| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07479/И |
| Дугаар | 191/ШШ2025/06296 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ********* өөрийн байранд оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох
Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэг болон барааны үнэд нийт 20,245,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, гэрч Д.*******, П. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ХХК-д бэлэн бүтээгдэхүүний нярвын албан тушаалд ажиллаж байсан. "Бэлэн бүтээгдэхүүний нярав" ажлын байрны тодорхойлолтод зааснаар "1) Импортоор болон өөрийн үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримтын дагуу бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах; 1.1) Үйлдвэрээс гарсан гологдол бүтээгдэхүүнийг баримтын дагуу орлогодож, тогтоосон үнийн тушаалын дагуу борлуулж, борлуулалтын орлогыг кассын няравт тушаах; 2) Ачилт зарлагын падаан, DIP болон шаардах хуудасны дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх; 2.1) FIFO- г байнга дагаж мөрдөх; 2.3) Хугацаа нь дөхсөн бэлэн бүтээгдэхүүний мэдээллийг холбогдох албан тушаалтанд гаргаж өгөх; 3) Бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримттай тулгаж, шалган хүлээн авч Google Drive болон ERP программд орлого, зарлагын бүртгэл хөтлөх, Санхүүгийн баримтаа өдөр сараар эмх цэгцтэй нягт нямбай цэгцлэх; 4) Тогтоосон хугацаанд тооллогыг хариуцсан нягтлан бодогчтой хамтран хийж, тайлан бэлтгэх (Үйлдвэрээс гарсан гологдол бүтээгдэхүүн); 4.1) Бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлыг тухай бүр нь чанарын албанд мэдэгдэж, хүлээлгэн өгч, устгал хийх; 5) Агуулахуудыг стандартын дагуу эмх цэгцтэй байлгах; 5.1) Агуулахуудыг сэрээт өргөгчийн оператор болон агуулахын туслахтай хамтран бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах; 5.2) Дотоод болон гадаад аудиттай холбоотой үл тохирол гарсан тохиолдолд зохих журмын дагуу аливаа үл тохирлыг залруулах ажиллагааг хэрэгжүүлэх; 5.3) Удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, үр дүнг нь тайлагнах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ийнхүү Х.******* нь ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ" болон "Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ"-г тус тус байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 7.3-т ...гэрээний үйлчлэх хугацаанд болон гэрээг цуцлах үед ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгууллагаас олгосон эд хөрөнгийг үрэгдүүлж гэмтээн ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээж, хохирлыг төлж барагдуулан компанийг хохиролгүй болгоно" гэж заасан. Х.******* нь "Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ"-ний 2.4-т заасан "...дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйл буюу өөрт нь бүрэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүн /ундаа/-г мөн гэрээний 2.3-т заасан "...илт буруутай эсхүл хайхрамжгүй байдлын улмаас дутаасан..." гэм буруутай үйлдэл гаргасан. Тодруулбал, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан ...Ачилт зарлагын падаан, DIP болон шаардах хуудасны дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх; .... бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримттай тулгаж, шалган хүлээн авч Google Drive болон ERP программд орлого, зарлагын бүртгэл хөтлөх... зэрэг чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас түүний хариуцан ажиллаж байсан 1-р агуулахаас 7,978 ширхэг бүхий нийт 20,147,830 төгрөгийн бүтээгдэхүүн дутсан. Үүнийг " ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор баталгаажуулсан бөгөөд Х.******* дээрх тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурсан. Мөн Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд нийт 497,200 төгрөгийн ундаа цалингаас суутгуулан төлөхөөр тохиролцож, худалдан авсан бөгөөд үүнээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 399,394.74 төгрөгийг гарт олгох цалин болон ээлжийн амралтын мөнгөнөөс суутгаж, 97,805.26 төгрөг үлдсэн. Ийнхүү 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор дутсан ундааны 20,147,830 төгрөг, худалдан авсан ундааны үлдэгдэл төлбөр 97,805.26 төгрөг, нийт 20,245,635.26 төгрөгийг төлүүлэхээр Х.*******тэй удаа дараа холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх 20,245,635.26 төгрөгийг Х.*******ээс гаргуулж өгнө үү. Жич: "" ХХК-ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/376 дугаар тушаалаар Х.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанитай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* нь ХХК-д Бэлэн бүтээгдэхүүний нярав" албан тушаалд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Х.******* нь Бүгд найрамдах Солонгос улсад зорчихтой холбоотойгоор ажлаас гарах хүсэлтээ өгч 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр " ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарч ажлаас чөлөөлсөн байдаг. Х.******* нь нэхэмжлэлд дурдсан тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг Гэвч нэхэмжлэлд бичигдсэн зүйлс нь илт үндэслэлгүй тайлбар бөгөөд 2 сарын хугацаанд 7,978 ширхэг, 20,147,830 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн дутах боломжгүй. Дутсан гэх 7,978 ширхэг бүтээгдэхүүнийг 1 сарын хугацаанд агуулахаас гаргах боломжгүй, Porter машинаар 6-7 удаа тээвэрлэх хэмжээний бараа бүтээгдэхүүн юм. Мөн тус бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь хувь хүн гадагш худалдан борлуулах боломжгүй буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гэрээт байгууллагуудад /KFC, Pizza hut гэх мэт/ худалддаг, тухайн байгууллагууд нь зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс л худалдан авдаг сироп бүхий бараа бүтээгдэхүүн байна. Мөн нэхэмжлэлд . 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор баталгаажуулсан бөгөөд Х.******* нь дээрх тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурсан..." гэж бичсэн бөгөөд тус тооллогын актад Х.******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ болон бараа бүтээгдэхүүнээс дутаасан зүйл байхгүй гэдгээ тайлбарлан удаа дараа удирдлагууддаа хэлсэн байдаг. Гэтэл "" ХХК-н зүгээс ...гарын үсгээ зурчих, тэгээд ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө энэ дутсан барааныхаа учрыг ол.. гэж хэлсний дагуу гарын үсгээ зурсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн бараа бүтээгдэхүүнийг дутсан гэдгийг Х.*******ий зүгээс хүлээн зөвшөөрөөгүй байхад нь буруу ойлголт төрүүлэн хуурч гарын үсэг зуруулсан. Байгууллагын удирдлагуудын хэлснээр Х.******* нь тус дутсан бараа бүтээгдэхүүний учир шалтгааныг олох гэж 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1-р агуулахыг шалгаж эхэлсэн. Гэтэл 10 гаруй хоног шалгасны эцэст 1-р агуулахаас бараа бүтээгдэхүүн ачин гардаг бараа бүтээгдэхүүн гаргах боломж бүхий хаалганы бичлэгээр авч гарч буй бараа бүтээгдэхүүн харагдаагүй. Мөн гаднаас агуулахын үүд рүү харсан камер нь ажиллахгүй байсан бөгөөд Х.******* нь агуулахаас хүн бараа бүтээгдэхүүн авч гарч буй аливаа үйлдэл олж чадаагүй тул байгууллагын тооллогын системийн алдаа гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг бөгөөд энэ тухай удирдлагуудад удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байдаг. Түүний дараа Х.*******ий БНСУ-руу явах нислэгийн хуваарь нь болсон тул БНСУ-с ирсний дараа энэхүү асуудлын учир шалтгааныг олно гэдгийг "" ХХК-н удирдлагуудад илэрхийлэн явсан байдаг. Бараа бүтээгдэхүүн дутсан гэх асуудлын тухайд " ХХК нь "Google drive" ашиглан тооллого хийдэг байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас "ОЧ7 гэх шинэ программ ашиглаж эхэлсэн байдаг. Тухайн программыг ашиглаж эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүн дутах асуудлууд зөвхөн хариуцагч төдийгүй, бусад нярвуудад гарч эхэлсэн. "ОЧ7 гэх программыг ашиглан тооллого хийж эхэлснээс хойш Х.*******ий ажиллаж буй 1-р агуулахыг 5 дугаар сард дотор нь 2 хуваасан. Тус агуулахыг 2 хуваасантай холбоотой бараа бүтээгдэхүүн дутах асуудлууд гарч эхэлсэн. Х.******* нь ажиллаж байх нэг жилийн хугацаандаа бараа бүтээгдэхүүн дутаасан удаагүй үнэнч шударгаар ажилладаг байсан. Гэтэл 1 дүгээр агуулахад шилжин очсоны дараа шинэ программ ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор тооллогын зөрүү үүссэн. Бараа дутаасан гэх Х.*******ээс гадна хэд хэдэн хүмүүс бараа алдаа байх үндэслэлтэй. бүтээгдэхүүн дутсан асуудалтай байгаа бөгөөд тэдгээрээс харахад энэ нь Оч7 гэх системийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор бараа бүтээгдэхүүн дутсан зүйл байхгүй байсан бөгөөд түүний дараа шинэ программ ашиглаж байгаатай болон 1-р агуулахыг дотор нь 2 хуваахтай холбоотойгоор, хуваахаас өмнө 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тооллого хийсэн байдаг бөгөөд тус тооллогоор бараа бүтээгдэхүүн нь 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн тооллоготой таарсан буюу зөрүү үүсээгүй. Түүний дараа 2024 оны 5 дугаар сарын 05-ны тооллогоос хойш шинэ программ болох "ОЧ7-д 1-р агуулахыг 2 хуваах ажлыг 2024 оны 05 дугаар сар эхэлсэн. Түүний дараа 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор тухайн 7,978 ширхэг, бараа бүтээгдэхүүн дутсан асуудал үүссэн. Түүний дараа 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тооллоготой таарч нэмж дутсан асуудал дахин үүсээгүй. Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өөрийн ажлын хажуугаар бараа бүтээгдэхүүний дутсан асуудлын учрыг олох гэж хичээсэн боловч дутсан гэх тооцоолол огт гараагүй. Түүнээс хойш 10 хоног бүтэн камерын шүүх, гэх мэт тухайн асуудлын учрыг олох гэж төрөл бүрээр үзсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дутаасан гэж байгаа нь үнэнд нийцэхгүй тайлбар гэж үзэж байна. Дутаасан гэх бараа бүтээгдэхүүн нь нийтдээ 11 гаруй ширхэг подоон бараа бүтээгдэхүүн юм. 1 ширхэг подоон бараа нь хэр хэмжээтэй гэдгийг хариу тайлбартаа хавсаргасан. Тооллогоор дутсан гэх 7,978 ширхэг бараа бүтээгдэхүүнийг 1 сарын хугацаанд агуулахаас гаргах ямар ч боломжгүй, хэрэв гаргах бол Porter машинаар 6-7 удаа тээвэрлэх шаардлагатай гэдэг нь бодит байдал дээр илэрхий асуудал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн агуулахаас гаргах ямар ч боломжгүй бараа бүтээгдэхүүнийг дутаасан гэж байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, авлагын тооцоо, тооллогын баримтууд, шууд борлуулалтын баримт, зарлагын баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тооллогын хуудас, нягтлан бодогч С. Р. нараас гаргасан тайлбар, ажилд орохыг хүсэгчийн анкет, өргөдөл, туршилтын хугацааны нэгдсэн дүгнэлт,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэг болон барааны үнэд нийт 20,245,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилтан Х.******* нь бэлэн бүтээгдэхүүний 1 дүгээр агуулахын няравын ажилд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 1 дүгээр агуулахаас 7,978 ширхэг 20,147,830 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан. Х.******* нь тооллогын дүнг хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан. Мөн өөрийн худалдан авсан 97,805 төгрөгийн барааны үнийг төлөөгүй. Нийт 20,245,635 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...агуулахад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд бараа дутаагүй. Компани барааг гүүглэ драйв программ дээр шивж, тулгаж тооллого хийдэг байсан. 2024 оны 5 дугаар сараас шинээр Оч7 гэх программ ашиглахаар болсон. Гүүглэ драйв программаас Оч7 программ руу агуулахын барааны үлдэгдлийг шивж оруулахдаа алдаатай, барааг дутуу оруулсаны улмаас 2024 оны 06 дугаар сард бараа дутсан гэж зөрүүтэй гарсан. Агуулахаас 7,978 ширхэг 20,147,830 төгрөгийн үнэ бүхий барааг гаргах боломжгүй, энэ нь их хэмжээний бараа юм. Тооллогын баримтад гарын үсэг зурсан нь үнэн боловч тооллого хийгээд дараа нь дутсан гэх барааны шалтгааныг олдог учраас тухайн үедээ тооллогод оролцсон хүмүүс бүгд гарын үсэг зурдаг. Гарын үсэг зурсан нь уг барааг дутаасан, үнийг төлнө гэж зөвшөөрсөн зүйл биш. Компаниас зээлээр авсан 97,805 төгрөгийн барааны үнийг төлнө, харин дутсан гэх барааны үнэ 20,147,830 төгрөгийг төлөхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Зохигчдын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ тус тус байгуулагдаж, ******* ХХК нь Х.*******ийг бэлэн бүтээгдэхүүний няравын албан тушаалд туршилтын 2 сарын хугацаатай, туршилтын хугацаа дуусмагц 2 талаас хөдөлмөрийн гэрээ цуцлах санал гаргаагүй бол үндсэн ажилтнаар ажиллуулахаар тохиролцсон байна.
******* ХХК-ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Х.*******ийг тус өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Нэгдүгээр агуулахын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүлээлцэх тооллогын баримтаар нярав Х.*******ий хариуцсан агуулахад барааны дутагдал гараагүй байна.
Үүний дараа 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүлээлцэх тооллогын баримтаар 7,978 ширхэг барааны зөрүүтэй буюу 20,147,830 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан талаар тусгагдаж, уг тооллогын баримтад нярав Х.*******, тооцооны нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна. Уг тооллогын баримтын үндэслэн ******* ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт үйлдэгдэж, Х.*******ийг худалдан авсан 97,805 төгрөгийн барааны үнэ, тооллогоор дутаасан 20,147,830 төгрөгийн бараа, нийт 20,245,635 төгрөгийн өр төлбөртэй талаар тусгасан байна.
Талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд агуулахын барааны тоо, хэмжээг Гүүглэ драйв программд шивж, уг шивсэн дүнтэй барааг тулган тооллого хийдэг байсан, 2024 оны 05 дугаар сараас хойш шинээр барааны тооллогын Оч-7 программ ашиглахаар болж, өмнөх Гүүглэ драйв программаас Оч-7 программ руу барааны тоо, ширхэгийг шилжүүлэн шивсэн үйл баримт тогтоогдсон.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, 43.1.4-т хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй гэж тус тус заасан.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтаны учруулсан эд хөрөнгийн хариуцлага шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
Хэдийгээр нэгдүгээр агуулахынн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүлээлцэх тооллогын баримтаар 7,978 ширхэг, 20,147,830 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан талаар тусгагдаж, уг тооллогын баримтад нярав Х.******* гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бусад бичгийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдох учиртай.
Хариуцагч Х.*******ээс ...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор барааны дутагдал огт гараагүй ба Гүүглэ драйв программаас Оч-7 программ руу барааны тоо, ширхэгийг шилжүүлэн шивэх цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 7,978 ширхэг бараа дутсан талаар зөрүү гарсан. Тухайн үедээ программын зөрүүнээс ийм хэмжээний бараа дутсан тул юунаас болж хаана барааг дутуу шивсэн болохыг дараа нь тодруулах үүднээс тооллогын баримтад гарын үсгээ зурсан гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийг томилж, уг шинжээчид ******* ХХК-ийн санхүүгийн баримтууд болон тооллогын баримт, Оч-7 программ зэрэгт үзлэг хийх замаар ажилтан Х.*******ий хариуцсан агуулахад 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бараа дутсан эсэхийг тогтоохыг даалгасан. Шинжээчээс ...1 дүгээр агуулахад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нягтлан бодох бүртгэлээр 3,985,885,865 төгрөгийн бараа байсан боловч 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор хэдэн төгрөгийн бараа материал байсан нь тодорхойгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар баталсан Анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааварын агуулах тооллогын хуудас үйлдэх зааварт ширхэгийн үнэ болон нийт дүнг тэмдэглэх заавартай боловч 04 дүгээр сарын 30-ны өдрийн агуулахын тооллого хийсэн хуудаст ширхэгийн үнэ, нийт дүнг тэмдэглээгүй байна. Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтын нөхөх зааварын дагуу байгууллагын нягтлан бодогч нь няравын бараа материалын тайланг шалган хүлээн авч няравын агуулахын бараа материалын үлдэгдлийг нягтлан бодох бүртгэлийн бараа материалын үлдэгдэлтэй тулган баталгаажуулаагүй байгаа нь 1 дүгээр агуулахад өмнө байсан бараанаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэдэн төгрөгийн үнэ бүхий бараа дутсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Байгууллагын Оч-7 программ хэрхэн ямар зарчмаар хичнээн хүн ажиллах тухай танилцуулга, яаж ашиглах тухай гарын авлага байхгүй байна.
Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтын нөхөх заавраар баталсан тооцоо бодсон баримтыг үйлдээгүй, тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар няраваас хариу тайлбар аваагүй, гарсан зөрүүгийн талаар байгууллагын өгөх дүгнэлт байхгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.1-д заасны дагуу ажилтаны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчоос томилмон ажлын хэсэг шалгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу бодитой тогтоогоогүй, ажил олгогчийн тушаал гараагүй байгаа нь барааны дутагдал нярав Х.*******ий үйлдлээс хамаарсан гэж үзэх боломжгүй байна. Х.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, ур чадварын шаардлагыг хангахааргүй байна. Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтын нөхөх зааврын дагуу тооцооны үлдэгдлийн баталгааг нярав Х.*******тэй үйлдэж баталгаажуулаагүй байна гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй, уг дүгнэлтийг үгүйсгэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* ХХК-ийн нягтлан бодогч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллого хийсэн П.гаас ...нярав орлого, зарлагаа дутуу бүртгэсэн тохиолдолд барааны дутагдал гардаг. 5 дугаар сард тооллого хийсэн байх, сайн санахгүй байна. 2 сарын хугацаанд 7,978 ширхэг бараа агуулахаас дутах боломжгүй гэж, гэрч Д.*******гээс ...*******ий хариуцдаг агуулахын бараа нь Пицца хат, Кэй эф си зэрэг сүлжээ түргэн хоолын газруудын ундааны сироп байдаг. Уг сиродыг зөвхөн онцгой харилцагчдад зориулсан бүтээгдэхүүн тул бусдад зарах боломжгүй. Уг газрууд сиропыг энгийн иргэнээс худалдан авдаггүй гэж тус тус мэдүүлсэн.
Нэхэмжлэгч нь нэг дүгээр агуулахад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооллого явуулсан гэх боловч уг баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр агуулахаас гарч буй барааны камерын бичлэгээр 7,978 ширхэг бараа гарч байгаа болох нь тогтоогдоогүй талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т ажилтаны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчоос томилсон ажлын хэсэг шалгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан журмын дагуу бодитой тогтоосны дараа ажил олгогчийн тушаал гаргах замаар нөхөн төлүүлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогын баримтаас өөрөөр ажилтаны учруулсан гэх хохирлыг тогтоохоор ажлын хэсэг гаргаж томилоогүй, хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, Гүүглэ драйв программаас Оч-7 программ руу барааны тоо, ширхэгийг шилжүүлэн шивсэн баримтыг тулган шалгаагүй, агуулахаас гарч буй барааг хянадаг камерийн бичлэг байсаар атал уг бичлэгээ бүрэн шалгаагүй байна.
Эдгээр үйл баримтаас дүгнэхэд ажилтан Х.******* нь өөрийн хариуцсан нэгдүгээр агуулахаас Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 7,978 ширхэг бараа дутаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан 7,978 ширхэг 20,147,830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.1 Нэхэмжлэгчээс ажилтан Х.*******ийг компаниас ажиллаж байх хугацаандаа 97,805 төгрөгийн бэлэн бараа авсан, уг барааны үнийг төлөөгүй гэж шаардсан. Хариуцагч Х.******* нь компаниас зээлээр бараа авч, 97,805 төгрөгийг төлөөгүй байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.*******ээс 97,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,147,830 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ