| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2406014261248 |
| Дугаар | 2026/ДШМ/195 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/195
2026 02 11 2026/ДШМ/195
Д.У-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сүхчулуун,
шүүгдэгч Д.У-, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2520 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406014261248 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-гийн У........., /РД:Д-/,
Шүүгдэгч Д.У- нь “АНУ-н Олон улсын технологийн фонд” гэх байгууллагаас их хэмжээний санхүүжилт авч өгнө, хөрөнгө оруулалт шийдвэрлэнэ, барилгын чиглэлээр хамтран ажиллана” гэж итгүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд бэлнээр болон арилжааны банк дахь бусдын эзэмшлийн дансаар дамжуулан хохирогч Ч.Р-аас 38.300.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Д-гийн У-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У-ээс 29.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Р-, Б.О- нарт хувь тэнцүүлэн олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Д.У-эд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие залилах гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Би Нарантуул захын ард хоёр айлын 1242 м/кв газраа барилгын төслөө хүнд залилуулсан. Одоо хохирлоо авч чадахгүй миний амьдрал хүнд байна. Миний бие анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдсэнээс хойш хохирол, төлбөрт 1.680.000 төгрөгийг төлсөн. Цаашдаа боломж, бололцоогоороо хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Миний эрүүл мэнд муу, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Элэгний хоргүй хавдартай, томорсон хагарах аюултай, мөн баруун хөлөндөө хагалгаатай, даралт байнга ихсэж, 2 чих сонсгол муу, тархи толгой мартаж санаад, ой санамж маш муу зовиур ихтэй байгаа тул дээрх биеийн байдлыг минь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрөөс тодорхой хэмжээг төлсөн, цаашид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байгаа. Манай үйлчлүүлэгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас цахим бугуйвчийг зүүх боломжгүй байгаагаа илэрхийлж байна. Гэсэн хэдий боловч Д.У- нь тогтсон орлогогүй учир торгуулийн ялыг төлөх боломжгүй. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-эд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.У-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Д.У-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Д.У-ийг хохирогч Ч.Р-ыг залилсан гэх үйлдэлд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2406014261248 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 572 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.У-ийг “АНУ-ын Олон улсын технологийн фонд” гэх байгууллагаас их хэмжээний санхүүжилт авч өгнө, хөрөнгө оруулалт шийдвэрлэнэ, барилгын чиглэлээр хамтран ажиллана гэж итгүүлэн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд бэлнээр болон арилжааны банк дахь бусдын эзэмшлийн дансаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дүгнэхдээ шүүгдэгч Д.У-ийн дээрх үйлдлүүдийн улмаас нийт 38.300.000 төгрөгийн хохирол учирснаас 2.000.000 төгрөг төлсөн байна. Харин үлдэгдэл 36.300.000 төгрөгийн хохирол дээр шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож шүүгдэгчээс 29.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгч Д.У-ээс 29.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-, Ч.Р- нарт хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй гэж дүгнээд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.У-ээс 29.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Р-, Б.О- нарт хувь тэнцүүлэн олгосугай гэж шийдвэрлэжээ.
Тухайлбал, шүүгдэгч Д.У-ийг хохирогч Ч.Р-ыг залилсан гэм буруутайд тооцсон боловч гэмт хэргийн улмаас хоёр хүнд хохирол учирсан байдлаар дүгнэж, хохирогч Ч.Р-, Б.О- нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болж шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх хүрээ хязгаарыг зөрчжээ.
Прокуророос хэрэв шүүгдэгч Д.У- нь хохирогч Ч.Р-, Б.О- нарыг залилсан гэж дүгнэсэн тохиолдолд яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ хоёр хохирогчийг залилсан гэх агуулгаар дүгнэх, хохирогч Б.О- нь залилах гэмт хэргийн улмаас хохироогүй гэж үзвэл 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн Б.О-ыг хохирогчоор тогтоосон тогтоолыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгох, Б.О- нь залилах гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзвэл түүнд гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны үед лавтай сайн тогтоосон байх учиртай.
Хэрэгт авагдсан хохирогч Ч.Р-ын “...Би хэргийн материалд 8 ширхэг бэлэн мөнгөний зарлагын баримт гаргаж өгсөн. Тухайн баримт нь У- гэдэг хүнд бэлнээр өгсөн мөнгөний баримт бөгөөд тухайн үед У-эд мөнгө өгөхдөө 2 ширхэг бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдээд нэг ширхэгийг нь У-эд өгөөд 1 хувийг нь өөртөө авч үлддэг байсан. Гэхдээ тухайн бэлэн мөнгөний баримтад 33.300.000 төгрөгийн баримт орсон байна. Үүнийг би мэдэхгүй байна. Миний бодлоор өмнө нь нэгтгэж гаргаж байсан бэлэн мөнгөний баримтаа хавсаргасан байна гэж үзэж байна. Тийм болохоор 33.300.000 төгрөгний баримтыг оруулахгүй байж болно. Харин би У-эд дансаар болон бэлнээр өгсөн мөнгөний тооцоог хүснэгтээр гаргаад хэргийн материалд хавсаргахаар өгсөн. Тухайн хүснэгтэд У-эд бэлнээр 18.700.000 төгрөг, дансаар 19.600.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийт 38.300.000 төгрөг болж байгаа юм. ...Хаан банкны О- дугаартай дансанд 2023.04.21-2023.11.23-ний өдрийн хооронд нийт 28 удаагийн гүйлгээгээр нийт 19.600.000 төгрөг шилжүүлсэн. ...дансаар гүйлгээ хийхэд Б.О- бид хоёр ярилцаж байгаад мөнгө өгөх эсэхээ шийддэг байсан бөгөөд гүйлгээний утга хэсэг дээр О-ы нэрийг нь бичээд явуулдаг байсан. Мөнгийг шилжүүлэхдээ би О-д өөрийнхөө Хаан банкны картыг өгч явуулаад О- мөнгийг шилжүүлдэг байсан юм. ...Тухайн 38.300.000 төгрөгнөөс 10.000.000 орчим төгрөг нь Б.О-ы мөнгө байгаа юм. Би яг хэдэн төгрөг нь О-ых гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.” /1хх 69-71/, хохирогч Б.О-ы “...энэ хүн Р- бид хоёроос залилаад 38.300.000 төгрөг авсан. Эдгээр мөнгийг дансаар болон бэлнээр авсан. ...У-эд бэлнээр 18.700.000 төгрөг, дансаар 19.600.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийт 38.300.000 төгрөг болж байгаа юм. Үүнийгээ л У- гэх хүнээс нэхэмжилж байгаа юм.” /1хх 75-76/, гэрч М.Н-гийн “...О- гэх хүн надад тухайн газар дээр баригдах барилгаас 2 машины зогсоол өгье 13.000.000 төгрөг өгчих гээд байхаар нь би тухайн мөнгийг нь Р- гэдэг хүний Хаан банкны дансанд шилжүүлж байсан. ...2024 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд О- гэдэг хүн “Хөрөнгө оруулагч нар ирсэн, бид нар оффис дээрээ ширээ засаад хүлээж авах гэж байна” гэх шалтгаан хэлээд 500.000 төгрөг зээлээч гээд байхаар нь би мөн л тухайн мөнгийг Р- гэх хүний данс руу шилжүүлж байсан” /1хх 79-81/ гэх мэдүүлгүүд,
бэлэн мөнгөний баримт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-23, 52-53, 170-171/ гэх зэрэг баримтуудтай танилцахад хохирогч Ч.Р- нь бэлнээр болон дансаар 38.300.000 төгрөгийг шүүгдэгч Д.У-эд шилжүүлсэн, хохирогч Б.О-аар дамжуулан шилжүүлдэг байсан гэх зэргээр мэдүүлсэн, мөн 10.000.000 орчим төгрөг нь Б.О-ы мөнгө байх гэх зэрэг агуулгатай мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ.
Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тул нэг эсвэл хэд хэдэн хүний өмчлөх эрхэд халдсан зэрэг нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг илтгэхийн зэрэгцээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, гэмт хэргийн улмаас хэнд, хэр хэмжээний хохирол учирсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед нотолсон байх ёстой нотолбол зохих байдалд хамаарна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний явцад прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хохирогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илэрвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч захирамж гаргаж хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг 60 хүртэл хоногийн хугацаагаар завсарлуулж, хийгдвэл зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийх боломжтой.
Анхан шатны шүүхээс хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон эсэхийг бүрэн гүйцэд шалгахгүйгээр прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнээс давж Б.О-ыг хохироосон үйлдэлд дүгнэлт хийхдээ гэм буруутайд тооцоогүй үйлдэлдээ хохирогч Б.О-ыг хохирсон гэж дүгнэж түүнд учирсан хохирлын хэмжээг төлбөл зохих хохирлыг хувь тэнцүүлэн олгохоор дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2520 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.У-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлүүлэх агуулга бүхий шүүгдэгч Д.У-ийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Д.У-ийг шүүгдэгч Н.Ууганням гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2520 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.У-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР