Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Д.М- түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

хохирогч Э.М-,

гэрч Л.Нямдулам, Т.Басбиш, Р.Энхсайхан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Байшинт овогт Дашдоржийн М-од яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1805017820458 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Байшинт овгийн Дашдоржийн М-, /РД:ХЛ62022177/ 1962 оны 02 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий болоьсролын лаборатори ахлах сургуульд жижүүр ажилтай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ........ дугаар байрны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны  012 дугаар гудамжны 13 тоот хашааны гадаа иргэн Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.М- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзуудтайгаа уулзаад манай гэрт ороод жоохон юм яръя гээд хаалгаа цохиход хохирогч М- гарч ирээд яагаад архи уусан юм бэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхэд М- намайг заамдаж авсан. Бид хоёр зууралдаж байгаад унахад би доор нь ороод унасан. Дараа нь М- хаалгаа түгжсэн. Манай найз хаалга нүдэж байсан чинь цагдаагийн алба хаагч ирсэн. Бид хоёр цагдаагийн алба хаагч нартай хамт гараад ирэхэд үүдэнд М-ын аав ирсэн байсан. Цагдаагийн байгууллагад ирэхэд бид нарыг даралт ихтэй байна гээд явуулсан. Маргааш нь дахин найзуудтайгаа уулзаж юм ярьж байгаад явсан. Би хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй. Хамгийн гол нь хүн гүтгээд байгаа юм шиг ярьж байгаа нь муухай байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай гэр бүлийнхэн лагер дээр амарсан юм. Орой нь аав ээжийгээ гэрт нь оруулаад өөрийн гэрийн гадаа ирэхэд шүүгдэгч согтуу байсан. Би эхнэр хүүхдийнхээ ачаа барааг буулгаад гарахад би шүүгдэгчтэй хаалганы үүдэнд таарсан. Би сайн байна уу та гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би та согтуу байна гэхэд бүгдийг чинь дуусгана гээд миний хоолойг боосон. Энэ үед манай эхнэр болиочээ гэхэд намайг нэг удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр гүйж ирээд салгах гэхэд эхнэрийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би шүүгдэгчийг түлхэж гаргаад хаалгаа түгжсэн ба шүүгдэгч болоод түүний найзууд хаалга нүдэж, эд нарыг ална гээд орилоод байсан. Хаалга өшиглөж байхад цагдаа ирээд аваад явсан ба би өргөдөл өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгч тэр шөнө буцаж ирээд агсам тавьсан. Тэгэхэд хажууд нь байсан найзууд нь эд нарыг алаач гээд орилоод байсан. Маргааш нь 22 цагийн үед дахин хаалга тогшоод гараад ир, хоёулаа алалцъя гэсэн. Амгалан тайван алдагдуулахад хуультай гээд би цагдаа дуудаж, эрүүлжүүлэх байранд аваад явсан. Дараа нь шүүгдэгч аав бид хоёроос уучлалт гуйгаад байхаар нь ойлгож байна гэж бодсон чинь одоо намайг цохисон гээд байна. Манай хаалга эвдэрсэн, төлж барагдуулах хэрэгтэй. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д.М- нь иргэн Э.М-тай маргаж цохиж Э.М-ын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралтууд, зүүн сарвуунд өнгөц зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.М-ын “2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ ирсэн. Машинаа зогсоолд байрлуулахаар гэрээс гарсан. Хөрш М- гэрийн хаалганы гадна согтуу таарсан. Би сайн байна уу та гэж мэндэлсэн, өөдөөс чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Та зүгээр үү гэж асуусан чинь юу хараад байнаа пизда минь гэж хэлэн хоолой боосон. Ингээд би та эрүүлдээ бол согтуу байна гэртээ  орж амраа гэхэд танай аавтай чинь тооцоотой шүү, гэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь нүүр лүү 1-2 удаа цохисон. Ингээд цагдаа дуудсан. 1 гараараа хоолой боосон. 1-2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-17 дугаар хуудас/     

“М- тухайн өдөр хөршийн хаалга дээр намайг заамдаж аван “та нарыг гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” гэж хэлсэн. Эхнэр Нямдулам гэрээс гарч ирэн болиоч гэж хэлсэн. Энэ үед М- намайг заамдаж аваад нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү нэг  удаа цохисон. Хоёр дахь удаа цохих гэтэл эхнэрийн нүүрэнд цохих шиг болсон. Ингээд М-ыг хөршийн хаалгаар  2 найзын хамт гаргаж хаалгаа түгжсэн. ... Урьд мэдүүлэг авсан байцаагч буруу ойлгосон юм шиг байна. Би тухайн урьд М- намайг цохисон гэж хэлсэн. Баруун гараараа хоолой боож, нүүрний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг.  /хэргийн  40-41 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3546 дугаартай:

“...1.Э.М-ын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралтууд, зүүн сарвуунд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд  мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Л.Нямдуламын “2018 оны 3 дугаар сарын 11-ний оройн 19 цагийн үед лагер ороод хадам аав, ээж хоёрыгоо гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Намайг хоёр хүүхдээ гэрт оруулаад машинаа зогсоолд тавина гээд хэлээд нөхөр гарсан. Гэтэл удалгүй чамайг алаад өгье гэсэн чимээ гарсан. Хаалгаар гараад очтол хажуу айлын М- манай нөхрийн хоолойг боосон зогсож байсан. Хажууд нь хоёр эрэгтэй хүн байсан. Би салгах гээд очтол миний нүүр рүү гараараа цохисон. Тухайн үед хэн цохисон гэдгийг анзаараагүй. Дийлдэхгүй болохоор нь бүгдийг нь түлхэж гаргаад үүдний хаалгаа хааж цагдаа дуудсан. М- нь М-ын хоолойг хоёр гараараа боож нүүр рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Д.М- иргэн Э.М-тай маргаж  цохиж Э.М-ын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралтууд, зүүн сарвуунд өнгөц зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.М- өөрт учирсан хөнгөн гэмтэлд нэхэмжлэх зүйлгүй, харин хаалга гэмтээсний төлбөр нэхэмжилээ.

Гэмтээсэн гэх хаалгыг шүүгдэгч Д.М- биш харин Т.Басбиш гэх хүн өшиглөсөн гэж хохирогч мэдүүлж байх тул шүүгдэгчид хамааралгүй байна гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Д.М-од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Байшинт овгийн Дашдоржийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М- торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.М-ын нэхэмжилсэн хаалга гэмтээсний төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ