Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00796

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        ЕШИ ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00063 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЕШИ ББСБХХК-ийн хариуцагч Г.Лд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 29,909,888 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, Б.Азжаргал, хариуцагч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Г.Лгээс зээлийн үлдэгдэлд 20,532,881 төгрөг, зээлийн хүү 8, 564,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,982 төгрөг, нийт 29,909,888 төгрөг гаргуулж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Л нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЕШИ ББСБХХК-аас 23,000,000 төгрөг, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 2,467,119 төгрөг төлж, 20,532,881 төгрөг төлөөгүй, зээлийн хүүд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 22,727,236 төгрөг төлөхөөс 14,073,212 төгрөг төлж, 8,564,025 төгрөг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүд 335,669 төгрөг төлж, 722,982 төгрөг төлөөгүй. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр Г.Лгийн өмчлөлийн ...01 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн. 2019 оны 10 дугаар сард дэлхийн нийтэд Ковид-19 халдварт өвчин тархаж, Монгол Улсад бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хатуу хол хорио тогтоосны улмаас Г.Л санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон. Гэвч зээлийн төлбөрөөс 16,540,331 төгрөг төлсөн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор иргэд, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, төлбөр тооцолгүй хойшлуулахаар шийдвэрлэсэн. ЕШИ ББСБХХК-аас зээлийн гэрээний хугацаа дууссан гэж хариуцагчийг дуудсан ба хариуцагч 21,000,000 төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг төлж, зээлийг хаах хүсэлтийг бичгээр гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч зээлийн хүүг хэт өндрөөр тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд үндсэн зээлд нэхэмжилсэн 20,532,881 төгрөгөөс зээлийн хүүд тооцсон 2,645,005 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 17,887,876 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэжээ.

  3. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Лгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.578.552 төгрөгийг нэхэмжлэгч ЕШИ ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.331.336 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Л нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1660200929 дүгээр “Барьцааны гэрээ”-ний дагуу Г.Лгийн өмчлөлийн ...01 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 364.800 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 63.035 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 351.042 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээр нь бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсны улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон гэх хариуцагчийн нотлогдоогүй тайлбарт хөтлөгдөн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх зээлийн хүүд 4,045,671 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тооцооны алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас санхүүд нь ямар байдлаар нөлөөлсөн гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй. Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч комлани зээл төлөх графикт хугацааг шинэчлэх, үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолыг дагаж мөрдөж цар тахлын хорио тавигдсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зээлдэгч нарт нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болох нь хэрэгт авагдсан зээлдэгч Г.Лгийн хүсэлт, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн
төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогдоно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд заасны дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хүү тооцож хариуцагчаас гаргуулж авахаар нэхэмжилсэн боловч шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хангаагүй. Шүүх Иргэний хуулийн 451, 452, 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийг хэрэглээгүйн улмаас зээл, зээлийн гэрээний үүргийн харилцааг орхигдуулж нэхэмжлэлийн шаардлагаас 5,331,336 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.1. Үйл баримтын талаар,

5.1.а. “Есөн шижир ББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч 2019 оны 10 дугаар сард дэлхий нийтэд Ковид-19 цар тахал болж, Монгол улс 2019 оны 11 сараас хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэл хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг зөвшөөрсөн. Үүний дагуу зээлийн хугацааг сунгасан зүйл байхгүй, нэхэмжлэгчид ямар нэгэн хүндрэл учруулаагүй. Хэдийгээр зээлийн график алдагдсан ч байнга холбогдож, боломжтой нөхцөл байдалд очиж уулзан хүсэлт бичиж өгч байсан. Гэрээний хугацааг сунгаагүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон боловч амьдардаг орон сууцаа бусдад түрээслээд зээлээ төлөхийг хичээж хүсэлт бичиж өгч байсан. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бизнес нь зогссон бүх нийтээрээ хөл хориотой байхад сарын төлөлтийг 1,000,000 төгрөгөөр төлөхөөр график хийж, өөртөө ашигтай байдлыг бий болгосон. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү 11,428,207 төгрөг төлөхөөс 14,073,212 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч зээлийн хүүг 20,577,181 төгрөгөөр тооцож хүүг хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгч байгууллага дээр очиж уулзан 21,000,000 төгрөгөөр зээл хаах хүсэлт бичиж өгч байсан боловч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхэд уг баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй.

5.1.б. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний тухай  183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт өгөхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоолыг харгалзахгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн төлөлтийг зөвхөн хүүнд суутгаж зээлдэгчид эдийн засгийн дарамт үүсгэж байгаад гомдолтой байна.  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг хасч, хариуцагчаас 24,578,552 төгрөг гаргуулах гэснийг 21,078,552 төгрөг гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Бичгээр гаргасан гомдолд эрүүгийн хэргийн барьцаа хөрөнгөтэй холбоотой хэсэг дурдагдаагүй. Хариуцагч ковидын улмаас авах ёстой арга хэмжээг аваагүй учраас хүү тооцогдсон гэж маргадаг. Нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоолын дагуу ковидын улмаас авах бүх арга хэмжээг авсан. Зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Г.Л нь анхны гэрээгээр 1,434,508 төгрөгийг сард төлөх ёстой байсан бол ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд өөрчлөлт оруулж сард 1,000,000 төгрөгийн хүү төлөх график гарсан. Хариуцагч нь сард 1,000,000 төгрөг төлөх нь миний төлбөрийн чадвар хүрэлцэхгүй гэж тайлбарладаг. Гэтэл үндсэн зээлийн дүн өндөр учраас төлөлт 1,000,000 төгрөгөөр тооцогдсон. Зээлийн гэрээний 3.1-д зээлдэгчийн төлсөн төлбөрийг хэрхэн тооцож авах талаар тодорхой тохиролцсон. Гэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу нэмэгдүүлсэн хүүг тодорхой хугацаанд тооцож аваагүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 24 сарын хугацаанд ковид цар тахал мэдэгдэхүйц нөлөөлсөн. Хөл хорионы үед бизнесийн чиглэлийн бүх үйл ажиллагаа хаагдаж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ хугацаанд 16,000,000 төгрөгийг өөрийн боломж нөхцөлөөр төлж барагдуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ЕШИ ББСБХХК-ийн зээл 20,532,881 төгрөг, зээлийн хүү 8, 564,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,982 төгрөг, нийт 29,909,888 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ...1 тоот, 60 м.кв талбайтай орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Л нь үндсэн зээл 17,887,876 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх эсэхийг талуудаас тодруулаагүй, энэ талаар холбогдох ажиллагааг явуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хариуцагч Г.Л 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч  ЕШИ ББСБХХК-аас 23,000,000 төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ...1 тоот, 60 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалжээ.

5. Талуудын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...1 тоот, 60 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Оболох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ1312 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДГМ/243 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 326 дугаар тогтоолоор тогтоогдсон байна. /хх34-54/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 100,252 төгрөг, хариуцагч талын төлсөн 80,000  төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

                             

                                ШҮҮГЧИД                            Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                       А.МӨНХЗУЛ