Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
Хэргийн индекс | 201618020098 |
Дугаар | 21 |
Огноо | 2016-09-21 |
Зүйл хэсэг | 201.1., |
Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 21
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Золзаяа
Ялтан Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 149/2016/00049/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, *** настай, ****эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ****** хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***дугаар баг, *****тоотод оршин суух, “*****ажилтай, урьд улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:*****/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Д.*******ийн Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 31 тоот хашааны тэжээвэр нохой нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8 настай З.*******г хазаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 58 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас тэжээвэр нохой нь 8 настай хүүхдийг хазаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000х5/ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 960.000/есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгож,
-Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хохирогчид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие сонгуулийн ажилтай, гарах ямар ч боломжгүй байгаа тухайгаа шүүхэд мэдэгдсэн. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг шүүх хуралд оролцуулаагүй, миний хэлсэн ярьсныг хүлээж аваагүй, Д.*******тэй уулзах боломжоор хангалгүй шүүх хурал хийж, насанд хүрээгүй охин *******гийн эрх ашгийг хохироосонд маш их гомдолтой байна.
Д.******* биднээс уучлал гуйхгүй, хохирлоо төлөхгүй байгаа учраас гомдолтой байна...оноосон ял нь хөнгөдсөн байна.
Д.******* шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэний дагуу “Нарын өртөө” плазад үйлчлэгчээр ажилладаг. Д.*******ийн нөхөр нь Зүүн-хараагийн хорих ангид ажилладаг төлбөрийн чадвартай хүмүүс байхад Мандал сум дахь сум дундын шүүх Д.*******ийг төлбөрийн чадваргүй гэж үзэн улсын өмгөөлөгч Хандмаа өмгөөлж, шүүх Д.*******д хөнгөн ял оноосон, хохирогч биднийг шүүх хуралд оруулааүй зэргээс дүгнэлт хийж үзэхэд шүүх хэргийг хуйвалдааны журмаар шийдсэн байна. Үүнд бид маш их гомдолтой байна. Д.*******д холбогдох хэргийг буцааж, түүний ял шийтгэлийг дахин шийдвэрлүүлэх, надад учирсан нэг сая төгрөгийн хохирлыг Д.*******ээр төлүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
“...******* гэгч охин 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дагаж манайд ирсэн ба манайд тоглож байгаад нохойд хазуулж хөнгөн гэмтэл учирсан. Тухайн үед ээжтэй нь ярьсан, дараа нь эм тарианы мөнгө өг гэхээр нь 40.000 төгрөг надад байсан түүнийг өгөхөд аваагүй. Тухайн үед ******* гайгүй хичээлдээ явж байсан гэтэл охины ээж намайг 2 сая төгрөг өг, өгөхгүй бол ялаа ав гээд дарамтлаад байсан. Ах дүү нараасаа 500.000 төгрөг олоод өгсөн чинь би авахгүй ээ, 2 сая төгрөг өг гээд байсан. Ингээд би аргаа ядаад улсын өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орсон.
Манайх ам бүл 5, манай нөхөр ажил хийдэг нь үнэн, тэгэхдээ цалингийн зээл сард 500.000 төгрөг өгдөг. Ганц хүний цалин хаанаа ч хүрдэггүй учир би өмгөөлөгчийн хөлс төлж чадахгүй байсан, дээр нь энэ хохирогч 2 сая төгрөг нэхээд байсан тул би ой гарантай хүүхдээ орхиод “Нарны өртөө”-д үйлчлэгчээр ажилд орж, өр зээлээ төлье гэж бодсон. Өмнөх шүүх хурал болоход энэ хүн Цогзолмаа өмгөөлөгчийг манай өмгөөлөгч гэж хавтаст хэрэг материалтай танилцуулчихаад яг шүүх хурал болох үеэр хотоос өмгөөлөгч авна гэж шүүх хурлыг хойшлуулсан.
Хоёр дахь шүүх хурал 06 дугаар сарын 30-нд болсон боловч энэ хүн тухайн үед сонгуулийн ажилтай байсан гэж худлаа ярьсан юм шиг байна. Яагаад гэвэл 6 дугаар сарын 29-нд сонгууль болсон. 06 дугаар сарын 30-ны 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг танилцуулж дууссаныг телевизороор мэдэгдэл хийж байсан. Мөн 06 дугаар сарын 30-ны өглөө шүүх хурлын цаг болоод ******* рүү залгахад хотод явж байна гэж шүүхийн нарийн бичигт хэлээд нөхрөө явуулъя гэсэн боловч нөхөр нь ч ирээгүй...энэ гомдлыг хэрэгсэхгүй болгож тусална уу...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
“...2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* шүүх хуралд ирээгүй, хурлынхаа товыг мартсан байна гэсэн. Ингээд шүүх 01 цаг 30 минут хүлээсэн боловч ирээгүй. Өмнө нь манай үйлчлүүлэгч *******тэй уулзахаар утсаар ярихад 500.000 төгрөг авахгүй, эвлэрэхгүй гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийг үл хүндэтгэж, шүүх хуралд ирээгүй хирнээ ийм гомдол хараахан гаргаж болохгүй юмаа...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2 сая төгрөг нэхдэг боловч ямар ч баримт байхгүй, мөн өөрөө 2, 3 сарын турш санаа зовоогүй байж шүүх хурал болоход мөнгөө нэхээд түүнийгээ авч байвал болоо, мөнгө өгөхгүй бол хууль шүүхийн байгууллагыг доромжлоод байвал мөнгө гаргаж өгнө гэж боддог юм уу...шүүх хэргийг хуулийн дагуу шийддэг. Гэтэл энэ хүн шүүхийг хэн нэгнийх нь талд үйлчилдэг, хуйвалдаад хэрэг шийддэг гэсэн буруу ойлголттой байна. Шүүхийн нэр хүндэд халдаж байна. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Ялтан Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь би хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тэгээд эвлэрсэн тухай гэрээгээ нотариатаар батлуулаад шүүхэд хүргүүлсэн...” гэв.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар дүгнэлтэндээ:
“...*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөрөөс болоод хэрэгсэхгүй болох боломжгүй байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сайн дураар эвлэрсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан байдал тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
Тодорхойлох нь:
Д.******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 31 тоот хашааны тэжээвэр нохой нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8 настай З.*******г хазаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 06 дугаар сарын 30 ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 58 дугаартай шийтгэх тогтоолоор
-Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас тэжээвэр нохой 8 настай хүүхдийг хазаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000х5/ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 960000/есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгож, Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Д.******* нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн 31 тоот хашааны тэжээвэр нохой нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8 настай З.*******г хазаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ялтан Д.*******ийн хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 23-26-р ху/, насанд хүрээгүй хохирогч З.******* /хх-ийн 07-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /хх-ийн 06,08-р ху/, насанд хүрээгүй гэрч Б.******* /хх-ийн 09-р ху/, гэрч Н.******* /хх-ийн 10-р ху/, Э.******* /хх-ийн 11-р ху/, Ц. /хх-ийн12-р ху/ нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹107 тоот акт /хх-ийн 15-р ху/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх ялтан Д.*******ийн гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд эрүүгийн хэрэг давж заалдах шатны шүүхэд байх хугацаанд хохирогч нь ялтантай сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн тус шүүхэд ирүүлсэн “…Миний бие хохирогч З.*******гийн хууль ёсны төлөөлөгч юмаа. Манай охин З.*******г Д.*******ийн нохой нь хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан юм.Тухайн үед бид эвлэрэхгүй байсан учир өнөөдөр бид эвлэрч хохиролд 400.000 төгрөг хүлээж авсан. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо би Д.*******д гомдол саналгүй…” гэсэн нотариатаар албан ёсоор батлуулсан хүсэлт болон ялтан Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “…Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ