Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Л- түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

хохирогч Ц.Бат-Ирээдүй түүний өмгөөлөгч С.Базарсад нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Баасанбатын Л-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002750200 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, зорчигч тээврийн нэгтгэлийн  ...... дугаар баазад цахилгаанчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогтой Баасанбатын Л-,

 

Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 20 минутын  үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг Гурванбилэг Их дэлгүүрийн хойд замд Тоёота Приус маркийн ........УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бат-Ирээдүйг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л- мэдүүлэхдээ: “Өргөөгийн урд талаас Дарь-Эх явж байх замдаа Гурван билэг их дэлгүүрийн хойд талын гарц дээр 2 дугаар эгнээнээс 3 дугаар энгээ рүү шилжихэд хоёр хүн харагдсан. Би ардуур нь гарах гэж байгаад нэгийг нь мөргөсөн. Гэм буруутайгаа ойлгож байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзынхаа гэрт хонохоор уулзаад явж байсан ба замынхаа хойноос урагшаа замд хөндлөн гарч байсан. Манай найз надаас түрүүлээд зам гарч байсан ба би араас нь зам хөндлөн гарч байсан. Тэгэхэд надад нэг машин зам тавьж өгсөн. Тэгэхээр нь зам тавьж өгч байна гэж бодоод алхахад хажуу талаас өөр машин гэрлээ гялбуулаад гарч ирсэн. Би цааш юу болсон талаар санахгүй байна. Би эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Эмчилгээний зардалд 3.886.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч: “Хохирогч нь эрүүл мэндийн зардал болон ажилгүй байсан хугацааны орлогоо нэхэмжилж байна. Миний үйлчлүүлэгч сарын 800.000 төгрөгийн цалинтай байсан 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3 сар 10 хоног ажил хийгээгүй гэж тооцоод олох ёстой байсан орлого 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээнд 3.886.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Б.Л- нь Тоёота Приус маркийн ........УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бат-Ирээдүйг мөргөж биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал,тархины зүүн тал бөмбөлөгийн дух,чамархай,баруун тал бөмбөлөгийн духны эдийн голомтлог няцрал, бага тархины   аалзан хальсны доорх голомтлог,цус харвалт,зүүн чих нь шарх,баруун сарвуун зулгаралт,зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн “... Хэрэг осол нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Гурванбилэг их дэлгүүрийн арын засмал замд болсон байлаа. Уг зам нь асфальтан, шулуун тэгш, хуурай зохицуулагддаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, сөрөг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, хашлагатай хайстай, уг явган хүний гарц нь хоёр талдаа 5.16 а,б тэмдэгтэй, зорчих хэсэг нь эгнээг тодорхойлсон тасархай шугамтай байлаа.Үзлэгийн баг хэрэг осол болсон гэх газар очиход уг замын голын тусгаарлах зурвас дээр Т.Приус 11 маркийн ........УНВ дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн хойш харсан байрлалтай зогсож байлаа. Уг автомашины урд салхины шил хагарсан, урд буферын зүүн тал хагарсан, копут хонхойсон, зүүн урд дугуй хагарсан, урд тэнхлэг эвдэрсэн байлаа. Автомашинд мөргүүлсэн гэх явган зорчигч түргэн тусламжаар ГССҮТ рүү явсан ба автомашин хүн анх мөргөсөн цэгийг жолооч Б.Л-гээр заалгаж А үсгээр, мөн явган зорчигч автомашинд мөргүүлэн газарт унасан цэгийг жолоочоор заалгаж Б үсгээр тэмдэглэв... “ гэсэн тэмдэглэл.  /хэргийн 7 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Бат-Ирээдүйгийн “2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 01 цаг 20 минутын үед би найз Ганзоригийн хамт Баянгол дүүргийн нутаг 3 дугаар хорооллын Гурванбилэг их дэлгүүрийн хойд талд байх пабад жаахан сууж байгаад харихаар гарсан. Тэгээд бид хоёр замын урд байх автобусны буудал орох гэж Гурванбилэг их дэлгүүрийн хойд талын замын замынхаа хойд талаас урд тал руу  зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Осолд орсоноос хойш тархиндаа гэмтэл аваад одоо зарим зүйлээ сайн санахгүй байгаа. ... Энэ жолооч миний эмчилгээний зардлын тодорхой хэсгийг төлсөн байгаа. Одоо үлдсэн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Ер нь би толгойгоо сайн эмчлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ганзоригийн “2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 1 цаг 20 минутын орчим манай найз Ц.Бат-Ирээдүй бид хоёр 3 дугаар хорооллын Гурванбилэг их дэлгүүрийн хойд талд байх пабад жаахан сууж байгаад гарсан. Тэгээд бид хоёр манайх руу харих гэж замын урд талын автобусны буудал орох гээд Гурванбилэг их дэлгүүрийн хойд талын замын замынхаа хойд талаас урд тал руу зам хөндлөн гарч байтал миний ард тас гэсэн хүчтэй чимээ гарахаар нь би эргээд хартал Ц.Бат-Ирээдүй зам дээр хэвтэж байсан. Хажууд нь бор шар өнгийн Тоёота приус маркийн машин манай найзыг мөргөсөн байдалтай замын хашлага даваад зогсчихсон харагдаж байсан. ... Манай найз бид хоёр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3386 дугаартай:                                                                   

1. Ц.Бат-Ирээдүйгийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух,чамархай,баруун тал бөмбөлөгийн духны эдийн голомтлог няцрал, бага тархины аалзан хальсны доорх голомтлог,цус харвалт,зүүн чих нь шарх,баруун сарвуун зулгаралт,зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.                                                                                       

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 34-35 дугаар хуудас/                                                                                                                                                                                               

 

Замын цагдаагийн албаны шинжээч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай:

1. Тоёота приус маркийн ........УНВ Улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Лхагвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.Бат-Ирээдүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Манал оточ, Идэрмэг эмнэлгийн өвчний түүхийн хуулбар. /хэргийн 45-83 дугаар хуудас/

 

Яллагдагч Б.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цаг 20 минутын үед би өөрийнхөө эзэмшилийн Тоёота приус маркийн  ........УНВ улсын дугаартай автомашинаа жолоодоод Баянгол их дэлгүүрээс Дарь-Эх орохоор явж байсан. Тэгээд Гурванбилэг их дэлгүүрийн хойд талын замаар баруунаас зүүн тийш чигтээ замынхаа 2 дугаар эгнээгээр 30-40 км\цагийн хурдтай явж байгаад замын 3 дугаар эгнээ рүү дөнгөж шилжиж ортол замын хойд талаас урд тал руу чигтээ  2 эрэгтэй хүн зам хөндлөн гарч байхаар нь тэр хоёр хүний араар гартал нэг хүн нь гэнэт буцаж эргэнгүүт тоормосоо гишгээд рулиэ зүүн гар тийш дараад тэр хүнийг машиныхаа урд талаар мөргөнгүүтээ замын хашлага давж зогссон. ... Би тэр хүний эмчилгээний  зардлыг бүрэн гүйцэт төлж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 94-95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Л-гийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Ц.Бат-Ирээдүйг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн тухайн чиглэлийн замын нөхцөл бусад байдлыг харгалзан  явах туршлага багатай, замын хөдөлгөөний  дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Б.Л- гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд Б.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Бат-Ирээдүй нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт эмчилгээний зардал 3.886.000 төгрөг, цалин орлого 2.600.000 төгрөг, байр түрээслэсэн төлбөр зэргийг  нэхэмжилжээ.

 

Хэрэгт авагдсан хохирол, хор уршигийн баримтаар Ц.Бат-Ирээдүйгийн эмчилгээнд зарцуулсан зардал нь 3.886.000 төгрөг тогтоохдохгүй байх бөгөөд түүний гаргаж өгсөн “зардлын жагсаалт” нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

          Харин шүүгдэгч Б.Л- нь хохирогчид нийт 2.876.873 төгрөг төлсөн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд шүүгдэгч Б.Л-г хохирол төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Бат-Ирээдүйгийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын талаар баримтууд хэрэгт байхгүй, цалин авч байсан талаар нийгмийн даатгалын үндэслэл бүхий баримтгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас байр түрээслэх зайлшгүй шаардлагатай талаар баримт байхгүй тул тооцоо гаргах боломжгүй болжээ.

 

Гэхдээ хохирогч Ц.Бат-Ирээдүй нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Л-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 109 дүгээр хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Л- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг  тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 970214 дугаарын жолоочийн үнэмлэхийг Б.Л-д буцаан олгох зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Л- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогтой Баасанбатын Л-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Л- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Л- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 970214 дугаарын  жолоочийн үнэмлэхийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Л-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Л- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ц.Бат-Ирээдүй өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ