Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 271

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын

улсын байцаагч Н.О-Э нарт

тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Ундармаагаас иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б г” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б г” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0087 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Н.О-Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-Э нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0087 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Ундармаагаас иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б г” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б г” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн  18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2018 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.У-аас иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б г” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б г” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэл хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх “Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу Монгол банкнаас урьдчилж зөвшөөрөл аваагүй буюу баримт бичгийн бүрдэл дутуу тул бүртгэхээс татгалзах ёстой байсан” гэжээ.

          4. Ийнхүү дүгнэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэх заалтыг тус тус дурджээ.

          5. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 9 баримт бичиг, 22.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 6 баримт бичгийг дурдсан байх боловч Монгол банкны зөвшөөрлийн талаар эсхүл “хуульд заасан бусад баримт”-ыг шаардах талаар хуульд заагаагүй байна. Улсын бүртгэгч үүнд зааснаас өөр баримт бичгийг шаардах эрхгүй бөгөөд “Б” ХХК-ийн 2016 оноос 2018 оны хугацаанд хийгдсэн бүртгэлүүдийг бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа хуульд нийцнэ. Үүнээс гадна “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн тухайд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар “үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг ойлгохоор байна. “Бишрэлтхолдинг" ХХК-ийн хувьд үүсгэн байгуулах баримт бичиг болох дүрэм нь хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

         6. Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт хууль бус болохын тухайд, Улсын байцаагч болон давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуульд заасан “нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт орсон” гэдэгт “Б” ХХК-ийн “Капитал банк” ХХК-д эзэмшдэг 99.98 хувийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт орох тохиолдлыг ойлгоно. Хуулийн энэхүү шаардлагад “Б” ХХК-ийн өөрийн дотоод хувьцааны асуудал огт хамааралгүй юм. Улсын байцаагч болон улсын бүртгэлийн байгууллага Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн ч засах, зөвтгөх эрхгүй юм. Энэхүү маргаантай асуудлыг Монгол банк өөрөө Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монгол банкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монгол банк шаардах...” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага хуулиар зөвшөөрөгдөөгүй арга замаар өмнө хийгдсэн 3 бүртгэлийг хүчингүй болгожээ. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой, хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр захиргааны шийдвэр гарах ёстой гэдгийг шүүх анхаарсангүй.

       7. Улсын бүртгэлийн байгууллага “Б” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохдоо хуулийг зөрчсөн.

        8. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу цахим системдээ хүчингүй болгосон, өөр хэн нэгэн этгээдийн шийдвэр, акт гараагүй” гэдэг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд агентлагийн даргын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд 17.1.6-д “Улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага алдаа гаргасан, улсын бүртгэгч хууль зөрчжээ гэж үзсэн тохиолдолд тус алдааг хэн нэгэн улсын бүртгэгч биш, цахим систем биш зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хүчингүй болгох эрхтэй байна. Ийнхүү хүчингүй болгосон агентлагийн даргын шийдвэр огт байхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг зөвшөөрдөг. Хариуцагч өөрийн өмнөх үйл ажиллагааг алдаатай гэж дүгнэсэн бол хуулийн дагуу процессыг хэрэгжүүлж, улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох, өөрчлөх боломжтой байсан.

        9. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа “Б” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэх бүртгэлийг сэргээсэн байна. Гэтэл тус өдөр манай компани өөрийн бүртгэлд огт өөрчлөлт оруулаагүй бөгөөд захиргааны байгууллагаас сэргээсэн бүртгэлийг хэрэгжүүлэх боломжгүй, ойлгомжгүй байгааг шүүх анхаарах нь зүйтэй.

        10. Одоог хүртэл “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн А.Ариунболд бүртгэлтэй, гэрчилгээ, дүрэмд өөрчлөлт ороогүй байхад өмнөх бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр гарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

         11. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэлээ гаргахдаа, мөн шүүх хуралдааны өмнө өөрийн гэрчилгээ, дүрмийг хавсарган өгсөн бөгөөд энэхүү гэрчилгээ, дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлийн байгууллага бидэнд ямар ч шаардлага тавиагүй бөгөөд өмнөх бүртгэлүүд хүчингүй болсон талаар мэдэгдээгүй.

        12. Дүгнэлт гаргах ажиллагааны талаар “Б” ХХК-д мэдэгдсэн боловч, Улсын бүртгэлийн байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа компанийг огт оролцуулаагүй, мэдэгдээгүй болно. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг баримтлаагүй, оролцооны эрхийг хангаагүй болно. Мөн иргэн Б.Ундармаа, А.Чинбишрэлт, “Б г” ХХК-д огт мэдэгдэлгүй шийдвэр гаргаж, өмнөх бүртгэлүүдийг хүчингүй болгосонтой холбоотой цаашид компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаа, удирдлагын асуудал тун эрсдэлтэй, маргаан дагуулахаар болж байгаа нь нэхэмжлэгчийг хохироосоор байна.

         13. Улсын байцаагчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр нь “Капитал банк” ХХК татан буугдаж, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаны дараа гарсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, түүнээс хойш “Б” ХХК нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж тооцогдохгүй, Монгол банкны хяналтад хамаарахгүй болсон байсан.

          14. Монгол банк 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-1а/1579 албан бичгээр буюу “Капитал банк” татан буугдаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн боловч Монгол банкны хүсэлт, шаардлагын үр дагавар хэдийн арилчихсан байх үед дүгнэлтээ гаргаж, улсын бүртгэлүүдийг хүчингүй болгожээ. “Капитал банк” нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар татан буугдсан болно.

         15. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус баримталсан. Эдгээр хуулийн зохицуулалтууд дунд “Б” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох процесс, бүрэн эрхийг журамласан хуулийн заалт огт байхгүй байна.

          16. Шүүх Банкны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийг зөрчсөн гэж дүгнээд “Б” ХХК-ийн болон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг буруутгасан ч маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн өмнөх бүртгэлүүдийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн, хууль зүйн боломж, хариуцагчийн бүрэн эрхийг тодорхойлсон хуулийг огт хэрэглээгүй байна. Энэ нь энэхүү маргааны хувьд хариуцагчийг зөвтгөх хууль байхгүй, маргаан бүхий шийдвэр нь хууль зөрчсөнтэй холбоотой. Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хууль зөрчсөн гэж тодорхойлж маргасан нэхэмжлэгчийн үндэслэлүүдийг дүгнээгүй, няцаагаагүй, “Хуульд үндэслэх” зарчмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн, тодорхойлогдсон шийдвэр гаргах үүрэгтэй захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэсэн эсэхэд тайлбар өгөөгүй хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        17. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг баримталж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

         18. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: магадлалын хянавал хэсэгт “Иймд “Капиталбанк”, ”Бишрэлтхолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь 2016 оны 10 дугаар 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өөрчлөлтийг упсын бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол банкинд мэдэгдсэн талаар баримт хавсаргаагүй байхад бүртгэхээс татгалзаагүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2015 оны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1. 19.1.2, 2018 оны хуулийи 18 дугаар зуйлийн 18.1.1, 18.1.2-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 2. үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ.

        19. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь “Калиталбанк”-ны хувьцаа эзэмшигч мөртлөө Банкны тухай хуулийн “аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эээмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монгол банкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна” гэж заасны дагуу бичгээр зөвшөөрлөө аваагүй, авсан тухай баримтыг хавсаргаагүй байхад бүртгэсэн нь хууль бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

         20. Гэтэл Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан. Үүнд:

         21. Банкны тухай хуулийн 36.4 дэх хэсэгт “аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монгол банкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монгол банк шаардах бөгөөд Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно” гэж зохицуулжээ.

         22. Энэ нь банк нэгэнт Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монгол банк шаардах бөгөөд Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцохоор хуульчилсан байна.

        23. Тодруулбал, Улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох бус дээрх арга хэмжээг Монгол банк өөрөө авч хэрэгжүүлэхээр хуульчилсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч Н.О-Э бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны дагуу гэж давж заалдах шатны шүүхээс хянасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

        24. Мөн Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

         25. Тодруулбал, энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Б.Ундармаа нь “Б” ХХК-ийн өөрийн өмчлөлийн 50 хувийн хувьцаагаа иргэн А.Чинбишрэлтэд шилжүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ба дутуу бичиг баримт байгаагүй болно.

        26. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрнйн А-190 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах журмын” 1.3.4, 3.1.2-т заасныг зөрчсөн гэжээ.

         27. Гэтэл тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “журмын биелэлтийг банкны Төлөөлөн Удирдах зөвлөл, Дотоод аудитын алба харуицах”-аар зохицуулсан ба мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Моигол банкны зөвшөөрөлгүйгээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулсан этгээдэд Банкны тухай хуулийн 36.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авах”-аар хуульчилжээ.

        28. Энэ нь мөн адил Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд хийгдсэн бүртгэлийг хучингүй болгох тухай зохицуулалт байхгүй байгааг илэрхийлж байна.

         29. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээ гаргахдаа бичиг баримтын бүрдэл дутуу бус банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн байхад дүгнэлтэд тусгаагүй үндэслэлийг өөрөө заан тодорхойлж, дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

        30. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э нь дээрх дүгнэлтээ гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох Б.Ундармаад мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийлгүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлтээ хийгээгүй.

         31. Иргэн Б.Ундармаа нь “Б” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа иргэн А.Чинбишрэлтэд шилжүүлэхдээ Монгол Улсын Иргэний хуульд заасан эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүх бичиг баримтыг бүрдүүлсэн бөгөөд энэхүү бүртгэлийг бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй болно.

         32. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/289 дүгээр тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан Улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудлыг бүрэн тусгаагүй. Өөрөөр хэлбэл бүртгэл хийхдээ алдаа дутагдал гаргасан байцаагч нь ямар алдаа гаргасан эсэх, түүнд ямар хариуцлага хүлээлгэх, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн үнэлэх зэрэг асуудлуудыг орхигдуулсан талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй.

        33. Ингэхдээ “Б” ХХК нь хэдэн оноос Капитал банкны хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгүйгээр шууд 2016-2018 оны бүртгэлүүдийг хүчингүй болгосон нь нотлох баримтад тулгуурлаагүй байгааг дүгнээгүй.

        34. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.                                 

ХЯНАВАЛ:

35. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          36. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр “... “Б” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны, 2017 оны 10 дугаар сарын 18-ны, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан бүртгэл нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3.4, 3.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр, дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн, үүний дагуу бүртгэлүүдийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч “Б” ХХК-иас “... “Б” ХХК-ийн хувьцаанд шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь Капитал банкинд аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон эсвэл “Б” ХХК-ийн эзэмшиж байсан Капитал банкны 99.98 хувийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт орсон харилцаа биш байхад ... /хууль болон журмын заалт/ зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А-ын эрхийг ноцтой зөрчсөн” гэж маргажээ.

37. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Б” ХХК нь “Капиталбанк” ХХК-ийн 99.98 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд маргаан бүхий бүртгэлүүдээс өмнө “Б” ХХК-ийн нийт хувьцааг иргэн А.А Б.У нар /тус тус 50 хувийг/ эзэмшиж байсан, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  бүртгэлээр Б.Ундармаагаас өөрийн 50 хувийн хувьцааг А.Чинбишрэлтэд бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр А.Ч-ээс 50 хувийн, А.А-оос 50 хувийн хувьцаагаа “Б г” ХХК-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлээр “Б г” ХХК-иас өөрийн 100 хувийн хувьцаагаа А.А-д бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг тус тус бүртгэсэн, уг бүртгэлүүдийн улмаас “Капиталбанк” ХХК-ийн 99.98 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн өмчлөгч өөрчлөгдсөн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

38. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг”, 3.1.6-д “... банкны нэгдэл гэж нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг”, 3.1.2-т “.../холбогдох этгээд гэж/ банкны нэгдлийн оролцогч, ... банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд...-ийг”, 3.1.12-т “... нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигчийг”, 3.1.17-д “... эцсийн өмчлөгч гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч этгээдийг” ойлгохоор тус тус зааснаас үзэхэд, “Б” ХХК болон “Капиталбанк” ХХК нь “банкны нэгдэл” бөгөөд, банкны нэгдлийн оролцогч “Б” ХХК-ийн хувьцааны 50 хувь, түүнээс дээш хувийг эзэмшдэг этгээдүүд болох Б.У, А.А нар нь уг хуульд заасан “холбогдох этгээд” бөгөөд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, банкны эцсийн өмчлөгч нар байна.

39. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна”, 36.5-д “энэ зүйлд тогтоосон шаардлага нь ... банкны хувьцаа ... эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна” гэж заасан байх тул “Капиталбанк” ХХК-ийн 99.98 хувийн хувьцааг эзэмшдэг “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт “хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна” гэсэн зохицуулалт мөн хамаарна, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

40. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2018) хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг нэрлэн зааж, 22.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж тус тус заасан, “Б” ХХК нь дээрх байдлаар “банкны нэгдлийн оролцогч”, “банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” болохын хувьд түүний хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулахад Банкны тухай хуулиар заасан тусгайлсан зохицуулалт хэрэглэгдэнэ, өөрөөр хэлбэл, “хуульд өөрөөр заасан” тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ын “...  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд ... Монгол банкны зөвшөөрлийн талаар эсхүл “хуульд заасан бусад баримт”-ыг шаардах талаар заагаагүй,... улсын бүртгэгч үүнд зааснаас өөр баримт бичгийг шаардах эрхгүй ... /байхад/ шүүх буруу дүгнэлт хийсэн” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...  Б.У нь “Б” ХХК-ийн өөрийн өмчлөлийн 50 хувийн хувьцаагаа иргэн А.Ч-д шилжүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ба дутуу бичиг баримт байгаагүй ... байхад /шүүх хуулийг буруу тайлбарласан/” гэх гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй.

41. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “... улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу /бол улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах/”-аар заасан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2018) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д уг заалт ижил агуулгаар орсон байхад улсын бүртгэгч маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийг хийхдээ Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “зөвшөөрөл” дутуу буюу баримт бичгийн бүрдэл дутуу байхад бүртгэл хийсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “... /улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч нь/ хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”-аар заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хуулийн зохицуулалтууд дунд “Б” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох процесс, бүрэн эрхийг журамласан хуулийн заалт огт байхгүй” гэх гомдол үндэслэлгүй.

42. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “банк нь хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрд уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ”, 45 дугаар зүйлийн 45.3-т “банкны нэгдлийн оролцогч, холбогдох этгээдийн талаархи мэдээлэл болон түүнд оруулсан өөрчлөлт бүрийг өөрчлөлт оруулснаас хойш долоо хоногийн дотор тухайн банкаараа дамжуулан Монголбанкинд тогтоосон журмын дагуу хүргүүлнэ” гэж тус тус заасан, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-190 дүгээр тушаалаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.4-т “банкны хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орсноор хувьцаа эзэмшигч холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн нийт хувьцааны 5 (таван) хувьд хүрэхгүй тохиолдолд, тухайн өөрчлөлтийг Монголбанкинд 10 хоногийн дотор бичгээр мэдэгдэх”-ээр, харин 1.3-т “... /бусад тохиолдолд/ Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах”-аар, тус тус заасан, мөн журмын 4.2-т “...банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бөгөөд хуулийн этгээдийн 20 хувиас дээш багцыг эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ /энэ журамд/ заасан баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлэх бөгөөд энэ шаардлагыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбооны хамааралд тавина” гэж тусгайлан зохицуулсан байхад “Капиталбанк” ХХК-ийн 99.98 хувийн хувьцааг эзэмшигч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт эдгээр зохицуулалт хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ‘... энэхүү шаардлагад “Б” ХХК-ийн өөрийн дотоод хувьцааны асуудал огт хамааралгүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

43. Иймд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын “... банк нэгэнт Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монгол банк шаардах бөгөөд Монгол банкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцох ёстой, ...улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох ёсгүй”, “... шүүх хуулийг буруу тайлбарласан” гэх гомдлыг бүхэлд нь хангах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Б” ХХК”  ХХК-ийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Б” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ТУНГАЛАГ

                ШҮҮГЧ                                                    Д.МӨНХТУЯА