Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 240

 

Д.П, Н.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Д.П, Н.З нарт холбогдох 1918002960403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдол, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяагийн бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 9 дүгээр байрны 23 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Дийн П.

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 28 дугаар гудамжны 50 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Нийн З.

Д.П нь иргэн З.Сээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Солонгосын виз хөөцөлдөнө, удахгүй өгнө” гэж 2,500,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурч авсан,

Мөн Капитал банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Н.Зтай гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан тохиролцож, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн З.Сг хуурч залилан мэхлэн түүний 30,000,000 төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан авч 32,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Пг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,

Н.Зыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд 2 жил хорих, Н.Зд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч Д.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Зд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Д.Паас19,449,000 төгрөг, Н.Заас 4,881,000 төгрөг тус тус гаргуулан З.Сд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 4, 5 дугаар заалтын шүүгдэгч Н.Зд холбогдох хэсгийг ...Шүүгдэгч Нийн Зыг бусдыг хуурч, зохиомол байдлыг дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай... гэж.,

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...гэж.,

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Зд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай... гэж.,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Паас 24,330,000 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-5-57 тоотод оршин суух, РД:ТИ55070144, М овогт Зын Сд олгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалт болон шүүгдэгч Д.Пд холбогдох хэсгийг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Д.П нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хохирогч З.Сд 7,000,000 төгрөг төлснийг шийтгэх тогтоолоор төлөх төлбөрөөс хасч тооцон, шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Д.Пг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлынхоо зохих хэсгийг төлж барагдуулаад үлдсэн хэсгийг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлсэн, 03-16 насны 2 хүүхэдтэй, өөрийнх нь биеийн байдал муу, зүрх өвддөг зэрэг байдлуудыг харгалзан үзэхгүйгээр түүнд хорих ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл хүндэдсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.П нь ... гэм буруугийн тухайд маргаагүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа болно.

Хохирогч З.Сийн хадгаламж барьцаалсан 30 сая төгрөгийн зээлийн хүү 1,830,000 төгрөг, өмнө нь зээлсэн 2,5 сая төгрөг нийт 34,330,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Д.П 15,000,000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 19,330,000 төгрөгийг хяналтын шатны шатны шүүх хурлын өмнө төлж барагдуулах юм.

Шүүгдэгч Д.Пийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд прокурор Д.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Н.З нь банкны албан тушаалтан биш, ямар нэгэн ажил эрхэлдэггүй, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан биш ... шүүгдэгч Д.Пийн гуйлтаар бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн З.С төөрөгдөлд оруулж залилан түүний 30,000,000 төгрөгийг авсан үйлдэлд оролцсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.П Капитал банкны Дархан салбарын захирлын хувьд өөрийн банкны харилцагч танил З.Сүрэнг мөнгөтэй, мөнгө зээлэх боломжтой гэдгийг албан тушаалынхаа хүрээнд мэдсэн байдаг. Төв банкнаас ирсэн шалгалтаар Д.П нь дотоод журамаа зөрчиж Н.Зд болон өөрөө бусдын нэр дээр тэтгэврийн зээл гаргасан болох нь илэрсэн. Шүүгдэгч Н.Золжаргал банкнаас өөрийн нэр дээр авсан зээлээ, шүүгдэгч Д.П иргэн Д.Уийн нэрээр авсан зээл, бусдаас зээлж авсан мөнгөө төлөхийг тулд Д.П, Н.З нар нь урьдчилан үгсэн тохиролцож, Д.П өөрийн албан тушаал нэр нөлөө байдлыг ашиглан, Н.Золжаргал хэдийгээр албан тушаалтан биш ч Д.Пийн энэ албан тушаалаа ашигласан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон нь үйл баримтаар тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Зд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн.

Шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болох боловч Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан “тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор” биелүүлж болох хугацаанаас бага хугацаа тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.П, Н.З нар нь урьдчилан үгсэн тохиролцож залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Н.З тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон. Давж заалдах шатны шүүх хохирлыг Д.Пээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин хамжигчаар оролцсон Н.Зд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдол, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяагийн бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн Д.П, Н.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.П нь хохирогч З.Сээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2,500,000 төгрөгийг хуурч авсан,

Мөн Капитал банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байхдаа зохиомол байдлыг зориуд бий болгож, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр З.С хуурч мэхлэн түүний 30,000,000 төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан залилан авч,  бусдад 32,500,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан, уг гэмт хэрэгт Н.З нь хамжиж хамтран оролцсон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.П нь хохирогч З.С хуурч, өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхлэх санаа зорилгоор тодорхой цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, Н.З нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон  байхад шүүхүүд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаарх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.П, З нар гэмт хэрэг үйлдэхдээ Д.Пийн эрхэлж буй албан тушаал, албан үүргийг урвуулан ашиглах аргаар бус харин иргэд хоорондын харилцаанд үүссэн итгэлцлийг ашиглан үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Тиймээс Б.П, Н.Золжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пд 1 жил хорих ял, Н.Зд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын талаарх дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” гэсэн гомдол, прокурор Д.Энхтуяагийн “...шүүхийн хэргийн зүйлчлэл болон торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаарх дүгнэлт үндэслэлгүй” талаар бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Пг хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн, Н.Зыг бусдын эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд 1 /нэг/ жил хорих, Н.Зд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 /хоёр/” гэснийг “1 /нэг/” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын бичсэн гомдол, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН