| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2022/00280/И |
| Дугаар | 210/ма2022/00978 |
| Огноо | 2022-05-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/ма2022/00978
2022 05 20 210/МА2022/00978
К ХХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01068 дугаар шийдвэртэй, К ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Т.С холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 99,128,986 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч К ХХК -тай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 88,000,000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Тухайн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, 214/а дугаар байрны тоот хаягт байрлах 43.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Ийм учраас зээлийн гэрээг цуцалж, Т.С үндсэн зээл 88,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 8 хувь буюу сарын 0.67 хувь ба 2020 оны 05 дугаар сарын 26-аас 2021 оны 05 дугаар сарын 26-ны хүртэлх хугацааны хүүд 7,048,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-наас 2021 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 сарын хугацааны хүүд 4,127,000 төгрөг, нийт 11,165,200 төгрөг боловч нэхэмжлэлд хүүг 11,128,987 төгрөгөөр тооцсон. Иймд зээлийн болон барьцааны гэрээг шүүхийн журмаар цуцалж, хариуцагч Т.С үндсэн зээлд 88,000,000 төгрөг, хүүд 11,128,987 төгрөг, нийт 99,128,987 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өөрийнх нь өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргаж байна. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг болохоос барьцаалан зээлдүүлдэг байгууллага биш. Манайх алданги тооцдоггүй, харин нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй боловч үндсэн хүү тооцож нэхэмжлэл гаргасан. Зээлдэгчийн зүгээс аливаа хүү төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Т.С нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 88,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийг К ХХК -иас хөрөнгө оруулалтын зориулалтаар өөрийн эзэмшилийн зам ангийн компанид ашиглах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгон барьцаанд Ү-2205073415 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч дэлхий даяар коронавируст халдвар тархсан нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагааны доголдолоос шалтгаалан ажил зогссоноор авсан зээлээ тогтоосон хугацаанд нь төлж чадаагүй. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.3-т заалт нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжинэ. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 88,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй төлж барагдуулна, хүүгийн төлбөр болох 11,128,986 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбараа гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2020/25 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.С зээлийн гэрээний үүрэгт 99,128,986 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч К ХХК -д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, 214/а дугаар байрны тоот хаягт байрлах 43.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 653,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан ба оролцогчийн эрхийг хязгаарлаж, нэг талыг баримталж шийдвэрлэсэн. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авч хурлыг 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагт 00 минутад хийхээр хойшлуулсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь өмгөөлөгчөө сонгон аваагүй, өмгөөлөгч авах талаар хариуцагч, бусад этгээдтэй зөвшилцөх, гэрээ байгуулах зэрэг нь тодорхой хугацаа шаардагдахаар байсан. Гэтэл шүүх хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан нь оролцогчийн эрхийг хэт хязгаарласан гэж үзэж дахин шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаагүй мэтээр дурдсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг ба шийдвэрийн агуулгыг зөрчсөн. Түүнчлэн тухайн авсан зээлээ өөрийн ажлуулдаг барилгын компанид зарцуулсан талаарх баримт, зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй шалтгаантай холбоотой баримт сэлт гаргаж өгөх, цаашид зээлийн хүүгийн хэмжээн дээр ярилцах, тодорхой шийдвэр гаргах боломжийг хаасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч авах хүсэлт хэвээр байгаа болно. Өмгөөлөгч авснаар хууль зүйн талаас тодорхой дүгнэлтийг гаргуулах нь чухал байр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т.С холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 99,128,986 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх-46/
Энэ нь хэргийн оролцогчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангасан ч нэг хоногийн хугацаа олгож дараагийн шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр товлосон нь хэргийн оролцогчийг хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаагаар хангасан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01068 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН