Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ20176/00379

 

Л.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05770 дугаар шийдвэр,

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 232 дугаар магадлалтай,

 

Л.Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Л.Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Амгалан түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Мөнхнасан, А.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хилийн цэргийн 0164 ангид хувцасны няраваар ажилладаг. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний хариуцсан складнаас хувцас алга болсон байсан. Энэ талаар ангийн даргад 2016 оны 5 дугаар сарын 05-ны өглөө хэлсэн. Үүний дараа тооллого хийгээд 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орой ажил хүлээлцсэн. Тооллого 2016 оны 5 дугаар сарын 05-ны оройноос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийгдсэн. Дутсан хувцасны үнэ 3.877.875 төгрөг болсон. Манай хамт олон надад илүү байсан хувцаснаасаа авчирч өгснөөр дутсан хувцасны 50 хувийг төлж барагдуулсан. Би 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хувцас алдагдсан талаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Яагаад тэр даруйд нь цагдаад  шалгуулаагүй вэ гэхээр тухайн үед Монгол цэргийн жавхаа тэмцээн болж байсан учир түүнийг дуусахаар алдагдсан хувцасны учир олдох байх гэж найдаж байсан. Ингээд хэд хонож байтал хүний нөөц Б.Наранзул  дуудсан. Намайг очиход ангийн дарга таныг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон, үлдэгдэл төлбөрөө төл гэж хэлсэн. Намайг ажлаас чөлөөлбөл  үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд  2016 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллуулсан, цалинг бүтэн олгосон. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тушаалаа авсан. Би хилийн цэргийн албанд олон жил ажилласан. Саяхан Н.Мөнхнасан дэд хурандаа дуудаад 4 шаардлага тавьсан. 1-рт. Өр төлбөрөө барагдуулах, 2-рт: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг чинь төлөхгүй. 3-рт: няраваас өөр ажилд томилно. 4-рт: Өргөдлөө татаж ав гэсэн санал тавьсан, үүнийг би хүлээж аваагүй.  Намайг ажлаас чөлөөлсөн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэрэг халагдаж байсан ба энэ ажил 12:00-13:00  цагт дууссан. Л.Амгаланийн хариуцсан ангийн складнаас цэргийн хувцас дутсан тул ангийн даргын зүгээс ажлын хэсэг томилуулж агуулахын бараа материалыг тоолоход 3.877.875 төгрөгийн бараа материал дутагдсан.  Л.Амгалан бараа материал дутсан талаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн гэсэн ба хэрвээ тэр даруйдаа мэдэгдсэн бол бид халагдсан цэргүүдийг дамжин дээр байхад нь шалгалтын комисс томилоод шалгах боломж байсан. Яагаад мэдэгдээгүй вэ гэхэд айгаад гэж хэлсэн. Л.Амгалан цэргийн хувцас дутааснаа хүлээн зөвшөөрч, гаргасан хохирлоо бүрэн барагдуулна гэж тодорхойлолт өгсөн. Үүнийг нь ангийн даргад танилцуулахад Монгол цэргийн жавхаа тэмцээнийг дуусгаад Л.Амгалангийн ажлыг хүлээж ав гэсэн. Л.Амгалангийн гэр бүлийн хүн манай цэргийн ангид ажиллаж байсан болохоор ажлаас чөлөөлөхгүй, харж үзье. Гэхдээ эд хөрөнгө хариуцсан ажилд томилох боломжгүй, няраваар ахин ажиллуулахгүй гэсэн. Ангийн ажилчид албан хаагчид өөрт байсан илүү хувцас, хэрэгслээ Л.Амгалан өгсөн. 3.877.875 төгрөгийн бараа материал дутааснаасаа Л.Амгалан 1.000.000 гаран төгрөгийн хувцсыг ангийн хамт олны тусламжаар төлсөн. Бид Л.Амгаланд 4 нөхцөл санал болгосон. 1-рт: Танийг ажилд авч болно. Гэхдээ эд хөрөнгө хариуцсан ажилд ахин ажиллуулахгүй, өөр ажилд ажиллуулна. 2-рт: Улсад учруулсан хохирлоо барагдуул. 3-рт: Ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх боломжгүй. 4-рт: Ажилд орох гэж байгаа бол шүүхэд гаргасан өргөдлөө татаж ав гэсэн. Гэтэл эдгээр саналыг Л.Амгалан хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05770 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Амгаланг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Ар тал хангалтын албаны хувцасны няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.046.878 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч Л.Амгаланд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63.700 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 232 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Л.Амгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.700 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай нарийвчилсан зохицуулалт болон хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заалтын үндэслэлийг баримтлаагүй байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д гэж дурдалгүй, ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, тушаалд бичсэн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахаар агуулгатай байгаа боловч хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байгаа тул Хилийн цэргийн 0164 дугаар ангийн захирагчийн 183 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалттай нийцэхгүй байна.

2. Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн заалтыг барьж гаргасан магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Магадлал гаргахдаа Иргэний хуулийн заалт хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргаж мөн хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд зүйлд заасан заалтыг анхаарч үзсэнгүй. Магадлал гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.3-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр б/83 дугаар тушаал гаргаж, Л.Амгаланг ар тал хангалтын албаны хувцасны няравын ажлаас чөлөөлөхдөө байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэл дурджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Амгалангийн хариуцсан агуулахаас 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 3.876.074 төгрөгийн эд зүйл дутагдсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтыг баримтлаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй хэдий ч эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан талаар дурдсан ба зохигчид энэ талаар мэтгэлцсэн байна.

 

Эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, энэ үндэслэлээр ажил олгогч ажилтныг халсан нь нотлогдсон тул тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-г баримтлаагүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 232 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ