Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 631

 

 

     

   

      

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ___ овогт Б-ы Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

  “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Гийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтүвшинтэй маргалдаж улмаар уруул руу нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 36-37/,  

  

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Э-гийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө би найз С-тай хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Си” баарны үүдэнд найз Т-тэй тааралдаад юм яриад зогсож байсан чинь цаанаас нь хэдэн хүмүүс ирээд Г- гэдэг хүн нь над руу “Хөөе халзан хулгайчаа чи хаанахын хулгайч вэ” гээд дайраад байхаар нь чи хүн андуураад байгаа юм биш үү гэсэн чинь шууд л үгийн зөрөөгүй миний эрүү, шүд, элэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг өөр хүн цохиогүй. Тэгээд би ГССҮТ-рүү найз С-тэй явган явж байсан чинь нөгөө Г- араас машинтайгаа ирээд эвээр ярьж байгаад шүдээ хийлгээд салвал сал би чамайг хорооллоор явж чадахгүй болгоно шүү би гүйцээгээд алчих юм уу манай найзууд бүгдээрээ шоронд байгаа би л явах дутуу байгаа гээд дайрч орилж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ___ тоот:

 1. Н.Э-гийн биед үүдэн доод зүүн 1, 2-р шүд, баруун 1-р шүднүүдийн сулрал, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Гурван шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 13/,

 

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 32-35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

                            

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө хохирогч Н.Э-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Гийн “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтүвшинтэй маргалдаж улмаар уруул руу нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг,

  

хохирогч Н.Э-гийн “...2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ... Г- гэдэг хүн нь над руу “Хөөе халзан хулгайчаа чи хаанахын хулгайч вэ” гээд дайраад байхаар нь чи хүн андуураад байгаа юм биш үү гэсэн чинь шууд л үгийн зөрөөгүй миний эрүү, шүд, элэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1652 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Э- нь шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь одоо ял эдлэж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч  Б.Год 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж дууссаны дараа тусад нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 15-нд буюу түүнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаас өмнө үйлдэгдсэн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь өөр өөр төрлийн гэмт хэргүүд байх тул түүний эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч _______ овогт Б-ы Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Год Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Э- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Год авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ