Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

  2026        01           26                                2026/ДШМ/04

 

 

Ц.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Алгирмаа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/836 дугаартай шүүгчийг захирамжийг эс зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Алгирмаагийн давж заалдаж гаргасан гомдол, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.Э, Ц.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1.Монгол Улсын иргэн, Ц.Б

1.2.Монгол Улсын иргэн, Б.Э

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Б.той бүлэглэн Сайншанд сумын 8 дугаар баг наадмын талбайн ойролцоо Г.Г.г “хийсэн хэргээ мэдэж байгаа биз дээ, чамайг зодсон ч багадна” гэж зодож түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2.2.Ц.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э.тэй бүлэглэн ..... наадмын талбайн ойролцоо Г.Г.г “хийсэн хэргээ мэдэж байгаа биз дээ, чамайг зодсон ч багадна” гэж зодож түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогч Г.Г.г тодорхой үйлдэл болох “өмдөө тайл, бэлэг эрхтнээ гарга” гэж шаардаж, “бэлэг эрхтнийг чинь тастана шүү” гэж заналхийлж, сүрдүүлсэн гэж гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э.г холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Ц.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э.г холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Ц.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн... дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Э, Ц.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Б.Э, Ц.Б нарын өмгөөлөгч Г.Алгирмаа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э, Ц.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын газраас ялласан хэргийн зүйлчлэлд маргадаггүй бөгөөд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирогчид учруулсан болон эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, улсын яллагчтай харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. ...Харин хохирогч нас барсан нь тухайн  хэрэгтэй хамааралгүй бөгөөд хохирогч өөрөө өөрийнхөө амь насыг хохироосон нь гэр бүлийнх нь асуудалтай хамааралтай байсан.” гэв.

6.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг яллах дүгнэлт үйлдэх сүүлийн өдөр буюу 11 сарын 06-ны өдөр ирүүлсэн. Прокуророос хүсэлтийг хүлээж аваад хэргийн материалд авагдсан нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд энэ хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байсан. Мөн яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлын төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан, баримтыг хавсаргаж ирүүлсэн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлж байгаа талаар хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы утас руу миний бие 91113855 дугаарын утсаар залгаж мэдэгдсэн. Энэ мэдэгдсэн дээр Ж.Жаргалсайхан өмгөөлөгчөөс маргадаггүй. Тухайн үед Ж.Жаргалсайхан өмгөөлөгч надтай холбогдохдоо манай үйлчлүүлэгч 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсан. Бид нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд ямар нэгэн санал, хүсэлт байхгүй гэж мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, хохирогч эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасны дагуу ажиллагаа явуулахад өмгөөлөгч Ж.Жаргалсайханы зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой, гомдол санал байхгүй гэсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн.

Тус хэргийн хохирогч Г.Г нь 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 10 дугаар сарын 20-ны өдөр дуусчихсан байсан. Прокуророос Ж.Жаргалсайхан өмгөөлөгчтэй утсаар ярьсан өдөр буюу яллах дүгнэлт үйлдсэнийхээ дараа Г.Гг нас барсан гэдгийг мэдсэн. Тэгэхээр яллагдагч Б.Э, Ц.Б нар нь хохирогч Г.Г.г насанд хүрээгүй хохирогч Д.г хүчиндсэн байна гэх шалтгаанаар бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн зэвсэг хэрэглэж “өмдөө тайл, бэлэг эрхтнээ гарга, бэлэг эрхтнийг чинь тасална шүү” гэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийн улмаас хохирогч Г.Г. нас бараагүй. Тэрээр 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсан. Тэгэхээр тухайн хэргийн улмаас Г.Г. нас бараагүй, мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусчихсан байсан учраас хууль ёсны төлөөлөгч томилох ажиллагаа явагдаагүй. Г.Г.нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж өмгөөлөгч Ж.Жаргалсайханаар өөрийгөө өмгөөлүүлэхээр эрх зүйн туслалцаа авсан байдаг. Тэгэхээр Г.Г. нас барснаараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болохгүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй учраас Ж.Жаргалсайхан өмгөөлөгчийн хувьд Г.Г.н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхтэй хүн байна гэж прокурорын зүгээс үзсэн. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 8-т зааснаар өмгөөлөгчид нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. ...Г.Г.н төрсөн эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томиллоо гэж бодоход Г.Г.энэ хэрэгт хэрхэн яаж хохирсон, хэргийн улмаас бие сэтгэлийн хувьд яаж хохирсон талаар түүний хүсэл зорилгыг бүрэн илэрхийлж чадах хүн мөн үү, биш үү гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх.

Б.Э., Ц.Б. нарт холбогдох эрүүгийн хэрэгт Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 тогтоолоор баталсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журмын 3.4-т шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Энэ журмын заалт энэ хэрэгт тогтоогдоогүй. ...тогтоолын 2 дугаар хавсралтад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын шүүгчийн захирамж гаргах хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эсхүл шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг прокурорт буцаах эсхүл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хууль зүйн дүгнэлт хийнэ гэж ингэж заасан байгаа. Шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхэд шүүгч захирамж гаргадаг. Хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг, журамд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хамтад нь шийдвэрлээд, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэх эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хуралдааны товыг шинээр тогтоох шүүгчийн захирамжийг гаргах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэх боломж байсан ч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзсэн. Хэрвээ шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг гаргаж байгаа бол Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 6-т заасныг удирдлага болгон захирамжлах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн зүйл заалтыг хангахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэргийг прокурорт буцаах хуулийн зүйл заалтыг баримталсан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

7.Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Эсэргүүцэлд хохирогчийн өмгөөлөгчтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдлыг мэдэгдэхэд гомдол, саналгүй гэж ярьсан гэдэг нь үнэний хувьтай. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаан зарлагдсаны урд өдөр миний үйлчлүүлэгчийн эгч нь над руу залгаж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй юм байна, та бид нарын хүсэлтийг уламжилж өгөөч гэсний дагууд анхан шатны шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдал хөндөгдсөн. Энэ цаг хугацааны байдлыг эргэцүүлэн бодож, зөв зүйтэй дүгнэлтийг хийх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогч нас барсан тохиолдолд хууль ёсны төлөөлөгчийг тогтоох нь зүйн хэрэг. Хэдийгээр цаг хугацааны хувьд талийгаач 10 дугаар сарын 30-ны нас бараад, 10 дугаар сарын 31-ний өдөр нас барсны гэрчилгээг нь авсан гэж санаж байна. 11 дүгээр сарын 06-ны өдөр прокуророос хэргийг шилжүүллээ гэж ярих хооронд талийгаачийн ар гэр надтай огт холбоо бариагүй учраас би прокурорт бол тийм саналыг өгөөд тийм нөхцөл байдлаар бол асуудлыг хөндсөн. Гэхдээ шүүхээс нэгэнт хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгох зүй ёсны шаардлага гарсан гэж дүгнэсэн нь үндэстэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн ар гэрээс хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох санал хүсэлт гаргасныг өмгөөлөгчийн зүгээс илэрхийлэх бүрэн эрхтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.”гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Алгирмаагаас гаргасан давж заалдсан гомдол, прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэж үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд шүүгдэгч Б.Э., Ц.Б.нар нь Г.Г.г 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр насанд хүрээгүй Д.г хүчиндсэн, үүнийхээ дараа нүцгэн зургийг нь авч, хүнд хэлэх юм бол сошиалд тавина гэж сүрдүүлсэн талаар Д.с мэдсэний дараа машинтай очиж Г.Г.г гэрээс нь авч гаран хүнээс зайдуу эзгүй газар аваачиж зодон, бэлэг эрхтнийг гаргаж байгаад хутгаар чичих зэргээр айлган сүрдүүлсний дараа хэргээ хүлээ гэж аймгийн Цагдаагийн газарт авчиран, Д.н өмнөөс Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Энэ үйл баримтад холбогдуулан прокуророос шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ зэвсэг буюу хутга хэрэглэж Г.Г.н өмдийг хүчээр, өөрөөр нь тайлуулж, бэлэг эрхтнийг гаргаж, бэлэг эрхтнийг чинь тастана гэж айлган заналхийлж, сүрдүүлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  яллагдагч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдааныг товлон хуралдсан боловч шүүх хуралдаан болох хугацаанд “...хохирогч Г.Г. нас барсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокуророор томилуулна” гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг прокурор Ц.Цэрэндулам, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Алгирмаа нараас эс зөвшөөрч, эсэргүүцэл, гомдол гаргасан байна.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчиж гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, 4.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 2020, 2022 онд тус тус өөрчлөлтүүд орсон ба прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шүүх шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулна гэж заасан нь шүүх хуралдааныг товлон зарласан бол хэргийг шийдвэрлэж дуусгах,  

шүүх хуралдааны явцад  мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй бол, эсхүл шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан бол” гэх нөхцөлүүд бий болбол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхийг,

 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүгч үзвэл  ердийн журмаар шийдвэрлэхээр шүүгч захирамж гаргаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг шийдвэрлэхийг журамд тус тус заасан, энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталсан, шүүгч энэ хуульд заасан журам, түүнд үндэслэн гаргасан аргачлал зэргийг зөв хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үйл явцаас харахад “...шүүх хуралдаан товлон зарласан үед хохирогч Г.Г. нас барсан нь түүний нас барсны гэрчилгээ ирснээр тогтоогдсон, ...шүүгч шүүх хуралдааныг явуулж, гэм буруугийн талаар хэлэлцсэн, шүүгдэгч нарын зүгээс маргаан мэтгэлцээн болоогүй, яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн” байхад шүүгч “...хохирогч нас барсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоож ирүүлэх нь прокурорын үүрэг” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

Энэ нөхцөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

4.2.Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хохирогчийн төлөөлөгчийн асуудлыг шийдвэрлэх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-д заасан тул шүүх энэхүү журамд нийцүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах хүсэлт ирсэн бол шийдвэрлэн хууль ёсны төлөөлөгчөөр томилж оролцуулах боломжтой, гэвч хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох талаар ирүүлсэн хүсэлт авагдаагүй байна.

5.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/836 дугаартай шүүгчийг захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

                  Д.МӨНХБҮРЭН

                  Н.БОЛОРМАА