2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/03783

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ө.Т-т  холбогдох

Нэр төр, алдар хүндийг сэргээх, няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Т******* нь 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэл миний ажил хэргийн нэр хүндэд системтэйгээр халдаж байна. Тухайлбал 2023 оны 09 сар, 2026 оны 03 сарын 04-ын өдрүүдэд *******-ийн *******ын тэнхимийн эрхлэгч ********** нартай өрөөгөөр нь орж уулзан, олон хүний дэргэд орилж хашгиран, миний хувийн амьдралыг гуйвуулж, нэр төр, ёс зүйд харшлах худал мэдээллийг тараасан.  *******-ийн *******тэй утсаар ярихдаа хүний гэр бүл үймүүлсэн, хэмээн худал мэдээлэл тараасан нь миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч Ө.Т******* нь намайг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон мэтээр илт худал мэдээллийг ГХС-ийн удирдлагууд болон хамт  олны дунд тарааж, '*******-аар шалгуулна, *******-т өгсөн байгаа гэх зэргээр гүжирдэн гүтгэж, миний хууль ёсны эрх ашиг, мэргэжлийн нэр хүндэд ноцтой халдсан Миний бие өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь намайг гэмт хэрэгтэн мэтээр харагдуулж, сэтгэл зүйн хүнд дарамтад оруулж байна. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 11, 23-ны өдрүүдэд өөрийн эзэмшлийн 98******* дугаараас миний утсанд "янхан, гичий, ясыг чинь цайлгана" гэх мэт зүй бус, ёс бус хэллэг бүхий мессежүүдийг илгээж, заналхийлсэн. Энэхүү үйлдэл нь миний амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулж байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт зааснаар нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ нотолж чадахгүй бол няцаах үүрэгтэй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх эрхтэй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу миний хувийн нууцыг зөвшөөрөлгүй дэлгэсэн нь хууль бус юм. Иймд доорх шаардлагуудыг бүрэн хангаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Хариуцагч Ө.Т*******ын тараасан "... *******-т өгөх үндэслэлтэй, ажлаас халуулах хэмжээний ёс зүйн алдаа гаргасан, янхан, гичий..." гэх мэдээллүүдийг бодит байдалд нийцээгүй, худал болохыг тогтоож, миний нэр төр, алдар хүндийг сэргээж өгөх, дээрх худал мэдээллийг тараасан орчин болох *******-ийн хамт олны дунд няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан эдийн бус гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  *******-ийн *******ын тэнхимийн холбогдох хүмүүстэй уулзсан нь үнэн бөгөөд тухайн байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг талаар тодруулсан. *******-ийн Ёс зүйн хорооны холбогдох албан хаагчтай утсаар ярьсан нь үнэн бөгөөд ёс зүйн хороонд хэрхэн гомдол гаргах талаар асуусан. Миний зүгээс *******-т өгөх үндэслэл байж болох эсэхийг дурдсан нь үнэн бөгөөд *******-т гомдол, мэдээлэл гаргаагүй. Миний бие ямар нэг асуудлаар *******-ийн Ёс хороо, *******-т гомдол, санал, мэдээлэл бичгээр гаргаагүй тул талуудын хооронд үүссэн маргаанд цаашид нотлох баримт шинжлэх шаардлагагүй гэж үзлээ. Миний бие өөрийн дугаараас нэхэмжлэгч рүү мессеж бичсэн нь үнэн бөгөөд худал мессеж илгээгээгүй болно. Нэхэмжлэгчтэй цаашид ямар нэгэн байдлаар уулзаж, маргааныг үргэлжлүүлэх хүсэлгүй тул нэхэмжлэгчид шаардлагатай эдийн бус гэм хорын хохирол гэж үзсэн 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэгчтэй маргах хүсэлгүй байгааг харгалзан үзэж, тус хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г******* хариуцагч Ө.Т*******т холбогдуулан нэр төр, алдар хүндийг сэргээх, няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Г*******ийн нэр төр, алдар хүндийг сэргээх, няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ө.Т******* хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Г*******ийн нэр төр, алдар хүндийг сэргээх, няцаалт хийлгэхийг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ө.Т******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 35 100 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г*******т олгосугай. 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ