилгаантай халаасанд хийсэн байсан. Миний алдагдсан гар утас Самсунг эс-6 маркийн гар утас байсан. ... Харин хяналтын камерт  бичигдсэн хүнийг гэж бодож байна. ... Гомдолтой байна алдсан утсаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

“Би хохирогчийн эрх үүргээ ойлголоо.Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би хохирлын мөнгө болох 250.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Ц.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Хар хорин худалдааны төвийн 4 давхарт байрлах дотуур хувцасны тасгаас хүүхэддээ хувцас авах гэж байгаад ... лангуун дотор хувцас үзээд байж байтал миний урд талд 20-25 орчим насны нэг охин хувцас үзэж байхаар нь би тэр охин руу ойртож очоод гадна талын куртикны баруун талын халааснаас Самсунг 6 маркийн гар утсыг нь хулгайлчихсан юм, алтан шаргал өнгөтэй гар утас байсан” /хэргийн 25 дугаар хуудас/

“Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Би дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирлоо нөхөн төлсөн учраас хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Б.Мөнхтуяагийн “... Би хохирлын мөнгө болох  250.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ болон  түүний “... 250.000 төгрөг хүлээн авсан”  мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн 2017 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн Н.Энх-Эрдэнэ /хэргийн 35 дугаар хуудас/ гэсэн бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Харчу овогт Цогтсайханы Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ